Авьяаслаг “Шагай”-нууд

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, түүний отгон дүү, “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ганшагайг “Ах дүүс” буландаа урилаа. Г.Алтаншагай “Бид эцэг, эхээс тавуулаа. Урлагийн мэргэжил сонгосон нь бид хоёр” гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм. Монголын урлагт хамтдаа зүтгэж буй ах, дүүгийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Г.Ганшагай таны отгон дүү юм билээ. Хэдэн насны зөрүүтэй вэ?

Г.А: -Би Г.Ганбаатарынх гэдэг айлын ууган хүү. Ганшагай бид хоёр есөн насны зөрүүтэй.

-Ууган хүүхдүүдэд хариуцлага их оногддог шиг санагддаг. Та хэр сайн ах вэ?

Г.А: -Манайх дөрвөн хүү, ганц охинтой айл л даа. Хүү голдуу болохоор том ах нь хариуцлагатай байхаас аргагүй. Манайх Хэнтий аймгаас гаралтай. Бид Бэрх суманд төрж, Норовлинд өссөн юм. Одоо ч Батноровт манайх бий. Хөдөө өссөн хүүхдүүдэд мод түлээ хөрөөдөх, усандаа явахаас авхуулаад ажил мундахгүй. Хотын хүүхдүүдийг бодвол чийрэг, өлчир өссөн дөө. Айлын том хүүхэд ямар явахаас удаах хүүхдүүдийн хүмүүжил, амьдралын баримжаа их шалтгаалдаг гэж боддог юм.

-Хэр хатуу, чанга ах вэ?

Г.А: -Багадаа аав, ээжийг ажилдаа явсан хойгуур дүү нараа харна, хүмүүжүүлнэ. Үгэнд орохгүй бол том ахын зангараг харуулдаг байлаа. Алганы амт үзүүлчихээд “Аав, ээжид ховлож болохгүй шүү” гэж “базна”. Гэхдээ “Дээрээ ахтай байсан ч болоосой” гэж би нэг ч удаа бодож байгаагүй. Том ах гэдгээрээ бахархаж, зөв амьдрахыг улам л хичээж байна.

-Ахдаа нулимсаа гартал загнуулж үзсэн үү. Айлын бага хүүхдүүд танхи өсдөг гэдэг?

Г.Г: -Нулимсаа гартал загнуулах энүүхэнд, алганы амт үзэж өссөн. Тэглээ гээд буруудсан юм алга. Ахаасаа үг сонсохгүй, буруу зүйл хийчихээд алганы амт үзэхгүй байна гэж юу байх вэ. Уг нь би өөрийгөө эрх гэж боддоггүй юм. Гэхдээ одоо бодоод байх нь ээ, аавдаа их л эрхэлдэг байж. Ахад загнуулбал аавд алтан хошуу хүргэчихнэ. Тэгээд л “Хов зөөлөө” гээд дахиад дэглүүлдэг байв.

-Аав тань урлагийн хүн байсан юм билээ. Урлагийн мэргэжил сонгосон нь аавтай тань холбоотой юу?

Г.А: -Аав минь насаараа сумын клубийн эрхлэгчээр ажилласан хүн. Аавыгаа дагаад л урлаг, уран сайхны арга хэмжээнд явна. Хичээлээ тараад л аавынхаа ажил дээр очно. Сум, багуудад тоглолтоо хүргэхээр явахад нь дагана. Тийм орчинд өссөн болохоор урлагийн мэргэжил их ойр. Харин дүүдээ би нөлөөлсөн байх шүү.

Г.Г: -Тэгсэн шүү. Аав, ахын нөлөө их бий.

Г.А: -“Бурхан хамгийн хайртай хүмүүсээ урлагийн замд хөтөлдөг” гэж үг байдаг даа. Дүүтэйгээ хамт урлагийн салбарт ажиллаж буйдаа баяртай явдаг.

-Ахыгаа дагаад жүжигчин болъё гэж бодоогүй юу?

Г.А: -Намайг СУИС төгсөж, УДЭТ-т ажиллаж байхад дүү минь дунд сургуулиа төгссөн юм. Аав, ээж минь “Нэг гэрт олон урлагийн хүн байгаад дэмий. Ганшагайг цагдаа болгоно” гэдэг байв. Гэтэл дүү минь дуучин болохоор шийдчихсэн. Бүр тавдугаар ангидаа л “Би эстрадын дуучин” улсын уралдаанд түрүүлсэн хүн шүү дээ. Би ч багадаа тэр уралдаанд оролцож байсан. Түрүүлэх нь битгий хэл байнд ч үгүй, банзанд ч үгүй л нутаг буцдаг байлаа. Өндөр шалгууртай, чансаатай уралдаанд түрүүлснийг нь мэддэг болохоор дүүгээ дуучин болох авьяастай гэж боддог байсан даа.

Г.Г: -Би цэцэрлэгт байхаасаа л дуулдаг байлаа. Долдугаар ангидаа “Дуулахуй”, аравдугаар ангидаа “Би эстрадын дуучин” улсын уралдаанд дахин түрүүлж, СУИС-д суралцах урилгаар шагнуулсан юм. Г.Хайдав багшаас урилга гардаж, энэ мэргэжлийг эзэмшсэндээ их бэлгэшээдэг шүү.

Г.А: -Уг нь би дунд сургуулиа төгсөөд дуучин болохоор СУИС-д шалгуулаад уначихсан юм. Тэгээд жүжигчний ангид шалгуулж, тэнцсэн юм шүү дээ.

-Олуулаа бужигнаж өссөн хүүхдүүдэд хөгтэй дурсамж их бий биз дээ?

Г.Г: -Багад аавын найзууд манайд их ирнэ. Би гангарааны улаан дээлтэй. Найзуудыг нь ирэнгүүт улаан дээлээ өмсөөд л дуулж өгөөд мөнгө авдаг байв. Багаасаа “халтуур” хийчихсэн юм уу даа (инээв).

Г.А: -Аавын минь хамаатнууд дунд урлагийн авьяастай хүн олон. Нутагтаа гэр бүлийн тоглолт хийсэн үе санаанаас гардаггүй юм. Бас багад зурагттай айл ховор. Айлд очиж зурагт үзнэ. Бөөнөөрөө очиж болохгүй болохоор өдөрт нэг нэгээрээ ээлжилдэг байв.

Г.Г: -Нээрэн, би ахыг оюутан болж, хот руу явсны дараа их санадаг байсан шүү. Нэг удаа зургийн цомгоосоо хамт авхуулсан хамгийн гоё зургаа сонгон, хэлбэр гарган хайчилж, наагаад ахдаа захидал бичиж билээ. Тухайн үед гар утас байсангүй. Орон нутгийн зам муу, тэр бүр унаа тэрэг явахгүй шүү дээ. Арай гэж унаа олоод захидлаа хүнд дайж байсан санагдана.

Г.А: -Дөнгөж оюутан болж ирээд айлд амьдардаг байв. Дараа нь халаасны өрөө, оюутны дотуур байр гээд нүүж өгсөн. Оюутан байхдаа би 20- иод удаа нүүсэн байдаг. Гэрийнхнээс захидал ирэхээр уншаад л учиргүй уйлдаг байж билээ (инээв).

Г.Г: -Нээрэн, та аав, ээжид хэлэлгүй сургуулиасаа жилийн чөлөө аваад айхтар гөвшүүлсэн, тийм ээ?

Г.Алтаншагай, Г.Ганшагай нар 2002 онд Сүхбаатарын талбайд

Г.А: -Тэгсэн. Яах аргагүй шалтгаанаар сургуулиа орхих болов оо. Тэгээд хиаман цехэд ажиллалаа. Зун нь нутаг руугаа буцахаар цалингаа авах гэтэл өгдөггүй. “Борлуулалт муу болохоор мөнгө байхгүй. Цалингаа хиамаар авбал ав” гэхээр нь хоёр хайрцаг дүүрэн, нарийн, чанамал, давхар утлагат гээд төрөл бүрийн хиам авчихлаа. Түүнийгээ аваад л хөдөө гэр рүүгээ явлаа. Очтол аав “Юун их хиам бэ. Хаанаас, яах гэж авав” гэхээр нь худлаа ярьж чадахгүй үнэнээ хэлээд зодуулсан юм. Одоо бол хүмүүс “Хүүхдийн эрх зөрчлөө” гэхчлэн янз бүрээр ярьдаг болж. Биднийг хүүхэд байхад ааваасаа жавтий хүртдэг л байсан шүү дээ. Тэглээ гээд бусдаас дордсон юм алга. Харин ч аавынхаа суран тэлээгээр ороолгуулчихад хийморь сэргэх шиг л санагддаг байсан юм.

-Нэгнээрээ хэзээ хамгийн их бахархаж байв?

Г.А: -Сайн, сайхан явааг нь хараад үргэлж л баярлаж, бахархдаг. Нээрэн, саяхан “Сүлд” чуулгынхан Соёлын төв өргөөнд тоглолт хийсэн юм. Тэр үед дүүгээ тайзан дээр дуулж буйг үзэгчдийн суудлаас үзээд үнэхээр их бахархсан шүү.

Г.Г: -Ах нар хэзээд л дүүгийнхээ бахархал, үлгэр дуурайл байдаг болов уу. Би ахыгаа жүжигчин мэргэжил эзэмшихэд маш их баярласан. “Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай” гээд үзүүлбэрийг нь зурагтаар үзчихээд, найзууддаа сайрхаж, онгирдог байлаа.

-Сүүлийн үеийн залууст ах захтай байх, бусдыг хүндлэх сэтгэл, хүмүүжил дутаад байна уу даа гэж анзаарагддаг. Аав, ээж тань та нарыг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

Г.А: -Аав минь их зарчимч, чанга хүн байв. Тийм болохоор биднийг ажилсаг, хүнлэг байхад сургасан. Их эвсэг болгож өсгөсөн.

Г.Г: -Ах захтай байхыг л их сургадаг, тэгж хүмүүжүүлдэг байлаа. Ээж минь багш мэргэжилтэй. Ийм гэр бүлд өссөн болохоор даруулгатай байхаас аргагүй.

-Аав, ээжийнхээ захиаснаас үргэлж санаж явдаг нь ямар үг байдаг вэ?

Г.А: -Аав минь “Хүнд хэзээ ч битгий худал хэл. За гэсэн бол ёогүй бай” гэж захидаг байв. Бид одоо ч энэ л зарчмыг үргэлж санаж, хичээдэг.

Г.Г: -Ажил эхэлсэн л бол эцсийг нь үзэж бай гэдэг байлаа.

-Одоо нутаг руугаа хүлгийн жолоо хэр залдаг вэ?

Г.А: -Зун бүр гэр бүлээрээ нутагтаа очиж амардаг. Манайх улам л өнөр өтгөн, олуулаа болж байна.

-Сэтгэлээ онгойтол ярилцаж, “буу халж” суух үе бишгүй л байдаг байх. Хамгийн сүүлд хэзээ нэгэндээ дотроо уудалсан бэ?

Г.А: -Удаан хугацаагаар аялан тоглолтоор, гадаад руу явах үед нэгнээ их санадаг.

Г.Г: -Адилхан урлагийн мэргэжилтэй болохоор ч тэр үү, арай илүү амь нэгтэй ч юм уу ахтайгаа ярих зүйл мундахгүй.

-Уран бүтээлч хүмүүстэй уулзсаных үзэгчдэд хүргэхээр төлөвлөж буй шинэ уран бүтээлийнх тухай асуулгүй өнгөрч болохгүй байх.

Г.А: -Энэ зун дэлгэцийн гурван киноны гол дүрд тоглолоо. Тэдгээрийн нэг болох “Оюунлаг” продакшны бүтээсэн “Онцгой даалгавар” киног ирэх сарын 14-нөөс үзэгчдэд хүргэнэ. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон өмнө нь “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг шоу драм олны хүртээл болгосон шүү дээ. Дахин энэ төрлийн тоглолтыг ирэх сарын 5-наас үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Тоглолт гурван бэсрэг жүжгээс бүрдэнэ. Тухайлбал, “Хүн алж тоглосон залуус” зохиолоос сэдэвлэсэн “Оддын өвчин” жүжиг тоглолтод багтсан.

Г.Г: -Удахгүй үзэгчдэд хүрэх “Хүний цаана” гэх нэртэй болон аавын тухай өөр нэг уран сайхны киноны дууг дууллаа. Түүнчлэн ирэх есдүгээр сард “Сүлд” чуулгынхаа уран бүтээлчидтэй аялан тоглолтоор явна. Энэ удаа Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг баруун аймгийнханд тоглолтоо хүргэх юм. Мөн ирэх сард Чингис хаан одонт Б.Шарав гуайн нэрэмжит мэргэжлийн дуулаачдын улсын уралдаанд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай