Бүх хүнд ээлтэй нийгмийн төлөө

/ Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх сургалт /

Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх сургалтыг та бүхэн хэр мэдэх вэ. Англиар “Disability Equality Training (DET)” гэсэн үгийн товчлол бөгөөд бид ихэнхдээ DET сургалт гэж нэрлэдэг. DET сургалт нь манай төслийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Нийгэмд байгаа саад бэрхшээл нь энэхүү сургалтын үр дүнд ил болж гарч ирдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Тус төсөл “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Энэхүү үзэл баримтлал нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд мөн адил тусгагдсан байдаг. Тухайлбал хөгжлийн бэрхшээлийн асуудал нь хувь хүндээ биш нийгэмд байгаа гэсэн ойлголт хандлага юм. Жишээ нь тэргэнцэртэй хүн шатаар дээш гарч чадахгүй байгаа нь тэргэнцэртэй хүний өөрийнх нь “буруу” биш, харин тэргэнцэртэй хүн хэрэглэж болох налуу замыг нь тавьж өгөөгүй нийгмийн “буруу” гэсэн үг юм.

Тиймээс нийгмийн энэхүү саад бэрхшээлийг арилгах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварыг үгээр тайлбарлах амархан ч бодит байдал дээрээ “нийгмийн загвар”-ын жинхэнэ утга, ач холбогдлыг ойлгож, нийгмийг тэр даруйд нь өөрчилнө гэж бараг л байхгүй. Гэвч DET сургалтад хамрагдсанаар нийгмийн загварын талаар илүү гүнзгий ойлголт авах боломжтой.

Тус сургалтад оролцсон ихэнх хүн “Хөгжлийн бэрхшээлийг харах өнцөг өөрчлөгдлөө” гэж хэлцгээдэг. Одоогийн байдлаар Монголд 6000 гаруй хүн тус сургалтад хамрагдаад байна. Та бүхэн хувь хүн, байгууллага, хамт олноороо тус төслөөс явуулж байгаа сургалтад хамрагдахыг хүсвэл холбоо барина уу. DET сургалтад хамрагдсанаар хөгжлийн бэрхшээлийн талаарх таны ойлголт хандлага өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна.

“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл” Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай