Монголын тамирчид Азийн наадамд БАГИЙН ХОЁР АХЛАГЧТАЙ ОРОЛЦОНО

Монголын тамирчид Азийн наадамд БАГИЙН ХОЁР АХЛАГЧТАЙ ОРОЛЦОНО

Нэр хүнд, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа, тивдээ хамгийн томд эрэмбэлэгддэг Азийн наадам энэ сарын 18-нд хөшгөө нээнэ. 45 орон хамгийн шилдгүүдээ илгээх наадамд Монголын 269 тамирчин 30 төрөлд өрсөлдөнө. Түүхэн хуудас сөхвөл манай тамирчид Азийн наадамд 1974 оноос оролцож эхэлсэн. Тухайн жил хоёр медаль хүртсэн нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын алт юм.

Хоёр аваргын амжилт булган сүүлтэй байж өдгөө Монголын тамирчид тус наадмаас 20 алт, 37 мөнгө, 80 хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Манай улс энэ жилийн Азийн наадамд бүх шилдгүүдээ сойх хэдий ч олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай, улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг нар бэртлийн улмаас өнжинө.

Гавьяат тамирчин Д.Отгондалай “Инчон-2014”-өөс алтан медаль авахдаа Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны боксчин, М.Нандинцэцэг хүрэл медаль хүртэхдээ мөн эмэгтэй ширэн бээлийтнүүдээс анхдагч болсон юм. “Жакарта-Палембанг-2018”-д оролцох тамирчдаа үдэх, Төрийн алтан соёмбот далбаа гардуулах ёслол өчигдөр болов. Эл ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаныхан, тамирчин, дасгалжуулагчид оролцлоо.

Өнөө жил Азийн наадмыг Индонезын хоёр хотод зохион байгуулах тул Монгол Улс анх удаа багийн хоёр ахлагчтай өрсөлдөхөөр болсон нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш нар юм. Энэ үеэр Ц.Сандуй “Төдийгөөс өдий хүртэлх Азийн наадамд Монголын тамирчид алтан медаль хүртсээр ирсэн. “Инчон-2014”-д таван тамирчин түрүүлэн, шуугиулж байлаа.

Энэ удаа ч бас олон тамирчин Индонезын тэнгэрт Төрийнхөө дууллыг эгшиглүүлнэ, өмнөх амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна. Тамирчдын бэлтгэлийг хангах, наадамд оролцуулахын тулд улсаас 578.5 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Хаа сайгүй санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөө үед энэ бол их мөнгө. Олны итгэлийг амжилтаар хариулж, алтан медаль олныг хүртээрэй хэмээн тамирчдадаа захья” гэв.

Ёслолын үеэр Монголын төрийн далбааг багийн хоёр ахлагч болон тугчаар оролцох чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын харцага Н.Золбоо нарт гардуулав. Азийн наадамд анх удаа зодоглох Н.Золбоо “Өмнөх жилүүдэд жиндээ тэргүүлэгч байж чадаагүйн улмаас Азийн наадамд оролцож чадаагүй. Өнөө жил анх удаа өрсөлдөхдөө нээлтэд нь улсынхаа далбааг барьж алхахаар болсондоо бэлгэшээж байна. 2018 он миний хувьд их сайхан жил болж байгаа.

Он гарснаас хойш УАШТ-д түрүүлж, Азийн АШТ, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”, Буриадын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, улсын харцага цол хүртсэн. Азийн наадамд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Өрсөлдөгчдөө нэлээд судалсан, хэрхэн барилдах төлөвлөгөөгөө сайн боловсруулсан. Улсын наадмын дараа нутагтаа долоо хоног амарсан. Цолны мялаалга энэ тэр гээд нэлээд завгүй байлаа. Гэхдээ чөлөөт бөхийн бэлтгэлээ ер цалгардуулаагүй, аймгийнхаа спорт зааланд хийсэн. Одоо бэлтгэлээ өдөрт хоёр удаа базааж байгаа. Хариу мэх хэрхэн хийх, барилдааны төгсгөлд голчлон анхаарч байна” хэмээв.


Бэлтгэсэн: Б.Далай

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай