Монголын 10 дахь их мастер

Монголын шатрын спортоос 10 дахь их мастер цолтон төрсөн баяртай мэдээ байна. Эл бахдам амжилтын эзэн бол Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Хан-Алтай” клубийн тамирчин, МУИС-ийн оюутан Үүрцайхын Үүрийнтуяа юм. Өдгөө 20 настай тэрбээр их мастер цол хүртсэн Монголын зургаа (түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Амина) дахь эмэгтэй тамирчин болов. Шатрын спортоор 13 жил хичээллэж буй Ү.Үүрийнтуяа Монголд болсон залуучуудын Азийн АШТ-ий хошой аварга болохдоо эл цолны хоёр дахь болзлыг хангажээ. Түүнтэй цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцав.

-Их мастер болсонд баяр хүргээд эл цолны болзлыг хэрхэн хангаснаас яриагаа эхэлье?

-2016 онд Энэтхэг улсад болсон залуучуудын Азийн АШТ-д анх түрүүлэхдээ олон улсын мастер болж, их мастер цолны эхний болзлыг биелүүлсэн. Эх орондоо болсон тус тэмцээний хошой аварга болж, рапид төрөлд мөнгөн медаль хүртэхдээ их мастер болсондоо бэлгэшээж байна. Олон жил зүтгэж байж, их өрсөлдөөн дундаас эл цолыг авлаа. Монголд болсон залуучуудын Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд миний дүү Агьбилэг хүрэл медаль хүртсэн. Тивийнхээ аваргаас дүүтэйгээ хамт медаль авах сайхан байлаа. Дүү минь энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, цаашид шатраар тууштай хичээллэнэ гэсэн.

-Их мастер болохыг хэзээнээс зорив. Энэ жил хүртэнэ гэх багцаа байсан уу?

-Би МУИС-ийн Бизнесийн сургуульд сурдаг. Шатраар амжилт гаргах зорилгоор 2016 онд сургуулиасаа хоёр жилийн чөлөө авсан. Манай сургууль (МУИС) зургаан жилийн дотор төгсөх журамтай юм билээ. Тиймээс энэ жил яалт ч үгүй хичээлдээ суух шаардлагатай болсон. Тиймээс хичээл эхлэхээс өмнө их мастер болохыг зорьсон. Санасандаа хүрсэндээ баяртай байна. Азийн АШТ-ий үеэр бид хоёрт хэрэгтэй бүхий л зүйлээр ээж тусалсан, боломжоороо дэмжсэн.

Эх орондоо болж буй зарим тэмцээнд анхаарлаа бүрэн хандуулж чаддаггүй гэмтэй, би. Харин энэ удаад тэгсэнгүй. Эхний өрөгт Д.Хонгорзултай тэнцсэн. Түүнээс хойш сэтгэл зүйгээ аль болох тайван байлгаж, доороос нь дээшээ мацсаар түрүүллээ. Монголд өндөр амжилт гаргах, их мастер болох ирээдүйтэй олон залуу шатарчин бий. Бүгд эцэг, эхийнхээ дэмжлэгээр, бор зүрхээрээ зүтгэж яваа.

Хэрвээ төрөөс дөмөгхөн дэмжиж, өсвөр, насанд хүрэгчдийн шигшээ баг бүрдүүлвэл тамирчдын амжилт, ур чадвар илүү хурдан өснө, топ шатарчин олноор төрөх боломж бүр ч нэмэгдэнэ. Намайг үргэлж дэмждэг, бүхнээ зориулдаг хайрт ээждээ, хувийн сэтгэл зүйч ч гэж болох Сараа эгч, их мастер Д.Шаравдорж багш, найз нөхөд, хамаатан садандаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Би ганцаараа байсан бол хэзээ ч өнөөгийн амжилтад хүрэхгүй нь тодорхой.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ. Шатраар гадаадад сурах, супер их мастер болох бодол бий юү?

-Эхний том зорилгынхоо ард гарсан болохоор одоо нэг хэсэг хичээлдээ анхаарна аа. Юуны түрүүнд сургуулиа төгсөөдөхье. Монголд дан ганц шатар тоглоод амьдрах боломжгүй. Тиймээс бизнесийн чиглэлээр зэрэг ахиулах, ажиллах бодол бий. Энэ зун Сербид болсон олон улсын тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн их мастер цолны эхний болзлыг хангасан. Тиймээс цолоо ахиулахын төлөө хичээнэ.

Увс нутгаас мэндэлсэн анхны их мастер Ү.Үүрийнтуяаг таван настай байхад аав нь шатар зааж өгчээ. Дараа жил нь Ж.Лхагваа багшийн удирдлагад тогтмол бэлтгэл хийн, эл спорттой амьдралаа холбосон юм. Тэр жилээ Сонгинохайрхан дүүргийн АШТ-д ээжтэйгээ хамт өрсөлдөн, өсвөрийн ангилалд хүрэл медаль хүртэн, амжилтын гараагаа эхэлжээ. Түүний дүү Агьбилэг шатраар хичээллэдэг, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга.

Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийн, тэмцээнд оролцох амаргүй нь мэдээж. Тиймээс бэлтгэлдээ бүрэн анхаарахын тулд 2016 онд сургуулиасаа чөлөө авсан нь үр дүнгээ өгч, тэр жилээ залуучуудын Азийн АШТ-ээс алт, өсвөр үеийнхээс мөнгөн медаль хүртжээ. Түүгээр ч үл барам шатарчин бүхний мөрөөдөл болсон олимпиадад эх орноо төлөөлөн их мастер Т.Батчимэг, А.Энхтуул тэргүүтэй таван тамирчинтай нэг баг болон өрсөлдсөн юм.

Дээрх тэмцээнд оролцож ирээд эх орондоо хоёрхон хоносныхоо дараа өсвөрийн ДАШТ-д оюунаа сорин, IV байрт шалгарчээ. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д өнгөрсөн жил анх удаа түрүүлсэн. Тэгэхдээ гуравдугаар өрөгт Гавьяат тамирчин Т.Батчимэгийг дийлж, найман удаа хожин, нэг дийлдэж, хоёр тэнцсэн амжилтаар улсын аварга болох болзол хангасан юм. “Дэлхийн аварга болох, эрэгтэйчүүдийн цол хүртэх зорилготой” хэмээж буй түүнд өсвөрийн УАШТ-ий 10 алт, нэг мөнгөн медаль бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай