Ч.УРАНЖАРГАЛ: Есөн сартай хүүхэд вакцин тариулснаас бус, үжил өвчнөөр эндсэн

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тархвар судлаач Ч.Уранжаргал вакцины нийлүүлэлт, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийв.

-Товлолын буюу 0-15 насны хүүхдийн вакциныг хаанаас, яаж захиалдаг вэ?

-Манай улс 13 нэрийн халдварт өвчний эсрэг зургаан төрлийн вакциныг товлолын дагуу хийдэг. НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдаж авдаг юм. Олон нийтийн сүлжээгээр Монгол Улс тусламжийн вакцин хэрэглэдэг гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

Хүүхдийн дархлаажуулалтын вакциныг Монгол Улсын Засгийн газрын төсвөөр худалдаж авдаг. Төрсний дараа 24 цагийн дотор халдварт саа, сүрьеэ, гепатит В-гийн эсрэг гэсэн гурван вакцин хийнэ. 2, 3, 4 сартайд нь сахуу, хөхүүл ханиад, татран, халдварт саа, гепатит В, есөн сартай, хоёр настай хүүхдэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг, долоо, 15 настайд нь сахуу татрангийн дархлаа сэргээх тунг тарьж хэрэглэж байна.

Ихэвчлэн Англи, Япон, БНСУ, Нидерланд, Энэтхэгт үйлдвэрлэсэн вакцин хэрэглэдэг. Зориулалтын саванд, тусгай хэмд хадгалан онгоцоор илгээсэн вакциныг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны мэргэжилтнүүд хөргүүртэй машинаар зөөн төв агуулахад хадгалдаг юм. Шат бүртээ үргэлж хяналтад байдаг учраас тээвэрлэлт, хадгалалтад эцэг, эхчүүд эргэлзэх шаардлагагүй.

-Вакцин тариулсан есөн сартай хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тухайн хүүхэд вакцин тариулснаас болж нас барсан юм биш. Үжил өвчний шалтгаанаар амиа алдсан. Эмгэг судлалын шинжилгээний хариу маргааш (өнөөдөр) гарна. Үүний дараа албан ёсны мэдээлэл хийнэ.

-Үжил өвчний шалтгаанаар гэдгийг тодруулахгүй юу?

-Тухайн хүүхэд вакцин хийлгэхээс өмнө идээт үрэвслээр өвдсөн байж болзошгүй. Эмчийн үзлэгээр шинж тэмдэг мэдэгдээгүй хэрнээ вакцин хийлгэсний дараа илэрсэн байх.

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхдээ юунд анхаарах хэрэгтэй бол?

-Вакцин биологийн бэлдмэл учраас тариулсны дараа халуурах, тарьсан хэсэгт хавдах, улайх, хөндүүрлэх шинж илэрдэг. Хүүхэд 38 хэм хүртэл халуурвал хэвийн. Үүнээс дээш хэм халуурвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эрүүл хүүхдэд хариу урвал хөнгөн хэлбэрээр илэрдэг. Ямар өвчний эсрэг, хаанахын вакцин болох, хугацаа нь хэзээ дуусахыг эцэг, эхчүүдэд сувилагч харуулах ёстой.


Бэлтгэсэн: Ч.Болор

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай