П.Саранчимэг: Баттай нөөцийг нь тогтоогоогүй ордоос олох мөнгө, өгөөжийн тооцоог хийдэггүй

Эрдэс баялгийн эдийн засагч, геологич П.Саранчимэгтэй ордын үнэлгээг хэрхэн хийдэг талаар цахимаар ярилцлаа. Геологи хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, зөвлөх компаниудад 15 жил ажилласан тэрбээр МУИС-ийг 2002 онд геологич мэргэжлээр төгссөн аж. Мөн 2011 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн уул уурхайн удирдлагын магистр, энэ жил Австралийн Куртин их сургуулийн харьяа Баруун Австралийн уул уурхайн сургуульд эрдэс баялгийн эдийн засгийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 

Тэрбээр тэнд суралцах хугацаандаа уул уурхайн зөвлөх “Си Эс Эй глобал” компанид ажиллан, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн төслүүд, ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний багт дадлагажжээ. Уг багийнхан Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо, Австралийн ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний комиссын геологи, уул уурхайн зөвлөхийн удирдлагад ажиллаж байж.

П.Саранчимэг магистрын судалгааны ажлаа Австралийн уул уурхайн хөрөнгийн үнэлгээний кодын дагуу хийж гүйцэтгэсэн юм билээ.

-Хөрөнгө оруулагчид үнэлгээний мэргэжилтнүүдийн судалгааг харгалзан үздэг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээ нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах, эсэх, хувьцаа худалдаж авах уу, үгүй юу гэсэн шийдвэрт нөлөөлдөг. Техникийн баттай өгөгдлүүд дээр суурилсан, эдийн засгийн тооцоо, судалгааны ажил учраас тэр. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид үнэлгээний мэргэжилтнүүдийн хийсэн судалгааг харгалзан үздэг. Зарим нь хувиараа үнэлгээний мэргэжилтнээр судалгаа хийлгэх нь бий.

Хөрөнгө оруулагчдыг дотор нь олон хуваадаг. Тухайн төсөлд хөрөнгө оруулах, эсэхээ нарийн судалдаг хөрөнгө оруулагч байхад хайнга ханддаг нь ч бий. Энэ нь эрсдэл хүлээх чадвартай нь холбоотой. Австралид судалгааны аргууд нь мэргэжлийн байгууллагуудын гаргасан стандарт, удирдамжуудаар зохицуулагддаг. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн компаниудын төслүүдийн үнэлгээг хөрөнгө оруулалт, худалдан авалтын хэлэлцээр, гэрээ байгуулахтай холбоотойгоор бодитой тогтоох зорилгоор хийдэг.

Энэхүү үнэлгээ судалгааг хийхдээ тухайн ордын геологи, уул техникийн онцлог, газар зүйн байршил, улсынх нь нийгэм, эдийн засгийн нөлөө, байгаль орчин, улс төр, хууль, эрх зүйн орчин, зах зээлийн хүчин зүйлүүд, уугуул иргэдийн онцлог, дэд бүтэц зэргийг харгалзан үздэг.

Мөн дэлхийн эдийн засгийн чиг хандлага, түүхий эдийн ханшийн төлөв, ашиг, шинээр төлөвлөж буй дэд бүтцүүд, татвар, роялти, ирээдүйн мөнгөн урсгалыг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, геополитик, улс төрийн болон хөрөнгө оруулалтын эрсдэл зэргийг тооцон үздэг загвар арга ашиглан өнөөгийн үнэ цэнийг нь нарийн тооцоолон тусгасан цогц ажил гэж ойлгож болно. Үүнийг монголчууд төслийн ТЭЗҮ-тэй андуурч, буруу ойлгодог.

-Олон улсад ордын үнэлгээг хэрхэн хийдэг бол. Ямар аргууд байдаг вэ?

-Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээ (valuations of mineral assets) нь том сэдэв л дээ. Австрали, Канадад ордын хөрөнгийн үнэлгээний хэд хэдэн онол, практикт суурилсан арга аргачлал байдаг. Тэдгээр нь тухайн хөрөнгийн биржийн дагаж мөрдөх стандарт, удирдамжуудаар зохицуулагддаг. Тухайн төсөл нь үйл ажиллагааны ямар шатанд байгаа, ашигт малтмалын нөөцийн ангиллаас нь хамаараад үнэлгээний аргууд өөр өөр байх жишээтэй.

Нэгдүгээрт, ашигт малтмалын хүдрийн баримжаалсан, таамаг баялаг бүхий, хайгуулын шатанд байгаа төслүүдэд зах зээлийн үнэлгээнд суурилсан, эсвэл хайгуулын зардлын аргаар хөрөнгийн үнэлгээг тооцож тайлагнадаг. Зах зээлийн үнэлгээний харьцуулсан арга гэдэг нь ижил төстэй хайгуулын төслүүдийн худалдааны гэрээ, хэлэлцээрийн үнэлгээг судалж хамгийн бага, дунд, дээд үнийн хязгаар тогтоодог. Монголын зарим ордын үнэлгээг Казахстаныхтай харьцуулж үнэлсэн байдаг.

Австралийн хувьд ордын үнэлгээний судалгаа хийхэд мэдээлэл олоход бэрхшээл бага. Харин Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниуд хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалт татах туршлага бага учраас зах зээлийн үнэлгээний харьцуулсан судалгаа хийхэд бэрхшээлтэй.

Хоёрдугаарт, тухайн ордын баттай, бодитой нөөц нь тогтоогдсон, олборлолт, үйлдвэрлэлийн шатанд байгаа төслүүдэд ирээдүйд олох орлогыг нь дискаунтын (эрсдэлүүдийг нь тооцдог) загварын аргаар одоогийн үнэ цэнийг нь тодорхойлдог. Олон арга хэрэглэж үнэлгээ гаргасны үндсэн дээр давхар эрсдэлийн үнэлгээ хийн, тайлагнах үүрэгтэй байдаг. Мөн ашигт малтмалын үнийн эрсдэлийг бууруулах санхүүгийн дериватив аргууд ашиглах нь ч бий.

Стандарт, удирдамжуудын гол агуулга нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, талуудын эрх ашгийн тэнцвэрт байдлыг хадгалах, мэргэжлийн түвшинд шударга, ил тод, бодит, ойлгомжтой, хараат бус үнэлгээ хийхэд оршдог. Энэ нь тухайн ордыг хэт өндөр, эсвэл бага үнэлэх зэргийг зохицуулдаг л даа. Тиймээс хөрөнгийн биржүүд мэргэшсэн шинжээчдийн баг, хуулийн хүрээнд стандартын дагуу бэлтгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан шаарддаг.

Дашрамд дурдахад, ихэнх хөрөнгийн бирж Австрали, Канадын уул уурхайн төслийн үнэлгээний тайлан, стандартыг хүлээн зөвшөөрдөг.

-Бусад улсад энэ чиглэлийн ямар туршлага байдаг вэ. Тухайлбал, Австрали улс энэ талаар арвин туршлагатай байх?

-Улс орнуудад хамгийн түгээмэл хэрэглэгддэг ордын хөрөнгийн үнэлгээний код нь Австралийн “The VALMIN code” юм. Мөн Канадын Уул уурхай, металлурги, газрын тосны институтийн Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний стандарт (CIMVAL 2003), Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний кодыг (SAMVAL 2016) түгээмэл ашигладаг.

“The VALMIN code”-ыг 1996 онд баталж, 1998, 2005, 2015 онд шинэчилсэн юм билээ. Хөрөнгийн үнэлгээний энэхүү кодыг Австралийн уул уурхай, металлургийн болон Австралийн геологийн шинжлэх ухааны институтийн хамтарсан үнэлгээний комисс гаргасан юм. Энэ нь бусад хууль, дүрэмтэй уялдсан байдаг.

Тодруулбал, Компанийн тухай хууль, Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн ЖОРК (JORC 2012) кодод үндэслэдэг.

Хөрөнгийн биржийн журмын дагуу энэхүү үнэлгээний тайлан гаргах багийнханд тухайн салбарт таваас доошгүй жил ажилласан, геологи, уул уурхай, металлурги техникийн туршлагатай, үнэлгээний чиглэлээр мөн таван жил ажилласан туршлагатай (багадаа 10 жилийн туршлагатай байх), хуулийн заалтуудын талаар сайн мэдлэгтэй, хариуцлага хүлээх чадамжтай мэргэжилтнүүд байх шаардлага тавьдаг.

-Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ баталсан. Үүнийг хэлэлцэх үеэр гишүүд ташаа мэдээлэл, ойлголттойг “130 тэрбум ам.долларын ордоо IPO хийгээд 1-2 тэрбумаар л зарах нь”, “IPO хийхэд 60-65 тэрбум ам.доллар босгох боломжтой”, “Нэг тонн нүүрсийг 1-4 ам.доллароор үнэлээд байгаа юм уу” гэж хэлснээс анзаарч болохоор байсан.

Австралид мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаагүй ярьж, олон нийтэд буруу ойлголт өгдөггүй байх, тийм үү?

-Австралид хууль дүрмээ дагаж, мэргэжлийн байгууллагууд нь хууль, стандартын дагуу бүх судалгаа шинжилгээг хийж, олон нийтэд тайлагнадаг. Ямар нэгэн хариуцлагагүй үйлдэл гаргах нь хөрөнгийн биржид бүртгэлтэй тухайн аж ахуйн нэгжийн нэр хүнд, хувьцааных нь ханшид сөргөөр нөлөөлж, компани болон хөрөнгө оруулагчид алдагдал хүлээхэд хүргэдэг тул хуулиа сайн мөрддөг.

Олон улсын туршлагаас харахад, уул уурхайн төслүүдэд хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах нь жирийн үзэгдэл. Ордын үнэлгээний талаас авч үзвэл хөрөнгийн биржид хувьцаа арилжвал, олон улсын нөөцийн болон хөрөнгийн үнэлгээний стандартыг мөрдөж, бодит үнэ цэнийг нь мэргэжлийн байгууллагууд тогтооно. Дийлэнх хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчид тухайн ордын бодитой, баттай нөөц нь тогтоогдсон байвал, үнэлгээг нь харгалзан хөрөнгө оруулдаг.

Өөрөөр хэлбэл, таамаг, баримжаалсан баялаг дээр ирээдүйд олох мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын өгөөжийн эдийн засгийн тооцоо хийж болохгүй гэсэн үг. Энэ нь эрсдэл ихтэй бөгөөд журмаараа ч хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ зарим бирж таамаг нөөцийг нь тогтоосон байхад бүртгэж авах нь бий.

Геологийн нөөцийн тайланд бодитой, баттай, боломжтой, баримжаалсан таамаг ангиллын нөөцийг нийлүүлээд тайлагнасан байдаг. Үүнээс бодитой, баттай нөөц дээр нь эдийн засгийн тооцоо хийдэг л дээ. Австрали, Канадын хөрөнгийн биржийн үнэлгээний стандартад үүнийг тодорхой заасан байдаг. Нүүрсний ордын тухайд нөөцийг коксжих, хагас коксжих, хүрэн нүүрс зэргээр ангилахаар эдийн засгийн тооцооны үр дүн илүү нарийн, тодорхой болох жишээтэй. Нүүрсийг баяжуулах, угаах, тээвэрлэх дэд бүтэц, бусад зардлыг нь тооцож эдийн засгийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийг нь тодорхойлдог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай