Эзэнгүйдсэн салбар элгээрээ хэвтэх нь

-Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрмээ мөрдөхгүй байна-

Төв аймгийн Зуунмод суманд өнгөрсөн сарын сүүлчээр үхэр цахилгаан хүчдэлд цохиулжээ. Усархаг бороо орж, цахилгаан дамжуулах утасны тулгуурын суурь нь өмхөрснөөс ийм золгүй хэрэг гарсан гэнэ. Мэдээлэл өгсөн эх сурвалж “Түүгээр үхэр явж таарсан. Хэрэв хүн цахилгаан гүйдэлд цохиулсан бол зүрх нь зогсоно биз дээ. Иргэд байнга хэлдэг ч манай аймгийн удирдлага, цахилгааны инженерүүд ер хайхрахгүй юм” гэв.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумынхан зун бүр ёс юм шиг хагас сар орчим цахилгаангүй байдаг “уламжлалтай”. Сүү, тараг, мах, ногоо нь муудчих гээд зовлон мундахгүй гэдгийг тус сумын иргэд ярьсан. Учрыг нь лавлахад өнөөх л ёроол нь ялзарсан тулгуур шонгууд салхинд ундгаас болдог аж. Гэхдээ тус сумын оршин суугчид “Хатгал тосгоныхон шиг аюултай нөхцөл арай үүсчихээгүй байгаа нь аз” гэсэн юм.

Эл аймгийн Алаг-Эрдэнэ сум болон Хатгал тосгон руу хүрэх авто зам дагуух шонгуудын олонх нь 30 хэм хазайсан, зарим хэсэгт цахилгааны утас нь морьтой хүний толгойд шүргэхээр унжсан аж. Үнэхээр тэдний хэлсэн үнэн болохыг нүдээр үзсэнээ тэмдэглэх нь зүйтэй болов уу. Орхон болон Булган аймгийнхан ч цахилгаангүй өнгөрүүлдэг өдөр хоног олонтой гэнэ лээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь шонгууд цахилгаан дамжуулах утсаа даахгүй байгаа аятай хазайсныг нутгийн иргэд заагаад “Дараа жил яг унана аа. Өвөл шуурганд унаж биднийг баллахгүй байгаа даа” гэж халагласан юм.

Эдгээр зөрчлийг хэн, хэзээ арилгах ёстойг эрчим хүчний холбогдох байгууллагуудаас лавлахад үгсэн тохиролцсон аятай “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс ийм зүйл боллоо. Бид жил бүр урсгал засвар хийдэг. Гэхдээ төсөв мөнгө төдийлөн хангалттай байдаггүй учраас нэг дор засвар хийж чадахгүй байна” гэсэн. Ингээд тэд өнгөрсөн долдугаар сард орон даяар орсон усархаг бороог цахилгаан доголдуулсан буруутан гэж үзэв.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр найман аймгийн 75 сумд цахилгаан тасарсан. Уг нь тухайн үед салхины хурд дээд тал нь секундэд 28 метр хүрсэн байдаг. Ийм салхинд тулгуурууд унах нь битгий хэл хазайх ч ёсгүй аж. Шон суурилуулахад нь мөрдөх ёстой цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм болон Монгол Улсын заавал мөрдөх стандартад салхи секундэд багадаа 31 метр ширүүссэн ч хөдлөх ёсгүй гэж заасан байдаг.

Гэтэл өнгөрсөн жилийн зун, намар унасан, засвар хийсэн тулгуурууд ч унаж байх жишээтэй. Тэр ч байтугай хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбарын эзэмшлийн 110 кВ-ын тулгуур унах шахсан удаатай. Уг тулгуур нь Улаанбаатарт, тэр дундаа хэдэн жилийн дараа хотын шинэ дэд төв болох Хан-Уул дүүрэгт байрладаг.

Хэрэв унасан бол тухайн орчмын иргэд, цаашлаад тус шугамаар дамжуулж цахилгаан авдаг олон өрх харанхуй болох байв. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нуралт үүсэх магадлалтай газарт суурилуулсны гор аж. Аваарын нөхцөл үүссэн тул тулгуурыг тойруулан 600 гаруй шуудай хайргаар 30 гаруй метр далан босгож, ус шингээгч эко уутаар “хучжээ”. Уг ажлыг холбогдох бүх албанаас оролцсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг есөн цагийн турш зогсолтгүй ажиллаж, хэвийн горимд оруулсан юм билээ.

Энэ бүхнээс цахилгааны тулгуур шонгийн стандартаа холбогдох байгууллагууд мөрдөгддөгүйг мэдэж болно. Улаанбаатар хот гэлтгүй аймгийн төвүүдэд цахилгааны ил утас цөөнгүй байдаг юм билээ. Тухайлбал, арав гаруйхан хоногийн өмнө очоод ирсэн Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл аймгийн төвд хэдэн зуугаараа байв.

Гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдлыг ажил үүргийнхээ дагуу аймаг, нийслэлийн удирдлага хариуцан, засаж сэлбэх үүрэгтэй. Харин айл өрх, аж ахуйн нэгжид цахилгаан дамжуулж буй утас, тулгуур шонгийн аюулгүй байдлыг цахилгаан түгээх сүлжээ компаниуд сахиулах учиртай аж. Тухайлбал, нийслэл дэх тулгуур шонгуудын аюулгүй байдлыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан хариуцна гэсэн үг.

Тус компанийн ажилчнаас тулгуур шонгийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар лавлахад “Дэд станцын тухай асууж байна уу, шон бол тийм чухал үүрэггүй” гээд ёжтой нь аргагүй инээсэн. Тулгуур шон унасны улмаас хүүхэд цахилгаанд цохиулж нас барсныг мартаж, дахин тийм осол гарч магадгүй гэсэн мэргэжлийн хяналтынхны дүгнэлтийг үгүйсгэж байгаа бололтой.

Хариуцсан ажилдаа ийм хайнга ханддаг учраас тулгуур унаж, хүүхэд амиа алджээ гэчихвэл буруудахгүй болов уу. Унасан шон нь аж ахуйн нэгжийн эзэмшлийнх байвал “Хувийн хэвшлийнхэн дур мэдэн цахилгаан татаж, шаардлагад нийцээгүй тулгуур босгосон” гэж өөрсдийгөө хайцаалах нь дамжиггүй. Өмнө нь тэгж байсан туршлагатай шүү дээ.

Уг нь тэд стандарт, дүрэм, журмаа ягштал сахиулж, хяналтаа сайжруулах үүрэгтэй. Тулгуур шон суурилуулахдаа ухсан нүхний хананаас бэлдэц нь ихдээ л нэг см зайтай байж, ганхаж болно гэж заажээ. Мөн модон тулгуурын булагдах хэсгийг ус нэвчдэггүй материалаар бүрэх ёстой бол бетонон хийцтэйд нь ус хөндийрүүлэгч бодис түрхсэн байх шаардлагатай аж. Ингэснээр тулгуурууд усанд өмхөрч, унахгүй гэсэн үг.

Түүнчлэн салхинд унагахгүйн тулд ойролцоогоор шонгийн дөрөвний нэгтэй дүйх хэсгийг булах ёстой юм байна. Гэтэл тус компанийнхан “Манайх хэрэглэгчдээ цахилгаанаар хангах үүрэгтэй болохоос бусдын эзэмшлийн газарт байдаг тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах эрхгүй. Хэрэглэгч өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах ёстой.

Аж ахуйн нэгжнүүд цахилгааны ажилтантай байх зэргээр мэргэжлийн байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулж ажиллах боломжтой байдаг. Гэтэл сүүлийн үед аж, ахуй нэгж байгууллагууд ашиглалтын гэрээ байгуулахаа больсон. Осол гарч буй шалтгаан энэ” гэсэн юм.

Ер нь хамгаалалтын зурвасаас авхуулаад цахилгаантай холбоотой зөрчил нэлээд ажээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эх сурвалж “Улаанбаатар хотод хамгаалалтын зурвасын аюулгүй байдал хэдийнэ алдагдсан. Ялангуяа, нам хүчдэлийн цахилгаан дамжуулах утасны тулгуурын стандартаа мөрдөхгүй байгаа. Зүүн, баруун гээд цахилгаан түгээх сүлжээ компаниуд үүний аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй байдаг. Гэрээтэй ажилладаг байгууллагатай уялдаагаа сайжруулж, засах боломж уг нь бий. Орон нутагт ийм зөрчил харьцангуй цөөн” гэлээ.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан зургаа, 10, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелийн хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бусдын өмнөөс ажлыг нь хийж байна гэсэн үг. Газар шүргэх шахам унжиж, орооцолдсон утас, хазайсан тулгуур цөөнгүй байгааг холбогдох албаныхан дурдсан. Суурьшлын бүс дэх эл замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд эрх зүйн орчныг нь ч шинэчлэх шаардлагатай байгаа аж.

Эрчим хүчний салбарынхан хариуцлага, ажил үүргийн хуваариа умартсаны уршгаар өнөөдрийн нөхцөл үүссэнийг хэлэх хүн цөөнгүй. Хэн, хаана, цахилгааны ямар холболт хийж байгааг мэддэггүйнх нь уршгаар Улаанбаатарын гэр хорооллынхон нэгэндээ цахилгаан “зарж”, агаарт хэрсэн утсанд гал авалцаж, иргэд амиа алдсаар байна. Харин холбогдох албаныхан үүний хариуцлагыг бороо салхинд үүрүүлсээр байх уу.

Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрмээс

2.6. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон хийцийг хүлээн авахдаа бүтээгдэхүүний хэмжээ, суурь, ган хийцийн байдал, гадаргуугийн чанар, гадаад байдал зэрэг үзүүлэлтүүд нь Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БНбД 43-101-03 болон MNS 5612:2006, MNS 5871:2008, MNS 4232:2011, MNS 4233:2007 стандартуудын шаардлагыг хангасан байх ёстой.

2.15. Тулгуурын суурийн гадаргуугийн анхны цутгалтын хонхор 10 мм-ээс ихгүй, 1:100 хүртэл налуу байхыг зөвшөөрнө. Нэмэлт цутгалтыг тооцолгүйгээр барилгын хэмжээсийн хэлбэлзэл, тэнхлэгүүдийн хэмжээ төлөвлөснөөс нэмэх 30 мм, суурийн гадаргуугийн өндрийн тэмдгээс (өндөрт булсан шороог тооцохгүйгээр) хасах 30 мм, дээш гарах өндрийн хэмжээ төлөвлөснөөс хасах 20 мм, нүхнүүдийн хэмжээ нэмэх 20 мм, нүхнээс дээш гарах бэхэлгээний тэмдгээс хасах 20 мм, анкерын тэнхлэгүүд төлөвлөснөөс ±5 мм, анкерыг тавихад тэнхлэгүүд төлөвлөснөөс ±10 мм, анкерын бэхэлгээний дээд тэмдгээс боолт нь ±20 мм-ээс ихгүй байх ёстой.

3.5. Тулгуурын хийцийн чанар ба бэхэлгээний эд ангийг суурилуулах шинэн утас, ховоо, хайрцаг өлгөх зориулалтын щит (самбар), удирдлагын пост, хамгаалах-залгах аппарат гэрэлтүүлэг зэргийг заводод үйлдвэрлэсэн, угсрахад дээд зэргийн бэлэн хялбар байдлыг хангасан (эдлэл нь гагнуур хийхгүй, хамгаалах өнгөлгөө түрхлэгтэй, механик боловсруулалт, хөдөлмөр зарцуулалт их шаардагдахгүй) эдлэл, бэхэлгээ хэрэглэнэ. Тулгуур (тулц) хийцүүдийг бэхлэхдээ барилгын элементүүдэд тавигдсан деталиудтай гагнах буюу бэхэлгээний хийцээр (хадаас, штырь, шпильк гэх мэт) бэхлэнэ. Тулгуурын хийцийг бэхлэх арга нь ажлын зурагт зааснаар гүйцэтгэнэ.

3.24. Тулгуурт хөндийрүүлж утас холбох буюу салаалахдаа хөндийрүүлэгчийн ховил, өнхрүүлэгчид шууд бэхлэн хийнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай