М.Үүрийнтуяа: Элэг, цөсний архаг өвчин эцэстээ мэдрэлийн эмгэгээр илэрдэг

Монголын мэдрэлийн сэргээн засах эмчилгээний олон улсын хурал өнөөдөр эхэлнэ. Уг хурлыг манай улс анх удаа зохион байгуулж буй бөгөөд Дэлхийн мэдрэлийн сэргээн засахын холбооны ерөнхийлөгч болон Ази, Номхон далайн мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн тэргүүн төдийгүй зургаан орны эрдэмтэн, эмч нар оролцох юм байна. Олон улсын хурлын талаар Эрүүл мэндийн яам болон Монголын мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэгийн удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл өгөв.

2016 онд Эмнэлгийн тусламж, үйчилгээний тухай хуульд сэргээн засах тусламж, үйлчилгээний талаар зүйлчлэн оруулжээ. Эл үйлчилгээг дагнасан, холимог, хосолсон хэлбэрээр хөгжүүлэхийг хуульд тусгаснаар нэг шат ахисан гэж тус нийгэмлэгийнхэн үзэж буй аж. Хуулийн хүрээнд сэргээн засах төв байгуулах гэнэ.

Мөн ЭМЯ, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран сэргээн засах төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэн батлуулахад бэлэн болжээ. Сэргээн засах эмчилгээ нь удаан хугацаа шаардахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй бүх л иргэнд энэ үйлчилгээ нэн чухал.

Гэтэл өрх, сум, тосгоны эмнэлэгт сэргээн засах эмч, мэргэжилтэн байхгүй, боловсон хүчин, ялангуяа хүүхдийн эмгэгийн сэргээн засалч дутагдалтай, хөдөлгөөн, хөдөлмөр засалч эмчийг чадавхжуулах, сэргээн засах төвийг таван бүсэд байгуулахгүй бол тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилж чадахгүй гэдгийг хуралд оролцогчид онцлов.

Мэдрэлийн эмгэгт өртөхгүй байхад сэтгэл зүй чухлыг ч хэлсэн. Үүнд амьдарлын зөв хэв маяг, хувийн зохион байгуулалт ч нөлөөлдөг гэнэ. Энэ талаар Монголын мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэгийн тэргүүн, доктор М.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Монголын мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Манай нийгэмлэг 2015 онд байгуулагдсан. Тархинд нь цус харвасан иргэд дүүргийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсний дараа өрхийн эмчийн хяналтад ордог. Тиймээс байгуулагдсан цагаасаа хойш өрхийн эмч нарыг чадавхжуулж, тархинд нь цус харвасан, гар, хөл нь саажсан хүнийг яаж асарч, хооллох, тэргэнцэр дээр хэрхэн суулгах вэ зэрэг анхан шатны сургалт явуулж ирсэн.

Гадаад харилцаагаа бэхжүүлэхийн тулд дэлхийн болон Азийн мэдрэлийн сэргээн засах холбооны олон хуралд оролцдог. Манай улс Дэлхийн мэдрэлийн сэргээн засах холбооны 37 дахь гишүүн болсон. Тус холбооны удирдах зөвлөлийнхөнтэй ярилцан эл олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулахаар боллоо.

Дэлхий нийтээр энэ эмгэгийг эмчлэх шинэ арга, орчин үеийн дэвшилт технологи юу байна гэдгийг судалж, өөрсдийн хөгжлийн түвшнээ тодорхойлох юм.

-Мэдрэлийн эмгэг гэхээр оюун ухааны саажилт уу. Анагаах ухаанд энэ эмгэгийг юу гэж тодорхойлдог юм бэ?

-Мэдрэлийн эмгэг гэдэг маш өргөн хүрээтэй ойлголт. Манай улсын нийт өвчлөлийн тавдугаарт энэ эмгэг бичигддэг. Уг эмгэгийг 15 том бүлэгт хувааж үздэг юм. Хамгийн их тохиолддог нь тархинд цус харваснаас үүдэлтэй саажилт. Хоёрдугаарт оюун ухааны эмгэг ордог. Түүнчлэн өндөр настнууд мартамхай болж, ярих үйл ажиллагаа алдагдах, нуруу, нугас, өвдөг, үе мөч өвдөх, захын мэдрэлийн системийн эмгэг зэрэг нь дээрх бүлэгт багтдаг.

Ер нь мэдрэлийн эмгэгийн тогтолцоонд хамаарахгүй өвчин гэж байхгүй. Элэг, цөсний архаг өвчин хүндэрч, эцэстээ мэдрэлийн эмгэгээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, гар, хөл нь салганаж, явж чадахаа больж, ухаан санаа нь муудах зэрэг шинж илэрдэг юм. Дотор эрхтний эмгэг эцсийн шатандаа ороход ухаан алдаж унах тохиолдол түгээмэл.

Сүүлийн үед чихрийн шижин өвчин ихэссэнтэй холбоотой захын мэдрэлийн систем гэмтэх, толгой эргэх, тэнцвэр алдах, хараа муудах зэрэг мэдрэлийн эмгэгийн тохиолдол нэмэгдэж байна.

-Эмгэг нэмэгдэж байгаа ч сэргээн засалч эмч, мэргэжилтэн дутагдалтай. Үүнд яаж анхаарч байна?

-Өнгөрсөн оны байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн байгаагийн 67.4 хувь нь орон нутагт амьдарч байна. Тэднийг хараа, сонсгол, оюу ухааны хомсдол зэрэг бэрхшээлээр нь зургаан хэлбэрт ангилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх буюу 67.4 хувьд хүрч ажиллахын тулд мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай.

Нэг аймагт сэргээн засалч эмч ганц, хоёр бий. Харин сум дундын эмнэлэгт сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Манай улсад тэргэнцэр, таяг, сүүлийн үеийн эмчилгээний дэвшилт арга, технологи дутагдаж байна.

Аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний таван төвд энэ чиглэлийн эмчилгээ хийдэг тасаг байгуулснаар тусламж, үйлчилгээний үр дүн сайжирна.

-Сэргээн засах эмчилгээний онцлог юу вэ?

-Сэргээн засах эмчилгээ гэхээр иллэг, бариа, зүү төөнүүр гэж иргэд андуурдаг. Эдгээр нь уламжлалт эмчилгээ юм. 2010 оноос манай улс хөдөлгөөн, хөдөлмөр засалчдыг бэлтгэж эхэлсэн. Хөдөлгөөн засалч нь харвасан хүнийг яаж байрлуулах, алхуулах вэ гэдэгт анхаардаг бол хөдөлмөр засалч нүүрээ яаж угааж, хоолоо хэрхэн идэх, саажилттай гараараа ажил хийж чадах дадал олгоход санаа тавьдаг юм.

Тархинд цус харвахад эрт үед нь сэргээн засах эмчилгээ сайн хийвэл эдгэрдэг. Харвасан бүх хүн хэвтэрт орно гэж байхгүй. Дэлхий нийтэд сэргээн засах эмчилгээнд робот олноор ашиглаж байна. Шинэ технологи, эмчилгээг Монголдоо нутагшуулах нь бидний зорилго. Манай орны цаг уурын сэрүүн нөхцөлд шавар эмчилгээ мэдрэлийн сэргээн засах эмчилгээнд маш чухал ач холбогдолтой.

-Тоон үзүүлэлтээс харахад мэдрэлийн эмгэг нэмэгджээ. Шалтгаан нь юу вэ?

-Стрессээс үүдэж тархинд цус харвах тохиолдлын тоо нэмэгдэж байна. Мөн даралт ихсэх өвчин, элдэв ослын улмаас тархи, нуруундаа гэмтэх явдал нэмэгдэж байгаа нь мэдрэлийн тогтолцооны өвчин өсөхөд нөлөөлж байгаа юм. Дундаж нас нэмэгдэхийн хэрээр тулгуур эрхтэн, тархи, нугасны өвчин ихэсдэг.

-Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв хэд байдаг бол?

-Мэдрэлийн сэргээн засах төв манай улсад байхгүй. Гурав дахь шатлалын болон дүүргийн эмнэлгүүд сэргээн засах эмчилгээ хийж байна. Гэвч харвалтын дараа хэвтэн эмчлүүлэх ортой тасаг манайд байхгүй шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай