Өрхийн дундаж орлого 127.2 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн энэ оны хоёрдугаар улирлын тайланг өчигдөр танилцуулав. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 127.2 мянган төгрөг буюу 13.7 хувиар өсчээ. Үүнд цалин хөлсний орлого 9.1, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 41.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн малын гаралтай түүхий эдийн ханш өсөж, борлуулалт нэмэгдсэн нь түлхэц болсон байна. Газар тариалангийн бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл идэвхжиж эхэлсэн тул энэ улиралд ч өрхийн орлого өсөх магадлалтай гэлээ. Түүнчлэн нэг өрхийн сарын дундаж зарлага 1.1 сая төгрөг болсон нь өмнөх оны энэ үеэс 96.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлагын 73.1 хувийн өсөлт нөлөөлжээ.

Энэ оны эхний долоон сард манай улс 143 улстай худалдаа хийсэн бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнээс экспорт 4.1, импорт 3.3 тэрбум ам.доллар байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс импорт 935.1, экспорт 596.4 сая ам.доллароор өссөн дүн аж. Экспорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 614.8, нэхмэл бүтээгдэхүүнийх 55.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сараас 0.5, 2017 оны эцсээс 5.5, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өссөн аж. 7.7 хувийн өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1, төмс хүнсний ногооны дэд бүлгийнх 45, сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндөгний үнэ 10.7 хувиар өссөн нь түлхүү нөлөөлжээ. Өмнөх сараас үнэ 0.5 хувиар нэмэгдэхэд шатахууны үнэ өссөн нь нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч Ю.Батзоригт онцоллоо.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай