Ц.Ганбаяр: Түүхэн кинонд тоглохыг хүсдэг ч үзэгчид хараад инээх вий гэхээс эмээдэг

Жүжигчин Ц.Ганбаярыг “Нямын зочин”-оор урилаа. Оюутан ахуйдаа “Шинэ үе” продакшны босгыг давж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө “Мөрөөдрийн театр”-аар овоглож яваа.

Тус театрынхан өнгөрсөн тавдахь өдрөөс “Дундын бүсгүй” шоу драм үзэгчдэд хүргэж байгаа билээ. Шинэхэн тоглолтынх нь өмнөхөн түүнтэй ярилцсанаа хүргэе.

-СУИС-ийн 1998 оны төгсөгчид Шведийн зохиолч Ян Экстрёмын “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэн, дэлгэцийн ижил нэрт бүтээл хийсэн юм билээ.

Харин танай хамт олон уг туужийг тайзны бүтээл болгон “Дундын бүсгүй” нэртэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна. Яагаад эл бүтээлийг сонгов?

-Дэлхийн олон орны найруулагч “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэн тайз болон дэлгэцийн бүтээл туурвисан юм билээ. Манайд СУИС-ийн 1998 оны төгсөгчид дипломын ажил болгон кино бүтээсэн. Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, Б.Отгонбат, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, С.Чимгээ зэрэг одоо олны танил болсон эрхэм тус киноны гол дүрд тоглосон байдаг.

Харин бид энэ удаа тайзны уран бүтээл болгон үзэгчдэд хүргэх гэж байна. Орчин цагийн үзэгчдэд нийцүүлэх үүднээс зохиолыг нь бага зэрэг өөрчилсөн. Өнөөгийн залуус юунд автаж буйг өөрсдөд нь харуулах гэсэн юм. Зугаа цэнгээн, архидалт, донтолт газар авч буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч үдэш бүр ярих болсон. Бид ч гэсэн үүнд дуу хоолойгоо нэгтгэхийг хүслээ.

-Н.Наранбаатар найруулсан гэсэн үү?

-Эл тоглолт маань бэсрэг хоёр жүжгээс бүрдэж буй. Нэг нь дээр дурдсан “Дундын бүсгүй” детектив жүжиг. Нөгөө нь Оросын зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” инээдмийн жүжиг. Хоёуланг нь Н.Наранбаатар ах найрууллаа. Хоёр өөр төрлийн жүжгийг нэг дор үзэх нь хүмүүст сонирхолтой санагдах байх.

Гол дүрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс гадна жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглоно. Тэд өмнө нь кино болон жүжигт хамт тоглож байгаагүй юм билээ. Жүжиг маань насанд хүрэгчдэд зориулсан болохоор үзэгчид илүү гайхаж, сонирхож байна.

-“Дундын бүсгүй” шоу драмаа хэчнээн өдөр тоглох вэ. Орон нутгийн үзэгчдэд хүргэх үү?

-Энэ сарын 23 хүртэл Улаанбаатар хотод тоглоно. Дараа нь Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт тоглохоор төлөвлөж байгаа.

-Та СУИС төгссөнөөсөө хойш хошин шоу тоглолт, инээдмийн жүжиг, кинонд л тоглосон. Детектив төрлийн бүтээлд тоглох ямар байна вэ?

-Би СУИС-ийг 2006 онд төгссөн. Төгссөнөөсөө хойш л инээдмийн, хошин уран бүтээлд ажиллалаа. “Шинэ үе” продакшны 2009 онд бүтээсэн “Буруу эргэлт” уянгын кинонд тоглосон боловч мөн л үзэгчдэд инээд бэлэглэх, хөгжилтэй залуугийн дүрд ажилласан. Тиймээс өөр төрлийн уран бүтээлд ажиллах сан гэж битүүхэн боддог байлаа. Энэ хүсэл минь биелсэнд баяртай байна. Их сонирхолтой санагдсан.

Уран бүтээлчийн хувьд үзэгчдэд өөрийгөө өөрөөр харуулах боломж олдсон нь бас завшаантай. Би уг нь түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм. Даанч надад зохихгүй. Би чинь том биетэй л болохоос биш, ширүүн дориун төрх гаргахад хэцүү царайтай. Гэтэл УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдыг хар л даа.

Эртний баатар хүн ийм л байсан болов уу гэж бодохоор төрхтэй, мундаг тоглодог. Гэтэл намайг түүхэн кинонд тоглотол үзэгчид хараад инээгээд байвал яана гэдгээс халгадаг юм.

-Кинонд тоглуулах санал хэр ирж байгаа вэ?

-Ирдэг л юм. Гэхдээ одоогоор “Мөрөөдлийн театр”-ынхаа уран бүтээлийг нэгдүгээрт тавьж, бүх анхаарлаа хандуулсан учраас саналуудаас татгалзаж байна.

-“Шинэ үе” продакшнаас гарсныхаа дараа та “Эмоци” продакшны тоглолтод оролцсон. Удалгүй “Мөрөөдлийн театр”-аар овоглосон. Одоо ч зарим үзэгч таныг “Эмоци”-ийнх гэж ойлгодог юм билээ.

-“Хоорондоо муудалцсан гэнэ. Н.Ариунболд нь хөөсөн юм билээ” гээд л хүмүүс янз бүрээр л ярьдаг. Яг үнэндээ “Шинэ үе” продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ах бидэнд “Бие даах цаг минь боллоо гэж бодвол хэзээ ч хамаагүй “нисээрэй”. Ах нь дэмжинэ” гэдэг байсан. Жүжигчин Л.Сөрөлт, Б.Отгонтуяа бид гурав ч тэгэхийг л хүссэн.

2016 оны намар “Эмоци” продакшныхан “Аз жаргалыг шэйрлэ” шоу тоглолтдоо бид гурвыг оролцож, тоглохыг урьсан. Тэгээд л тус тоглолтод оролцсон юм. Уг тоглолтын “Бөмбөрцгийн архичин” хошин үзүүлбэрийг саяхнаас үзэгчдэд хүргэсэн нь намайг одоо ч “Эмоци”-д байдаг гэж харагдуулж байх шиг байна.

Жүжигчин Г.Алтаншагай, Л.Сөрөлт, Т.Баттулга, Б.Отгонтуяа бид нэг ангийнхан. Оюутан байхдаа л “Уран бүтээл хамт хийнэ” гэж ярилцдаг байв. Ингээд өнгөрсөн жилээс ангийн найзуудтайгаа нэгдэж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож явна.

-Л.Сөрөлт, Б.Отгонтуяа та гурав бас цуврал хошин хөтөлбөр үзэгчдэд хүргэсэн.

-“Оранж” энтертайнменттай хамтран “Хөгжилтэй дүр” хошин дөрвөн цуврал үзэгчдэд хүргэсэн.

-Таны найзууд, үеийн уран бүтээлчид тань бие даан дэлгэцийн бүтээл хийж байна. Танд тийм бодол бий юү?

-Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг дээ. Тийм бодол бий. Гэхдээ анхны бүтээл маш сайн байх ёстой гэж боддог. Өмнө нь кино, ший хийж байгаагүй болохоор туршлага дутна. Тиймээс яарахгүй байна. Хоёрын хооронд юм хийж яах юм.

ОХУ-ын мундаг найруулагчаас нэг сэтгүүлч “Та шинэ уран бүтээлээ хэзээ үзэгчдэд хүргэх вэ” гэж асууж л дээ. Мань эр “Миний кино бэлэн болчихсон. Зургийг нь авах л дутуу” гэж хариулсан гэдэг.

Түүн шиг л маш сайн тунгааж, төлөвлөж байж уран бүтээл хийх хэрэгтэй. Тэгсэн байхад бусад нь аяндаа гараас гарчихна.

-Эхний киногоо ямар төрлөөр бүтээх бол?

-Хэлж мэдэхгүй юм. Надад үнэхээр таалагдах зохиол байвал инээдмийн, адал явдалт гээд ямар төрлийнх байх нь хамаагүй.

-Та VI бичил хороололд өссөн бил үү?

-Манайх Зурагтад байлаа. 2000 онд VI бичил хороололд нүүж очсон. 13 дугаар дунд сургуулийг төгссөн дөө.

-Урлагийн хүн болохыг багаасаа мөрөөдсөн үү. Эсвэл санамсаргүй тохиолдлоор сонгосон уу?

-Үгүй ээ. Их дуу муутай, даруухан хүү байлаа. Аав, ээж минь барилгын инженер. Надад мэргэжлээ өвлүүлнэ гэдэг байлаа. Манайх Шаргаморьтод зусдаг байв. “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Батбаяр ахынх манай хөрш.

Есдүгээр анги төгссөн зун Х.Батбаяр ахын яриаг сонсоод л энэ мэргэжилд татагдсан даа. Түүнээс биш багаасаа дурлаагүй. Миний эргэн тойронд ч урлагийн хүн байгаагүй.

-Сургуулилалт, тоглолт гээд нойр, хоолгүй ажиллах тань энүүхэнд. Урлагийн мэргэжил сонгосондоо харамссан удаа бий юү?

-Байхгүй ээ. Дуртай ажлаа хийж байгаа болохоор харин ч баяртай явдаг.

-Урлаг золиос шаарддаг гэдэг. Та оюутан ахуйгаасаа хойш юуг золиослов. Түүнчлэн урлагаас юуг өөрт авав?

-Авсан зүйл маш их бий. Тоочоод баршгүй. Одоохондоо айхтар золиос гаргаагүй л байна. Хойшдоо юу болохыг хэлж мэдэхгүй юм.

-Урлагийнхан бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой. Хүнд танигдахын хэрээр үг, үйлдлээ цэнэх шаардлагатай байх. Хүмүүсийн нүдний өмнө амьдрах хэцүү юү?

-“Бүдүүн байж болно. Бүдүүлэг байж болохгүй” гэдэг шүү дээ. Биеэ зөв авч явахыг хичээдэг.

-Бүдүүн гэдэг үг байнга таны нэрийг дагадаг. Эмзэглэдэг үү?

-Эмзэглэх юу байх вэ дээ. Долоо, наймдугаар ангид байхдаа “Хард боди” гэж фитнесс клубт хичээллэдэг байлаа. Есдүгээр ангиасаа хаячихсан. Тэр үеэс л огцом жин нэмж, түүнээс хойш бага багаар нэмсээр байгаад л ийм болчихсон.

-Одоо бараг имиж болчихов уу?

-Тэгж хэлэх нь ч бас юу юм. Турах юм сан гэж боддог шүү дээ. Адаглаад л хүнд жинтэй бол хөл, гараас авхуулаад эрүүл мэнд муудна.

-Хүн үхэн үхтлээ суралцдаг. Одоо суралцахыг хүсэж, төлөвлөж буй зүйл тань юу вэ?

-Өдөр бүр эрт босож, дасгал хийдэг дадалтай болохоор хичээж байна. Харамсалтай нь, ажлын шаардлагаар шөнө оройтож унтана, түүнээсээ болоод эрт босоход хэцүү юм.

-Та телевиз, сонин, радио гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн алинаас нь мэдээлэл түлхүү авдаг вэ?

-Зурагт үзээд суух цаг ховор. Тиймээс мэдээллийн сайтуудаас л түлхүү авдаг. Харамсалтай нь, сайтуудын мэдээлэл дутуу дулимаг, эх сурвалж нь тодорхойгүй байх нь их.

-Шар сонин, сайтуудад гүтгүүлж үзсэн үү?

-Нэг хэсэг ч баахан л бичүүлсэн. Сүүлийн үед гайгүй л байна. Юуг нь нуух вэ, би гэр бүлээ цуцлуулсан шүү дээ. Тэр үед янз бүрээр бичсэн дээ, миний тухай. “Эхнэр, хүүхдээ орох оронгүй хаячихаад, өөрөө баян, эгчмэд хүнээс “Лексус 570” машин бэлгэнд авлаа” гээд л. Тийм баян эгч хаана ч байгаа юм. Хэрэв надад машин авчихаад өгч чадахгүй байгаа бол одоо аваад ир ээ. Өчнөөн жил өнгөрлөө гэж энэ дашрамд хэлье (инээв).

Нээрэн, “Ганбаа “Ланд Круйзер” хазайлгадаг” гэсэн гарчигтай мэдээ гарч байлаа. Сэтгүүлч нь намайг дагаж явсан юм уу, хаашаа юм. Энэ мэтчилэн худал, ташаа зүйлээр их гүтгүүлсэн дээ. Аргаа бараад сайтуудын эрхлэгч, сэтгүүлч рүү нь утасдаж “Энэ худал мэдээлэл байна. Үүнийгээ устга, эсвэл өөрөөс минь лавлаж залруул” гэдэг байв.

Хамгийн хачин нь, миний нэлээд сайн мэдэх, дотнын гэж бодож явсан хүн элдэв цуу тарааж, худал мэдээлэл бичүүлдэг байсныг сүүлд мэдсэн. Одоо ч тэр хүнтэй энд, тэндхийн арга хэмжээн дээр таардаг л юм. Сонин шүү.

-Урлагийн мэргэжил хүний эрх занг ч үгүй хийдэг байх аа. Найруулагч нарт загнуулна, хүмүүсээс янз бүрийн шүүмжлэл сонсоно, ямар ч хүнд нөхцөлд тайзан дээр гарна, зураг авхуулна гээд л хатууждаг шиг санагддаг.

Хэрийн хүний үг, хандлагад эмзэглэхээ больчихсон уу?

-Би тоодоггүй ээ. Гэхдээ миний тухай худал мэдээллийн доор хүмүүсийн бичсэн сэтгэгдэл их эвгүй. Миний хүүхдүүд, ойр дотнынхон уншвал хэцүү. Аавыг нь хөгшин авгайтай холбоод бичсэнийг харахад яаж олигтой санагдах вэ.

Настай аав, ээжид минь хэцүү. Ялангуяа миний ээж сэтгэл хөдлөл ихтэй. “Хүүг минь ингээд биччихэж. Хүмүүс буруу ойлгочихлоо” гээд л хямарчихна.

-Нэг алдсан хүнд дахиж алдах эрх байхгүй. Дахин гэр бүл зохиох талаар бодож байгаа юу?

-Одоогоор ганц бие аав. Дахин гэр бүл зохиоход яарахгүй байна. Нэгээс салаад л нөгөөтэй нь нийлдэг хүмүүсийг ойлгодоггүй юм. Ямар дэлгүүрээс талх худалдан авч байгаа биш дээ. Хугацаа хэрэгтэй.

-Та хоёр хүүхэдтэй билүү?

-Тийм. Том нь 13, бага нь есөн настай.

-Сүүлийн хэд хоног багш нар ажил хаяж, сургуулийн насны хүүхдүүд гэртээ цоожлуулж байна. Хүүхдийн эрхтэй холбоотой ийм асуудалд эцэг хүний үүднээс хэрхэн ханддаг вэ?

-Зөв, буруу гэж хэлэхэд хэцүү. Гол нь хүүхдүүдийн хичээл цалгардаж байгаа нь харамсалтай. Азаар манай хүүхдүүдийн сургуулийн багш нар ажлаа хаясангүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай