Бие болоод бэлчээр томтой ШАК

1994 оны наймдугаар сарын 14, Канад улс, Торонто хот. Cагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт энд болж байна. Туниа муутай гэж жигтэйхэн Виталий Носов хэмээх орос залуу самбар дор дөвчигнөж байна аа. 216 см өндөр, 240 кг жинтэй булай хар залууг гаргаахгүй байна шүү. Нэг блок, хоёр блок, гурван блок. Тэгсэн ингэж блокдуулаад байсан хүн маань NBA-гийн од ажээ. Нэр нь Шакил О’Нил. Монголчууд бид тэр үед л түүнтэй танилцсан билээ. Тэрбээр ОХУ-тай хийсэн дээрх тоглолтод Носовт баахан даруулж булай болсон ч гэлээ АНУ-ын шигшээгээ чирсээр дэлхийн аварга болгосон төдийгүй өөрөө тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Бас болоогүй НБА-д нэг улирал тоглоод “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагнал хүртсэн байсан.

1972 оны гуравдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюварк хотод төрсөн түүний сагсан бөмбөг тоглох авъяас багад нь илэрсэн тул түүний ачаар гэмт хэрэг, хар тамхи үүрлэсэн гудамжны амьдралаас ангид байв. Ирээдүйд сайн тоглогч болж мэдэхийг нь анзаарсан Луизианна мужийн Их сургууль түүнийг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулан бизнесийн чиглэлээр сургахын зэрэгцээ өөрийн сагсан бөмбөгийн багт тоглуулжээ. Тэнд тоглох хугацаандаа сургуулийнхаа оны шилдэг тамирчнаар хоёр удаа шалгарч, NCAA-гийн шилдгээр нэг удаа шалгарсан байна.

Түүгээр зогсохгүй, Бүх Америкийн шилдэг тамирчнаар /Бүх спортын төрлийнхөн хамрагддаг/ хоёр удаа нэрлэгдсэн. Тиймээс түүний төлөөх тэмцэл 1991 оноос эхлэн өрнөхөд NBA-гийн драфтын нэгээр сонголт хийх эрхийг олж авсан “Орландо Мэжик”  баг Шакийг 1992 онд элсүүллээ. NBA дахь эхний улиралдаа дунджаар 23.4 оноо, 13.9 самбар, 3.5 хаалт хийсэн гайхамшигтай амжилт үзүүлсэнээр анхны улиралдаа “Бүх оддын тоглолт”-ын гарааны тавтад нэрлэгдэв. Улаан нялзрайдаа “Бүх оддын тоглолт”-ын үндсэн багт багтсан үзүүлэлтийг түүнээс өмнө агуу Майкл Жордан л гаргасан юм.

Амжилтаа дараагийн улиралд улам ахиулж, нэг тоглолтод 29.4 оноо авдаг боллоо. Бас болоогүй, 1993 оны намар “Нью-Жерси”-гийн эсрэг хийсэн тоглолтод 24 оноо, 28 самбар, 15 хаалт хийн анхныхаа трипл-даблийг хийв. Дээр нь 1989 онд НБА-д элссэн багаа плей-оффт шалгарлуулан Орландо хотынхны магнайг тэнийлгэсэн. Тус клуб түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарсан нь энэ байлаа. Мэдээж, Шакил орь ганцаар зүтгээгүй. Түүнд сайн туслагч байсан нь Пенни Хардэвэй юм. Тэр хоёр “Мэжик”-ийг топ зэрэглэлтэй баг болгочих санаатай хэдэн жил дөрвөн жил зүтгэсэн боловч 1994-1995 оны улирлын плей-оффын шувтаргад шалгарсанаас өөр амжилт олсонгүй. Шувтаргад шалгараад ч баг нь олигтой тоглоогүй. Дрекслер, Олажьювон тэргүүтэй супер ододтой “Хьюстон”-д “Орландо” аргагүй балчирдан 4:0-ээр будаа болсон юм.

Энд байх нь үр ашиггүй юм байна, удирдлагууд хүч нэмэгдүүлэхгүй юм байна гэдгийг ойлгосон Шакил гэрээгээ сунгалгүй унжсаар 1996 оны зун чөлөөт агент боллоо. Ингээд олон клубтэй хэлэлцээр хийж байгаад Мэжик Жонсоноос хойш шалдаа буугаад байсан “Лос Анжелес”-ийн саналыг хүлээн авч, долоон жилд 121 сая долларын цалин авах гэрээг байгуулсан. Гэвч Америкийн баруун эрэгт өнгөрүүлсэн эхний улиралдаа одгүй тоглолоо. Гэмтлийн улмаас 30 гаруй тоглолтод оролцоогүйн дээр “Чикаго”-нийн Деннис Родманы өдөөн хатгалгад автан түүнийг хэмхчих дөхсөнөөсөө болж бөөн шүүмжлэлд өртсөн юм. Ядаж байхад баг нь плей-оффын эхний шатанд “Юта Жазз”-д 0:4-өөр ялагдчихав. Плей-оффын энэ түүх дараа жил ч давтагдсан. Ялгаатай нь эхний хоёр шатыг давсныхаа дараа “Юта”-д шөвшүүлсэн.

1998 оны зун №13-аар “Шарлотт”-д драфтлагдаад тэр дороо “Лейкерс”-д наймаалагдсан өсвөрийн сагсан бөмбөгч Коби Крайант эрийн цээнд хүрч, элдэвтэй тоглолт хийх болсон тул Шак ба түүний нөхдийн нөөц бололцоо нэмэгдэж эхэллээ. Удалгүй домогт дасгалжуулагч Фил Жексон нэгдсэнээр тэдний ирээдүй хурцаар гэрэлтэх болжээ. Жексон “Чикаго”-г амжилтад хүргэсэн алдарт гурвалсан довтолгоогоо энд хэрэгжүүлэхдээ О’Нилээр тулгуур, Брайантаар чиглүүлэгч хийв. Үүний дүнд ”Лейкерс” NBA-гийн 2000, 2001, 2002 оны аварга болсон билээ. Харин Шак 1999-2000 оны MVP-гээр нэрлэгдсэн юм. Багийнхаа супер амжилтад асар их үүрэг гүйцэтгэснээ ухамсарласан тэрбээр гурван жилийн дараа дуусах гэрээгээ сунгах саналтай байгаагаа багийнхаа удирдагад 2003-2004 оны улирал эхлэхийн өмнө тавив. Гэтэл тэд цалингаа нэмэх гэсэн хүсэлтийг нь хүлээн авсангүй.

Аварга цолоо “Сан-Антонио”-д алдсан “Лос-Анжелес” түүнийгээ эргүүлж авах үүднээс баахан чөлөөт агентууд, тэр дундаа асар их хөлс авдаг өвгөн одод Гэри Пэйтон, Карл Мэлоун нарыг элсүүлсэн учир Шакийг бага цалингаар аргалахыг хүсчээ. Үүнийгээ тайлбарлахдаа гэмтлийн улмаас олон тоглолт өнждөг, нас ахиж байгаа, тааруу бэлтгэлжилт гэсэн шалтгаануудыг хэлсэн байна. Ийм доромжлолыг сонссон тэрбээр яаж тэсэх вэ, өөр баг руу явахаар шууд шийдлээ. Багийн эзэн Жерри Басс, хамтрагч Брайант нартайгаа аз зөрсөн асуудал нь ийм шийд гаргахад давхар нөлөөлсөн гэдэг. Дээр нь угийн таагүй ханддаг Пэйтон, Мэлоун хоёрыг нь элүүлсэнд О’Нил ихэд шаралхаж байв. Тиймээс 2003-2004 оны улирлыг хэл ам гаргалгүй арай гэж тэсч өнгөрөөгөөд “Майами”-д очлоо.

Тэрбээр Одом, Батлер, Б.Грант болон драфтын нэгдүгээр раундын эрхээр наймаалагдан тэнд очоод “Лос-Анжелес”-т хэрэглэж байсан “34” дугаарын цамцаа тайлж, “Мэжик”-т байх үеийнхээ “32” дугаартай боллоо. Түүнийг Флорида мужид очиход хамгийн их нөлөөлсөн хүн бол урьдын нэрт дасгалжуулагч, өнөөгийн цуутай менежер Пэт Райли. Тэрбээр өсч буй супер од Дуэйн Уэйдэд нь дэм болох, хамтраад тоглочих сайн тоглогч болоод сурган хүмүүжүүлэгчийг эрсээр Шак дээр тогтсон нь энэ байв. Энэ шийдвэр нь зөв байжээ. Аварга биет төвийн тоглогч, хурдан хөдөлгөөнт холбогч хоёр маш сайн хоршин тоглож, багаа улирлын тоглолтын тод багуудын нэг болгосон төдийгүй плей-оффын хагас шигшээд шалгаруулсан.

Хэрэв жаахан аз түшсэн бол тэд аварга цолоо хамгаалагч “Детройт”-ыг долоо дахь тоглолтод хожих байлаа. Энэ бол “Майами”-гийн цорын ганц азгүйтэл байсангүй. О’Нил спортын замналынхаа хамгийн шилдэг тоглолтыг дээрх улиралд хийсэн авч Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хэдхэн саналын дутуугаар “Финикс”-ийн Стив Нэшт алдчихсан. Тэр жилийн санал хураалт НБА-гийн түүхэнд үүгээрээ тод бичигдэн үлдсэн. Гэхдээ баг нь түүний хөдөлмбөрийг өндөр үнэлэн, таван жилд 100 саяын хөлс өгөх гэрээг байгуулав.

“Майами” баг 2005-2006 оны улирлыг Ван Гандигийн удирлагад эхэлсэн ч тэрбээр хүндэтгэх шалтгаанаар цааш ажиллах боломжгүй болсон тул ерөнхий менежер Райли дасгалжуулагчийн үүргийг давхар үүрэв. Дасгалжуулагчийн их туршлага, шавхагдашгүй чадвартай тэрбээр ахархан хугацаанд багийг сайн зохион байгуулсан төдийгүй гэмтэл бэртлээс салахаа байсан Шакилийн тоглолтын цагийг зөв хуваарилж өглөө. Үүний дүнд “Хит” лигийн хамгийн хүчирхэг тоглолтыг хийсээр НБА-гийн аварга болсон. Нийтлэлийн гол баатар маань энэ улиралд гавьтай тоглоогүй авч  плей-оффт аатай сайн байн багийнхаа ялалтад том тусыг хүргэсэн юм. Бас болоогүй, карьерийнхээ хоёр дахь трипл-даблийг “Торонто”-гийн эсрэг тоглохдоо хийгээд амжсан. Дараа жил нь “Торонто”-той тоглохдоо 45 оноо авч канадчуудаар мөн л даажигнав.

Энэхүү улирлаас хойш тэрбээр гэмтлээс салахаа байсан. Нас ахихын хэрээр том биеийг авч явдаг хөл нь асуудалтай болж ирсэн тул байсгээд л сэлгээний сандалд шилждэг боллоо. Үүнийг дагаад тоглолтын чанар ч муудав. Тиймээс тамирчны замналынхаа сүүлийн гурван улирлыг гурван өөр багт үдсэн. 2008-2009 оны улиралд “Финикс”-ийн тоглогч байсан бол дараа жил нь “Кливлэнд”-ийн харъяат болсон. Сүүлд нь “Бостон”-д өнгөрүүлээд спортоо орхисон билээ. Тэтгэвэрт гарсан ч гэлээ Жак гандан буурашгүй яваа. Талбай дээр өрсөлдөж, зодолдож явсан Чарльз Барзлийн хамтаар телевизэд ажиллан сагсан бөмбөгийн хамгийн өндөр рейтингтэй мэргэжилтэн болоод байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай