Тусгай хэрэгцээт сургуулийн багш нарыг хэлний бэлтгэлд хамруулахыг хүсэв

Б.Уран


УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч баасан гарагт Төрийн ордноо сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзан, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Уулзалтад Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг, эхчүүдийн төлөөлөл, салбарын яам, нийслэлийн Боловсролын газрынхан оролцсон юм.

Тус дүүргийн дээрх дөрвөн хорооны зургаан сургуульд нийт 10 мянга гаруй хүүхэд, найман цэцэрлэгт 3000 орчим хүүхэд суралцаж, хүмүүжиж байгаа аж.

Гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Тиймээс цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрх зүйн актуудын хэрэгжилт ямар байгаа болон багш, эмч нарын зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна. Тухайн жилийн төсвийг өмнөх оных нь намар УИХ баталдаг.

Гэтэл зун дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхлээгүй, сонгон шалгаруулалт явуулаагүй хариуцлагагүй байдал түгээмэл ажиглагдаж байна. Цаашид барилгын ажилтай холбоотой тендерийг гурав, дөрөвдүгээр сард зарлан, сонгон шалгаруулалтаа хийгээд, хичээл завсарламагц барилгын ажлыг эхлүүлэх чиглэлд яамд болон Худалдан авах ажиллагааны газар анхааралдаа авах хэрэгтэй” гэв.

Хоёр цаг гаруй үргэлжилсэн уг хэлэлцүүлгийн үеэр сургууль, цэцэрлэгүүдийг төлөөлж ирсэн хүмүүс өөрийн байгууллагад тулгамдаад буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, БСШУСЯ болон нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл асуултад нь хариулсан юм.

Тухайлбал, 126 дугаар сургуулийн барилгын хөрөнгө оруулалт “царцсан” байдалтай, долоо дахь жилдээ үргэлжилж буй гэсэн бол 53 дугаар сургуулийн тухайд Японы буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл барих гэтэл тухайн талбайд ургасан 60 гаруй модыг талбайгаас чөлөөлөх ажлыг хариуцаж хийх байгууллага олдохгүй байгаа нь ажилд саад учруулжээ. Түүнчлэн 40 дүгээр цэцэрлэгийн багш И.Батцэцэг “Манай цэцэрлэгийн байр БСШУСЯ-нд харьяалагддаг бол үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яаманд хамаардаг, хоёр салбарын дунд хаягдсан байдалтай олон жил явлаа” хэмээн учирласан.

Тус цэцэрлэгийн барилгыг буулгах дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа гаргасан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь цаашид эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэв. Дүүргийн хэмжээнд цорын ганц, улсдаа хамгийн томд тооцогдох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүлээж авдаг 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг “Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг Унгар улсад сургаж байгаа. Гэхдээ хэлний бэлтгэлд хамруулах талаар дэмжлэг үзүүлээч” гэсэн юм.

Уулзалтад оролцсон цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг, эхийн төлөөлөл цэцэрлэгийг камержуулах шаардлагатайг онцлон хэлж байлаа. Цэцэрлэг дэх нийтийн эзэмшлийн талбайд ганц, хоёр камер тавьдаг ч анги, танхимуудыг камержуулах төсвийг баталдаггүй гэнэ. Мөн сургуулийн багш нартай адил компьютер зэрэг дижитал хичээлийн хэрэгсэл ажилд нь шаардлагатай байдгийг ч хэлж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай