С.САРАНЦАЦРАЛТ: Гол, мөрний түвшин олон жилийн дунджаас 5-165 см давлаа

Энэ онд манай орны нийт нутгаар хур элбэг, газрын гарц сайн байгаа ч үер усны аюул ихээхэн асуудал дагуулаад байна. Тодруулбал, энэ сарын 13-ны байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн таван дүүрэгт борооны улмаас нийт 56 осол гарч, 67 хүн амиа алджээ. Тэдний 16 нь хүүхэд байсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гол, мөрний ус олон жилийн дунджаас ахиу, зарим нь үерийн аюултай түвшин давсныг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан анхаарууллаа. Тус газрын Ус судлалын секторын инженер С.Саранцацралтаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хэчнээн гол, мөрөн үерийн аюултай түвшинд хүрсэн бэ?

-Хангайн нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтийн нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтайн нурууны Ховд гол, Увс нуурын савд Хархираа голын түвшин 10-40 см давж, үерлэсэн. Түүнчлэн Байдраг, Орхон, Хэрлэн голын усны түвшин 10-30 см давсан. Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишгэд, Бүгсий зэрэг голын түвшин олон жилийн дунджаас 15-115, өнгөрсөн жилийнхээс 5-50 см их байгаа.

Хангайн нурууны Идэр, Хануй, Тамир голын түвшнийг олон жилийн дундажтай харьцуулахад 25-80, Хэнтийн нурууны Хүдэр, Шарын гол, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул зэрэг нь 30-150, Сэлэнгэ мөрөн, Орхон гол 40-165 см их байна. Түүнчлэн Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн, Улз, Халх гол, Ховд, Буянт, Булган, Турган, Харгуй, Сагсай, Чигэстэй, дунд Цэнхэр, Чоно харайх, Төгрөг зэрэг томоохон гол үертэй байна.

-Цаашид хур тунадас багасах төлөвтэй юү?

-Өнөөдөр, маргааш нийт нутгаар бороотой. Энэ сарын 17-нд нутгийн зүүн, 18, 19-нд баруун, 20, 21-нд зарим газраар, 22-ноос баруун аймгуудын хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн, 25, 26-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орох төлөвтэй. Гол, мөрөн үерийн аюултай түвшин давах учраас аянга, цахилгаан, мөндөр, үер, усны аюулаас болгоомжлохыг онцгой анхааруулж байна. Мөн хот, суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай