Зөвшөөрөлгүй шонхор барьж явсан арабуудыг саатууллаа

Хэнтий аймгийн Галшар сумаас шонхор барьсан гурван араб эрийг тус аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Сири улсын иргэн И, А, Р гэсэн гурван хүн биедээ зөвшөөрлийн бичиггүйгээр шонхор барьж, “Ланд круйзер-200” машинд тээвэрлэж яваад саатуулагдсан. Өөрсдөө “Бид бариагүй. Хүн барьж өгсөн. БОАЖЯ-наас зөвшөөрөлтэй” гэжээ. Өөр нэг эх сурвалж “Кувейтийн ханхүү ирж, Хэнтий аймгийн нисэх буудлыг сэргээн засахад хөрөнгө оруулахаар болж, шавыг нь тавих юм. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас зохих зөвшөөрөл авсан байж болзошгүй” гэв.

Үүнээс гадна Баянхутаг сумаас зургаан адуу хулгайлан бэлчээр нь нядалсан хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд шуурхай илрүүлжээ. Хэрэгт Ц, М, М гэсэн хүмүүсийг сэжиглэн шалгаж эхэлсэн бөгөөд тэд хулгайлж махалсан адууныхаа толгой, арьс, гэдсийг Өмнөдэлгэр сумын хогийн төвлөрсөн цэгт хаясан байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Сэжигтнүүд өмнө нь мөн л мал хулгайлсан хэрэгт тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн аж.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай