Б.ОЮУНТҮЛХҮҮР: Би Бельгийн таван сайдын кабинетад ажиллажээ

Бельги улсын Соёлын болон Боловсролын сайдын ажлын албаны референт, тус улсын эзэн хааны орос, франц, монгол хэлний итгэмжит орчуулагч Б.Оюунтүлхүүртэй ярилцлаа. Тэрбээр Брюссельд ирэх аравдугаар сарын 14-нд болох Com­munal elections буюу дүүргийн удирдах байгууллагад ажиллахаар нэр дэвшин, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байгаа юм.

-Европын өндөр хөгжилтэй оронд төрийн алба хашиж яваа таны сонгуулийн ажилд амжилт хүсье. Та намтар, түүхээ товч танилцуулах уу. Хэзээ, хаана, ямар сургуульд сурч, ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Би нийслэлийн 23 дугаар сургууль төгсөөд Москвагийн Хүнсний технологийн дээд сургуульд суралцаж, инженер-технологч мэргэжил эзэмшсэн. Дипломоо өвөртлөөд социализмын бүтээн байгуулалтад оролцохоор ирж байлаа. Гэтэл удалгүй ардчилсан хувьсгал өрнөөд, тэр үеийн миний амьдрал үеийн залуусын туулсантай яг адил. Нэг хэсэг бүгд зүг чигээ олохоо байсан шүү дээ. Хэн хүнгүй замаа олох гэж дор бүрнээ хичээсэн. Эргээд бодоход бараг итгэмээргүй зам туулжээ.

Бельги улсад амьдрахаар ирж байхдаа залуухан, зоригтой байж. Франц хэл огт мэдэхгүй. Тухайн үед Монголын ЭСЯ гэж байгаагүй. Бельгичүүд Монгол гэдэг улс, монгол хүний тухай огт мэддэггүй байсан үе. Хаа л очно, хүмүүс Монгол гэхээр мэдэхгүй, гайхдаг байлаа. Би тэрүүхэндээ түүх, газар зүйн бяцхан хичээл заачихна. Жижигхэн газрын зураг түрийвчиндээ авч явна. Түүнийгээ гаргаж ирээд ярьж өгнө дөө. Энэ улсын хэлийг сурах, хууль дүрмийг ойлгох, хажуугаар нь үр хүүхдээ өсгөх гээд их ажил амжууллаа. Хүүхдүүдээ өсгөхдөө монгол зан заншил, ялангуяа монгол хэлийг нь мартуулахгүй гэж их хичээсэн. Нэг мэдсэн 25 жил өнгөрчээ.

-Та ямар ажил хийж ирсэн бэ?

-Янз бүрийн ажил хийж байлаа. Зөвлөлтийн дээд сургуулийн диплом хэрэггүй гэж хүнээс сонсоод дээд боловсролтой гэдгээ мартах дөхсөн ч үе бий. Францаар ярьж эхлээд боловсролын түвшин тогтоодог комисс байдгийг олоод, дипломоо шалгуултал дээд боловсролтой, бүр мастер цолтой гэж хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэр мөчөөс амьдралыг өөрөөр харж эхэлсэн. Түүнээс хойш Бельги улсын төрийн таван сайдын кабинетэд ажиллалаа. Дандаа эмэгтэй сайдуудтай хамтарсан. Их ч юм сурсан. Одоо ч мөн сурсаар байна. Эмэгтэйчүүд бидний нийгэмд эзлэх үүрэг гээд яривал тусдаа сэдэв болох байх.

-Одоо та Соёлын, Боловсролын гээд хоёр сайдын албанд ажилладаг юм байна. Гол үүрэг тань юу вэ?

-Энд Дотоод хэргийн болон Гадаад харилцааны яам байдаг. Бусад сайд нь кабинеттай. Миний ажлын гол үүрэг бол энэ хоёр сайдын кабинетыг парламент болон бусад сайдын кабинеттай холбох. Монголд ийм ажлыг сайдын референт гэдэг юм билээ.

-Таныг дүүргийн сонгуульд нэр дэвшсэн гэж ойлгосон. Манайд бол дүүргийн удирдах байгууллагыг ИТХ гэдэг. Тэр багт орж ажиллахын төлөө нэр дэвшин өрсөлддөг. Түүнтэй адил уу?

-Энэ миний хувийн шийдвэр биш юм. Намайг энэ сонгуульд оролцооч гэж урьсан. “Alterna­tive humaniste” нэртэй иргэний хөдөлгөөний бие даасан бүлэг гарч байгаа бөгөөд зорилго нь дүүрэгтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах явцад иргэнийг, өөрөөр хэлбэл намын харьяалалгүй албан хаагчийг идэвхтэй оролцуулан, түүгээр нийт иргэдийн санаа бодлыг дамжуулах.

Энэ иргэний хөдөлгөөн нам бус групп гэхээр надад их сонин санагдсан. Тэгээд ч монгол хүнийг анх удаа урьж байхад нь гээд хүлээж авсан юм. Намайг төрийн албанд олон жил ажилласан, мөн интеграцын асуудал хурц тавигдаж байгаа энэ үед Европт амьдарч байгаа гадаад иргэний интеграцын жишээ болох зам туулсан гэж үзсэн байна лээ.

-Интеграцын тухай дэлгэрүүлж тайлбарлах уу?

-Нэгдэх гэсэн утгатай үг бөгөөд маш өргөн хүрээтэй ойлголт. Өөр улсад амьдарч байгаа гаднын иргэдтэй холбоотой яривал интеграц гэдэг нь тэр хүмүүс амьдарч байгаа нийгэмдээ санхүүгийн, мэргэжлийн, гэр бүлийн хувьд байр сууриа олохыг хэлж байна гэх үү дээ.

-Кампанит ажлын тань явц сайн байна уу. Дэмжигчид хэр байна. Сонгогчид танд итгэл хүлээлгэж, өөрсдийгөө төлөөлүүлэн дүүргийн удирдлагын багт илгээвэл, тэдний нэрийн өмнөөс та хамгийн түрүүнд ямар ажил, төлөвлөгөө хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?

-Манай монголчууд намайг урмын үгээр дэмжиж байгаад их баярлаж яваа. Сонгуулийн багийн мөрийн хөтөлбөр гурван хэсгээс бүрдэж байна. Эхний хэсэгт 0-25 насны хүүхэд, залуучуудын боловсролын асуудлыг хөндөж байгаа юм. Күүкэлбэрг дүүрэг Брюссель хотдоо хамгийн “залуухан”-д тооцогддог. Хоёр дахь хэсэг нь амьдралын чанарыг хэрхэн дээшлүүлэх асуудлыг хамарч байгаа. Гурав дахид нь дүүрэгтэй холбоотой асуудал шийдэхэд иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тухай тодорхой зорилтууд тавьсан.

-Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө ажлаас чөлөөлөгддөг үү?

-Үгүй. Энд ямар ч шатны сонгуульд нэр дэвшсэн, ажлаас чөлөөлдөггүй. Нэр дэвшигч ажлын бус цагаар бүхнийг амжуулах ёстой. Хэрвээ амжуулж чадахааргүй бол амралтаа авдаг. Бас энэ үеэр хүнд бэлэг сэлт барих, хоолонд урих, худлаа амлах зэрэг хориотой. Хүн доромжлох, нэн ялангуяа сонгуульд мөр зэрэгцэн өрсөлдөх хүний талаар хамаагүй ярихыг ч хориглодог.

Саяхан нэг хүн өөр намаас нэр дэвшиж байгаа эмэгтэйг “Зурган дээрээ яг “монгол” царайтай” гэж хэлээд тэр өдөртөө сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан. “Дауны синдром (тризоми 21) өвчтэй хүнийг ингэж нэрлэхийг хориглоод маш олон жил болсныг мэддэггүй, бүдүүлэг хүн гэдгээ харуулсан тул улс орноо удирдах ажилд таарахгүй юм биш үү” гэж намайг дургүйцлээ илэрхийлэхэд маш олон хүн дэмжсэн.

-Сонгуулиа эмх замбараатай, ёс зүйтэй явуулдаг санагдлаа.

-Харин тийм. Харилцан бие биеэ хүндлэх, бусдад бодлоо ямар нэгэн аргаар тулгах биш, саналыг нь сонсож харилцах зарчим дээр тулгуурласан. Анх удаа ийм юманд биечлэн оролцож байгаа болохоор их сонирхож байна. Олон хүнтэй танилцаж, санаа оноогоо солилцож байна. Хөршүүдтэйгээ танилцлаа. Энд хөршүүд нэг нэгийгээ бараг мэддэггүй. Ганцаардал, тусгаарлагдмал байдал их.

-Брюссель бол Европын холбооны төв, Европын парламент ч байдаг. Тус парламентын сонгууль ирэх онд болох юм билээ. Түүнд нэр дэвшин өрсөлдөж, Европарламентын 170 гишүүний нэг болох боломж бий болов уу?

-Европарламентын сонгууль ирэх оны тавдугаар сард болно. Депутатууд таван жилийн хугацаатай сонгогддог. Улс төрийн намууд гишүүдээсээ шилдгийг нь сонгож багаа бүрдүүлэн сонгуульд оролцдог. Төрийн сайдууд, нийгмийн нэртэй зүтгэлтнүүд байдаг.

-Европын холбооны нэр хүндтэй “Soirйe Internationale” хэмээх олон улсын үдэшлэг уулзалтын тусгай зочноор таныг урьжээ. Энэ хэр ач холбогдолтой арга хэмжээ вэ?

-Networking event буюу орчин үеийн амьдралын өвөрмөц нөхцөл байдалд зохицсон “Бусдыг холбох арга хэмжээ” гэж нэрлэж болох юм уу даа. Брюссельд олон улсын байгууллагууд олноор байрладаг, маш олон үндэстэн ажиллаж амьдардаг. Тийм болохоор энэ арга хэмжээ маш ач холбогдолтой. Зөвхөн улс төр биш бүхий л салбарын хүмүүсийг урьдаг. Саяын уулзалт үдэшлэгт нэгэн еврей хүн ирсэн. Тэр хүн Израилын цэргүүдээс болж шархадсан хүүхдүүдийг эмчлэхэд тусалдаг, өнчи рсөн хүүхдүүдийг харж хамгаалдаг юм байна.

Томчуудаас болж хүүхэд зовох ёсгүй гэж ярьж байсан. Энэ арга хэмжээнд оролцсоноор маш энгийн байдалд нэртэй уран бүтээлчидтэй танилцан, томоохон бизнесмэнүүдтэй ажил төрлийн холбоо тогтоох ч боломжтой. Мөн санамсаргүй сонин сайхан мэдээлэл олж болно. Намайг “Манай монголчууд “Аяганы хариуг өдөрт нь” гэдэг. Хүний ач тусыг заавал хариулдаг заншилтай” гэж ярьсны дараа нэгэн турк эмэгтэй хүрч ирээд “Яасан гоё сонсогдсон гээч. Манай туркууд бас ингэж ярьдаг” гээд талархаад байсан.

-Бельгид монголчууд олноор амьдардаг. Тэгсэн хэрнээ тэр улс, үндэстний тухай манайхан төдийлөн мэддэггүй санагддаг.

-Бельгичүүд сэтгэл сайхантай, хошин шогийн мэдрэмж өндөртэй хүмүүс. Тэд их оюунлаг. Жишээлбэл, дэлхийн төмөр замын түүхийг аваад үзэхэд бельги инженерүүдийн оролцоо, гавьяа их. Энэ улс албан ёсны франц, нидерланд, герман гэсэн гурван хэлтэй. Франц, нидерланд нь голчилдог. Боловсролын сайд гэхэд л гурав ажилладаг. Ажлаа уялдаа холбоотой явуулдаг. Оюуны экспортоос гадна шоколад, шар айраг, шарсан төмсөөр алдартай улс.

-Та Бельги дэх Монгол соёлын төвийн тэргүүн юм билээ. Энэ ажилдаа цаг зав хэр зориулж байна вэ?

-Миний ээж Цэргийн ансамблийн дуучин Д.Баянмөнх. “Хирошимын охины цаасан шувуу”, “Сувилагчдын дуу” гэх зэргээр нь хүмүүс мэдэх байх. Саяхан наймдугаар сарын 6-нд Европын парламентын ордны урд Хирошима Нагасаки хотын бөмбөгдөлтөд амиа алдагсдыг дурсах ёслол болоход, миний ээжийн дууг олон орны хүмүүс сонсон хүндэтгэл үзүүлсэнд би маш их баярласан.

Би багаасаа дуу хөгжим дунд өссөн болохоор урлагт маш их хайртай, урлагийнхныг хүндэлдэг. Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаа, соёлоо гадаад орнуудад сурталчлахын чухлыг ярьж байсан. Энэ бүхнээс үндэслэн Монгол соёлын төв байгуулж албан ёсоор бүртгүүлээд жил гаруй боллоо. Энэ чиглэлээрээ хэд хэдэн арга хэмжээнд оролцсон.

Монгол өнчин хүүхдүүдэд туслах сан босгоход монгол байт сурын спортыг сурталчлангаа бельгичүүдтэй хамтарч ажилласан. Хөгжмийн мэдлэг боловсрол бол уншиж, бичдэгтэй адил хүн бүрийн эзэмших ёстой зүйл гэж боддог тул монгол хүүхдүүдийн дунд бяцхан хөгжимчдийн уралдаан зохион байгуулсан. Хүн заавал хөгжмийн авьяастай байх албагүй ч хөгжмийн мэдлэгтэй, хөгжмийн соёлтой байвал илүүдэхгүй шүү дээ. Манай төв Бельги улсад зохион байгуулсан монгол наадмаа энэ жил ивээн тэтгэсэн гурван байгууллагын нэг нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай