“Climate caravan” төслийнхөн хүүхдүүдийг байгалиа хамгаалахад тусална

АНУ, ОХУ-д боловсрол эзэмшин, тухайн орондоо ажиллаж, амьдарч яваа монгол залуус америк найзуудтайгаа хамтран Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход хувь нэмрээ оруулж байна.

Тэд “Climate caravan” нэртэй төслийнхөө хүрээнд Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 215 хүүхдэд экологийн боловсрол олгосон бол өчигдөр баруун аймаг руу хүлгийн жолоо залсан юм. Тэдэнтэй уулзаж ярилцлаа.

-Бидэнд өөрсдийгөө танилцуулахгүй юу. Америк найз тань Монголд анх удаа ирж байгаа гэв үү?

-Намайг Г.Энхмэнд гэдэг. Америкийн Чикагогийн их сургуульд эдийн засаг, байгаль орчны чиглэлээр боловсрол эзэмшсэн. Одоо тус улсын нэг команид бизнесийн зөвлөхөөр ажилладаг. “Climate car­avan” төслийг анх санаачилсан Бонни Лей Монголд анх удаа ирж байна.

Тэрбээр “Ai for Earth” төслийн менежер. А.Санчирмаа маань ОХУ-ын Москвагийн улсын багшийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Харин нөгөө найзыг минь Жоанна Шэн гэдэг. Зураач мэргэжилтэй. Өмнөд Калифорнийн их сургуулийн магистрантурт суралцдаг. Хичээл нь эхэлсэн учраас ирж чадаагүй.

-Төслийн гол зорилго юу вэ. Хэзээнээс хэрэгжүүлж эхлэв?

Г.Энхмэнд: -Өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн. Цаг уурын өөрчлөлт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг зохиолоор дамжуулан сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлэхийг зорьсон юм. Усны хомсдол, цөлжилт, цаг уурын өөрчлөлт, зуд, зэрлэг амьтан болон хүн хоорондын харилцааны талаар хүүхдүүд таньж мэдэхийн зэрэгцээ тэдний оролцоо чухал гэдгийг ойлгуулахыг хичээсэн юм.

Ялангуяа малчид цоохор ирвэсийн амьдарч буй газарт нь ойрхон буучихаад түүнийг үргээх, хороох гээд байдаг. Асуудлын гол нь хүнд байгааг мэддэггүй. Тиймээс “Туяа, Ноён хоёрын адал явдал” гэсэн зохиолоор дамжуулан хүүхдүүдэд экологийн боловсрол олгож байна. Хүүхдүүд зохиолын гурван асуултын дагуу өөрсдөө үргэлжлүүлэн зохион бичих юм. Үүнийг монгол, англи хэлээр хэвлэнэ.

-Зохиолын талаар товч танилцуулахгүй юу. Гол агуулга нь юу вэ?

А.Санчирмаа:- Туяа хэмээх охин, Ноён нэртэй гүен хоёр зохиолын гол баатар. Жаахан Туяа бол малчин айлын охин. Бэлчээр нь доройтож, мал нь үхэж байгааг Туяа анзаарч, сэтгэл эмзэглэнэ. Тэрбээр өөрийн сайн найз цоохор ирвэсийн хамт гэр бүлийнхээ ахуй амьдралыг хадгалж, бас байгаль орчноо хэрхэн хамгаалах вэ гэсэн асуултад хариулт олохоор аян замд гарч буйгаар зохиол эхэлдэг юм.

Тэрбээр аян замдаа олон адал явдалтай учирч, байгаль орчны талаар мэдлэгтэй болдог. Зохиолд цаг уурын өөрчлөлттэй холбоотой олон мэдээлэл багтаасан учраас хүүхдүүд эх дэлхий, хүн, амьтны холбоо хамаарлын талаар мэдэх боломжтой. Зохиолын баатрууд болон монгол ахуй орчны талаарх бүх зургийг Жоанна зурсан юм.

Гадаад хүн Монголын нөхцөл байдал, аж байдлыг дүрслэн зурахад амаргүй байсан. Г.Энхмэнд бид хоёр монгол хүн, гэр, ахуй соёлын талаар тайлбарлан, дүрслэн ярьж зураг зурахад нь тусалсан. Жоанна өнгөрсөн долдугаар сард Монголд ирсэн. Монголын нутаг, ахуй соёлтой танилцсаны дараа зургаа үргэлжлүүлэн зурсан шүү.

-Хүүхдүүд уг зохиолыг үргэлжлүүлэн бичиж, тухайн асуултад хариулахдаа асуудлыг дүгнэн харилцан ярилцдаг гэсэн. Энэ их үр дүнтэй арга санагдлаа.

-Г.Энхмэнд: -Туяа, Ноён хоёрт тулгамдаж буй асуудлыг сурагчид өөрсдөө шийдэж, зохиолын төгсгөлийг бичсэнээр асуудлын шалтгаан, үр дагаврыг илүү ойлгох юм. Гурван асуултын нэгийг нь сонгон хариулт буй хэсэгтэй хуудсаар аялж, үргэлжлүүлэн уншиж, бичнэ. Ийм аргыг Америкт олон төрлийн номонд хэрэглэдэг.

-Төслөө “Climate caravan” гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бол?

-А.Санчирмаа: “Сlimate сaravan” гэхээр англи хэлээр хүмүүст утга нь ойлгогдох байх. Монголоор орчуула

Нь хаар утга нь төдийлөн гарахгүй байгаа юм. Цаг уурын жингийн цуваа гэх юм уу даа. Caravan буюу жингийн цуваа гэж нэрлэсэн нь ямар ч хүнд, хэцүү даваа, бэрхшээлийг туулсан ч цуваагаа алдахгүй, багаараа нэг зорилготой байна гэсэн утгатай учир энэ үгэндээ хайртай.

Цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд автсан улсуудыг зорьж очин, багачуудын байгаль орчны боловсролд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулна гэсэн үүднээс climate буюу цаг уур гэсэн үгийг сонгосон юм. Бид цаашид Монголтой адил цөлжилт, цаг уурын өөрчлөлтөд орсон улсын хүүхдүүдэд байгаль орчны боловсрол олгохыг зорьж байна. Цаг уурын өөрчлөлтөд орсон Азийн орнуудаас Монгол хамгийн эхэнд бичигдcэн байдаг.

Г.Энхмэнд: - Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийн бүх улс нэгдэх хэрэгтэй. Монголчууд, америкчууд дангаараа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг зогсож чадахгүй. Энэ утгаараа ингэж нэрлэсэн юм.

-Монгол Улсыг эхэнд сонгосон нь ч ийм учиртай байх нь ээ.

Г.Энхмэнд: - Монгол Улс цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдэж байгаа орны нэг. Манай улсын газар нутгийн 70 орчим хувь нь цөлжсөн. Гэтэл байгаль орчиндоо ээлтэй байх талаар сургалт, мэдээлэл маш сул. НҮБ-ын Байгаль орчны сангийн тооцоолсноор сүүлийн 70 жилийн дотор, Монгол Улсад агаарын дундаж градус 2.1-ээр нэмэгджээ. Энэ нь дэлхийн агаарын дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм.

-Жингийн цуваа баруун аймгийг зорих нь. Өмнө нь хаана, хаана сургалт явуулсан бэ?

А.Санчирмаа:- Бидний аялал Ирвэс хамгаалах сангийн дэмжлэгээр өнгөрсөн зургадугаар сард Өмнөговь аймгийн Эко зусланд эхэлсэн. Тав хоногийн турш 21 хүүхдэд сургалт явуулж, зохиолоо танилцуулсан. Хоёр дахь сургалтаа долдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын ойролцоох хүүхдийн зуслангуудад явууллаа.

Хоёр удаагийн сургалтад 215 хүүхэд хамрагдан, Туяа, Ноён хоёртой танилцаад байна. Бид маргааш (өнөөдөр) Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймаг явж, сургалтаа хийнэ.

-Зохиолыг та бүхэн өөрсдөө бичсэн юм байна. Хэдэн настай хүүхдүүдэд зориулсан бол?

А.Санчирмаа: - Өсвөр үе буюу 10-14 насны хүүхдүүдэд зориулсан. Зураг, зохиол, өнгө, загвараа ийм насны хүүхдүүдэд сонирхолтой байлгахыг хичээлээ.

-Төслийнхөө үр дүнг Бонни Лей хэрхэн төсөөлж байна вэ?

-Анх удаа Монгол Улсад ирж, хоёр найзтайгаа уулзан, хамт ажиллаж байгаадаа баяртай байна. Өмнө нь монгол хүмүүсээс цөлжилт болон цаг уурын өөрчлөлт амьдралд нь хэрхэн нөлөөлж буй талаар сонсож байсан. Энэ удаа хөдөө явж, нутгийн иргэдтэй уулзан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах болсондоо баяртай байгаа.

Цөлжилт болон цаг уурын өөрчлөлт хөгжиж буй орнуудад хүчтэй илэрч, сөрөг нөлөө ихээр үзүүлж буй учраас Монгол Улсыг сонгосон. Аяллын турш хүүхдүүдтэй ярилцаж, тэдний түүхийг өндөр хөгжилтэй оронд амьдарч буй багачуудад хуваалцах зорилготой.

-Өөр улсад энэ багаараа төслөө хэрэгжүүлэх үү?

Г.Энхмэнд: -Бусад улсад энэ төслөө хэрэгжүүлэхдээ бид илүү туршлагажих болов уу. Багт маань гишүүн нэмэгдэж магадгүй. Тухайн улс орны онцлогоос шалтгаалан төсөл бага зэрэг өөрчлөгдөх байх. Бидний дунд байгаа маш олон боломжийг залуус алдалгүй ашиглаасай гэж боддог.

“National geographic” байгууллагын дэмжлэгээр бид энэ төслөө хэрэгжүүлж байгаа. Байгаль орчны чиглэлийн төсөлд нь шалгарч, ажлаа хуваарилан шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнг үзэж буйдаа баяртай байна.

-Ер нь байгаль орчны боловсрол гэж юуг хэлж байна вэ. Үүнийг хүүхдүүдэд яаж ойлгуулах хэрэгтэй бол?

-Г.Энхмэнд: -Байгаль, орчин гэж юу вэ, яагаад хайрлах ёстой юм, бидний амьдралд ямар үүрэг, ач тустай вэ гэдгийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулах нь чухал. Бонни Харвардын их сургуулийн биологийн ангийг төгссөн. Нэг төрлийн амьтан судалдаг. Жоанна бас усны амьтан судалдаг. Би мөн энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн.

Байгаль орчинд тулгамдсан асуудал, хүн байгалийн хүйн холбоог сурагчдад сонирхолтой байдлаар хүргэх нь чухал гэдэгт бид санаа нэгддэг. Хүүхдүүд амьдарч буй газар нутаг, амьтан, ургамлынхаа талаар мэддэг, эх дэлхийгээ хайрлахад юу хийх хэрэгтэйг багаасаа ойлговол зүй зохисгүй харьцахгүй шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай