Ирэх сард анхны цомгоо “өлгийднө”

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид дэлхийн 44 оронд “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Оддын академи” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон. Дуулах хүсэлтэй залуусын мөрөөдлийг биелүүлэх, томоохон боломж олгодог эл нэвтрүүлгээс “The wasabies” хамтлагийг “төрүүлсэн”.

Э.Буяндулам, Э.Аминхүслэн, Э.Анужин, Д.Энхгэрэл, Ө.Ангелина нарын бүрэлдэхүүнтэй “The wasabies” хамтлагийн продюсероор Б.Наранзун ажиллаж буй бөгөөд одоогоор “Girls generation”, “Ү-гүй”, “Bestie” дуугаа дүрсжүүлэн үзэгчдэд хүргээд байна.

-“Оддын академи” шоунд хэчнээн охин бүртгүүлж, оролцсоноос та тав шалгарч үлдсэн юм бэ. Авьяас, чадвараа харуулахын тулд маш их хичээсэн байх. Өрсөлдөөн их байсан уу?

Э.Б: -Нийт 500 шахам охин бүртгүүлж, хаалттай шалгаруулалт гурван удаа явуулснаас 12 оролцогчийг тэнцүүлсэн. 12 оролцогч хоёр сарын хугацаанд хамт байрлаж, өрсөлдөж, бид тав шалгарсан. Хамт амьдарснаас долоо хоногийн дараагаас оролцогчдыг хассан.

Мэдээж тэнцэж үлдэхийн тулд мэрийсэн. Бусадтай өрсөлдөх нь гол биш, шоуны дүрмээ дагаад хасагдахгүйн төлөө хичээж байлаа. Нэвтрүүлгийн зорилго нь оролцогчдыг дуу, бүжиг, бие бялдар, имиж бүрдүүлэх гээд бүх талаар нь хөгжүүлэн шоу бизнест хөл тавиулах учраас хүн бүр л чадлаараа хичээсэн байх.

-Танай хамтлагийн продюсероор Б.Наранзун ажиллаж буй. Уран бүтээлийн чинь өнгө аяс, онцлогийг хэрхэн чиглүүлж байна вэ?

Э.Б: -“Оддын академи” шоу нэвтрүүлгийг анх 2001 онд Франц, Испанид зохион байгуулсан юм билээ. Түүнээс хойш олон оронд зохиож, нэр хүндтэй олон хамтлаг, дуучин төрүүлсэн. Бид ч гэсэн тэдний нэг болохоор хичээж байна. Шоу дууссаны дараа бид 100 сая төгрөгийн продюсингийн гэрээ хийсэн. Манай хамтлагийг “Жи мобайл” компани ивээн тэтгэж байгаа.

Б.Наранзун продюсертой хамтран ажиллаж буй нь бидний хувьд маш том завшаан. Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрийн онцлог, байр суурьтай хүн учраас бидэнд түүнээс суралцах зүйл маш их. Уран бүтээлч хүн ямар байх ёстойгоос гадна бусдад бүтээлээ хэрхэн хүргэх зэрэг олон зүйл сурч байна. Чанартай, шинэлэг уран бүтээл хийхийг эрмэлзэж буй.

-“Girls generation”, “Ү-гүй” дууны клипээс харахад нэлээд шинэлэг, сонирхолтой дүр төрх бүрдүүлсэн байсан. Танай хамтлагийн стиль имижийг хэр тодорхойлж байгаа вэ?

Э.Б: -Стиль имижийг би хариуцаж байгаа. Шаардлагатай тохиолдолд гишүүдээсээ саналыг нь асуудаг.

-Азийн дуу хөгжим, шоу цэнгээний хамгийн том групп болох “Asian enter­tainment”-аас Азийн охидын хамтлагийн хит дууны жагсаалтыг өнгөрсөн сард шинэчлэн гаргасан. Тэдгээр 50 дуунд танай “Ү-гүй” багтсан байсан. Энэ тухай хэрхэн мэдсэн бэ?

Э.Ам: -Миний фэйсбүүк хуудсанд нэг сонсогчоос энэ тухай захидал ирсэн. Лавшруулаад үзтэл манай дуу 20 дугаар байрт жагссан байсан. Байгуулагдаад удаагүй залуу хамтлагийн хувьд маш баяртай үйл явдал шүү дээ. Маш их урам авсан. Өнгөрсөн сард сонсогчдод хүргэсэн “Bestie” дуу ч гэсэн тэр жагсаалтын шилдэг 50-д бас багтчихлаа.

-Өөр өөр орчинд өссөн охид нэг хамтлаг болж, уран бүтээл хийж байна. Хоорондоо хэрхэн ойлголцдог вэ. Хэр сайн найзууд болов?

Э.Ан: -Шоуны үеэр хоёр сарын хугацаанд хамт амьдарсан болохоор нэгнийхээ занг гадарлана. Гэхдээ нэг хамтлаг болж, уран бүтээл хийх явцад илүү дотно болдог юм байна. Нэгнийхээ дотнын найзаас гадна сайн хамтрагч байхыг хичээдэг.

-Бие даасан анхны цомгоо хэзээ гаргах вэ?

Ө.А: -Ирэх есдүгээр сард анхны цомгоо гаргана. Таван дуунаас бүрдэх юм. Дуугаа “N11” студид бичүүлдэг. Дуунуудыг Б.Наранзун продюсер болон хөгжмийн зохиолч, дуучин Наки (Б.Нацагдорж) ах зохиож өгч байна. Одоогоор дөрөв дэх дууны клипний ажил ид үргэлжилж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай