А.ДОГМИД: Диспетчер ганцхан тоо зөрүүлснээс болж галт тэрэг мөргөлдсөн

А.ДОГМИД: Диспетчер ганцхан тоо зөрүүлснээс болж галт тэрэг мөргөлдсөн

Цагдаагийн байгууллагад Мөрдөн байцаах алба байгуулсны 72 жилийн ойг тохиолдуулан тус албаны ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа А.Догмидтой ярилцлаа.

-Мөрдөн байцаах албаны ойн мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагад ажилласан таны амьдрал ганцхан энэ албатай холбогддог байх аа?

-Баярлалаа. Бага залуугийн л цагдаа, мөрдөн байцаагч болно гэдэг бодол тээж явдаг байлаа. 1974 онд 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн хуулийн ангид орох гэсэн ч бүтээгүй болохоор Хууль цаазны дунд сургуульд элссэн. Эхний нэг жил оройгоор сурч, цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн суралцаж төгсөхөд намайг Төв аймагт нотариатын эрхлэгч-гэр бүлийн байцаагчаар хуваарилсан юм.

Цагдаа болно гэсэн бодол, хүсэл замхрах гээд байсан учир тийшээ яваагүй. Жилийн дараа 1981 оны долдугаар сарын 22-нд Мөрдөн байцаах албаны IV хэлтэс буюу Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэргийг шалгадаг хэлтэст томилогдов. Тухайн үед хүүхэд, залуусын асуудалд ямар их анхаарал тавьж байсан нь харагдаж байгаа биз.

Бусдаас маш их онцлогтой, хүүхэд холбогдсон, хохирсон бүх л төрлийн хэргийг шалгадаг энэ хэлтэст долоон жил ажиллаад хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод ДЯЯ-ны дээд сургуульд явлаа. Төгсөх жилээ өвчний улмаас нутагтаа түр ирсэн юм. Тэгэхдээ Мөрдөн байцаах албаныхаа дарга дээр ороод “Би эндээ ажиллана аа” гэж хэлсэн, дарга ч зөвшөөрсөн. 1998 онд Төмөр замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар томилогдох хүртлээ эндээ л ажилласан даа. Янз бүрийн дэвшүүлэх, шилжүүлэх санал ирж л байсан, яваагүй. Одоо ч албаныхаа Ахмадын зөвлөлийн дарга гэдэг сонгуульт ажилтай.

Энэ дашрамд, Мөрдөн байцаах албаны үе үеийн алба хаагчид, одоогийн бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд баярын мэнд дэвшүүлье. Албандаа сэтгэлтэй, алба хаагчдаа ойлгодог, тэдэнд анхаарал, халамж тавьдаг, хүний төлөө гэсэн жинхэнэ удирдагчидтай хамтран ажиллаж явсан би их азтай хүн. Гавьяат хуульч С.Дамдин, хурандаа М.Энх-Амгалан, А.Давааням зэрэг сайхан хүмүүсийн ач, хичээл, зүтгэлийн дүнд сайн яваа гэж боддог. Тэдэндээ үргэлж талархаж явдаг юм.

-Албандаа, ажилдаа дуртай болохоороо хүүдээ мэргэжлээ өвлүүлжээ дээ, та?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү минь зах зээлийн шилжилтийн үед цагдаа болно гэхэд нь нэг их дуртай хүлээж аваагүй болохоор өөр мэргэжил сонгоод явсан. Нэг хүүхэд минь энэ албанд ажиллах учиртай юм болов уу гэж бодоод эдийн засагч болно гэж ярьдаг хүүдээ хэллээ. Хүү аавынхаа үгийг хүлээж авсан. Одоо Мөрдөн байцаах албанд ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой ажиллаж байна.

Төмөр замын цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга болж хэсэг хугацаанд аавынхаа ажиллаж байсан өрөө, ширээ, сандалд сууж үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед сайхан санагдаж байсан шүү. Хүүдээ ажил мэргэжлээ өвлүүлснээ би буруу шийдвэр байгаагүй гэж боддог. Гэр бүлийн хүн минь ч дэмжиж байсан.

-Мөрдөгчийн ажлын тэн хагасыг гэр бүлийн хүн нь үүрч явдаг гэж боддог. Тэгэхээр 20 гаруй жил энэ албанд тасралтгүй зүтгэсэн хүний гэргий бараг л мөрдөгч болсон байх.

-Мөрдөгчийн ажил амжилттай байна гэдэг ар тал боломжийн сайн байгаатай шууд холбоотой. Гэртээ асуудалтай, гэр бүл нь дэмждэггүй хүн энэ албанд ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл би чадна гэсэн итгэлтэй, чин сэтгэлээ зориулна гэж зориг шулуудсан хүн мөрдөгчийн ажлыг амжилттай хийдэг. Залуу байхад хааяа үл ойлголцох зүйл гарна. Яваандаа ойлгож, хүлээн зөвшөөрч, сүүлдээ дэмжиж эхэлдэг юм.

Нэг явдал ярья л даа. Би гуравдугаар сарын 9-нд жижүүртэй, эхнэрийн бие өвдөж цагийн тариа хийлгээд гэртээ сууж байлаа. Гэтэл хэлтсийн дарга ороод ирэв. “За Догмидоо, чи өнөөдөр жижүүрт гарахгүй бол болохгүй нь. Орой тарианы цагаа болохоор жижүүрийн унаагаар ирээд хийгээд өгчих” гэлээ. Албаны зайлшгүй шаардлага учир гэргийгээ уйлуулж орхиод л гарч байв.

Одоотой адил ярих бэлэн утас байхгүй, ар гэртээ ч дуулгаж чадалгүй хэд хоногоор томилолтоор явчихна. Уг нь бид Хууль цаазны дунд сургуулийн нэг ангийн хоёр. Тэр минь намайг дэмжиж, эмнэлгийн ажил хийсээр насны тэтгэвэртээ суусан. Ер нь ахмад мөрдөн байцаагчдын гэр бүл бүгд л мөрдөн байцаагч болчихдог юм даа. Энгийн хүний ярихгүй, мэдэхгүй юмыг хэзээний мэддэг болчихно. Манай хүн тэдний л нэг.

-Залуу мөрдөгчдийн ажлын арга барил, үр дүнг анхааралтай ажиглаж байдаг байх. Юу анзаарагдаж байна вэ?

-Мэдээж ахмад ажилтны хувьд санаа зовж, анхаарал тавьдаг. Олон чадварлаг залуу ажиллаж байгаа. Мөрдөгч бол дурласан хэн хүний хийдэг ажил биш. Би тэтгэвэрт гарсныхаа дараа албан дээрээ хэрэг уншдаг байлаа. Ажиглаж байхад залуу хүүхдүүд орчин үеийн техник, технологи хөгжсөн учир зарим үед залхуурах гээд байх шиг санагдсан.

Бүгдийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн хийж, нарийн шалгаж тогтоох хэрэгтэй. Хүний хувь заяаг шийдвэрлэх ажил хийж байгаа хүмүүс өчүүхэн зүйлийг ч орхиж болохгүй гэдгийг чанд сахих ёстой.

-Мөрдөгч бол сэтгэлзүйч гэж ярьдаг даа.

-Тэдний ажил ард түмний нүдэнд ил байдаг. Нэгдүгээрт хүнлэг ёсыг баримтлах, хоёрт хууль сахих. Хэргийн хохирогч, холбогдогчийн юу ярих гээд байгааг мэдэрч сэтгэл зүй, сэтгэхүйг нь ойлгох хэрэгтэй. Энэ нь хохирогч юм хөөрхий, харин тэр бол алуурчин гэж ялгаж харилцаж болохгүй. Учрыг нь зөв тайлах л чухал.

-Та Төмөр замын цагдаагийн газарт ажиллаж байхдаа галт тэрэгний ослын хэд хэдэн хэргийг шалгаж байсан гэдэг. Зүтгүүр мөргөлдөж хүний амь эрсэдсэн хэргийн талаар ярьж болох уу?

-Ажиллаж байх хугацаандаа галт тэрэг мөргөлдсөн, ачааны галт тэрэг, суудлын вагон шатсан хэргүүдийг шалгасан. Чиний асуусан хэрэг 2005 онд гарсан санагдаж байна. Диспетчерийн хариуцлагагүйгээс үүдэж хүний амь хохирсон хэрэг л дээ. Ганцхан тоо зөрүүлснээс л бүх юм болсон байдаг. Тэр үед замын ашиглалтыг сайжруулах гэж угсраагаар нь олон вагон явуулаад араас нь түлхэж өгдөг байсан юм.

Гэтэл зүтгүүрийн хүчин чадал хүрээгүйгээс өгсүүр замд зогсчихож. Машинч диспетчер рүүгээ зогссон километр болон зуутаа хэлэхэд нь нэг тоог зөрүүлж сонссоны улмаас тусламж үзүүлэхээр араас нь очсон зүтгүүр замын эргэлт дээр нөгөөгөө мөргөж, ослын улмаас хүмүүсийн амь үрэгдсэн. Одоо нэг км-ийн дараа очих ёстой гээд явж байгаад мөргөчихсөн юм. Төмөр замын нэг онцлог нь километр, тэр дотроо дэр модоо зуутаар тоолдог. Мөн онгоцны хар хайрцаг гэдэг шиг туузны бичлэгтэй. Түүнд зогссон, явсан хөдөлгөөн бүрийг бичсэн байдаг юм. Үүний ачаар нэг хулгайч нөхрийг барьж байсан юм.

-Түүнийгээ жаахан дэлгэрүүлэхгүй юү?

-Суудлын вагоноор зорчиж явсан нэг хүн хэтэвчээ цонхоор унагачихжээ. Дараагийн өртөөнд очоод “Би тэнд хэтэвчээ унагачихлаа” гэж машинчид хэлсэн байна. Гэтэл тэр газар хэдэн км-ийн, хэд дэх зуут гэдгийг нь мэдэж байгаа машинч нөгөөх зорчигчийг буулгачихаад түрүүвчийг нь авчихсан байв. Зорчигч гомдол гаргаад ирэхэд нь туузны бичлэгийг шалгаж үзтэл галт тэрэгний хурд саарсан, зогссон, дахиад явсан нь бичигдсэн байсан юм.

-38 настай хүн ахмад ажилтны эгнээнд шилжсэн байсан. Ер нь мөрдөгч насны хязгаартай ажил уу?

-Өчигдөрхөн ажлаа хийж байсан залуус өнөөдөр бидний дунд ахмад настан гээд орж ирж байна. Өөрөөр хэлбэл, ид хийж бүтээх 40-45 насныхан бидний эгнээнд ороод ирлээ. Энэ нь надад сайхан санагддаггүй. Туршлагажсан, “хий нь гарсан бөх” гэж ярьдаг, ид хийж бүтээх бололцоотой үед нь тэтгэвэрт гаргачихаж байгаа нь харамсалтай.

60 насандаа тэтгэвэрт гарна гэж тооцвол түүнээс 17-18 жилийн өмнө суулгачихаж байгаа юм. Мөрдөгч биеийн хүчний биш, оюун ухааны ажил. Тиймээс энэ албаны мөрдөгчид 60 нас хүртэл ажлаа хийгээд явах боломжтой гэж би боддог. Энэ хүртэл хүн илүү л туршлага хуримтлуулж, мэргэшинэ.

- Мөрдөн байцаах алба одоо л нэг зориулалтын, шинэ байртай болох нь дээ.

-1938 онд барьсан гэдэг хуучин барилгад үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг дүгнэлтийг олон жилийн өмнө МХЕГ гаргасан. Тэр цагаас хойш шинэ байртай болохоор хөөцөлдсөн ч энэ Засгийн газрын үед л бүтэж байна. Салбарын сайд нь мөрдөн байцаах албаны, цагдаагийн алба хаагчдын зовлон, жаргалыг сайн мэддэг хүн учраас энэ асуудлыг шийдэж чадлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон барилгын ажлыг гүйцэтгэж буй “Билгүүн Монгол констракшн”-ы хамт олонд албаны ахмадууд бид ихэд талархаж байна. Аль ч газарт алба хаагч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл маш чухал шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай