Г.Нандинзаяа: Аав минь миний мэдэх хамгийн сайн дасгалжуулагч

“Жакарта-Палембан-2018”-аас 50 метрийн гурван байдлаас буудах төрөл (суугаа, хэвтээ, босоо)-д Монголын маань хоёр тамирчин өрсөлдөн, Азийн наадмын алт, мөнгөн медалийн эзэд болж, бахархам амжилт үзүүлсэн. Азийн наадамд буудлагаар алт, хүрэл медаль хүртээд байгаа ОУХМ Г.Нандинзаяатай тэмцээнийх нь талаар ярилцсан юм. Тэрээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, оюутны дэлхийн аваргаар тодорч байсан туршлагатай тамирчин юм. 

-Юуны түрүүд 458.8 оноогоор Азийн наадмын дээд амжилтыг ахиулж, түрүүлсэн явдалд баяр хүргэе. Монголын хөгжөөн дэмжигчид таныг хэрхэн хүлээж  авсан бэ?

-Тэмцээнд оролцохоор ирсэн монгол тамирчид маань нэг нэгнээ хөгжөөн дэмжсэн. Мөн Монголын багийг хариуцаж яваа удирдлагууд маань биднийг сайхан дэмжиж хүлээж авсан.

-Буудаж байх үеийн сэтгэл зүй ямар байсан бэ?

-Бэлтгэлээ сайн хангасан байсан болохоор өөртөө итгэлтэй байсан.  Өмнө нь хоёр удаа финалд буудсан болохоор аваргын төлөө тоглоход ч сандрал гайгүй  болчихсон байсан.

-Та энэ удаад Азийн наадмын дээд амжилтыг эвдэж чадсан.  Өөрийн бэлтгэл дээрээ энэ амжилтыг гаргаж байв уу? Бэлтгэлээсээ сайн буудсан уу, муу буудсан уу?

-Бэлтгэл дээрээ хамаагүй өндөр оноо авдаг. Өмнө нь бэлтгэл болон тэмцээн дээр хамаагүй илүү оноо авч байсан.

-Мөнгөн медалийн төлөө буудахдаа Өмнөд Солонгосын тамирчинтай оноо тэнцсэн. Шийдвэрлэх мөчид оноо тэнцчихээр сандарсан байх даа?

-Оноо тэнцчихээр жаахан сандардаг юм билээ.  Тухайн нөхцөл байдлаасаа сургамж авсан болохоор дараа дахиж сандрахгүй байхад минь  нөлөөлсөн байх.

-Шигшээд Монголынхоо тамирчинтай өрсөлдсөн. Медалийн төлөө өөрийн орны хүнтэй өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол. Ямар санагдаж байсан бэ?

-Үнэхээр дурсгалтай сайхан санагдаж байлаа. Буудахаасаа өмнө хоёулаа медаль авчихвал гэж бодож байсан. Буудаж байх завсар, зайгаараа бусад тамирчдынхаа оноог бас давхар ажиглаад Ч.Нарантуяа эгчийг сайн буудангуут дотроо баярлаж л байлаа. Азаар бид хоёр алт, мөнгөн медалийг хүртсэн. 

- Энэ хүртэл амжилттай оролцоход тань нөлөөлсөн голлох хүчин зүйл юу байсан бэ? 

-Анх буудлагат орохоос минь авахуулаад өдийг хүртэл намайг сургасан хүн бол миний аав юм. Амжилт маань уналтад орох үед алдааг минь яг олж хараад хэрэгтэй зөвлөгөөг өгч чаддаг, миний мэдэх хамгийн сайн дасгалжуулагч юм.

-Буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн охин аргагүй мөн дөө гэж бодогдохоор сайхан буудсан. Хэзээнээс аавынхаа замаар явъя гэж шийдсэн бэ?

-Аав минь залуудаа улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд цөөнгүй өрсөлдөж явсан. Өвөө маань ч бууддаг хүн байсан. Үйл хэргийг нь залгамжилснаас хойш 12 жил өнгөрсөн байна.  

-Монголд ирэхээр нь арай илүү нарийн ширийн зүйлийг тухтай ярих боломж олдоно гэж найдаж байна. Ярилцсанд баярлалаа. 

-Тэгэлгүй яахав. Монголдоо очихыг тэсэн ядан хүлээж байна. Баярлалаа. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай