ФОТО: Азийн наадамд өрсөлдсөн Монголын жиү жицүчдийн торгон агшин

18 дахь удаагийн Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан жиү цицүгийн төрөлд Монгол Улсаас 10 тамирчин өрсөлдсөнөөс анхны төдийгүй цорын ганц медалийг Ц.Удвал хүртлээ. Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглосон тэрбээр эхний тойргуудад Вьетнамыг Ти Хон Нгенийг шүүгчээр саналаар, АНЭУ-ын Х.Алшамыг 3:0-ээр ялсан ч хагас шигшээд БНСУ-ын Сүн Кирад 5:0-ээр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ж.Симонтой оноо тэнцэн, шүүгчийн саналаар ялав. Ингэснээр Ц.Удвал Азийн наадмаас Монголын багийн 10, жиү жицүгийнхний анхны медалийг хүртлээ.

Монголын жиү жицүчид “Жакарта-Палембан-2018”-аас медаль авахад нэлээд адармаатай, амаргүй байв. Ялангуяа, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д барилдсан Ө.Эрдэнэбаатар тун эргэлзээтэй шүүлтийн улмаас медалиа алдсан нь харамсалтай. Тэрбээр хагас шигшээд эзэн орны бөх Хамад Навадыг 3:2-оор ялж, мөнгөн медаль өвөртлөн, аваргын төлөө барилдахаар болсон. Ялагч тодрон, бүр түүнийг дэвжээнээс буусных нь дараа эзэн орны тамирчин, дасгалжуулагч нар гомдол гарган, барилдааных нь бичлэгийг давтаж үзээд, шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлсэн. Энэ асуудлаар МҮОХ-ны албаны хүмүүс гомдол гаргасан ч үр дүнд хүрээгүй. Улмаар Ө.Эрдэнэбаатар хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Кемал Мередовтой өрсөлдсөн. Хоёр бөхийн барилдааны үндсэн цаг 0:0-ээр дуусаж, шүүгчид узбек эрд ялалт өгснөөр манай тамирчин медальгүй хоцорсон юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай