Г.Наранцэцэг: Ирээдүйд тавилгын бизнес эрхэлж, тамирчдыг дэмждэг хүн болно

Хэдхэн хоногийн өмнө Индонез улсад болсон 18 дахь удаагийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-д түрүүлсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ганбаатарын Наранцэцэгтэй ярилцлаа. Тивийнхээ “олимп”-оос алтан медаль хүртсэн Монголын анхны самбо бөхийн тамирчин болсон тэрбээр жүдогоор голлон хичээллэдэг.

23 настай Г.Наранцэцэг жүдогийн Екатеринбургийн “Их дуулга”, Залуучуудын ДАШТ, Азийн АШТ, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Мөн тэрбээр УАШТ-ий өсвөр үеийн ангилалд нэг, залуучуудынхад гурван удаа түрүүлсэн. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат түүнд самбогийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн АШТ-ий алт, УАШТ-ий нэжгээд медаль бий.

-Түүхэн амжилтын эзэн болсонд баяр хүргэе. Монголдоо ирж, баяраа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах гэж хэр их яарав?

-Хурдхан л гэртээ ирж, ээждээ үнсүүлэх гэж зөндөө яарсан. Шагналаа аван, завтай болонгуутаа цахим хуудсаар ээжтэйгээ холбогдоход “Охиноороо бахархаж байна. Мундаг шүү” гээд уйлахад нь сэтгэл их хөдөллөө. Түрүүлснээс илүү ээжийгээ баярлуулах сайхан байлаа.

Би тэмцээн, бэлтгэл гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Ээжтэйгээ хамт байж, үргэлж тусалж, гар, хөлийнх нь үзүүрт нэмэр болохыг хичээдэг ч төдийлөн санаснаар болдоггүй. Би гэртээ уржигдар ирсэн. Тэр өдрөө “Говь”-д байрлаж бэлтгэлээ хийнэ гэтэл ээж загнасан.

-Яагаад зэмлүүлсэн юм бэ?

-Миний буруу л даа. Бараг 20-иод хоногийн дараа гэртээ ирэнгүүтээ бэлтгэлээ байрлаж хийлээ, өнөөдөр явлаа гэчихсэн хүн чинь загнуулалгүй яах вэ. Ээж “Гэртээ ядахдаа ганц хоночихгүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь би багшаасаа нэг өдрийн чөлөө аваад, хоносон. Өнөөдөр (өчигдөр) “Говь” руу явна. Тэнд бэлтгэлээ ойролцоогоор 20-иод хоног байрлаж хийх байх. Миний төлөө бүхнээ зориулдаг ээжээрээ бахархдаг.

Санасандаа хүртэл амжилт гарган, үргэлж баярлуулж чаддаггүй ч хичээж явахад болох байх. Би эхээс хоёулаа, отгон нь. Тэмцээн, бэлтгэл гэсээр гэртээ олон хоногийн дараа ирэхэд манай ахын хүүхэд заримдаа надаас бишүүрхдэг. Чихэр, жимс өгөөд ч нэмэргүй (инээв).

-Олимп, дэлхийд өнгөлдөг олон шилдэг тамирчинтай Монголын боксын түүхэнд Азийн наадамд түрүүлсэн хоёрхон ширэн бээлийтэн байдаг нь тивийн “олимп”-д манлайлах амаргүйн илрэл болов уу. Индонезын тэнгэрт Төрийнхөө дууллыг эгшиглүүлэхэд юу бодогдов?

-Энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт самбо бөх шинээр багтсан. Эхлэлийг нь сайхан тавьж, амжилтынх нь жимийг гаргачих юм сан гэж бид хичээсэн. Бүх жин (дөрөв)-д түрүүлэх зорилгодоо хараахан хүрээгүй ч нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байгаа. Оны эхэнд улсын аварга болсноосоо хойш эл наадамд анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэлээ чамбайруулсан.

Азийн наадамд түрүүлсэн анхны самбочин болохдоо Б.Ойдовчимэдтэйгээ түрүү булаалдсандаа бүр ч бэлгэшээж байна. Хоёр монгол бөх хоорондоо аваргын төлөө өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол болов уу. Төрийн дуулал эгшиглэж, Монголын хоёр далбаа мандахад сэтгэл их хөдөлсөн. Өдий хүртэл амжилтын төлөө зүтгэж, хөдөлмөрлөсөн болон бүх талаар тусладаг гэр бүлийнхэн, багш нараа хамгийн түрүүнд боддог юм билээ. Энэ онд Монголд самбо бөхийн спорт үүсэж, хөгжсөний 50 жилийн ой тохиож байгаа.

Эл амжилтаараа ойдоо бэлэг барьж, үе үеийн самбочид, багш нараа баярлуулсандаа баяртай байна. Би жүдогоор түлхүү хичээллэдэг. Гэхдээ Азийн наадамд самбогоор бус, жүдогоор оролцох боломж байгаагүй. Учир нь энэ жил жүдогийн УАШТ-д түрүүлсэн тамирчдыг “Жакарта-Палембан-2018”-д сойсон. Миний барилддаг жинд М.Уранцэцэг эгч улсынхаа дэвжээнээс ээлжит түрүүгээ хүртэн, тивийнхээ “олимп”-д зодоглох эрх авсан юм. Би УАШТ-ээс хүрэл медаль авахдаа хэсгийн аваргын төлөө барилдаанд түүнд ялагдсан.


...Жин 32 кг руу овоо дөхөж байтал бэлтгэл хийхээр хасагдчихна. Хамт бэлтгэл хийдэг байсан хүүхдүүд “Хоол сайн ид” гэж зөвлөнө. Би жингээ нэмэх санаатай төрөл бүрийн арга хэрэглэсэн дээ. Хичээлдээ цаг гаргахын тулд спортоо түр орхисон. Хоёр жил хүлээсний эцэст арайхийж 32 кг жинтэй болов оо. Бөөн баяр бололгүй яах вэ. Гэтэл хэсгийн аваргын төлөө барилдаанд ялагдчихдаг байгаа. Тэгэхэд ёстой сонин мэдрэмж төрсөн...


-Аваргын төлөө барилдсан Б.Ойдовчимэдийг өмнө нь гурван удаа ялсан. Тиймээс энэ удаа дийлнэ гэдэгтээ бүр ч итгэлтэй байсан уу?

-Тэгсэн. Гэхдээ өрсөлдөгчөө хэзээ ч басаж болохгүй. Энэ удаа өөртөө итгэлтэй байсан ч аль болох алдаа гаргахгүйг хичээлээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг шүү дээ. Тиймээс ямар ч бөхтэй барилдахдаа анхаарлаа сайтар төвлөрүүлж, хянамгай барилдах нь чухал. Б.Ойдовчимэд бид хоёр бэлтгэлээ үргэлж хамт хийдэг болохоор бие биенийхээ барилдаан, хийдэг мэх, ур чадварыг андахгүй. Казахстаны тамирчин Айжан Кулкибаева хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа.

Би түүнтэй хоёр удаа барилдахдаа нэг ялж, нэг дийлдсэн. Дэлхийн цомын хагас шигшээд ялагдсан хариугаа энэ жил Монголд болсон Азийн АШТ-д түрүүлэхдээ авсан. Энэ удаа хайнаагаа хагалж, би яллаа. Намайг үргэлж дэмждэг Монголын жүдо болон самбо бөхийн холбоо, “Алдар” спорт хорооны хамт олон, О.Балжинням, Ч.Болдбаатар багш, гэр бүлийнхэндээ, ээждээ, нутгийнхаа Л.Эрхэмбаяр, Тэмүүлэн ахад баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Та 2008 оноос бөхөөр хичээллэж байгаа юм билээ. Н.Түвшинбаяр олимпын аварга болсон нь таныг жүдогоор хичээллэхэд нөлөөлсөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн би гэлтгүй тухайн үед жүдогоор хичээллэсэн хүүхдүүд аварга шиг бөх болохыг мөрөөдсөн болов уу. Би багадаа Ихтамир суманд өссөн. Тухайн үед манай суманд жүдо хөгжөөгүй байсан тул Чулуун-Эрдэнэ, Орхонбат, Батжаргал багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэсэн юм. 24 кг жинтэй жаахан охин байлаа. Гэтэл тэмцээний хамгийн хөнгөн жин нь 32 кг. Тэмцээнд оролцох гэхээр жин хүрдэггүй ээ.

Тэгээд л аргагүйн эрхэнд бэлтгэлээ өдөр бүр хийнэ, багшаасаа гуйна. Олон кг-ын зөрүүтэй тул бэртэж, гэмтэх вий гээд ч тэр үү, намайг өрсөлдүүлдэггүй байв. Би ч өдөр бүр шалаад л. Нэг удаа “За, энэ хүүхдийг ялбал тэмцээнд оролцуулъя” гээд намайг эрэгтэй тамирчинтай барилдуулдаг юм байна. Би уг нь ганц олдсон боломжийг ашиглая гэж хичээсээр түүнийг ялсан ч намайг тэмцээнд өрсөлдүүлээгүй. Уйлсаар гэртээ харьсан маань санаанаас ер гардаггүй юм. Тэгээд хоёр жил чөлөөт бөхөөр хичээллээгүй.

-Яагаад спортоо түр орхисон юм бэ?

-Бэлтгэлээ хэчнээн сайн хийсэн ч тэмцээнд оролцохгүй байхаар шантарч, урам хугардаг юм билээ. Гэр бүлийнхэн “Бэлтгэлийн цагаа хичээлдээ зарцуул. Эсвэл өөр спортоор хичээллэ” гэж ятгана. Хичээл тарангуут гэртээ харьж цайгаа уучихаад л бэлтгэлдээ явдаг байлаа. Жин 32 кг руу овоо дөхөж байтал бэлтгэл хийхээр хасагдчихна. Хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд “Хоол сайн ид” гэж зөвлөнө.

Би жингээ нэмэх санаатай төрөл бүрийн арга хэрэглэсэн дээ. Хичээлдээ цаг гаргахын тулд спортоо түр орхисон. Хоёр жил хүлээсний эцэст арайхийж 32 кг жинтэй болов оо. Бөөн баяр бололгүй яах вэ. Гэтэл хэсгийн аваргын төлөө барилдаанд ялагдчихдаг байгаа. Тэгэхэд ёстой сонин мэдрэмж төрсөн. “Сайн тамирчин болж чадахгүй юм байна. Спортоо бүр мөсөн орхиё” гэж хүртэл бодсон.

Тэмцээн дууссаны дараа ордноос гарч явахдаа жүдогийн Батдэлгэр багштай таарсан юм. Жүдогоор хоёр сар хичээллээд аймгийнхаа АШТ-д түрүүлж, Хангайн бүсийн тэмцээнд оролцох эрх авсан. Бүсдээ түрүүлж, УАШТ-д оролцохдоо манлайлсан. “Спортоо бүр мөсөн орхиё” гэж байсан хүний бодол өөрчлөгдөлгүй яах вэ. Амжилт гаргахаар их урамшин, бүр их хичээдэг юм билээ.

-Жүдо, самбо бөхөөр хослуулан хичээллэхийн давуу тал юу вэ. Сул тал бий юү?

-Хөлөөрөө мэх хийх, хөлнөөс барьц авахыг самбо зөвшөөрдөг, жүдо хориглодгоороо л ялгаатай. Бусдаараа адилхан. Олон хувилбартай барилдаантай болох, хэвтээ, босоо байрлалаас тэнцүү барилдаж сурах зэрэг давуу талтай.

-Тамирчин байх амаргүй, залуу нас нь бэлтгэл сургуулилалт, тэмцээн гэсээр өнгөрдөг гэдэг. Та ч бас тэгж өнгөрүүлж байгаа нь дамжиггүй. Хааяа ч болтугай жирийн хүн шиг амьдрах юм сан гэж бодогдох юм уу?

-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор ер тэгж боддоггүй. Жүдо миний амьдралын салшгүй нэг хэсэг, аз жаргалтай байх шалтгаан. Дуртай зүйлээ хийж, хөглөгдөж яваа азтай хүн. Зөвхөн би ч бус тамирчин бүхэн залуу насаа хэнээс ч дутахгүй үр бүтээлтэй, зорилготой өнгөрүүлж байна.

-Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?

-Өө, бараг гардаггүй юм аа. Чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, найзуудтайгаа кино үзэх дуртай. Тэмцээн, бэлтгэл гэсээр явтал жил болчихсон байдаг шүү дээ. Байрлалгүй, бэлтгэлдээ гэрээсээ явлаа гэхэд л өдөрт хоёр удаа хийнэ. За тэгээд томоохон тэмцээний өмнө гурван удаа базаадаг. Өглөө гэрээсээ 07.00 цагт гарч, 08.00-10.00-ын хооронд эхний бэлтгэлээ базаана.

Гэртээ харьж, цай, хоолоо идэн, жаахан амарч байгаад 16.00 цагаас дараагийн бэлтгэлдээ гарна. Үдээс хойших бэлтгэл 19.00 цагт тарж, замдаа түгжирч харих гэсээр байтал харанхуй болчихно. Гэртээ очоод оройн хоолоо хийж идээд л миний нэг өдөр өнгөрчихдөг. Хажуугаар нь амьдралаа зохицуулж, төлөвлөсөн ажлаа амжуулж амжихгүй байх нь энүүхэнд. Заримдаа өдрийг сунгачихмаар, нарыг аргамжчихмаар санагддаг шүү (инээв).

-Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Таных ч бас тийм болов уу. Түүнээс өөр мөрөөдөл бий юү?

-Байлгүй яах вэ. Би багадаа цэргийн байгууллагад ажиллахыг мөрөөддөг байлаа. Зодог тайлсныхаа дараа гадаадад сурах бодол бий. Гэхдээ спортоос өөр чиглэлээр. Ер нь зорилгодоо хүрснийхээ дараа оффисын ажил хийхийг хүсдэг, тавилгын бизнес эрхлэхийг мөрөөддөг. Мундаг бизнесмэн болоход боловсрол, мэдлэг чухал. Тэгээд бас хөлөө олсныхоо дараа спортыг сайн дэмжиж, тамирчдад боломжоороо санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсдэг.

-Токиогийн олимпын эрх авах, оролцох боломж хэр ойрхон байгаа гэж боддог вэ?

-Мэдээж надад боломж байгаа. Бүх зүйл зөвхөн надаас шалтгаална. Өөрийгөө гололгүй, дайчилж чадвал дэлхийд өнгөлж чадахыг 18 настай Дарья Белодедын амжилтаас харж болно. Өнөөдрөөс жүдогийн бэлтгэлдээ орно. Ер нь ирэх сараас олимпын эрхийн оноо олгох тэмцээн эхэлнэ. Баруун талаараа золгож барилддаг, хутгах мэхийг даацтай хийдэг нь миний давуу тал, онцлог юм болов уу.

Цаашид хэвтээ барилдаанаа бүр сайжруулахыг хүсдэг. Хэвтээд хамгийн сайн барилддаг бөхчүүдийн нэг бол яах аргагүй М.Уранцэцэг эгч. Гавьяатаас үлгэрлэж, сурах зүйл зөндөө бий. Би Гавьяат тамирчин Мөнхзаяа, Бундмаа эгч шиг бөх болохыг хүсдэг, үлгэрлэдэг. Бэлтгэлээ чин ссэтгэлээсээ хийдэг, биеэ авч яваа нь ч таалагддаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай