Д.Сэржмядагийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага төлбөртэй авахаар боллоо

Д.Сэржмядагийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага төлбөртэй авахаар боллоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг Д.Сэржмядаг хэмээх найман настай охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад одоо болтол олдохгүй байгаа билээ. Тэрбээр тухайн өдрийн 12.00 цагийн үед хичээлдээ явах гэж гарснаас хойш сураггүй болсон. Мөрдөн байцаах алба, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг гаргаж өнөөг болтол шалгаж буй.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулж буй боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой баримт, мэдээллийг үнэлж авахаар болжээ. Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн сайд хамтран 2017 оны арванхоёрдугаар сард тушаал гаргаж, иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах жишгийг баталсан юм. Уг жишгийн дагуу бодит мэдээллийг хүн, аж ахуйн нэгжээс таван сая хүртэлх төгрөгөөр худалдаж авах нь.

Уг нь тухайн үед Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, эрлийн ажилд зарцуулахаар таван сая төгрөг хандивлаж байсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бодит мэдээлэл өгсөн хүнийг 50 сая төгрөгөөр урамшуулж, эрэн хайх ажиллагаанд шаардагдах зардлыг нэмж өгөхөө мэдэгдсэн ч үр дүнд хүрээгүй байгаа юм.


Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай