Приусчид мандтугай: Шатахуунд зарласан ЦАХИЛГААН ДАЙН

Нэг залуу “Тоёота Приус” машинаа угааж байна. Ажлаа дуусаад машиныхаа дугаарыг арчтал дуу алдаад явчихав. Тэгсэн өөр хүний машиныг цэмбийтэл угаасан байжээ. “Приус” машин эзэмшигчдийн талаарх иймэрхүү маягийн онигоо сошиал ертөнцөд өдөр бүр тэнүүлчилж байдаг. Үнэхээр ч Prius машин үнэмлэхүй олонх болсноор Монголын уулзвар болгонд учирч, Улаанбаатарын дохио бүрт таарч байгаа нь үнэн. Дүрэм зөрчин даварч, хурд хэтрүүлэн давхидаг л байх. Гэлээ ч Приусчид маань хөгжил дэвшлийн бөгсөнд бус дэлхийн чиг хандлагад ойр явааг нь  мартаж болохгүй. Бензин машинаас хайгаад ч олохгүй олон давуу тал Prius 10, 11, 20, 30, 40-үүд агуулж байхад тэд үнэмлэхүй олонх болохоос ч өөр яах билээ. Бүрэн цахилгаан машинууд хүч хамжаад ирэхийн цагт Монгол дахь шатахуунаар ундаалагсад бүр ховордох буй за. Тэгэхээр “Приус” эзэмшигчдийгээ муулж яриад юу хийх вэ. Байгальд ээлтэй, мөнгөнд хэмнэлттэй машин эдэлж байгааг нь үнэлж “Мандтугай” хэмээн урам хайрлах хэрэгтэй бус уу.

Дэлхийн хандлага ч өөрөө ийм байна. Хүн, байгальд ээлтэй болгоныг тахин дээдэлж байна. Тиймээс ч асуудал өдгөө улам нарийсч, хосолмол мотороос бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжих хөдөлгөөн өрнөж эхэллээ. Нефтийн үнийн замбараагүй өсөлт, дэлхийн дулаарал, эдийн засгийн хямрал гээд глобал асуудлууд хүн төрөлхтөнийг хэмнэх, эрүүл амьдрах ухамсарт сургаж байгаа нь цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт ихсэх үндсэн шалтгаан болж байна. Түүнгүйгээр оршихгүй юм шиг, тэрэнгүйгээр амьдрахгүй юм шиг төсөөлөөд байсан шатахуун гээч эрдэнийн эрэлт дундарч, хэрэглээ багасах нь нэгэнт тодорхой болжээ. Ийм таамгийг ултай судалдаг компани болгон, үндэслэлтэй дүгнэдэг мэргэжилтэн бүр хэлж байна. McKinsey компанийн судалгаанаас л харахад суудлын тэргэнд оногддог шатахууны хэмжээ сүүлийн хорин жилийн дотор 20 хувиар буурсан байх юм. Дараагийн 20 жилд бүр 40 хувиар унана гэлээ шүү. Шатахууны хэрэглээний ийм хэмжээний уналт нь цахилгаан хөдөлгүүрт автомашины хөгжил тийм түвшинд гарсаны тод илрэл болж байна. Үүнд нефть олдворлогчид тун чиг эмзэг хандаж байгаа. Тэдний өөрсдийн нь таамаглалаар нефтийн эрэлт 2025 онд оргил цэгтээ хүрээд түүнээс хойш байнгын уруудах хандлагатай гэж байна даа. Ингэж дүгнэхэд хүргэсэн нэг гол шалтгаан нь асар хурдтай тэлж байгаа цахилгаан хөдөлгүүрийн цар хүрээ.

Үүн дотроо автомат удирдлагатай автомашин юм. Хэрэв ийм төрлийн машин үнэхээр үйлдвэрлэгдээд эхлэх юм бол энэ нь нефтьчдэд очих давхар цохилт болох билээ. Хүнээр удирдуулдаг цахилгаан моторын учрыг олж ядаж байхад нь хүнгүйгээр явчихдаг өөр нэг электрон “жаал” гараад ирвэл сэхэж боломжгүй нокдаут амсана гэж айж байна. Гэтэл тийм нокаут хүртэх шаанс нь бодит болох гээд байна шүү. Энэ төрлийн судалгааг Volvo болон Lyft, Ford ба Google, Toyota, NuTonomy гэсэн бэлтэй, булчинтай компаниуд хийж байгаа. Хүссэн амжилтаа төлөвлөсөн хугацаандаа гаргаж дийлээгүй болохоор хүчээ нэгтгэж байгаад судалгааны чадварлаг багтай болоод авсан нь тэр. Үүний ч дүнд автомат удирдлага бүхий цахилгаан таксигаа туршаад эхэлж. Ажил нь урагштай байвал дөрөвхөн жилийн дараа зах зээлд нийлүүлээд эхэлнэ гэнэ дээ. Тэр цагт дэлхийн шатахууны хэрэглээ 20-30 хувиар нэмж уруудна.

Ингэх аваас “Их мөстлөгийн үе” шатахуунд тохионо гэсэн үг. Дэлхийн нефтийн магнатууд ингэж тэвдэж байхад манай шатахууны компаниуд яажшуухан суугаа бол доо. Нөгөө олон “Приусууд” чинь нэг цэнэглэсэн болчихоод хэдэн долоо хоногоор алга болчихно шүү дээ. Тэр хооронд “Ландууд” л колонкийг нь эргэж тойрон сэтгэлийг нь дэвтээдэг байх даа. За яахав, тэр “Мөстлөгийн үе” энэ тэр нь дэлхийн нефтьчдэд тохиогоо ч үү, үгүй ч үү гэж бодъё. Гэтэл тулгамдсан нэг бэрхшээл байгаа нь зарим хөгжингүй улс орон эко технологийг бодлогоор дэмжиж буй явдал юм. Энэтхэг л гэхэд Дели хотынхоо 10.000 автобус, 55.000 гурван дугуйт мотоцикль, 10.000 таксиг хийн хөдөлгүүрт шилжүүлсэн байхад АНУ нийтийн тээврийн унааныхаа 20%, хог ачигч машины 40%-ийг шатахууны хамаарлаас гаргажээ.

Эко машины хэрэглээгээрээ дэлхийд толгой цохидог Норвег улс (24%) цахилгаан хөдөлгүүргүй автомашиныг 2025 оноос, Герман улс 2030 оноос эхлэн хориглох болсноо зарлачихсан. Ийм шийдвэрийг гаргах тухай Австри, Нидерланд улсууд ярилцаж байна. Энэхүү бодлогод тулгуурласан шийдвэр, шийдлүүд нь автомашины зах зээл дэх цахилгаан хөдөлгүүрт машины эзлэх хувьд давхар нөлөөг хүчтэй үзүүлж буй юм. BYD, Kandi, Chery, Zotye, BAIC зэрэг брэндүүдээрээ цахилгаан машины салбарт тэргүүлэгчийн байрыг бат эзэлсэн БНХАУ-ын 2015 онд 300 мянган ширхэг машин борлуулсан үзүүлэлт нь энэ жил хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Гэтэл АНУ-ын Тesla компани дангаараа 400 мянган урьдчилсан захиалгыг ганцхан долоо хоногийн дотор авсан байх юм. Энэ нь зөвхөн Model III загварт нь ирсэн захиалга. Мэргэжилтнүүдийн тооцоогоор энэ онд дэлхийн зах зээлд 850 мянган ширхэг машин борлогдох бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 57% нэмэгдсэн үзүүлэлт болох гэнэ. IDTechEx конторын судалгаагаар элекро машин нь 2030 он гэхэд АНУ, Европ, БНХАУ тус бүрийн зах зээлийн 50%-ийг эзлэх бөгөөд энэ нь дэлхийн зах зээлийн 30% болох ажээ. Шатахуунд зарласан цахилгаан дайн ч улам ширүүсэх нь дээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай