Манай улс хүүхдийн хөгжилд БНСУ-аас 1400 дахин бага хөрөнгө төсөвлөдөг

“Хүүхдийн тархины хөгжлийн 80-85 хувь нь 0-5 насанд явагдаж, насан туршийн суурь чадвар, хүмүүжил, төлөвшил нь тогтдог. БНСУ 2013 оноос “Нүри” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тус улс сургуулийн өмнөх боловсролын чанар, багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадварыг нэмэгдүүлэхийн тулд сар бүр 250 000 вон зарцуулж байхад Монгол Улс жилд ердөө 807 500 төгрөг буюу сард 171 вон төсөвлөдөг” хэмээн нийслэлийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо санаачлан, Боловсрол судалгаа шинжилгээний төв, Монголын хувийн цэцэрлэгүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “БНСУ-ын сургуулийн өмнөх боловсролын дэвшилт арга зүй” сургалт хоёр дахь өдрөө болж байна. Тус сургалтад төр, хувийн цэцэрлэгийн 200 багш оролцож буй. Эргэцүүлэн бодох, бодит мэдлэг, харилцан ярианы арга барилыг математик, уран зохиол, хөгжим, харилцааны хичээлээр олгох арга зүйн сургалтыг “Кон Гүг” их сургуулийн тэнхимийн профессор Ём Жи Сүг, “Чэжү” олон улсын их сургуулийн багш И Бу Ён, И Су Жон тэргүүтэй БНСУ-ын 12 эрдэмтэн удирдан явуулж байгаа аж.

Түүнчлэн “Тэ-рим” их сургуулийн профессор Хуан Ын Сүнь “БНСУ-д хэрэгжиж байгаа сургалтын арга барилыг Монголд нутагшуулбал сургуулийн өмнөх боловсролын чанар эрс сайжирна” гэв.


Бэлтгэсэн: Х.Хишигдэлгэр

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай