Ц.Төмөрхуяг: Алдагдсан он жилүүдээ нөхөх гэж олон жил зүтгэсэн, бүр тарчилсан

Цэгмидийн Төмөрхуяг киноны олон сайхан дүрээрээ үзэгчдэдээ үнэлэгдэж, жүжгийн олон арван бүтээлээрээ түмэндээ хүндлэгдэж яваа Гавьяат жүжигчин. Бид хоёр олон сэдвийг хөндсөн, урт хугацаанд ч ярилцсан. Бид энэ удаад түүний дотоод сэтгэл рүү өнгийж, цээжиндээ тээн буй үзэл бодол, байр суурийг нь сонсохыг хичээсэн юм. Учир нь Ц.Төмөрхуягийн гэх ертөнц өөрийн гэсэн дүртэй, өөрийн гэх өнгөтэй билээ.

Авьяас билэг, бүтээсэн дүр, удам угсаа гээд олон сайхан бахархал түүнд бий. Гэлээ ч тэрбээр энгийн байж, эгэл явахыг эрхэмлэдэг. Би гэсэн үзлийг дарж, бид гэсэн бодлыг тэргүүнд тавьдаг нь ч түүний ярианаас тод ойлгогдож байлаа. Үнэн үгийг хэлж, шударга үйлийг хийх нь Ц.Төмөрхуягийн амьдралдаа бүтээж яваа гол дүр ажээ.

- Туг ч барина, тугал ч хариулна гэж эр хүнийг тодорхойлсон зүйр үг байдаг даа. Ярилцлагын өмнө хөөрөлдөх зуур та хэлж байсан, амьдралд унаж, босож явлаа гэж. Тэр он жилүүдээ та юу гэж дүгнэх вэ?

-Цаг алдсан он жилүүд л гэж тодорхойлно. Би үүнийг нөхөх гэж олон жилийн турш махруу зүтгэсэн. Бүр тарчилсан. Нэг хэсэг хүмүүс намайг танихаа, мэдэхээ больсон байлаа. Ойрд юм хуманд тоглоогүй, аягүй бол үхсэн байх өө гэж бодсон хүн ч бий биз. Арга ч үгүй. Би чинь долоо, найман жилийн турш тайзнаас хөндийрсөн хүн шүү дээ. Алдагдсан он жилүүдийг эргүүлж олно гэдэг асар хүнд байдаг юм билээ.

Гэлээ ч уйгагүй л зүтгэвэл юманд оройтно гэж байхгүй. Зүтгээд л олох ёстой. Би бол зүтгэсэн, үхтлээ зүтгэсэн. Тэгж байж арайхийж “За нөгөө Ц.Цэгмидийн хүүхэд амьд байгаа юм байна” гэдэг ойлголтыг хүмүүст өгч чадсан. Найз нөхөд маань “Орой болгон чамтай уулзах юм дөө, чамтай уулзахын ч хэрэг алга” гэж хэлэх болсон. Тэгэхээр би өөрийнхөө байр байдлыг сэргээж чадсан байна.

-Хуучин зуршлаа орхиж өөрийгөө дийлнэ гэдэг бас л амаргүй даваа байсан байх?

-Яг энэ ойлголт урлагийн систем дотор байдаг. Чи өөрийгөө дав, өөрийгөө дийл, тэгвэл чи хэнд ч дийлдэхгүй. Тэгэхээр хүн өөрөө өөртөө л дайсан байдаг байх нь. “Май архи уу” гэж хэн ч надад хэлээгүй шүү дээ. Би л өөрөө дуртайдаа ууж байсан. Юу гэх юм дээ. Хүмүүс намайг таньдаг болчихож, улсууд намайг мундаг гээд байна гэж би тухайн үед бодсон байх.

Энэ бол миний биеэ тоосны шинж. Би өнөөдөр ч гэсэн театраасаа уучлалт гуймаар л санагддаг. Үндсэндээ би театрт гурав, дөрвөн удаа орж, тэр тоогоор гарсан хүн. Энэ бол Ц.Төмөрхуягийн тоглодог газар ч биш шүү дээ. Үүнийг би ойлгосон. Аавын минь ажиллаж байсан, алтан үеийнхэн тоглож байсан энэ сайхан театрыг би хүндэтгэх ёстой.

-Энэ зуур нэг зүйлийг бодож суулаа. Ц.Төмөрхуяг хэмээх хувь хүнийг Ц.Төмөрхуяг өөрөө тодорхойлбол юу гэх бол гэж?

-Байгаагаараа байхыг л боддог. Би өөрөөсөө “Шударга бай, хүнийг хайрладаг бай” гэж л шаарддаг. Хүн хайрлавал, тэр хүн чамайг хайрлана. Энэ бол миний зарчим. Тиймээс үүнийгээ биелүүлэх гэж л яваа. Намайг хүмүүс олон кинонд тоглож байна, энэ их мөнгө төгрөгтэй баян цатгалан гэж ярьдаг байх л даа. Одоо би чиний асуултад үйлдэл, үгээрээ хариулж байна шүү дээ.

Үгүй юм аа. Надад тийм их мөнгө өгдөггүй. Би нэг кинонд тоглоод 10 сая төгрөг авсан удаа нэг ч байхгүй. Надад хайрлах сэтгэл бий. Кино урлаг битгий мөхөөсэй гэсэндээ л энэ олон кинонд дараа дараагаар нь тоглодог. Гэхдээ мэдээжийн хэрэг тодорхой хэмжээний урамшуулал өгч байгаа. Би Монголын урлагт зүтгэж яваа эгэл жирийн л нэг жүжигчин. Би энэ чанартаа үнэнч байхыг боддог. Миний энэ сэтгэлийг хэн ч авч хаяж чадахгүй.

Би тэртэй, тэргүй энэ амьдралаа урлагт л зориулсан. Ижий аав, эхнэр хүүхдэдээ зориулсан цаг хугацаа тун ховор. Ганзагын наймаа хийж явахдаа хүртэл буцаад театртаа очно, эргээд би кинондоо тоглоно гэж үргэлж боддог байлаа. Энэ бол миний идеал, энэ бол миний хүсэл мөрөөдөлдөө тэмүүлж яваа нэг алхам. Би хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд чөмгөө дундартал зүтгэнэ.

-Гэхдээ шударга байх хэцүү биз дээ. Ойлгохоосоо ойлгохгүй нь олон. Уналт, босолт ч цөөнгүй тохионо.

-Хэцүү, хэцүү. Шударга байхаар хүний ад болдог юм. Шударга хэлчихдэг хүнд хүмүүс дуртай биш байна. Ялангуяа одоогийн нийгэмд. Залуу байхдаа үзэл бодол нийлэхгүй байгаа хүнтэй хэрэлдчихдэг, зодолдчихдог байлаа. Одоо бол арай боломгүй байна. Нийгэм нь өөрөө хүнийг өөр болгоод байна. Өөр болохыг шаардаад ч байгаа юм. Одоо үед хүний ард дуугүй л байж байдаг хүнийг ухаантай хүн гэж ойлгодог болж. Эсвэл зальтай хүнийг ухаантай хүн гэж тодорхойлж ч байх шиг. Энэ мэтчилэн хүн болгон өөрийн идеал үзэл бодолтой. Энэ идеалууд дандаа мөргөлдөж байдаг. Үүн дээр зөрчил гардаг. Тэр зөрчил нь амьдралыг урагшлуулж байдаг жамтай юм.

-Уран бүтээлч хүн, ялангуяа жүжигчин хүний дотоод сэтгэл гэж өөр ертөнц байна. Гэтэл таных бүр ч өөр юм шиг ээ, буцлаад л, бургилаад л.

-Энэ бол асар их мэдрэмж юм. Мэдрэмжээсээ болж л бачуурал, догшролт энэ тэр явагдаж байгаа хэрэг л дээ. Үндсэндээ жүжигчний мэргэжил бол хүн судлал шүү дээ. Тийм учраас юмыг арай өөр өнцгөөс, илүү гүнээс нь хардаг болчихдог. Жишээ нь, траншейны хүмүүсийг “Цаашаа яваач, балиар траншейнийхэн” гээд ад үзэх тохиолдол элбэг. Тэгвэл тэд англи, орос хэлтэй байвал яах уу? Москва, Эрхүүд дээд сургууль төгссөн байвал яах вэ гэж харах хэрэгтэй.

Эртээд би хот тохижуулалтын тухай кинонд тоглосон юм. Тэнд очоод л шууд гайхсан. Хоёр дээд сургууль төгссөн хүн бид нарын хогоо шидсэн гудамжийг цэвэрлэдэг юм билээ. Хоёр дээд сургуулийг гадаадад төгссөн хүн шүү дээ.

-Биднээс илүү боловсролтой хүн байна шүү дээ?

-Тийм байгаа биз. Тэгээд таван хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёулаа тэнд ажиллаж байна. Их цалин өгдөг болоод ажилладаг байх гэж бодсон чинь бид нартай адилхан л хөлс авдаг юм билээ. Тэд өвлийн улиралд өдөржин, шөнөжин гадаа ажиллаж байхад би киноны зураг авхуулах гэж “Хөлдөж үхлээ” гээд байшин руу гүйж л байдаг. Би өөрийгөө шууд л чамласан. Би ямар тэвчээргүй юм бэ, би юунд тоглоод байгаа юм бэ гэж. Судалгаа хийгээгүйн л хар гай. Тэгээд тэдний сэтгэлийг сайн ойлгож авсан л даа. Тийм сэтгэлийг олж авч байж л кинонд тоглох ёстой.

-Ур чадвар, авьяас байгаа цагт омголон араншинтай байж таарна. Худал хуурмагт дургүй бол шударга зан байх нь мэдээж. Халуун цустай баймааж хурц зан байх биз ээ. Тэгэхээр энэ гурван чанар танд байгаа гэж би хараад байна. Энэ гурвыг базаад харахаар Ц.Төмөрхуяг эрх чөлөөг хамгаас илүү эрхэмлэдэг юм шиг ээ. Өөрийнхөө орчныг бүрдүүлж, өөрийнхөөрөө байгаад л...

-Мэдлэг оюунтай хүн өөрөө танхай байдаг. Өөртөө итгэлтэй хүн зоригтой байдаг шүү дээ. Би мэргэжилдээ хайртай учраас ямар ч дүр ирсэн хийнээ л гэж боддог. Энэ бол миний бардамнал. Дээр нь Цагааны Цэгмидийн хүүхэд шүү дээ гэж би хийморьлог явдаг. Ийм хувь заяа хүн болгонд тохиохгүй. Манай аав Хөдөлмөрийн баатар жолооч гэвэл хэн ч танихгүй шүү дээ. Олонд танигдсан хүний хүний хүү гэдэг минь л бардамнал төрүүлж байдаг.

Тиймээс одоо юунаас айх юм бэ? Хийх юм байвал арзайтал нь хийгээд л өгмөөр байна. Ингээд бодохоор, чиний хэлдэг гурван чанар магадгүй надад байгаа. Би байхгүй гэж хэлэхгүй. Өөрийнхөө мэргэжлийг мэддэг л юм бол, хийж чаддаг л бол хэнээс ч айх шаардлагагүй. Ингээд хэлэхээр хэт бардам мэт сонсогдох байх л даа.

-Омголон бардам зантай байж, хурц зоримог явахад төвөг тотгор их байх даа?

-Амьдралын нугачааг мэдэрч чаддаг, мэдрэмтгий болохоор хэнд юуг яаж хэлэхээ зохицуулах шаардлага гардаг. Энэ хүнд ингээд хэлчихмээр байна. Гэвч тэр хүлээж авах уу, чи бодооч ээ гээд л өөрөө өөртэйгөө зөрчилдөөд эхэлдэг. Тиймээс сайн байна уу гэж мэндэлчихээд л тэр хүнийхээ нүдийг нь харна, хүнээ судална даа. Хүн судалдаг мэргэжилтэй хүний онцлог байх. Тэгээд л энэ хүнд ингэж ярьж болохгүй юм байна гээд мэдчихээд байдаг, хамгийн зовлонтой нь. Мэдрэмтгий зан маань садаа болоод байдаг юм. Их хэцүү.

-Бусдын мэдрэхгүйг мэдрээд байна аа даа?

-Ердөө энэ байхгүй юу. Тэр хүнийхээ бодлыг тааж мэдчихээд байдаг юмаа, их сонин. Энэ бол ид шид биш. Мэргэжлийн л онцлог. Энэ нөхөр ингэх гээд байна даа гэхээр тэгж л байдаг. Энэ чинь амьдралд дандаа л туршигдаж байдаг зүйл шүү дээ.

-Эсрэг хүн тань мэдрэхгүй байдаг. Гэтэл та түрүүлээд мэдэрчихээр бухимдана биз дээ. Бас уурлана. Энэ бухимдал тань нөгөө хүнд буруу ойлголт төрүүлээд эхэлнэ?

-Харин тэгнэ шүү дээ. Нөгөөдүүл нь мэдэхгүй байх тусмаа бүр тэнэгтэж өгнө. Тэгээд л хүнийг гомдоочих тохиолдол гардаг. Тиймээс тийм байдалд орвол дуугүй яваад өгчихсөн нь дээр байдаг юм. Эсвэл чимээгүй, дотроо бодоод л суудаг. Энэ бол сэтгэлээ барьж байгаа нэг илрэл. Тэр нь ч амар. Үүнийг Г.Доржсамбуу багш сургасан. Тэнэгийн дуугүй нь үзэмжтэй байдаг юм. Миний хүү тийм үед тэнэг л болчих. Тэгвэл чамтай хэн ч харилцахгүй гэдэг байж билээ.

-Галзуу барын аманд гараа хий хийхээс ч буцахгүй явсан залуу насандаа бухимдлаа хэр барьдаг байв?

-Залуудаа барьдаггүй байсан. Салгалж, чичрээд л, ойччих гээд нэлээн юм болдог байлаа. Би тэрийгээ мэддэг юм. Тэгээд заавал гар хүрч байж гайгүй болдог байв.

-Тэгж тайвширдаг байсан хэрэг үү?

-Тайвшрах арга маань тэр. Хоёр хүүхэд зодолдох гэж байхад би хажууд нь чичрээд байж ядна. Өөрт мэдрэгдэнэ. Тэгээд нэг цохиод авбал бүх зүйл байхгүй болж, зүв зүгээр болдог. Ийм л байсан. Гэхдээ одоо ч гэсэн хааяа чичирнэ ээ. Асар чичирнэ. Зүрх муутай юм байх даа л гэж өөрийгөө бодоод байлаа.

-Харин эсрэгээрээ юм биш үү? Тийм хүмүүсийн зүрх харин ч сайн байдаг гэдэг биш бил үү?

-Харин эмч үзээд зүрх чинь зүв зүгээр байна гэсэн. Тэгэхээр нь би үүнийг өвчин юм байна гэж тодорхойлсон. Нөгөө мэргэжлийн өвчин. Ажлын нөхцөлөөс болж ходоодоо муутгасан гэж бас бодоод байлаа. Шөнө, өдөргүй сургуулилалт хийгээд хоолтой, хоолгүй явна. Хооллож байгаа нь энэ гээд тостой хоол унд иднэ. Айж, айж эмчид үзүүлтэл зүгээр байна аа л гэсэн. Би ч бас олон жил архи уусан хүн дээ. Элэг ч аймаар байгаа даа гэсэн чинь мөн л зүгээрээ гээд гаргасан. Хүн судалдаг мэргэжилтэй хүн чинь энэ мэтчилэн өөрийгөө ч бас судалдаг бололтой юм (инээв).

-Одоо та хэр тайван болж байна?

-Ажлаа хийх үеэрээ л тайван биш байдаг. Жирийн үед бол тайван. Машинаа бариад явж байхад дуу аялмаар ч юм шиг. Хуучны “ЗиЛ- 130” машины жолоочид шиг дуу дуулаад л. Тэгээд явж байх үед их зүйл бодогддог юм. Гоё шүү дээ.

-Жүжигчин хүн мэдрэмтгий ч та бүр илүү мэдрэмтгий юм байна. Ийм хүнд бусдын хэлж байгаа үг, үсэг бүхэн чухал ач холбогдолтой байх, тийм үү?

-Хүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүр тархинд заавал боловсрогддог. Тэгж байж үг амаар гарч, үйлдэл биеэр илэрхийлэгддэг шүү дээ. Тиймээс хүний амьдралд зүгээр юм гэж байхгүй. Жишээ нь, би энэ сандлыг түшиж байна. Хөл минь жаахан чилж байгаа учраас үүнийг түшиж байна. Үүнтэй яг адилхан. Энийг л би олж хардаг.

Энэ бол миний мэргэжлээс үүдэлтэй онцлог юм. Түүнээс биш хүнээс тусдаа төрчихсөн хэрэг биш. Энэ мэдрэмжийг л бий болгох гэж би чадварлаг багш нарын удирдлагад олон цаг, олон хоног ажилласан. Ахмадууд маань театрын тайзан дээр намайг зовоож байсны буян шүү дээ.

-Бодох нь ээ, та өөртэйгөө ойролцоо араншин, арга барилтай хүмүүстэй ярилцах дуртай байх аа. Тийм үед Ц.Төмөрхуяг хуягнаасаа бүрэн гарна?

-Яг энэ л байхгүй юу. Мэргэжил, зан чанар, үзэл бодол нэг хүмүүстэй ярилцах шиг гайхамшигтай зүйл гэж өөр юу байх билээ. Нэлээд дээр У.Батбаатар, Г.Золбоот, Д.Бямбацогт, Дагваа бид нар кино зурганд явсан. Тэдэнтэйгээ уулзах хамгийн сайхан. Хэл яриа яг л нийлнэ шүү. Ачаалалтай ажилладаг улс чинь хоорондоо уулзаж байж л бие биенээ сэргээхгүй бол болохгүй.

-Анх уулзах гээд очиход минь та нэлээд тогтож ажина лээ. Ярилцлага өгөх нэг их дуртай биш бололтой. Таны ярилцлагыг ч би цөөхөн харсан юм байна?

-Та бүхний ажлыг ойлгодог, хүндэтгэдэг. Тиймдээ ч нэг үе ярилцлагыг нэлээд өгдөг байлаа. Гэхдээ миний бодлоор бол амьд, бодит дүр зургийг л яримаар санагддаг юм. Гэтэл үүний оронд хоосон магтдаг. Цэвэр цэмцгэр, өө сэвгүй юм шиг ярьж, бичээд л. Хүн бүрт дутагдал байгаа шүү дээ. Хүнд үнэн, зөв мэдээлэл өгөх гэж байгаа бол аль, аль талаас нь өгүүлэх хэрэгтэй байх. Олон жилийн өмнө би нэг зүйлийг ойлгосон.

Үхсэн хүнийг л магтдаг юм байна. Амьд хүнийг хэзээ ч магтахгүй, дандаа муу хэлдэг. Тийм учраас муулуулж байвал өөрийгөө мөнх байна л гэж бодох хэрэгтэй юм байна. Нэг сэтгүүлч “Сэтгэлгээний асар өндөр түвшинд жүжиглэсэн үү” гэж ирээд л асуусан санагдана. Хэрэв зээ сэтгэлгээний асар өндөр түвшинд жүжиглэсэн юм бол тэр хүн тайзан дээр үхсэн байж таараа. Эсвэл солиорсон байж таарна. Би чинь урлаг судлаач биш шүү дээ. Эгэл жирийн л нэг жүжигчин хүн. Өөрийнхөө мэдэх зүйлийн талаар л ярьж чадна шүү дээ. Тиймээс бодит дүр зургийг л ярих дуртай. Гэвч яг хүнлэг чанартай хүмүүсийн талаар ярих болов уу, асуух болов уу гэхээр тэр тухай ярих тун дургүй байх юм. Уг нь бол тийм хүмүүсийг л сайн алдаршуулмаар байгаа юм.

-Эцэст нь таны мэргэжлийн чиглэлийн асуулт асууя. Кино үзэх хэр дуртай вэ, аль байр сууринаас үздэг вэ?

-Би кино үзнэ ээ. Гэхдээ мэргэжлийн талаасаа үзээд байдаг юм. Зовлонтой. Энэ одоо ингэж байгаа, тэр тэгж байгаа гээд дүрслэн харж, фантаазалж бодоод байдаг талтай. Энгийн үзэгчийн байр сууринаас үзнэ гэж үгүй юм байна лээ. Дадал, зуршил гэж зүйл нөлөөлөөд байх шиг байгаа юм.

-Монголын аль кино танд хамгийн их таалагддаг вэ?

-Би айхтар, айхтар драматургууд, эсвэл уйлуулж дуулуулсан кинонуудыг үзэх дургүй. Харин “Моторын дуу” “Говийн зэрэглээ”, “Нийслэл хүү” зэрэг эгэл амьдралыг өгүүлсэн кинонуудад дуртай. Тэндээс ойлгож авах зүйл олон бий. Жишээ нь, эх орон сумаас эхэлдэг гэдэг санааг “Говийн зэрэглээ” кино үнэхээр сайхан харуулдаг шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай