Б.Шижир-Эрдэнэ: Ганцхан жил хичээллээд ДАШТ-д түрүүлэхдээ дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчилсэн

Б.Шижир-Эрдэнэ: Ганцхан жил хичээллээд ДАШТ-д түрүүлэхдээ дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчилсэн

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон ой тогтоолтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний “Хурдны хөзөр” төрөлд түрүүлэхдээ нэг багц буюу 52 хөзрийг 14 секундэд тогтоон, алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилт шинэчилсэн олон улсын их мастер Бат-Энхийн Шижир-Эрдэнэтэй ярилцлаа.

АНУ-ын Сан-Франциско хотод ээжтэйгээ хамт амьдарч, “Diablo valley” коллежид компьютерын шинжлэх ухааны мэргэжлээр сурдаг тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-ээс алт нэг, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртэхдээ дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчилсэн төдийгүй олон улсын их мастер болж байв.

Дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпод 2016 онд түрүүлэхдээ “Хоёртын тоолол” төрөлд тус тэмцээний дээд амжилтыг ахиулж, өдөө эзэмшиж буй Б.Шижир-Эрдэнэ Америкийн хоёр удаагийн аварга юм.

-Бэлтгэлийн үеэр багц хөзрийг ер нь хэдэн секундэд тогтоон, алдалгүй санаж байв. Тэмцээний үеэр түүнийгээ ахиулсан уу, эсвэл хараахан хүрч чадсангүй юү?

-Тэмцээний үеэр би өөрийгөө хоёр удаа яллаа. Бэлтгэлийн үеэр багц хөзрийг 14 секундэд тогтоосон ч алдалгүй санаж чадахгүй байсан. Аль нэгийг нь мартаж, алдаа гарган нэг л болохгүй байсан л даа. Зөндөө хичээсэн ч санаснаар болоогүй. Тэмцээний үеэр дахин алдах вий гэж санаа зовсон ч ашгүй тэгсэнгүй.

Бэлтгэл дээр алддаг зүйлээ амжилттай гүйцэтгэж, өөрийгөө яллаа. Нөгөөх нь дэлхийн дээд амжилт шинэчилсэн явдал. Үнэнийг хэлэхэд өөрийгөө ийм амжилт гаргана гэж төсөөлөөгүй. Медаль хүртэнэ, багц хөзрийг 20 секундээс бага хугацаанд тогтооно гэж л барагцаалж байлаа. Дэлхийн дээд амжилт шинэчилснээ мэдээд өөртөө итгээгүй. Ёстой шоконд орсон шүү.

-Та зургаан төрөлд өрсөлдсөн. Хамгийн сүүлчийнх нь “Хурдны хөзөр” байсан нь сэтгэл зүйн хувьд давуу талтай байв уу?

-Тэгсэн. Ер нь тэмцээний үеэр их сандардаг. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд заримдаа бүр амьсгалахаа ч мартдаг. Зургаан төрлийн нийлбэрээр медаль хүртэх боломжтой байдаг юм. Гэтэл би үсэг цээжлэх төрөлд оролцохдоо нэгийг алдан, оноо авч чадаагүй. Тэгэхээр нийлбэр дүнгээр амжилт гаргах боломжгүй болсон гэсэн үг.

Энэ нь “Хурдны хөзөр” төрөлд түрүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Хоёр удаа оролдлого хийх боломжтой тул эхнийхээрээ 17 секундэд тогтоон, сүүлчийхээрээ дэлхийн дээд амжилтын эзэн боллоо. Намайг үргэлж дэмждэг хоёр багш (Х.Хатанбаатар, Б.Баасандорж), эмээ, ээждээ их баярлаж явдаг. Нээрэн, тэмцээний үеэр нэг сонирхолтой зүйл болсон шүү дээ.

-Юу болов?

-БНХАУ-ын нэг тамирчин эхний оролдлогоороо багц хөзрийг 16 секундэд цээжлэн, алдалгүй санаснаар тамирчдыг тэргүүлэх болсон. Дэлхийн дээд амжилт эзэмшдэг тэрбээр амжилтдаа эрдсэндээ ч тэр үү, дараагийнхаа оролдлогыг гүйцэтгээгүй. 52 хөзрийг 16-гаас богино хугацаанд тогтоохгүй гэж бодсон байх л даа. Гэтэл би 14 секундэд цээжлэн, түрүүлсэн. Өнөөх тамирчин мөнгөн медаль хүртсэн ч шагнал гардуулах ёслолд оролцоогүй.

-Дэлхийн дээд амжилтаа бэлтгэл дээр ч юм уу, энгийн үед давтаж чадаж байгаа юу?

-Бөхчүүд цол дагаж бяр нэмэгддэг гэдэг шиг л юм болоод байна (инээв). Амжилтаа бэлтгэлийн үеэр давтах, эсэх миний ч сонирхлыг их татсан. Өмнө нь зөндөө оролдоод чадаагүй зүйлээ тэмцээнээс хойш алдахгүй байгаа. Ой тогтоолт сэтгэл зүйн спорт гэдэг үнэн юм аа. Өөрийгөө ахиулсан, шинээр нээсэн тэмцээн байлаа.

-Ой тогтоолтоор 2014 оны арванхоёрдугаар сараас хойш хичээллэж байгаа юм билээ. Ганцхан жил бэлтгэл хийгээд өсвөрийн дэлхийн аварга болж, дэлхийн дөрвөн дээд амжилт шинэчилсэн бил үү?

-Тэгсэн. Жилийн хугацаанд өдөр, шөнөгүй бэлтгэл хийсэн, ой тогтоолтыг амьдралынхаа нэг хэсэг болгосны үр дүн гарсан л даа. Тухайн үед бэлтгэлээ өдөр бүр 6-8 цаг хийдэг байлаа. Яг нэг жилийн дараа өсвөр үеийн ДАШТ-д өрсөлдөхдөө таван медаль авч, олон улсын их мастер болсондоо урамшсан. Аварга болох амархан, хамгаалах хэцүү гэдэг үнэн юм билээ.

Хошой аварга болохыг чин сэтгэлээсээ хүсэн, хичээж байгаад 2016 онд ДАШТ-ээс хоёр алтан медаль авсан. Амжилт гарган, ээж, эмээ хоёроо баярлуулах хамгийн сайхан. Хоёр жилийн өмнө оюуны олимпод түрүүлэхдээ “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 4770 цифр цээжлэн, тус тэмцээний дээд амжилтыг шинэчилсэн минь санаанаас ер гардаггүй юм.

Шагнал гардуулах ёслол энэ тэр гээд ээждээ утсаар хэлэх боломж гардаггүй ээ. Арайхийж завтай болоод ээж рүүгээ утсаар ярьтал аль хэдийнэ онгоцоор нисээд АНУ-д ирчихсэн байж билээ. Миний төлөө бүхнээ зориулдаг ээж минь намайг тэврэн, уйлахад сэтгэл их хөдөлсөн шүү.

-Эл спортын аль төрөлд нь илүү дуртай вэ. Онцолж бэлтгэл хийдэг төрөл бий юү?

-Байлгүй яах вэ. Би “Хоёртын тоолол”, “Хурдны хөзөр”-т дуртай, түлхүү бэлтгэл хийдэг. Тамирчин бүхэн нийлбэр дүнгээр түрүүлж, аваргын цом өргөхийг хүсдэг. Би анхандаа зураг, хүний царай цээжлэх төрөлд маруухан байлаа. Хэчнээн хичээгээд ч санаснаар болдоггүй байсан сан.

Тэмцээнд оролцохдоо энэ хоёр төрлийн оноог “Хоёртын тоолол”, “Хурдны хөзөр”-өөр нөхдөг байв. Ой тогтоолтын дүрэм их хатуу. Тэр нь ч надад таалагддаг. 360 цифр цээжиллээ гэж бодъё. Бүгдийг нь тогтоож, алдалгүй санасан мөртлөө зөвхөн хоёр дахь цифрийг санахгүй байлаа гэхэд ганцхан оноо авна. Тэгж бодохоор аймаар. Тэр хэрээр тамирчдаас асар их хөдөлмөр, тэвчээр шаардана.

“Дуут цифр” төрөлд өрсөлдөж байлаа гэхэд хэдхэн хором анхаарал сарнихад л бүх зүйл дуусдаг гэмтэй. Бэлтгэл, хөдөлмөр, зүтгэлээс гадна анхаарлаа төвлөрүүлэх чадвар шаарддаг спорт л доо.

-Ярилцлага авахынхаа өмнө таны талаар судлахад УАШТ-д ганцхан удаа өрсөлдсөн, медаль авч байгаагүй юм билээ. Гадаадад амьдардаг болохоор оролцох боломж, зав тэр бүр гардаггүй юм уу?

-Харин тийм ээ. Улсынхаа шилдгүүдтэй 2015 онд ганцхан удаа л өрсөлдсөн. Тухайн үед ой тогтоолтоор хичээллээд гуравхан сар болж байсан болохоор гавьтай амжилт гаргаж чадаагүй. Түүнээс хойш улсын аварга гэлтгүй дотоодын тэмцээнд оролцож чадахгүй байсаар энэ зун улирлын аваргад оюунаа сорилоо.

Эх орондоо тэмцээнд оролцох гоё байсан, “Хурдны хөзөр”, нэр, зүс, царай цээжлэх төрөлд улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн.

-Зуны амралтаараа Монголд ирсэн гэсэн. Хүний нутагт амьдрахад хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас авхуулаад “зовлон” их. Таны хувьд дасахад хамгийн хэцүү зүйл юу байв?

-Би АНУ-д амьдраад гурван жил болж байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд очсон юм. Сан-Францискод очин, арванхоёрдугаар анги төгссөнийхөө дараа “Diablo valley” коллежид компьютерын шинжлэх ухааны ангид элссэн. Одоо хоёрдугаар курсэд орно. Би Монголд эмээтэйгээ хамт байдаг, ээж АНУ-д амьдардаг байлаа. Намайг арван настай байхад ээж тэнд амьдрах болсон.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ээж рүүгээ очих нь тодорхой байсан тул багаасаа англи хэлний мэдлэгээ сайжруулж, өөрийгөө бэлдсэн. Тийм болохоор 16 настайдаа АНУ-д очиход хэлний бэрхшээл гараагүй. Харин эхний хэдэн сард соёлын ялгаа их гарсан, дасах гэж нэлээд тэвдсэн шүү. Жишээлбэл, хүний хөлөн дээр санамсаргүй гишгэчихээд уучлалт гуйж гар барих гэхэд гайхна.

Тэгэхэд нь өө, нээрэн энд тэгдэггүй гээд л өнгөрнө. Соёлын тиймэрхүү жижиг, сажиг ялгаа зөндөө гарсан. Багадаа би есөн сургууль сольж, шилжсэн минь их туршлага боллоо (инээв). Аливаа зүйл, шинэ орчинд дасан зохицох чадвараа сайн хөгжүүлсэн болохоор амархан дассан. Монгол, Америкийн ерөнхий боловсолын сургуулийн сургалтын ялгаа тэс өөр юм билээ. Америкчууд ахлах ангид есдүгээр ангиасаа ордог. Ямар нэг тусгай анги гэж байхгүй, сурагчид судлахыг хүссэн хичээлээ өөрсдөө сонгодог.

Ахлах ангидаа дөрвөн жил сурахдаа математикаар тэд, биеийн тамирын хичээлээр тэдэн кредит судлах ёстой гэсэн журамтай. Хүүхдийн биеэ даах чадварыг хөгжүүлэхэд их анхаардаг. Америк сурагч 15 нас, зургаан сартайдаа жолооны үнэмлэх авах боломжтой. Тэгэхээр аравдугаар ангид ороод л автомашинтай болох эрхтэй ч эцэг, эхээрээ авхуулахыг таашаадаггүй.

Аль болох зээлээр аваад, хичээлийнхээ хажуугаар ажил хийн, төлөх сонирхолтой юм билээ. Ямар хичээл сонгох, сургалтад хамрагдахыг тухайн хүүхэд өөрөө л шийднэ. Эцэг, эх, багш нь ер оролцохгүй. Тэр хэрээр америк хүүхдүүдийн биеэ даах чадвар багаас нь сайжирдаг.

-Бусад америк хүүхдийн адил сурангаа ажил хийдэг үү. Ээжээсээ хэрэглээний мөнгө авахгүйгээр санхүүгийн асуудлаа шийдэхэд цалин нь хүрэлцдэг үү?

-Америкт амьдрахад өртөг өндөртэй. Хичээл, бэлтгэл гээд зав хомс болохоор хийхэд цагийн ажил илүү тохиромжтой. Би ахлах сургуульд сурч байхдаа жүүсний компанид зургаан сар ажилласан. Оюутан болсныхоо дараа тэндээс гараад одоо япон сүшиний газар зөөгч хийж байгаа.

Сургууль гэрээс хол тул зээлээр автомашин авсан. Цалин нь зээл, даатгал, хэрэглээний мөнгө, тэмцээнд оролцох зардалд хүрнэ ээ.

-Юмыг хурдан тогтоодог “супер тархи”-тай гээд ангийнхан хэр их гайхдаг байв?

-Ой тогтоолтоор хичээллэн, өөрийгөө ингэж хөгжүүлэх боломжтой гэхэд америк хүүхдүүд итгэдэггүй юм. Намайг гоц ухаантай, аливаа зүйлийг тэгж тогтоох боломжгүй зүйл гэж боддог. Хурдан цээжлэх аргыг нь тайлбарлахаар л ойлгодог юм. Нэгдүгээр курсийн эхний хагас жилд би математикийн хичээл судалсан.

Хоёр цагийн шалгалтыг удлаа л гэхэд 30 минутад хийгээд хураалгадаг байлаа. Шалгалтны цаг дуусахаас өмнө ангиас гарах хориотой. Тиймээс материалаа хураалгачихаад цаг 30 минут орчим зүгээр сууна. Багш минь сүүлдээ намайг материалаа өгөхөөр “Зүгээр суухыг чинь харах эвгүй байна” гээд ном уншуулдаг болсон.

-Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр яагаад сурахаар шийдэв. Өөрийн тань сонирхол байв уу. Эсвэл ээж тань зөвлөсөн юм уу?

-Ер нь би багын математик, физикийн хичээлдээ сайн, сонирхолтой байсан. Гэхдээ яг ямар мэргэжлээр сурах вэ гэж зөндөө бодсон. Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурвал ажлын байр хэр байдаг, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжтой зэрэг нь миний сонирхлыг их татсан л даа. Өнөө цагийн техник, технологийн хөгжлийн өлгий болсон “Цахиурын хөндий”-д ажилладаг цөөнгүй хүн манай гэрийн ойролцоо амьдардаг нь чамгүй нөлөөлсөн.

Бусдаас зөвлөгөө авч байгаад энэ мэргэжлийн сонголоо. “Аpple” компанид ажилладаг байсан Б.Хасан ахаас хүртэл зөвлөгөө авч, туршлагаас нь судалсан. Ямар нэг асуудал тулгарахад гарцыг нь эрэлхийлж, шинэ санаа олохоор надад үнэхээр сайхан санагддаг, үгээр илэрхийлэхийн аргагүй кайф авдаг. Тиймээс надад энэ мэргэжил яг тохирно.

Компьютерын шинжлэх ухаан дотроо программ хангамж, хамгаалалт, хөгжүүлэлт, бүтээгдэхүүн гаргах зэрэг олон төрөлтэй. Одоогоор аль чиглэлээр нь түлхүү мэргэшихээ хараахан шийдээгүй байна. Ер нь бүтээгдэхүүн гаргах талдаа илүү сонирхолтой. Монгол хүн тийм программ бүтээж, түүнийг нь “Apple”, “Microsoft” компани худалдаж авлаа, үйлдвэрлэлд нэвтрүүллээ гэвэл гоё доо, тийм ээ.

-Тэгэлгүй яах вэ. Таныг ч бас тэгж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа. Хичээнэ ээ.

-Таны мэргэжил аливаа зүйлийг тогтоох, түүнийгээ мартахгүй байх, судлах, гаргалгааг нь богино хугацаанд олох, харьцуулан дүгнэх зэрэг олон чадвар шаардана. Ой тогтоолтоор хичээллэдэг чинь давуу тал болдог уу?

-Бололгүй яах вэ. Зөвхөн сурч буй мэргэжилд төдийгүй миний амьдралын алхам бүрт хэрэг болдог. Олон жилийн дараа ч таны утасны дугаарыг би шууд санана. Царайг чинь хараад л нэрийг тань хэлж чадна. Эл спортоор хичээллэдгийн ачаар программын хэл, багшийн өгсөн даалгавар зэрэг бүх л зүйлийг бусдаас хавьгүй хурдан сурч байна.

-Тэнд л ажиллах юм сан гэж мөрөөддөг байгууллага бий юү?

-Одоохондоо алга. Юуны түрүүнд их сургуулиа төгсөн, өөрийгөө сайн хөгжүүлж, чадварлаг боловсон хүчин болох, докторын зэрэг хамгаалах зорилготой. Мэдээж Монголдоо ажиллах, эх орноо хөгжүүлэхийг юу юунаас илүү хүсдэг. Гэр маань “Цахиурын хөндий”-тэй ойрхон байдгийн хэрэг юу билээ, тэнд дадлага хийн, туршлага хуримтлуулахыг зорьж байна.

-Таныг мэргэжлийнхээ дагуу “Apple”, “Mi­crosoft” зэрэг компанид ажиллахыг хүсдэг гэх болов уу гэж таамаглаж байлаа. Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч буй олон залуу тийм мөрөөдөлтэй байдаг шүү дээ.

-Тэр ч тийм шүү. Надад юу юунаас илүү үзэл бодол, хүсэл мөрөөдөл минь чухал. Түүндээ тохирсон, түүнийг минь үнэлдэг, дэмждэг байгууллагад ажиллахыг хүсдэг. Түүнээс биш нэр алдартай, санхүүгийн чадвартай байгууллага нь тийм ч чухал биш. Өнөөгийн залуус гадаадад амьдрах, сурах сонирхолтой нь анзаарагддаг.

Мэдээж хүн бүр амар тайван амьдарч, мэдлэг, боловсролтой болохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ гадаадад очоод бүх зүйл сайхан болохгүй, зөндөө асуудалтай тулгарна. Тиймээс юуны түрүүнд Монголдоо сайхан амьдрах боломжийг эрэлхийлээсэй, сайтар судлаасай. Манай улсад олон боломж бий. Үүнийг саяхан байгуулагдсан хиймэл оюун ухааныг ашиглан зээл олгодог ЛэндМН аппликэйшнээс харж болмоор.

Одоо Азид тэргүүлэх хэмжээнд хүрээгээ тэлж байгаа юм билээ. Энэ мэт шинэ санаа, шинэ гарцыг ашиглаж чадвал эх орондоо сайхан амьдрах боломж дүүрэн байна.

-АНУ руу хэзээ буцах вэ?

-Нөгөөдөр (өчигдөр) буцна. Оюутан болсныхоо дараа хичээл, сурлагадаа анхаарахын тулд жил, зургаан сар гаруйн хугацаанд огт бэлтгэл хийгээгүй. Энэ он гарснаас хойш ой тогтоолтоор эргэн хичээллэж байгаа.

Эхэндээ өмнө нь гүйцэтгэдэг байсан зүйлээ чадахгүй байхаар сэтгэлээр унасан, цөхөрмөөр санагдсан. Миний ур чадвар бага багаар сэргэж байгаад урамшиж байна. Цаашид мэргэжил, спортоо хослуулж, хоёулангаар нь монгол хүн юу чаддагийг дэлхийд үлгэрлэхийг хүсдэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

Илгээх

Энэ тухай