Д.Цэцэгмаа: Мөнгөний их, багаар биш хүний сэтгэлийн цараагаар амьдрал баян болдог

Нийслэлийн 17 дугаар сургуулийн математикийн сонгоны “гавал” охин 1973 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-д шууд элсчээ. Математикийн ангийнхан цааш гүнзгийрүүлэн судлах мэргэжлээ сонгох болоход арай шинэлэг содонг нь бодолцоод, тооцоолон бодох электрон машины программчлалын ангид орчихож.

Тухайн үед тооцоолон бодох электрон машин (компьютер) Монголд байгаагүй тул үйлдвэрлэлийн дадлагаа Эрхүүгийн их сургуульд очиж хийдэг “тусгай ангийнхан” хожим энэ чиглэлээрх манай анхны программистууд хэмээн өргөмжлөгдсөн гэдэг. Машины дотоод хэл дээр программ бичдэг ховор бөгөөд анхны мэргэжилтнүүдээ 1978 онд манай улс өлгийдөж авахад “Тэр ангийнхнаас нэг оюутныг манайх авах хэрэгтэй байна” гэсэн захиалгаа Эвлэлийн төв хорооныхон өгөөд байж.

Энэ захиалгын дагуу Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж, Залуу техникчдийн ордны тооцоолон бодох электрон машины лабораторид хуваарилагдан очсон хүн бол Д.Цэцэгмаа багш билээ.

1975 онд Залуу техникчдийн ордон байгуулагдахад тооцоолон бодох электрон машины болон автоматикийн лабораториуд зэрэг үүдээ нээсэн боловч тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчин байхгүйн улмаас гурван жил “цоожтой” байж. Ингээд нам засгаас үүрэг авсан “шинэхэн цэрэг” Д.Цэцэгмаа тооцоолон бодох электрон машин ч үгүй “хоосон” лабораторид, хаанахын хөтөлбөрөөр ямар сургалт явуулах нь тодорхойгүй шинэ тутам орчин нөхцөлд ажиллах хэрэгтэй болжээ.

Залуу техникчдийн ордонд 33 жил багшилсан түүнтэй ярилцаж суухад өнөөгийн боловсролын тогтолцооны өөрчлөлт шинэчлэл “бай”-гаа онохгүй төөрөлдөж явааг улам бүр баталгаажуулах мэт.

-Таныг автоматикийн сургалтыг Монголд бий болгосон анхны багш гэж дуулсан. Залуу техникчдийн ордонд анх очоод ажиллахад ямар байсан бол. Юуг, хаанаас эхлэхээ мэдэхгүй тулгамдав уу?

-Мэдээж их тулгамдсан. Гэхдээ төр, засгаас нэгэнт “Чи гурван жил ажиллах ёстой” гэдэг үүрэг өгсөн учраас “Ямар ч байсан энэ хугацаанд нь сайн л ажиллах хэрэгтэй” гээд хичээсэн. Нэн түрүүнд цаг үеэ дагаад, монгол хүүхдүүдэд мэдээлэл зүйн хичээл ордог болох нь зүйтэй гэж үзэн, КТМС-ийн захирал байсан Бадарч бид хэд хамтраад ЗХУ, Болгарын туршлагаас судалсан.

Тэр үед Зөвлөлтөд мэдээлэл зүйн хичээл ордог болчихсон, Болгарт тооцоолон бодох электрон машины хэрэглээ дөнгөж эхэлж байсан юм. Тиймээс их сургуульд заалгаж байсан программчлалын хэлүүдээ дунд сургуулийн хүүхдүүдэд яаж заавал болох вэ, мэдээлэл зүйн хичээлийн суурийг Монголд хэрхэн тавих вэ гээд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан.

Ингээд эхний ээлжинд Нэгдүгээр сургуулийн сурагчдыг долоо хоногт хоёр удаа нэмэлт цагаар лабораторидоо авчирч, тооцоолон бодох электрон машины программчлалын хичээл зааж эхэлсэн дээ.

Мөн энэ үед Болгараас ирдэг сургалтын материалуудыг ашиглан, автоматикийн хичээлийг сурагчдад давхар заах сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. “Автоматикийн дугуйланд явах уу” гээд сургуулиудаар явж, ухуулга сурталчилгаа хийхээр хүүхдүүд энэ тухай огт мэддэггүй. “Автоматик гэдэг нь электроникоор удирдаад, механикаар гүйцэтгэдэг зүйл юм. Тооцоолон бодох электрон машин гэдэг зүйл ирээдүйд хүмүүсийн маш чухал хэрэглээ болно, хоёр дахь бичиг үсэг нь болно” гээд албан газруудаар орж ярихаар томчууд ч үнэндээ энэ тухай ойлголтгүй байв.

Монголд электроникийн хичээлийн үндэс суурийг тавихад Борис Сергеевич Иванов тэргүүтэй Зөвлөлтийн мэргэжилтнүүд маш их хувь нэмэр оруулсныг заавал хэлэх ёстой. Энэ хүмүүсийн чин сэтгэлийн тусламж дэмжлэгээр манай хүүхдүүд эхэндээ хялбар радио схем угсарч байгаад, сүүлдээ тэжээлийн блок, өсгөгч, удирдлагатай төхөөрөмж хийх гэх зэргээр жилээс жилд эрчимтэй хөгжсөн шүү. Манай автоматикийн лаборатори гэхэд л механик, электроникийн аль алиныг нь угсарна.

Би математик суурьтай, программист хүн атлаа радио электроник сурах хэрэгтэй болж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр бүхнийг заалгасан. Тэр үеэс эхлээд маш олон хүүхэд инженер техникийн боловсрол руу хошуурч, зохион бүтээх, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхэд анхаарсан томоохон давлагаа нийгэмд бий болсон. Нисэх болон авто загвар, усан онгоц зохион бүтээх лабораториуд манайхаас арай эрт байгуулагдсан учраас хөлөө олчихсон байв.

-Лабораторид нь компьютер байгаагүй гэсэн. Туршилт хийхэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл чухал байж таарна. Тэр үед та бүхэн яаж болгодог байв?

-Программчлалаа заагаад л байдаг, тооцоолон бодох электрон машин нь байхгүй бол хэцүү. Тиймээс бид эхэндээ Статистикийн төв газрын акталсан суурин машинууд дээр программаа бичүүлж, тооцоолон боддог байв. Дараа нь ширээний компьютер гартал Монголд тэр нь байдаггүй. Тэгсэн тэр үед Болгарын Ерөнхийлөгч Тодор Живков гуай гэргийтэйгээ манай улсад айлчлахдаа нэг компьютер бэлэглэсэн юм.

Манай Залуу техникчдийн ордон Болгарын соёл мэдээллийн төвтэй хамтарч ажилладаг учраас тэд манайд компьютероо бэлэглэсэн нь автоматикийн лабораторийн анхны машин байсан даа. Кассет уншуулдаг өнөөх ганц компьютер дээрээ манай хүүхдүүд ээлжээр сууж, программуудаа бичнэ. Одоогийнх шиг бэлэн программ байхгүй учраас зургийг гэхэд л координатаар холбодог, ноотыг задалж бичээд программ болгож оруулахаар ая дуу гардаг байлаа.

Хүний ганц сахал зурахын тулд баахан программ бичнэ. Манай хүүхдүүдийг ийм байдалтай хичээллэж байгааг харсан Тодор Живков гуай бидэнд амласан ёсоороо очингуутаа 12 ширхэг компьютерын иж бүрэн лаборатори бэлэглэсэн. Тэр хүний ачаар манай автоматикийн лаборатори хөл дээрээ босож, олон монгол хүүхдийн ирээдүйн ажил амьдралд маш том нөлөө үзүүлсэн гэдгийг энд зориуд онцолмоор байна.

Мөн электроникийн туршилт хийх тоног төхөөрөмж их үнэтэй учраас бид химийн үйлдвэрийн хаягдлаас шилэн хоолойнууд цуглуулдаг байлаа. Үүний зэрэгцээ “Оросын” хогийн цэг дээрээс айлын хаясан хүлээн авагч, радио, зурагтыг олзуурхан шүүрээд л авдаг. Хаана, юу акталсан сураг дуулдана, тийшээ явж очоод, трансформатор, конденсаторууд түүж угсраад өсгөгч хийнэ. 10-14 насны хүүхдүүд аливаа зүйлд маш сонор сэргэг байдаг учраас чиглэлийг нь зөв гаргаад өгвөл юуг ч амархан сурдаг юм билээ.

Өсвөр насандаа олж авсан төлөвшил, сурсан мэдсэн зүйл нь хүүхдүүдэд хэзээ ч мартагдахгүй, гар хуруу, ой тойнд нь “кодлогдоод” үлдчихдэг. Хүүхдийнхээ энэ насыг л үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хаана хаанаа анхаарч, зөв зүйл рүү чиглүүлэх ёстой атал өнөөдөр манайд энэ орон зай эзгүйрээд байна. 10-14 насны хүүхдүүд РС тоглоомын газарт хамгийн их очдог, бүр цахим тоглоомд донтоод сэтгэцийн эмнэлэгт хүргэгдээд байна гэхээр надад үнэхээр харамсалтай санагддаг.

Д.Цэцэгмаа багшийг хичээл сургалтдаа ашиглах багаж, тоног төхөөрөмж хайн, хүүхдүүдтэйгээ энд тэндхийн “хог” түүж явдгийг мэдэх нэгэн танил нь “Орбит” станц баахан тоног төхөөрөмжөө акталж байгаа тухай дуулгажээ. Тэрбээр уухайн тас сургуулийнхаа машинтай очиход инженер нь сайхан сэтгэлт хүн байж тааран “Манайх нэгэнт акталчихсан юм чинь ав ав” гэж.

Транзистрын төрлийн том том электрон тоног төхөөрөмжүүд угсраастайгаа хашаанд нь “хөглөрч” байсныг машиндаа ачаад авчрангуут механикийн лабораторийнхон эрэг боолтыг нь шүүрч, электроникийнхон тристоруудыг нь түүгээд, олзоо бүгд хуваагаад дуусгаж. Гудамжны гэрлийг автоматаар асаадаг тристор хэмээх төхөөрөмж нэг ширхэг нь 200 төгрөгийн үнэтэй, олдоц муутай ч байж.

Ямар сайндаа л дууны аясаар янз бүрийн гэрэл гаргадаг өнгөт хөгжим хийхийн мөрөөсөл болсон электроникийн лабораторийн хүүхдүүд хааяа шонгийн модон дээрх гэрлийн тристоруудыг нь “тууж” багшийгаа сэргийлэхэд дуудуулан бангадуулах үе бишгүй байсан гэнэ.

Энэ явдлаас хойш жил орчмын дараа Д.Цэцэгмаа багшийг намын хянан шалгах хорооны хурал дээр дуудаж, сая төгрөгийн үнэтэй, улсын чухал тоног төхөөрөмжийг үрэн таран хийсэн “хэрэг” тулгажээ. Гэв гэнэт сая төгрөгийн акт тогтоолгон дааж давшгүй “өрөнд” орсон залуухан багш юу болоод байгааг ойлгохгүй балмагдахдаа Холбооны яамны сайд Гарамжав гуай дээр орсон байна. Хүний хувь заяаг хааш нь ч эргүүлж мэдэх ээдрээтэй, эгзэгтэй нийгмийн цаг хугацааны хэрчимд “Залуу хүн хохирох вий” гэсэндээ үнэн мөнийг нь олоод өгөх сэтгэлтэй тэр сайдын ачаар аврагджээ.

Учир нь “Орбит” станцынхан 1979-1980 онд тоног төхөөрөмжөө актлахдаа зарим бичиг баритыг нь хараахан бүрдүүлж амжаагүй байсныг мэдэлгүй Д.Цэцэгмаа багш сургууль руугаа ачаад явчихаж. “Акталсан бичиг баримтаа хурдан бүрдүүлж энэ хүүхдэд өг” хэмээн яамных нь сайд үүрэг болгож, ганц бичиг илгээснээр шорон орондоо тулаад байсан айхтар асуудал шийдэгдсэн гэдэг.

-Залуу техникчдийн ордонд хичээллэж, хийж бүтээхийн төлөө тэмүүлсэн, шинэ зүйл туршиж үзэх гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн “дэггүй” шавь нар тань одоо хаана хаана ажиллаж байгаа вэ?

-Инженерүүд улс орныг хөгжүүлдэг гэдэг гарцаагүй үнэн. Шавь нар минь одоо Монголдоо төдийгүй олон улсад нэр төртэй ажиллаж байна. Тухайлбал, өнөөх анхны компьютер дээр ажиллаж байсан Цогбадрах гээд шавь минь Тайландын Олон улсын хиймэл дагуулын газрын даргын албыг хашиж байна.

Интерактивын ерөнхий администатор, “Үндэсний дата ком”-ын анхны программистууд манай шавь. Монголын аль ч үүрэн холбооны оператор компанид яваад очиход манайхан удирдах албан тушаалд ажиллаж байна. Манай нисэх загварынхан, усан онгоц, авто загварынхан ч тал талд маш амжилттай явж байгааг фэйсбүүкээр харахад сайхан байдаг.

Энэ бол хүүхдүүд хийх юмаа олж яддаг хамгийн бүтээлч үе буюу өсвөр насанд нь техник сэтгэлгээг нь хөгжүүлсний ач тус гэж би баттай хэлнэ. Зах зээлийн нийгэмд шилжингүүт хэд хэдэн шавь нар минь эвдэрсэн машиныг засаж янзлаад, хачин гоё болгож зардаг бизнесээ хүртэл эхлүүлж байв.

-Өөрсдөө 10-14 насандаа тийм гоё сонирхолтой “амьдрал” туулж, ямар нэг юм хийж бүтээж үзсэн учраас шавь нар тань одоо үр хүүхдүүддээ тийм боловсрол олгохыг хүсдэг л байх даа. Залуу техникчдийн ордны үйл ажиллагаа одоо ямархуу байна вэ?

-“Энэ хүүхдүүдийг яана даа, багш аа. Инженерийн сэтгэхүй нь ид хөгждөг хайран сайхан үеийг нь манай боловсролын байгууллагууд ямар ч үр ашиггүй өнгөрөөж байна даа” гээд уулзахаараа хэлдэг. Залуу техникчдийн ордон маань ч хуучных шиг ажиллахаа байсан. Бүх аймаг, дүүрэгт салбартай байсан нь татан буугдаж, лаборатори сургуулийн статустай ажиллаж байна. Ирээдүйн инженерүүдийг бэлтгэдэг ганц газрынхаа “амыг барьж”, дөнгөн данган гол зогоож байгааг харахад надад ч харамсалтай санагддаг.

Уг нь ЗХУ манай энэ ордныг Азид байхгүй бүтэц, зохион байгуулалттайгаар барьж өгсөн юм шүү дээ. Анги танхим бүр нь суурь машинтай, ширээ болгонд 36 вольт хүртэл цахилгаан бууруулагч трансформатортой, лабораторийн тусгай зориулалтын өрөөтэй.

Тэр байтугай, Залуу техникчдийн ордон маань атомын бөмбөг дэлбэрэх гэх мэт ямар нэгэн аюул гамшиг тохиолдвол доороо хоргодох байртай, стратегийн чухал ач холбогдолтой ховор байгууламж учраас томчууд хувьчилж авах гэж их шохоорхдог. Нэг удаа хариугүй хувьчлах гэж байхад нь төгсөгчид маань хөөцөлдөж, эсэргүүцсээр болиулсан шүү дээ.

-Залуу техникчдийн ордон одоо нэгэнт хуучин шигээ хүчин чадалтайгаар ажиллахаасаа өнгөрч. Тэгвэл таныхаар өнөөгийн нөхцөлд манай боловсролын байгууллагууд хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүйг яаж хөгжүүлэх боломжтой вэ?

-Би математикийн багшаар олон жил ажилласны хувьд энэ талаар судалгаа хийж, яам тамгын газрынхан солигдох тоолонд мэдэгддэг. Ажиглаад байхад манайд хичээл хоорондын уялдаа холбоо огт алга. Дээр үеийн сургалтын арга барилаар олон талд задалсан хичээлийг өчнөөн цагаар зааж, хүүхдүүдийг залхаадгаа болимоор санагддаг. Одоогийн хүүхдүүд аливаа мэдлэг мэдээллийг хүсвэл хаанаас ч олоод мэдчихэж болох байтал өнөө хэр манай сургалтын тогтолцоо академик талдаа давамгайлсан хэвээр байна.

Жишээ нь, физикийн хичээл дээр хүүхдүүдэд хүчний тухай ойлголт өгөхийн тулд 24 цаг ордог. Гэтэл үүнийг харьцуулах аргаар хэдэн туршилт хийгээд, найман цагт багтаагаад хүүхдүүдэд ойлгуулчихаж болно Ургамал, амьтан, хүний эсийн тухай хичээл заахын тулд 56 цаг зарцуулдаг.

Уг нь энэ хичээлийг “Ийм бүтэцтэй бол ургамлын эс гэдэг. Үүн дээр ийм өөрчлөлт гарвал амьтны эс болж хувирдаг, ингэвэл хүний эс болдог” гээд лабораторийн туршилтаар харьцуулаад үзүүлбэл зургаан цаг л хангалттай. Өөрөөр хэлбэл, манайхан хичээлүүдийг хэтэрхий тус тусад нь салгаад, хүүхдүүдийг залхаачихсан.

Мөн манайд байгаа нэг том алдаа нь үзэгдэл ба объектын физик, хими, математик шинж чанарыг л гүнзгийрүүлж судлуулсаар байгаад төгсгөдөг. Гэтэл хүүхдүүд мөн чанарыг нь ойлгохгүй сургуулиа төгсөж байна. Үүнийг ойлгуулдаг гол зүйл бол лабораторийн туршилт, судалгаа байдаг. Хүүхдүүд өөрөө юмыг бодитоор мэдэрч, бие мах бодоороо хийж бүтээж үзвэл зүүн, баруун тархи нь зэрэг хөгждөг. Хүүхэд болгон тоонд сайн байх боломжгүй.

Гэхдээ математикт хэчнээн тааруу хүүхэд байсан ч манай дугуйланд хичээллээд ирэхээр аяндаа өөрөө дуртай болчихдог. Жишээ нь, нэг өсгөгч хийхийн тулд загвараа хэрхэн гаргах, ямар харьцаатай байх, чиглүүлэгчийн тооцоогоо бодож олох гэх мэт практик ажлын явцад аяндаа ой тойнд нь буугаад ирдэг. Манай монголчууд эрт дээр үеэсээ өөрийн гэсэн өв уламжлалтай, техник сэтгэлгээтэй ард түмэн. Боловсролын тогтолцоог шинэчилнэ гээд гадаадаас хуулбарлах бус, монгол ахуй, зан заншил, уламжлалд ямар тогтолцоо тохирох вэ гэдгийг бид бодолцох ёстой.

Тухайлбал, монгол гэрээр жишээ авъя л даа. Өнөөгийн маш олон техник сэтгэлгээний үндэс монгол гэрт байдаг. Гэрийн тооно гэхэд л дугуй дүрсийн анхдагч. Дугуй дүрс бий болсноор хөдлөх механизм үүссэн гэж үздэг. Тооно ямар үед гэрлээ хугалаад, өдөржингөө тэр айлыг гэрэлтүүлээд байна вэ гэдэг чинь маш нарийн хэмжээс юм. Гэрийн хана яагаад ацан тулгууртай байдгийг бодоод үзье. Ацан тулгуур хамгийн тогтвортой тулгуур юм байна гэдгийг монголчууд эрт дээр үеэсээ олоод мэдчихэж. Үүнийг сүүлд дэлхийн томоохон гүүрүүдийн бүтээн байгуулалтад ашигласан байдаг.

Тиймээс зөвхөн монгол гэрийн тоонон жишээн дээр тайлбарлаад, бүтээл хийнгээ тойргийн шинж чанарын тухай, эргэлдэх хөдөлгөөний хүч, гэрлийн хугарлын талаар, махир нум хийх, холбох технологийн аргыг мэдээд авчихдаг байж болно шүү дээ. Энэ маягаар онолын хичээлүүдийг хооронд нь уялдуулан нэгтгэж, дадлага ажлын цаг гаргах боломж хангалттай юм билээ. Жишээ нь, би технологийн багш нараас “Эмэгтэй хүүхэд болгоныг дунд сургууль төгсөхдөө баривч оёж чаддаг болгоод төгсгөөч ээ” гэж хэлдэг. Учир нь баривч оёж сурсан хүн ямар ч загварын хувцас хийж чаддаг юм байна.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань ээжийгээ дагаад Залуу техникчдийн ордноор хүмүүжсэн үү?

-Манайх гурван хүүтэй. Нөхөр маань цэргийн даргаар ажиллаж байгаад эрт өөд болсон. Хөвгүүд маань намайг дагаад манай ордонд өсөж, хүмүүжсэн дээ. Том хүү минь багаасаа нисэх загварын дугуйланд явж байгаад, тэр чиглэлээрээ мэргэжил эзэмшсэн. Бага хүү минь арай өөр мэргэжил сонгосон ч тэд маань ажил, амьдралын ямар ч зүйлд их бүтээлч хандлагатай байдаг юм. Сэтгэлд нь нийцэх юм ер нь ховор шүү дээ. Ямар сайндаа манай зуслангийн байрны хийц, загвар, дотоод засал чимэглэлийг хүмүүс хараад гайхдаг.

1990-ээд онд зах зээлд шилжихэд манайхан нийгмээрээ шахуу л ганзгын наймаанд явж байв. Манайхны цалин ч маш бага болсон учраас би “За, энэ хүүхдүүдээ төгсгөөд урагшаа наймаанд явна даа” гэж ярьдаг байлаа. Гэвч нэг хэсгийг нь төгсгөхөөр дараагийнх нь ар араасаа орж ирсээр миний наймаа хийдэг хөг ч өнгөрсөн (инээв).

Зах зээлийн шуурганд Залуу техникчдийн ордноо, хүүхдүүдээ гэсэн үнэнхүү сэтгэлтэй хэдэн багш нар нь хаалгаа “түгжээд” наймаанд явчихаагүй тулдаа өдий зэрэгтэй үлдэж хоцорсон болов уу. Ер нь мөнгөний их, багаар биш хүний сэтгэлийн цараагаар амьдрал баян болдог юм билээ.

Түүнийг Залуу техникчдийн ордны автоматикийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхад монголчууд анхны гурван роботоо хийж, анхны хоёр компьютероо угсарсан түүхтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай