Владислав Третьяк: Аавдаа гөвшүүлсний дараа бие хөнгөрч, чих зөөлрөөд сайхан болдог сон

Олимпын гурав, дэлхийн 10 удаагийн аварга, XX зууны манлай хоккейчин, бүх цаг үеийн шилдэг хаалгач, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, улсынхаа Хоккейн холбооны ерөнхийлөгч, Олон улсын хоккейн холбооны гишүүн, домогт тамирчин Владислав Александрович Третьяк Монголд айлчлан, спортын хорхойтнуудын магнайг тэнийлгэж байна.

Мөсөн талбайд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын хоккейн холбооны урилгаар манай улсад анх удаа ирсэн юм. Владислав Третьяк Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлантай уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Ерөнхийлөгчид бараалхахынх нь өмнө түүнтэй ярилцлаа. Домогт тамирчныг Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар өчигдөр шагнасан юм.

-Монголд анх удаа ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Сайхан байна аа. Үнэнийг хэлэхэд, Монголд ирэхийг эртнээс зорьсон ч ажил амжихгүй байсаар өдий хүрлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын хоккейн холбооныхон намайг урьсанд талархаж байна. “Манай улсад айлчлахыг уръя” гэхэд нь сайхан санагдсан. Ажил үргэлж л ундарч байдаг тул энэ удаа ямар ч байсан зохицуулаад ирлээ.

Би зөвхөн улсаа бус, Олон улсын хоккейн холбоог төлөөлж байгаа шүү. Олон талын өгөөжтэй, үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байна. Монгол, Орос улс эртний хөрш, ах дүүсийн харилцаатай. Үргэлж бие биенээ түшин, тулж байдаг болохоор бид монголчуудын, та бүхэн бидний түүх, ёс заншлыг андахгүй. Монголын ард түмэн найрсаг, зочломтгой зангаараа алдартай.

Үүнийг нь өнөө өглөө (өчигдөр) онгоцноос буугаад л мэдэрсэн. Нөгөө талаар Монгол Улсын нэрийн хуудас бол яах аргагүй Чингис хаан. Зөндөө олон номоос түүний тухай уншсан. Тийм алдартай, улсынхаа төдийгүй дэлхийн бахархал болсон хүний нутагт ирсэндээ бэлгэшээж байна.

-Манай улс хоккейн төдийгүй өвлийн спортоо хөгжүүлэхэд юуг илүү анхаарах нь зүйтэй бол?

-Юуны түрүүнд, битүү дээвэртэй ордон барих хэрэгтэй. Бас хоккейн спортыг ард олонд сайтар сурталчлан, таниулбал шилдэг тамирчин олон төрөх нь гарцаагүй. Үүний сацуу тамирчид жилийн турш тасралтгүй бэлтгэл хийн, тэмцээнд оролцох нь чухал. Энэ тал дээр бид боломжоороо тусална. Орос дасгалжуулагчдыг Монголд ажиллуулан, туршлагаасаа хуваалцахад бэлэн.

Хоккей манай улсын үндэсний спорт. Ерөнхийлөгч маань хүртэл хоккей тоглодог. Орос тамирчдын дэг сургууль, өвөрмөц хэв маяг бий болсонд талархдаг. Олон орны хоккейчид биднээс үлгэрлэдэг юм билээ. Манай улс 560 мөсөн талбайтай. Ойрын таван жилд багтаан дахин 400-г барихаар төлөвлөсөн.

-Монголд битүү дээвэртэй ордон барих асуудал олон жил дуншиж байна. ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч, Олон улсын хоккейн холбооны гишүүний хувьд үүнд ямар бодит тусламж, дэмжлэг үзүүлж чадах вэ?

-Өөрийн боломж, бололцоо, эрх мэдлийн хүрээнд ямар ч тусламж үзүүлэхэд бэлэн. Чех улсын хөгжлийн агентлаг санхүүжилтээрээ Монголд битүү дээвэртэй ордон барьж өгөхөөр болж, техник эдийн засгийн үзүүлэлтийг нь аравдугаар сард багтаан гаргана гэсэн.

Мөн танай улсын хувийн компаниуд, канадуудтай хамтран Яармагт ордон барихаар болсон юм билээ. Эдгээр ажил амжилттай болно, Монголд сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь миний очсон газар ордон юм уу ямар нэгэн бүтээн байгуулалт хийдэг “жишиг” бий.

-Зөвхөн улсынхаа лигт тоглосоор зодог тайлснаар тань олон хүн бахархдаг юм билээ. Дэлхийд алдартай хаалгачийг гадаадын багууд онилж, санал тавьж байсан нь мэдээж. Эх орондоо, ЦСКА-д үнэнч зүтгэх хамгийн гол шалтгаан юу байв?

-Хүмүүс надаас ингэж их асуудаг. Эх орныхоо лигт, Оросынхоо төлөө тоглохоос илүү нэр хүнд, хүндлэл гэж юу байх вэ. Гадаадын томоохон багаас юм уу NHL-д тоглуулах санал ирэхэд эвтэйхэн тайлбарлаад татгалздаг байлаа. Ихэвчлэн “Улсаас зөвшөөрвөл явна” гэнэ. Амьхандаа эх орондоо үнэнч үлдчих гээд хичээсэн маань тэр. Ерөөсөө би Оросынхоос өөр лигт өрсөлдөхийг хүсээгүй. Үүнд гэр бүлийн хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл минь нөлөөлсөн болов уу.

Өнөөгийн зарим залуу тамирчнаас ямар багт тоглохыг хүсдэг вэ гэж асуухад гадаадын томоохон багуудыг нэрлэдэг. Улсынхаа ямар нэгэн клуб, ОХУ-ын шигшээ багийг онцлохгүй байгаад харамсдаг. Би зөвхөн эх орондоо амьдрах дуртай. Орос хэв маягаар аж төрөөд л.

-Тэгэхээр та нэлээд эх оронч хүн байх нь ээ.

-Тийм шүү. Эх орон ганц ширхэг чулуунаас ч эхэлдэг гэдэг. Надаас ч бас эхэлдэг юм шүү дээ. Тиймээс би эх орныхоо нэгээхэн эд, эс нь. Хайрлахгүй, харамлахгүй байж яаж чадах билээ. Төдийгөөс өдий хүртэл эх орондоо үнэнч зүтгэснийхээ үр шимийг хангалттай эдэлж яваа хүн дээ, би. Оросын ард түмэн намайг хайрлаж, хүндлэн, итгэл хүлээлгээд Думын гишүүнээр сонгосон. Тиймээс итгэлийг нь алдахгүйн тулд цаашид ч шударга байх ёстой. Би худал, хуурмагт дургүй.

-Зууны манлай хаалгач, бүх цаг үеийн шилдэг болсон амжилтын тань “нууц” гэвэл та юуг тодотгох бол?

-Тэгж тодотгохуйц онцгой, гойд юм бараг байхгүй дээ. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэн, шаргуу хөдөлмөрлөж, хичээсэн хүнийг амьдрал шагнадаг юм билээ. Өнөөгийн амжилтад аав их нөлөөлсөн. Миний аав цэргийн нисгэгч, Нисэх хорооны дарга, тун зарчимч, хатуу хүн байсан. Би өглөө бүр 08.00 цагт босон, гэрийн даалгавраа хийнэ.

Дараа нь аавынхаа гаргасан хуваарийн дагуу бусад зүйлээ гүйцэтгэдэг байв. Хувцсаа угаах, гэрээ цэвэрлэх, өглөөний цай уухаас авхуулаад бүхнийг жагсаан бичсэн байдаг сан. Түүнийх нь дагуу хийхгүй бол алганы амт үзнэ. Аавд гөвшүүлсний дараа бие хөнгөрөн, чих зөөлрөөд сайхан болдог сон. Тухайн үед аавд гомддог байсан ч харин одоо баярладаг шүү.

21 жил хоккей тоглохдоо ганц ч удаа бэлтгэл таслаагүй нь аавын л гавьяа, төлөвшүүлсэн хүмүүжлийнх нь ач. Амжилтын нууцын тухай асуухад чинь нэг зүйл санаанд орлоо. Тэр тухайгаа ярьж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Эмээ минь 97 насалсан. Багадаа эмээгээсээ “Таны өндөр насалж буйн нууц юу вэ” гэж асуухад “Би хэзээ ч бусдад атаархаж байгаагүй. Үргэлж хүнд тусалсаар ирсэн” хэмээж билээ. Азаар би ч бас тийм. Тэгэхээр эмээ шигээ урт наслах байх аа.

-Олимп, дэлхийн дэвжээнд гаргасан олон амжилтаараа, өдгөө төр түшиж яваагаараа бахархдаг байх. Харамсдаг зүйл бий юү?

-Байлгүй яах вэ. Гадаадын томоохон багт юм уу, NHL-д тоглоогүйдээ харамсдаггүй. Харин хоёрхон хүүхэдтэйдээ сэтгэл дундуур явдаг. Хүүхэд бол амьдралын утга учир, аз жаргалын түлхүүр. Тийм болохоор хүн ер нь аль болох олон хүүхэдтэй, өнөр гэр бүлтэй байх хэрэгтэй юм билээ. Даанч би түүнийг хожуу ухаарсан.

-Ач хүү нь хоккейгоор хичээллэн, амжилтыг тань үргэлжлүүлж яваа. Та түүнд юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Яг над шиг хаалгачийн байрлалд тоглодог шүү дээ. Залуучуудын “Лиллехаммер-2016” олимпод улсынхаа шигшээ багийн хаалгыг манасан. Ирээдүйд шаггүй хаалгач болно гэдэгт нь итгэдэг. Тэг, ингэ гээд үргэлж зөвлөдөг. Гэхдээ захидаг ганцхан зүйл бий. Тэр нь “Өөрийн хүчээр л амжилтад хүрээрэй, би туслахгүй шүү” гэдэг.

-Та 20 дугаартай тоглодог байсан. Яагаад энэ тоог онцлов?

-Би багаасаа алдарт хаалгач В.Коноваленког шүтэж ирсэн. Тэгээд түүн шиг мундаг тамирчин болохын тулд ийм дугаартай тоглох болсон юм. Бид хоёр нээрэн, нэг багт тоглож байсан шүү дээ. Тэр үед Коноваленко “Нэг багт хоёулаа адилхан дугаартай тоглох боломжгүй. Ирээдүйд бүр ч өндөр амжилт гаргаарай” гээд надад “бэлэглэсэн” юм.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана гэсэн. Төрийн тэргүүнтэй юуны талаар хэлэлцэхээр төлөвлөв?

-Монголд ирэхээсээ өмнө түүний талаар нэлээд судалсан. Спортод элэгтэй, самбо бөхийн дэлхийн аварга, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн юм билээ. Тэрбээр тамирчин байсан тул ойлголцоход илүү амар байх болов уу.

Мэдээж түүнтэй хоккейн спортын тухай, Монголд эл спортыг хэрхэн хөгжүүлэх, яаж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байх болон битүү дээвэртэй ордон барих гарцын талаар ярилцах бодолтой байна.

-Та хэзээ нутаг буцах вэ?

-Энэ сарын 7-нд. Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзчихаад, шууд Хөвсгөл рүү явна. Хөвсгөл далай цэнгэг ус, байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд алдартай. Монголд ирчихээд тийм сайхан байгалийг үзэхгүй буцвал алдас болох байлгүй дээ. Тэнд гурав хоног амарна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай