Хатуу бодлоготой хатагтай

Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелет НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар боллоо. НҮБ-ын Ерөнхий ассамблей санал хураалгүйгээр түүнийг уг албан тушаалд баталжээ. Түүний нэрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш уг албан тушаалд дэвшүүлсэн аж. Мишель Бачелет ирэх сарын 1-нээс албан тушаалдаа орно. Дөрвөн жилийн дараа тэрбээр улиран сонгогдох боломжтой.

Бачелет Чилийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа ажилласан туршлагатай. 2006 онд ард түмнийхээ итгэлийг хүлээж, Төрийн тэргүүн болсон тус улсын анхны эмэгтэй юм. Мөн Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбоог түр тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ.

ПИНОЧЕТ, ОЮУТНУУД, ЦУНАМИ

2006 оны арванхоёрдугаар сард дарангуйлагч асан Аугусто Пиночёт нас нөгчиж, Бачелет Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглан түүнийг төрийн хүндэтгэлгүйгээр оршуулав. Мишель Бачелетийн Засгийн газар боловсролын системийг шинэчлэхийг шаардсан оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарсан нь эрх баригчдад жинхэнэ ташуур болжээ.

Оюутнуудтай удаан хэлэлцсэний үр дүнд тодорхой амжилтад хүрч чадсан гэнэ. Боловсролын салбараас гадна тэтгэврийн тогтолцоог Бачелетийн Засгийн газар шинэчилж, нийгмийн ядуу давхаргад үзүүлдэг хөнгөлөлтөө нэмэгдүүлсэн байна. Үүний сацуу хамгийн түрүүнд гаргасан зарлигийнхаа нэгд Бачелет 60-аас дээш насныханд эмнэлгийн яаралтай тусламж төлбөргүй үзүүлэхээр тусгажээ.

Олон улсын тавцанд Чилийн Засгийн газар нутаг дэвсгэрийн олон жилийн маргаантай явсан хөрш Боливитой ойртохыг чармайсан байна. Тэрчлэн Бачелет Брюссель, Вашингтонтой харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Венад болсон Европын холбоо, Өмнөд Америкийн дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Мөн 2006 онд тэрбээр АНУ-д албан ёсны айлчлал хийсэн байна.

Ерөнхийлөгчийн эхний хугацааны хамгийн хүнд үеүдийн нэг нь Бачелетийн хувьд 2010 оны хоёрдугаар сард болсон газар хөдлөлт, цунами байв. Газар хөдөлсний дараа тэрбээр цунами болохгүй учир тайван байхыг ард түмэндээ уриалжээ. Гэтэл цунами болж, эрэг орчмын их хэмжээний газар нутаг нь бүрэн сүйрсэн. Дараа нь Бачелет бараг мэдээлэлгүй байсан нь тодорхой болж, Чилийн флотын командлал гэм буруугаа хүлээсэн байна. Байгалийн гамшигт амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд Бачелетийн эсрэг гомдол мэдүүлснийг шүүх няцаасан юм.

Ерөнхийлөгчөөр ажилласан эхний хугацаа нь дуусах үед түүний үйл ажиллагааг иргэдийнх нь 84 хувь нь сайшаан дэмжиж байв. Гэсэн ч Үндсэн хуульдаа заасны дагуу Төрийн тэргүүний албан тушаалын төлөө дараалан нэрээ дэвшүүлээгүй.

Төрийн тэргүүний албан тушаалаа өгснөөс хойш Бачелет улс төрийн ажлаа орхиогүй төдийгүй НҮБ-ын байгууллагад үргэлжлүүлэн ажиллажээ. Тэрбээр Хүйсийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийн эрх, боломжийг өргөжүүлэх агентлагийг 2013 он хүртэл тэргүүлсэн аж. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд уг ажлаа орхижээ.

ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ХОХИРОГЧООС БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХҮРТЭЛ

Мишель Бачелет 1951 онд Чилийн генерал Альберьто Бачелет, хүн судлаач Анхела Херий нарын гэр бүлд мэндэлсэн. Тэднийх 1958 онд улсынхаа хойд хэсгийн Антофагаста бүс нутагт амьдарч байж. Чухам тэнд Мишель Бачелет улс төрийн өрсөлдөгч Эвелин Маттеитэй танилцсан байна. 1970 онд Анагаах ухааны их сургуульд элсэхэдээ тэрбээр дүнгээрээ улсдаа толгой цохигчдын нэг байжээ.

1973 оны есдүгээр сарын 11-ний цэргийн эргэлтийн дараа (Генерал Аугусто Биночет социалист Ерөнхийлөгч Сальвадоре Альендег түлхэн унагасан) эцэг нь баривчлагдав. Эх орноосоо урвасан хэрэгт буруушаан эрүү шүүлт тулгасныг тэрбээр даалгүй зургаан сарын дараа шоронд амьсгал хураажээ. Эх, охин хоёр ч нууц цагдаагийн газарт хатуу эрүү шүүлт амссан байна. Тэд суллагдсаныхаа дараа эхлээд Австрали, дараа нь БНАГУ руу цагаачилжээ. Бачелет Берлиний Гумбольдтын их сургуульд анагаах ухааны чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж, дараа нь эх орондоо 1982 онд сургуулиа дүүргэсэн аж.

Мэс засалчийн дипломтой болсон Бачелет Социалист намын гишүүн байсны хувиар эх орондоо ардчиллыг сэргээхийн төлөө улс төрийн тэмцлээ үргэлжлүүлжээ. Хожим нь зүүний төвч үзэлтэй Ерөнхийлөгч Рикардо Лагосын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа гурван сарын хугацаанд шийдэх зорилт тавьсныхаа дагуу улсын эмнэлгийн урт дарааллыг бараг 90 хувиар багасгасан гэнэ. Ингэхдээ хүлээн авах цагийг уртасгаж, зөвлөгөө өгөх үйлчилгээг эн түрүүнд тавин, эмчийн тусламж шаардлагатай хүмүүст зориулсан шууд холбогдох утастай болгосон байна. Тавьсан зорилтоо 100 хувь биелүүлээгүй хэмээн огцрох хүсэлтээ Бачелет тавьсныг Ерөнхийлөгч нь хүлээж аваагүй аж.

Дараа нь эрүүл мэндийн тогтолцоондоо бүтцийн өөрчлөлт хийж, иргэн бүр эмчид хүрч, үйлчлүүлэх баталгаатай болгож, үнэ төлбөргүй үйлчилгээний жагсаалт гаргаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилснийг халааг нь авсан сайд ч үргэлжлүүлэн гүйцэтгэжээ. Түүний шинэчлэл хуучинсаг үзэлтнүүдийн эрс эсэргүүцэл, эмэгтэйчүүдэд жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл үнэгүй тараасныг буруушаасан католик сүмийнхний дайралттай тулгарч байв.

Өөрийг нь болон гэр бүлийг нь эрүүдэн шүүх тушаал өгч байсан байгууллагыг 2002 онд Бачелет тэргүүллээ. Тэгснээрээ цэргийн байгууллага удирдсан, Өмнөд Америкийн анхны болон дэлхийн цөөн эмэгтэйчүүдийн нэг болжээ. Тэрбээр тууштай, шаргуу ажилласны ачаар БХЯ-ны үйл ажиллагаа илүү ил тод болж, иргэдийн хяналтад шилжсэнийг олон хүн тэмдэглэдэг.

ХОЁР ДАХЬ БОЛОМЖ

Шинэ олонх эвслээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Мишель Бачелет эхнийхээс тунаж, хоёрдугаар шатанд 62.2 хувийн санал авч ялжээ. 2014 оны гуравдугаар сарын 11-нд тангаргаа өргөж, Үндсэн хуулиа шинэчлэхийг гол зорилтуудынхаа нэгээр зарласан байна. Пиночетын үеэс үйлчилсэн уг хуулийг бүрэн шинэчилж чадаагүй ч парламентын сонгуулийн системийг пропорционал болгосон нь суудлыг илүү шударгаар хуваарилах боломж олгожээ.

Түүний танхим өөр нэг чухал шийдвэр гаргаж, дунд болон дээд боловсролыг үнэ төлбөргүй болгов. Үүнийг хэрэгжүүлэхийг тулд татварын шинэчлэл хийж, том үйлдвэрээс авдаг татаасыг 20-иос 27 хувьд хүргэжээ. Дэлхийн банкны мэдээлснээр Бачелет Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр дахь хугацаанд тус улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 1.9 байснаа 2016 онд 1.6 хувь болж буурч, инфляц нь 5.9-өөс 3.8 хувь болж багассан гэнэ. Олон улсын тавцанд бусад улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого баримталжээ.

Мишель Бачелет 1977 онд Хорхе Давалостой гэрлэж, хүү Себастьян, охин Франсискаг төрүүлсэн байна. 1985 онд тэд гэрлэлтээ цуцлуулсан аж. 1992 онд Анибаль Эрнандестай Бачелет гэрлэж, охин Софиягаа төрүүлжээ.

Тэрбээр дэлхийн хэд хэдэн сургууль, тэдгээрийн дотор Гватемалын Сан-Карлос, Английн Эссекс, Испанийн Помпеу Фара, Менендес-Пелайо, Аргентины Кодова их сургуулийн хүндэт доктор болсон аж. Бачелет франц, англи, герман, португал хэлтэй.

“Forbes”, “Time” сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад удаа дараа оруулж байсан бол “Foreign poli­cy” сэтгүүл манай гаргийн 100 сэтгэгчийн жагсаалт гаргахад тэрбээр 36 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай