Шинэ од

Стефанос Циципас энэ улиралд өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадахгүй л байв. Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойрог хүртэл тоглох зорилготой байсан ч нэгдүгээр шатанд ялагдав. Гурав болон дөрөвдүгээр сард “АТР 250” цувралын ядаж нэг тэмцээнд түрүүлэхийг зорьсон ч шилдэг наймаас хэтэрсэнгүй. Миланд болох тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах сорилгын эхний гуравт орно хэмээн өнгөрөгч хаврын эхээр төлөвлөсөн ч дөнгөж долдугаарт жагсав.

Гэвч энэ бүхнийг үл харгалзан энэ улирал С.Циципасын хувьд дэндүү амжилттай, одтой болж байна гэж дүгнэх бүрэн боломжтой. Учир нь тэрбээр өнгөрсөн долоо хоногт Торонтод дэлхийн чансааны эхний аравт ордог дөрвөн теннисчнийг дараалан ялсан юм. Эхлээд Доминик Тим, дараа нь “Уимблдон”-ы түрүүгээ угаагаад ирсэн Новак Жокович, дэлхийн аварга Александр Зверев болон Кевин Андерсон нар 19 настай грек залууд дараалан өвдөг шороодов. Ийнхүү тэрбээр АТР-ын түүхэнд (1990 оноос хойш) нэг тэмцээнд чансааны эхний аравт бичигдсэн дөрвөн тоглогчийг дараалан ялсан хамгийн залуу теннисчин болсон.

Жилийн өмнө тэрбээр дэлхийн чансааны эхний 160-д ч багтдаггүй байсан бол өнгөрсөн долоо хоногт эхний 30-д бичигдэж эхэлсэн юм. Торонтогийн тэмцээний финалд шалгарснаар грек залуу чансаа огцом ахиж, шилдэг 15-ын тоонд орж ирсэн агаад хэрэв өнөөдөр болох финалд ялж чадвал, чансааны 12-т бичигдэж эхэлнэ.

С.Циципасын оргил амжилт нь энэ биш гэдэгт теннисний хүрээллийнхэн итгэлтэй байгаа юм. Н.Жокович түүний тухай “Их авьяастай залуу, дэлхийн шилдэг өсвөрийн теннисчдийн нэг байлаа. Хэрэв тэр энэ байдлаараа урагшлах юм бол түүнийг маш том ирээдүй хүлээж байна” гэжээ.

Түүний ээж нь ЗХУ-ын аваргаар хэдэнтээ тодорч байсан теннисчин Ю.Сальникова юм. Тэрбээр 1990-ээд оны эхээр Грек рүү цагаачилж, дасгалжуулагч А.Циципастай гэрлэжээ. Тэд гурван хүү, нэг охинтой бөгөөд бүгд теннисээр хичээллэдэг аж. Ууган хүү Стефанос гурван настайгаасаа гартаа теннисний цохиур барьжээ. Аав, ээж хоёр нь Грекийн хотуудаар явж, теннисний хичээл заадаг байсан учир Стефанос бараг л энэ спортоор амьсгалдаг байв.

Грект теннис тийм ч сайн хөгжөөгүй учир 19 настай Циципас аль хэдийн тус улсын түүхэн дэх хамгийн шилдэг теннисчний нэгд тооцогдож эхэлжээ. Өнгөрсөн жил тэрбээр Италид болсон “Челленжер” тэмцээнд түрүүлсэн гурав дахь грек теннисчин болсон бол аравдугаар сард дэлхийн чансааны эхний 100-д, төдөлгүй эхний 50-д багтсан анхны грек теннисчин болов.

С.Циципасыг аав нь дасгалжуулдаг бөгөөд сүүлийн жил гаруйн хугацаанд алдарт С.Уильямсын дасгалжуулагч П.Муратоглу тэдэнд туслах болжээ. Чухам түүний ачаар грек залуу 2018 оны улиралд илүү зохион байгуулалттай бэлтгэсэн байна. Түүнээс гадна С.Циципас энэ хавраас эхлэн Муратоглугийн академид дэлхийн номер нэг теннисчин асан Э.Маррэйтэй хамт бэлтгэл хийсэн нь түүний гэнэтийн “цооролт”-д нөлөөлсөн биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай