Польшид ажиллаж буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах боломж бүрдүүлэх төсөл өргөн барив

Польшид ажиллаж буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах боломж бүрдүүлэх төсөл өргөн барив

Нийгмийн хамгааллын тухай Монгол болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэв. Одоогоор ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Унгар Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан ажиллаж буй.

Гадаад харилцааны яамны Консулын газрын 2016 оны арваннэгдүгээр сард хийсэн судалгаагаар Польш улсад байгаа нийт 939 монгол иргэнээс олонх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 200 нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж, 149 нь суралцаж байгаа аж. Одоогоор манай иргэд тус улсад богино хугацааны даатгалд хамрагдан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг тус улсын хуулийн дагуу авч байгаа юм байна.

Харин урт хугацааны буюу тэтгэврийн даатгалд хамрагдан, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, Монгол болон Польшид нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэн хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг нь харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг үндсэн зарчмыг дээрх төсөлд тусгажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай