Ж.Болдбаатар: Улс төрийн нам гэхээр миний дотор муухайрдаг болсон

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Жигжидийн Болдбаатар гуайг бид сониныхоо “Хоймор”-т урьж ярилцлаа. Түүнтэй уулзахаар Түүх, археологийн хүрээлэнд очиход өрөөнд нь сууж байсан нэгэн ахмад настан “За, баяртай багш аа. Дараа уулзъя” гээд хүндэтгэн мэхийгээд гарсан нь нэрт эрдэмтэн Лувсанвандан академичийн хүү Билэгт гуай гэнэм.

Багш, шавь хоёр хамтдаа өтөлж явааг харах сайхан байлаа. Биднийг ярилцах зуурт бас нэгэн бүсгүй “Яаруу ажлаар ирсэн тул багштайгаа зайлшгүй уулзчихаад явмаар байна” гээд завсарлага авхуулсан нь Боннын их сургуулийн профессор Иннис Столфш гэнэ.

Ж.Болдбаатар гуайн бага нас Булган аймгийн Бугат сум буюу Алтаадын гол, Ханжаргалант хайрхны өвөрт өнгөрчээ. “Ханжаргалант хайрхны өвөрт Чин ван Ханддорж, ард нь мэргэн сайд Амар төрсөн. Би зүүн суганд нь эхээс мэндэлсэндээ бахархдаг” хэмээн тэрбээр нэгэнтээ дурссан нь бий.

Аав, ээж нь хоёр том хүүхдээ алдсан учраас “Дахиад эндэх вий” гэж эмээхдээ хүүгээ багад нь айлд өргүүлэх гэсэн боловч “Хүүхэд тогтдоггүй айл” гээд хэн ч аваагүй гэдэг. Гэвч “гологдол” хүү бага зэрэг ороон, уйлагнаж байгаад хүн болохдоо араасаа олон дүү дагуулсны зэрэгцээ Монголын түүхийн шинжлэх ухаанд хүндтэй байр эзэлсэн эрхэм сэнтийд нэгэнт заларчээ.

-Та сайхан намаржиж байна уу. Энэ зун амралтаараа хөдөө явав уу?

-Сайхаан. Би ч сүүлийн 20-иод жил зуны амралтгүй ажиллаж байгаа хүн дээ. Өглөө 04.00-05.00 цагт босоод, 08.00 цаг хүртэл сууж юмаа бичээд, ажилдаа явдаг. Орой гэртээ ирж, хоолоо идчихээд 23.00 цаг хүртэл бичдэг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд бие сайнгүй тул ажлын цагаа зохицуулах хэрэгтэй болсон. Нэг хоног өнжөөд бөөр орлуулах аппаратад орж байгаа. Аппаратад ороогүй өдрөө ажил дээрээ ирээд юмаа бичнэ. Амралтын өдрүүдэд мөн л тасралтгүй бичдэг.

-Таныг “Монгол түмний сод хүмүүс” гээд томоохон цуврал эхлүүлчихсэн гэж дуулсан. 12 боть гэсэн байх аа?

-2012 онд эхлүүлсэн ажил. Эхний гурван боть нь “Монгол түмний сод хүмүүс: Төрийн зүтгэлтнүүд” гэж гарсан. “Монголын уран зохиолын зүтгэлтнүүд” гурван боть, “Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд”-ийн нэг боть гээд үндсэндээ одоо долоон ботийн ард гараад байна. Нэг нь 50-60 хэвлэлийн хуудас.

Ирэх жил “Монголын шинжлэх ухааны зүтгэлтнүүд” хэмээх ботио хэвлүүлнэ. Энэ маягаар Монголын бурхны шашны түүх, дүрслэх урлагийн зүтгэлтнүүд, спортын алдартнууд гээд 12 боть хийх санаатай. Бурхнаас надад хэдий хугацааны томилолт заяасныг мэдэхгүй ч зүтгэж л явна. Академич Ш.Нацагдорж багшийн 100 жилийн ойд зориулаад “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” нэртэй нэгэн сэдэвт зохиол бичсэн.

Энэ номын нээлт удахгүй болно байх. МУИС-иас “Профессоруудын өвгөд” гээд өөрийн профессоруудын түүвэр зохиолын эмхэтгэлийг хэвлүүлж байгаа юм. Энэхүү гурван боть номыг шавь нартайгаа бичиж дуусгалаа. За тэгээд “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” гэх мэт жижиг сажиг (5-6 хуудас хэвлэлийн хуудас зохиолоо ийн хэлэв) зохиол бүтээлээ эмхэтгэж сууна. Энэ он гараад хийсэн ажлуудаасаа хэлж байгаа юм шүү.

-Таныг намтар судлал, улс төр, түүхийн холбогдолтой хэдэн ч ном туурвисан гайхах хүн үгүй. Харин урлаг, уран зохиол, спорт, театрын түүхэн хөгжил, зүтгэлтнүүдийн тухай бичих болсон шалтгаан тань юу вэ.

Тэр тусмаа цагандаа их харам байж яагаад энэ бүхэн рүү “үсчих” болов?

-Намайг нэг хүн “Чи хэтэрхий олон салбараар бичиж байна” гэж шүүмжилсэн удаатай. Тэгэхээр нь “Цаашид би нам ч бичнэ, лам ч бичнэ” гэсэн (инээв). Би Монголын түүхийг эзэнтэй болгож бичих зорилгоор “Монгол түмний сод хүмүүс” цувралаа эхлүүлсэн. Тэгэхээр нийгмийн амьдралын бүхий л салбар үүнд хамаатай. Түүх гэдэг бол явж явж хүний л түүх байдаг.

Салбар салбарын түүхэн зүтгэлтнүүдийн намтрыг судалж, бичнэ гэдэг маань Монголын түүхийг бодит эзэнтэй болгож байгаа хэрэг. Урьд урьдын түүхийн сурвалжаас харахад манай түүх эзэнгүйдэх гээд байдаг талтай. Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхийн тухай ярьж байгаад энэ үед хэн голлох төлөөлөгч нь байв, ямар үүрэг гүйцэтгэсэн юм гэдгийг эндээс хайгаад олчихно гэсэн үг.

Гэхдээ нэг ботид 80-90 хүн орж байгаа учраас их нүсэр, хэцүү ажил юм аа. Зүгээр л нэг төдөн онд төрсөн, ийм ийм бүтээлтэй гэдэг намтар биш шүү дээ. Тухайн хүний хөрөг бичлэгээр дамжуулан, түүхэн үйл явдлуудыг илэрхийлсэн судалгаа, нийтлэлийн шинжтэй ном юм.

Хүн нь хэн байсан бэ гэдгийг гаргахын тулд найз нөхдийнх нь дурсамж дурдатгал, өөрийнхөө ажигласан тэмдэглэл, нийгэм, олон нийтэд тухайн хүнийг илэрхийлж үлдсэн онигоог хүртэл ашиглах маягаар илүү “амьтай” бичсэн гэх юм уу даа. Салбар болгоны нэрт зүтгэлтнүүдийг ингээд нэгтгээд, нэг малгайн дор биччихвэл хойч үеийн судлаачдад хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Түүхийг ямраар ч бичиж үлдээж мэдэх учраас түүхчдийг “хоёр үзүүртэй зүү” шиг хүмүүс гэвэл та санал нийлэх үү?

-Түүхийг хүн л бичдэг учраас субъективизмд зайлшгүй автдаг зүйл. Гагцхүү тэр субъективизмийг хэр зэрэг бага тусгах вэ гэдэг нь л чухал. Жишээ нь, бидний багш нар, би ч сүүлийн хэсэгт нь орно, тэр үеийнхээ үзэл сурталжсан нийгмийнхээ дэг сургуулиар бичиж байсан. Тэгэхгүй бол үзэл суртал, улс төрийн хяналт доор бүгд ажилгүй, амьдралгүй болно. Үнэндээ ч бид тэр үеийнхээ үзэл сурталд л итгэж байсан шүү дээ. Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн.

Тавилангаар оноогдсон он цагийн хэрчмээс хэн ч зугтаж чадахгүй. Бүр дээр үеийн жишээ татвал Ян Гус шашныхантай үзэлцээд, сүүлдээ буруу номтон гэгдэж шатаалгасан. Хүн бүр тэгж чадаагүй. Гэхдээ л тухайн цаг үеийнхээ хэрчимд захирагдаж амьдрахдаа тэрхүү хэм хэмжээнээс арай илүү гаргах гэж, аль болох дүн нуруутай байх гэж оролдож ирсэн.

Тэгсний хүчинд багш нар минь Монголын түүхийн гол үндсэн асуудлуудыг нуруутай босгосон юм. Түүн дээр нь бид үргэлжлүүлэн цааш явж байна. Одоо зарим нь хэт хувьсгалчирхаад, бойтог өмсөөд, Богд уулаа өшиглөв гэдэг шиг урьд үеийнхэн рүүгээ элдвийн юм ярьдаг байх. Тэгж болохгүй л дээ.

-Уучлаарай, үзэл суртлын нөлөөгөөр “Уг нь энэ тухай ингэж бичиж арай болохгүй л дээ” гэж бодохоор зүйл бичээд, хожим цайруулсан тохиолдол танд бий юү?

-Би 1971-1991 он хүртэл их сургуульд Монголын түүх, МАХН-ын түүх, шинжлэх ухааны коммунизмын онол зэрэг хичээл заадаг байв. Тухайн үед яах аргагүй л ангич намч зарчмыг баримталж бичдэг байсан. Гэхдээ аль болох бодитой хэлэх гэж оролдоно. Зарим үед үүнээсээ болоод сануулга авах нь ч бий.

Тухайлбал, Марксизм, Ленинизмийн оройн сургуульд Хиагтыг чөлөөлсөн тухай хичээл орохдоо “Гуравдугаар сарын 17-ны үүрээр монгол ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн. Гэхдээ тэнд байсан 3000 гаруй гамин цэрэг хүчээ төвлөрүүлээд, Эрээн нарсны зүг манайхныг эргээд ухраахад нь Зөвлөлтийн Улаан армийн их бууны галын дэмжлэгтэйгээр орос, буриад цэргүүдэд монгол хөдсөн дээл өмсүүлж хамтдаа дахиж довтлоод Хиагтыг чөлөөлсөн” гэж заагаад буруудсан.

“Хувьсгалыг экспортолсон” хэрэгт унах шахаж, Хотын намын хороонд дуудагдан сануулга авч билээ. Сүүлд 1988 онд “Ардчиллаас айх хэрэггүй” гэдэг нэртэй томоохон нийтлэл сонинд бичсэнийхээ төлөө Аюулаас хамгаалах яаманд дуудагдаж л явлаа. МАХН-ын түүхээр голлон бичиж байгаад 1980-аад оны сүүлчээр Монгол Улсын түүхийн өргөн хүрээний асуудлыг хөнддөг болсон.

Тэр үед л ёстой намын түүхийг улс төр, үзэл суртлын хальс, бүрхэвчнээс нь цэвэрлэж салгаад, голтой бичиж дүгнэх ажил маань илүү үр дүнтэй байсан гэж боддог. Тийм ч учраас Монголын улс төрийн түүхийн судалгааны дэг сургууль хүртэл бий болж, энэ сэдвээр олон хүн эрдмийн зэрэг хамгаалаад байна.

-Улс нийгэм байтугай, айл гэрийг хүртэл талцуулж байгаа учраас өнөөдөр улс төрийн нам гэдэг үгийг сонсохоор олон хүний дургүй хүрдэг болсон гэхэд хилсдэхгүй.

Таны эрдмийн зэрэг хамгаалсан хоёр ч сэдэв тань намын түүхтэй холбоотой юм билээ. Тиймээс энэ талаар таны байр суурийг сонсмоор байна. Намдаа байна уу, хүндээ байна уу?

-Хүн төрөлхтөн одоо хүртэл улс төрд намаас өөр сайн зохион байгуулалтын хэлбэр олж чадаагүй. Намын бүлгүүд байхгүй бол парламент ямар ч асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг Австрийн түүх хүртэл харууллаа. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент нь юу ч хийж чадахгүй байсан учраас дахин сонгууль хийсэн шүү дээ. Манайх ч ялгаагүй.

Бие дааж нэр дэвшээд, сонгогдсон гишүүд хий хоосон хашхирахаас өөрөөр юуг ч шийдэж чадахгүй, ямар ч эрх мэдэлгүй, нөлөөгүй байгаа биз. Тиймээс миний санааг хамгийн их зовоож байгаа юм бол намгүйжих үзэл газар авч, дараагийн сонгуулиар баахан эрээвэр хураавар хүмүүс сонгогдоод, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ харж суучихаад улс орны хөгжилд улам их саад тотгор болох вий.

Энэ юунаас болоод байгаа нь ойлгомжтой. Өнөөгийн манай улс төрийн намууд нам шиг ажиллаж чадахгүй байгаа учраас л хүмүүс итгэхээ болиод байна. Улс төрийн карьер хийх гэсэн хэдхэн хүний бүлэглэлээр дамжуулан эрх мэдэл, ашиг хонжоо олох санаархал ил цагаандаа гарчихлаа. МАН, АН, МАХН аль нь ч ялгаагүй, бүгд хөрөнгийн нэг л халаастай.

Хүмүүс намайг “Ардын намын Болдбаатар” гэдэг. Гэтэл би өнөөдөр Монгол ардын нам байгаа, эсэхэд эргэлздэг. Насаараа зүтгэсэн, намын түүхийг нь бичсэн, онол номыг нь үзсэн, 20-иод жил төрийн дээд удирдлагад ажилласан мань мэт ийм байхад цаана нь хэчнээн хүн ямар байдалтай төөрөлдчихөөд байгаа нь мэдээжийн хэрэг шүү дээ. Үнэндээ одоо улс төрийн нам гэхээр миний дотор муухайрдаг болсон.

-Тэгэхээр таныхаар яаж үүнийг өөрчлөх вэ?

-Өнөөгийн манай намууд баримталдаг үзэл, концепцоороо биш, удирдагчдынхаа амбийцаар л ялгардаг. Улс төрийн шинэ хүчин гарч ирээд, “ах нар”-ынхаа араас орчихгүй, өөрийн гэсэн үзэлтэй, концепцтой үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. Гэхдээ энэ хүртэл хугацаа шаардаж мэдэх тул одоо байгаа улс төрийн намуудаа зөв төлөвшүүлэх нь хамгийн чухал.

Үүний тулд Улс төрийн намуудын тухай хуулийг их нарийн бодож төлөвлөж өөрчлөх нь зүйтэй. Бүх ард түмнийг төлөөлөх учиртай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт нам нь “ороод” суучихлаа шүү дээ. Өнөөдөр Ардчилсан нам бол Ерөнхийлөгчийн Тамгын газар болж хувирлаа. Ингэхээр ямар ч хэрэг алга.

Уг нь улс төрийн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн онол, номлол, хэм хэмжээтэй байдаг. Гэтэл өнөөдрийн улстөрчид түүнд огт захирагддаггүй.

-Манай улстөрчид биз дээ?

-Тийм ээ. Манайхан улс төрийн номлол, хэм хэмжээг юу ч биш гэж үздэг. УИХ-ын гишүүн болбол өөрсдийгөө бүхнийг мэднэ гэж эндүүрэн, эх оронч дүр эсгэн цээжээ дэлддэг. Цаанаа бүгд л ашиг хонжоо хайж, идэж суйлах, хуйвалдах, хахуульдах агаар нэгтэй амьтас. Ийм янзаар дүлий дүмбэ явсаар байвал улс орны ирээдүй, бидний дараа дараагийн үеийнхэн их хэцүү байдалд орох нь тодорхой боллоо.

-Энэ бүхнийг тэгээд хуулиар зохицуулах гэхээр Үндсэн хууль тээг болоод байна гэдэг. “Эцэг хууль”-д гар хүрэхээр үгүйлэгдээд буй эрх зүйн орчин нь бүрдчих юм уу?

-Хуулиар зохицуулах ёстой л доо. Гэхдээ УИХ-ын гишүүд өөрсдөө хууль баталчихаад, өнөөхөө юу ч биш үзэж байгаа ийм нөхцөлд ард түмэн “Монголын хууль гурав хоног” гээд биелүүлэхгүй байх нь аргагүй. Уг нь бол ардчилсан, эрх зүйт төр ямар байх ёстой гэхээр хамгийн дээд зэргийн зохион байгуулалт, сахилга бат, хариуцлага гурвыг л шаарддаг.

Манайд одоо энэ гурвын аль аль нь байхгүй учраас хууль хэрэгждэггүй. Миний бодлоор Үндсэн хууль болохгүйдээ бус, түүнийг хэрэгжүүлэхгүй байгаад л хамаг учир байна. Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой хүн ховор, түүнийг юу ч биш гэж үздэг нь олон болжээ л гэж би хэлнэ.

Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргачихаад байхад УИХ түүнийг нь хүлээж авахгүй байна гэдэг бол үүний тод жишээ. УИХ, Засгийн газар, шүүх байгууллага гурвуулаа төрийг бүрдүүлнэ гэж “эцэг хууль”-д заасан байтал өнөөгийн манай УИХ бол ганцаараа төр юм шиг л авирлаж байна. Засгийн газраа ч ажиллуулахгүй, шүүх эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрийг ч хүндэтгэхгүй болчихсон.

Философид эклектизм гээд үзэгдэл байдаг юм. Сайн юмыг муулаад л байхаар муу юм шиг ойлгогддог. Эсрэгээр нь муу зүйлийг сайнаар яриад л байвал сайн юм шиг үнэмшигдээд эхэлдэг. Харин энэ хоёрыг хоёуланг нь хольж хутгаад байхаар дунд нь хүмүүс төөрөлдөөд юу ч үгүй болдог. Аль нь сайн, аль нь муу гэдэг нь мэдэгдэхгүй холион бантан болох энэ үзэгдлийг эклектизм гэдэг.

-Та 1990-ээд оны эхэн үеийн улс төрийн ороо бусгаа цагт УИХ-ын гишүүн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажилласан юм билээ.

Хуучин эрх баригч намыг бараг л “хадны мангаа” шиг үзэх дээрээ тулсан тийм үед ажиллах амаргүй байсан биз?

-1991-1993 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад их төвөгтэй байсан шүү. Тал талаас намууд элдвээр дайраад, амаргүй байсан ч бид шантраагүй. Эрдмийн хоёр ч ажлаа МАХН-ын түүхээр хамгаалсны хувьд эрх баригч намаас парламентын нам болж шилжих шинэчлэлийн үйл явцыг онол практикийн хувьд оройлон зүтгэсэн хүмүүсийн нэг нь би.

Улс төрийн амьдралын төвөгтэй үеүдийг тэнд ажиллахдаа илүү мэдэрсэн. Жишээ нь, Намын хэлмэгдэгсдийг цагаатгах комиссыг толгойлж байгаад МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдонгуутаа Цагаатгалын ажлыг төрд шилжүүлсэн.

Түүнээс өмнөхөн Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийг шалгах комиссын орлогч дарга байж байгаад эргээд МАХН-ын Хэлмэгдэгсдийн асуудал эрхэлсэн комиссын дарга болсон. Хоорондоо эсрэг, тэсрэг шинжтэй хоёр комиссыг толгойлсон нь “хоёр гал”-ын дунд хавчигдсан мэт болсон юм. Ийм учраас тун ухаалаг хандах шаардлагатай болсон доо.

10 нам цуглачихаад, МАХН руу долоон шидээр л дайрна. Парламент дахь намын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын хувьд тэр бүгдийг сонсоно. Ямар сайндаа нэг нь намын дарга руу утасдаж “Цаад нэг дүнхийсэн “юм”-аа солиоч. Зөндөө юм хэлээд байхад сонсож сонсож төгсгөлд нь ганц хоёрхон үгээр ёжилчихоод явах юм. Сайн хэрэлдэх хүн явуул” гэж байсан гэдэг.

Үнэндээ тэр их хурцадмал байдалд тиймэрхүү маягаар намжуу хандахгүй л бол гал асчих гээд хэцүү. Манай намын дарга Б.Даш-Ёндонгийн санаачилсан Нагаржунайн хоосон чанарын төв үзлийг одоо хүмүүс янз бүрээр л ярьдаг. Гэхдээ энэ бол тухайн үеийн Монголын улс төрийг тодорхой хэмжээнд дүн нуруутай байлгахад гол үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 12 жил гаруй ажилласан байх аа. Энэ бол таны өнгөрсөн он жилүүдэд хашсан албан тушаалуудаас тань хамгийн бахдам сайхан нь мөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Би гэдэг хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 13 жил ажилласан юм шүү дээ. Зургаан жилийн хугацаатай байдаг ч дараагийн хүн томилогдохгүй дунд нь нэг жил гаруй хугацаа болсон байдаг юм. Ажиллахад хамгийн аятай эвтэй, эх захаа мэддэг, хуулиа сахидаг газар бол Үндсэн хуулийн цэц гэж би хэлнэ.

Монгол бөхчүүд аварга, арслан, заанаараа эрэмбэтэй байдаг шиг Цэцийн гишүүд суухдаа хүртэл насны дарааллаа баримталдаг. Цэцийн дарга суугаад, баруун гар талд нь хамгийн ахмад настай нь, дараагийн ахмад хүн нь зүүн гар талд суудаг.

Цэцийн гишүүн хуралдаанд асуудал оруулаад, хэлэлцэж эхлэхэд хамгийн ахмад нь түрүүлж үг хэлдэг. Цэцийн зөвлөгөөн болоход мөн л ийм зарчмаар ажилладаг.

-Цэцийн гишүүнээр ажиллах хугацаан даа та улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө гаргуулсандаа баярладаг, эсвэл тэгж чадаагүйдээ харамсдаг шийдвэр байдаг болов уу?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болгон л улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалахад чиглэдэг. Жишээ нь, 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дордуулсан долоон заалтын тухай ярьдаг даа. Тэр үед Цэц ингэж болохгүй гээд шийдвэрээ гаргасан. Гэтэл УИХ бидний шийдвэрийг хүлээж аваагүйгээр барахгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад, Цэцийг яах ч аргагүй байдалд оруулсан.

Цэц бол батлагдсан Үндсэн хуулийг л сахин хамгаалах “манаач” шүү дээ. Үүнд л их харамсдаг юм. Сүүлд МАХН байгуулагдсантай холбоотой асуудлаарх маргаан над дээр ирж байлаа. “Энэ нэрийг өгч болохгүй” гэдэг Цэцийн шийдвэр гарсан ч Дээд шүүх мөн л зөрчсөн. Одоо тэгээд хоёр өөр нэртэй ч яг ижил нам үйл ажиллагаа явуулж байгаа биз дээ.

“Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байдаг” гэдэг үг чинь хэдийгээр жаргон ч гэлээ үнэн байхгүй юү. Гэтэл ийм хачин будилааныг УИХ өөрөө хийгээд байх юм. Тэгээд Цэцийн шийдвэр өөрсдийнх нь таалалд нийцэхгүй бол “Үндсэн хуулийн цэц улстөржлөө” гэдэг.

Намайг Цэцэд байхад янз бүрийн намын гишүүд байсан. Гэхдээ тэднээс улстөржсөн хандлага ажиглагддаггүй л юм.

-Монгол төрийн санах ой ямар байна гэж та дүгнэх вэ?

-Төрийн санах ойг тун тааруухан гэж хэлэх байна. Жишээ нь, 1996 онд би “Монгол Улсын түүх, онол арга зүйн асуудлууд” гэдэг номыг удирдаж бичүүлээд, УИХ-ын гишүүдэд бүгдэд нь нэрийн хуудастайгаа тараасан юм. Тэгсэн дараахан нь тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан, Намын бүлэгт ажилладаг Цагаанхүү гуайн өрөөнд ортол өнөөх номыг маань зургаа, долоог өрчихсөн байна.

“Та чинь миний номыг яасан олноор нь худалдаж аваа вэ” гэсэн чинь “Би худалдаж аваагүй ээ. Энэ УИХ-ын гишүүд “Би ямар түүхч биш. Энүүгээр яах юм” гэхээр нь би хүүхдүүдийнхээ номын санд өгөх гээд авчихсан юм” гэдэг байгаа. Тэгэхээр манай гишүүд улс орныхоо түүхэнд ямархуу байдлаар ханддаг нь илэрхий байгаа биз. Түшээд нь ийм сэтгэхүйтэй, санаж сэрэх чадваргүй байхад төрийн санах ой яаж ажиллах вэ дээ.

“Өнгөрсөн бүхэн эхлэл” гэж агуу их Шекспир хэлсэн байдаг. Дорно дахинд үүнийг “Түүхийн сайн нь ч миний багш. Муу нь ч миний багш” гэж гайхалтай оноож хэлсэн. Түүхийн гол үүрэг бол сургамж авах явдал. Тэр сургамжийг л ойлгуулахын тулд түүх бичдэг. Тэндээс түүхийн ухамсар хүнд суудаг. Түүхийн ухамсартай ард түмэн үндэсний үзэлтэй, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй болдог номтой. Тиймээс төрийн зүтгэлтэн хүн уламжлал, шинэчлэлийн дундаас үр гаргаж байж цаашаа хэрхэн явахаа шийддэгийг ойлгох ёстой юм л даа.

-Манайхан түүхийг орчин үеийн хүүхэд залууст ойлгомжтой, энгийн хэллэгээр заахгүй, бичихгүй бол сурагчдын хамгийн “дургүй” хичээл болчихоод байх шиг санагддаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Тийм шүү. Хүүхдүүд түүхийн хичээлээс залхах болсон хамгийн том шалтгаан нь манайхан сурах бичгийг нь дэндүү модон хэллэгээр бичдэгтэй холбоотой. Яагаад хүмүүс Баабарын түүхийг унших дуртай байдаг гэвэл сайн түүхчийнх нь хувиар биш шүү дээ.

Яагаад Өлзийбаатарын түүхийн сонсдог ном руу залуус хошуураад байна гэхээр түүхийг дамжуулж хүнд хүргэх арга барилд нь байгаа юм. Миний хувьд “Шихихутаг” их сургуулийн эчнээ ангийн оюутнуудад түүхийн хичээл заадаг юм. “Дунд сургуулиас эхлээд олон жил түүх заалгасан. Гэтэл таны хичээлээс л түүхийн шинжлэх ухаан гэж юу байдгийг, түүх яагаад чухал болохыг сая л ойлголоо” гэж олон хүн надад хэлсэн шүү.

Эчнээ ангийнхан чинь хичээл таслахдаа гаргууд. Гэвч миний заадаг нийт 24 цагийн цагийн лекцэнд оюутнууд тасралтгүй ирж суудгаас нь харахад түүхийг яаж хүмүүст хүргэх вэ гэдэг арга барилд их учир байна. Үүнийг манай сурах бичиг зохиогчид анхааралдаа аваасай гэж боддог.

-Таныг багад аав тань нутгийнхаа эрдэмтэй номтой хүмүүс дээр дагуулж очоод, түүх, үлгэр домог их сонсгодог байсан гэдэг. Та одоо ач, зээ нартаа түүх домог хэр ярьж өгдөг вэ?

-Аавынхаа ачаар би тавдугаар ангид орохдоо л түүхч болно гэж шийдсэн хэрэг. Одоогийн хүүхдүүд бидний үгийг сонсоод сууж байхаас илүүтэй гар утас, компьютерт анхаарал хандуулах нь элбэг юм. Гэхдээ би голомт залгах ач хүүдээ өвөг дээдсийнх нь нэрийг цээжлүүлээд, долоо хоног болгон уншуулж шалгадаг.

“Миний хүү, чи бол Батын Балганы Цэдэнгийн Жигжидийн Болдбаатарын Гүнбилэгийн Тодцэцэн шүү” гээд долоон үеийг нь мэдүүлдэг юм. Намтраа хоёр боть бичсэнийгээ бас ач, зээ нартаа уншуулахыг хичээдэг шүү.

-Танай гэр бүлийн хүн яруу найрагч. Өвөө, эмээ дээрээ өссөн айлын эрх охин байсан гэдэг. Арга эвийг нь олох гэж та хэр ухаан зарсан бол?

-Манай хүн үнэхээр л буцалж бургилсан араншинтай. Би уужуу тайван хүн. Ханийнхаа аяыг дагаад, зөнгөөр нь явж байтал нэг мэдэхэд бие биедээ уусаад өдий хүрчээ. Ширүүхэн дуугарвал би дуугаа хураачихдаг.

Одоо би гэдэг хүн хөгшнийхөө хүчинд л амьд явж байна шүү дээ. Өвдөж зовохын цагт хүний хань л түшиг тулгуур болдог юм байна. Гадаа, гэртгүй л бүх ажлыг миний хань амжуулж явна.

-Эмэгтэй хүнийг өөрийнх нь зөнгөөр байлгаад байхаар аяндаа зөөлрөөд, арганд нь ороод ирдэг юм уу?

-(Инээгээд) Заримдаа нэлээд давраад байвал Төвдийн нэрт найрагч Саянжамцын шүлгийг уншиж өгдөг.

-Тэр нь ямар шүлэг байдаг юм бол?

-Эрээн бар, цоохор ирвэсийг

Эвийн хүчээр номхруулж болно

Эхнэр гэдэг гэзэгтэй барыг

Эрхлүүлэх тусам улам даварна гэдэг шүлэг л дээ. Тэгэхээр манай хүн инээгээд дуугүй болдог. Ер нь нэг нэгэндээ буулт хийж сурах хэрэгтэй гэж боддог.

-“Хан шувуу” хэмээх гайхалтай дууны зохиолч. Тэр дууг нь сонсохоор та омогшино биз?

-Тэгэлгүй яах вэ. Маш сайхан дуу. Гэхдээ манай хүний анх шүлэг бичсэн түүх нь бол Ханжаргалантад Төрбат бид хоёрын зохиолоор Чин ван Ханддоржийн тухай кино хийж байсан үетэй холбоотой. Тэгэхээр анх Ханд ванг төсөөлж бичсэн байх. Ханийн тухай энэ сайхан дууг хүмүүс надад шууд зориулсан гэж ойлгодог. Гэхдээ надад ч бас эрхбиш зориулсан байх аа (инээв).

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай