Н.ДАВААДОРЖ: Баруун хилд 1934-1952 онд 62 удаа байлдааны ажиллагаа явагдсан

Өнөөгөөс 70 жилийн тэртээд манай улсын баруун хилийн байдал түгшүүртэй, гоминдаан, Оспаны цэргүүд өнгөлзөн үе үе томоохон тулгаралт болж байсан түүхтэй. Тухайлбал, Байтаг богдын Бүдүүн харгайтад Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Д.Чойжин, Л.Гончигзэвгэ, Ч.Пэлжээ нарын хийсэн тулалдааныг “Маш нууц-II” буюу “Байтаг богд” уран сайхны киногоор залуучууд гадарлах болсон. 1930-аад оны эхэн үеэс 1952 он хүртэл 20 орчим жил үргэлжилсэн баруун хилийн тулгаралтын талаар ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архив, Түүхийн секторын судлаач, доктор, дэд хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.


-Баруун хилд одоогоос 70 жилийн тэртээ болсон үйл явдлыг судлаачид, эрдэмтэд янз бүрээр дүгнэдэг. Нэг хэсэг нь дайн гэж байхад, будилаан, тулгаралт гэж үздэг нь ч бий. Тэнд чухам юу болсон юм бэ?

-Монгол орны баруун хилд 1930- 1940 оны сүүлч хүртэл болсон үйл явдлыг судлаачид нэршлийн хувьд хэд хэдэн янзаар үздэг. Орос, Зөвлөлтийн түүх бичлэгт зэвсэгт мөргөлдөөн гэдэг. Монголынход зэвсэгт халдлага, өдөөн хатгалга, тулгаралт, Хятадын түүхэнд газар нутгийн маргаан, хилийн будилаан гэж үздэг юм. Оросууд Шинжаанд явуулсан улс төр, дипломат, цэргийн арга хэмжээнүүдээс нь авч үзэхэд мөргөлдөөн гэж үздэг юм.

Өмнөд хөршийнхөн “Монголчууд Хятадын нутгаас эзэмшин суурьшсан, тус улсын нутаг руу монголчууд халдсан учраас бид хариу үйлдэл үзүүлсэн” гэж бичдэг. Монголын түүхэнд мөргөлдөөн, тулгаралт гэх мэтээр янз бүрээр бичдэг нь Зөвлөлтийн нөлөөгөөр түүхийг хянан засдаг байснаас улбаатай.

Судалгааны бүтээл, архивын эх сурвалжаас үзэхэд гоминдааны талаас Монголын газар нутаг руу түрэмгийлсэн, нөгөө талаас Оспаны зэвсэгт дээрэмчид баруун хязгаарын ард түмэнд зэвсэглэн халдсан өдөөн хатгалга нь даамжирсан. Тухайн үед хилийн овоо, чулуу, тэмдэг байгаагүй учраас газар нутгийн маргаан болж хувирсан. Ийнхүү даамжирсаар оргил үе болох 1947-1948 онд өнөөгийн цэргийн шинжлэх ухааны ойлголтоор байлдааны ажиллагаа явагдсан.

Тэнд Мэргэн уулын, Бүдүүн харгайтын гэх мэтээр маш олон байлдаан болсон юм. Тиймээс энэ үйл явдлыг жижгэрүүлж, зэвсэгт өдөөн хатгалга, тулгаралт байсан гэж үзэлгүйгээр байлдаан, байлдааны ажиллагаа гэж үзэх ёстой юм. Түүх түүхээрээ л үлдэх ёстой шүү дээ. Сүүлийн үед судлаачид үүнд санал нэгдээд байгаа.

-Баруун хилийн байлдааныг уншигч, үзэгчид саяхан хийсэн “Байтаг богд”, “Босго тотго” гэх киногоор гадарладаг болсон. Кинонд гардаг Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж тэргүүтэй эрэлхэг цэргүүд бол тухайн байлдаанаас төрсөн баатруудын нэг хэсэг нь л биз дээ?

-Биднийг ерөнхий боловсролын сургуульд сурч байхад “Монголын түүх” хичээлээр баруун хилийн тулгаралтын талаар үздэггүй байлаа. Хүүхэд байхдаа уншиж байсан Ц.Уламбаярын “Эх орны манаа” туужаар л энэ байлдааныг төсөөлдөг байв. 1939 оны Халхын голын, 1945 оны чөлөөлөх дайны талаар л дунд болон их, дээд сургуульд үздэг байлаа. Баруун хилийн үйл явдлыг ор тас орхигдуулсан нь дээр өгүүлсэн Зөвлөлтийн түүх бичлэг, дэг маяг, оросууд Монголын түүхийг хянан засварлаж байсантай холбоотой.

Учир нь баруун хилийн үйл явдалд Зөвлөлтийн талын оролцоо маш их байсан. Тухайлбал, Чойбалсан, Оспан нарын уулзалт бол цэвэр Сталин, Молотов нарын нөлөө, оролцоотойгоор хийгдсэн байдаг. Зөвлөлийн тал өнөөгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах орон буюу 1930-1940-өөд оны Шинжаан мужид өөрсдийн нөлөөллөө тогтоох, газрын баялгийг нь эзэмших ашиг сонирхолтой.

Үүнтэй зэрэгцээд Монголын баруун хязгаарт Оспан, гоминдааны түрэмгийлэл идэвхжсэн үйл явцыг ашиглаад Оспантай холбоо тогтоох талаар эрчимтэй хөөцөлдөх болсон юм. Үүнд БНМАУ-д сууж байсан Зөвлөлтийн Элчин сайд Иванов, Дорнод цэргийн тойргийн командлагч Ковалёв зэрэг хүмүүс идэвхтэй оролцож байв.

Таны асуусан дээрх хоёр кинонд гарч буй үйл явдал бол зөвхөн нэг л хэсэг нь. Монгол орны баруун хилийн халдашгүй дархан байдлын төлөө 1934-1952 онд 20 шахам жил үргэлжилсэн үйл явдлын талаарх архивын баримт материалыг нэгтгээд үзэхэд нийтдээ том, жижиг 62 удаагийн байлдааны ажиллагаа явагдсан байдаг юм.

“Байтаг богд” уран сайхны кинонд 1948 оны долдугаар сарын 8-нд Байтаг богдын Бүдүүн харгайтад зөвхөн нэг өдөр болсон үйл явдлыг л харуулсан байна лээ. “Байтаг богд” ч, “Босго тотго” ч гэсэн түүхээ барьж бүтээхдээ, үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс уран сайхны дүр, үйл явдал оруулдаг. Үүнийг нь зарим хүн түүх гуйвууллаа гэх нь өрөөсгөл.

-Баруун хилийн байлдаанаас Монгол Улсын баатар цолтой олон хүн төрсөн байдаг. 20 шахам жил үргэлжилсэн энэ үйл явдал зөвхөн Ховд аймгийн нутагт болсон гэж үзэж болохгүй юм билээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Монгол Улсын баатар Хорлоогийн Дамба 1943 онд баруун хилд байлдаж байгаад амиа алдсан байдаг.

-Хил хамгаалах байгууллагын түүхэнд Монгол Улсын баатар цол хүртсэн 14 хүн байдаг. Халхын голоос тав, баруун хилээс Улсын баатар ес төрсөн. Халхын голд байлдаж явсан баатруудаас Д.Гуулингаас бусад нь буюу Н.Жамбаа, С.Төмөрбаатар, П.Чогдон, Э.Шийлэг нар 1947-1949 онд баруун хилд байлдааны үүрэг гүйцэтгэж, суман, застав удирдаж байв. Тиймээс ч Байтагийн 10 баатар гэж Н.Жамбаа гуайг оруулан тооцдог юм. Н.Жамбаа баатар Олон булагийн заставын даргаар ажиллаж байсан.

1943 оны долдугаар сарын 30- нд Шар говийн Багадаваатад ахлах түрүүч Д.Намнангийн удирдлагад байлдагч Х.Дамба, С.Балжир, Р.Лувсанпүрэв нар харуулд гарчээ. Тэр үед Оспан, гоминдааны 200 орчим зэвсэгт дээрэмчин халдсан байдаг юм. Манааны ахлагч Д.Намнан байлдагч С.Балжирт мэдээ хүргэх тушаал өгсөн ч дайсны суманд өртөж амиа алдсан. Д.Намнан, Х.Дамба, Р.Лувсанпүрэв нар 200 орчим дээрэмчинтэй эрэлхэг зоригтой, баатарлаг байлдсан байдаг.

Энэ тухай манайд олзлогдсон цэрэг Сайтбайх гэгч болон дараа нь манай талд орсон Исхамбай зэрэг 2-3 хүний мэдүүлгээр “Эрэлхэг зоригтой хүмүүс байсан, нэлээд хэдэн удаан шархадсан атлаа нэг гараараа буудаад ойртуулахгүй байсаар амь үрэгдсэн. Бид мусульман шашны ёсоор “Бүгдээрээ баатар болцгооё” гээд Х.Дамба нарын цуснаас амсаж байсан. Үнэхээр баатар хүн байсан” гэж өчиг мэдүүлэг өгсөн юм билээ. Баруун хилд тулалдсан цэргүүд эрэлхэг зоригтой байлдаж, Монгол орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө эцсийн дусал цусаа зориулж, амиа өргөжээ.

-Энэ байлдаанд хэчнээн хүн оролцсон бэ. Хэд нь өдгөө амьд сэрүүн байгаа бол?

-Баруун хилийн байлдаанд Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд, хилийн цэрэгт туслах бүлэг гээд нийт 25 000 орчим хүн оролцсон баримт бий. Тэднээс 50-иад хүн амьд сэрүүн бий. Энэ байлдаанд эрэлхэг зоригтой байлдсан хүмүүсийн овог нэр нь тодорхой байдаг. Мөн эрэлхэг зоригтой байлдаж байгаад амь үрэгдсэн, нэр нь тодроогүй хүмүүс ч бий.

Тухайн үед цэргүүдийг хүн гэж үздэггүй, эрх зүйн бичиг баримт сайнгүй, архивт бичиг баримтыг нь шилжүүлэх ажиллагаа дутуу дулимаг явагдсанаас зарим хүний нэр тодроогүй, амь үрэгдсэн байдаг. Тухайлбал, Хандын Жүрмэд нарын найман хилчний тулалдсан байлдааны ажиллагаа бий. Энэ хүмүүсийн нэр тагнуулын архиваас олдсон юм. Гэхдээ найм биш, 11 хүний нэр байсан. Тулалдаан болсон газар орон дээр нь очиход найман булш байдаг.

Нөгөө гурван хүн нь цуг байсан уу, өөр тулалдаанд яваад амь үрэгдсэн үү гэдгийг тодруулах шаардлагатай. Гадаадын түүхийн олон эх сурвалж, архивын баримтыг судлах хэрэгтэй болно. 1949 онд Чан Кайши тэргүүтэй гоминдааны хятадууд Мао Зэдуны цэргүүдээс зугтахдаа хамаг бичиг баримтаа аваад явсан гэдэг. Тайваньд 1930-1940-өөд оны баримт бичиг их байдаг юм билээ. Мөн цэргийн археологийг хөгжүүлэх нь чухал байна.

-Баруун хилийн байлдааны сүүлчийн буун дуу яг хэдийд гарав. Манай цэргийн хүн хүч, зэвсэг техник нь ямар байсан бол. Анх удаа байлдааны онгоц ашигласан гэдэг шүү дээ. Хэр том газар нутгийг хамарсан юм бэ?

-Сүүлчийн буун дууг яг хэдийд гарсныг судлаачид янз бүрээр л дүгнэдэг. 1952 онд сүүлчийн буу дуугарсан гэж үздэг. 1947-1948 оны байлдааны ажиллагааны дараа Оспан, гоминдааны цэргийн хүч ихээхэн суларсны зэрэгцээ Хятадын дотоод зөрчил идэвхжиж, Маогийн талын коммунистууд ноёрхож эхэлсэн. 1949 онд коммунистууд Шинжаан руу орж ирсэн байдаг. Гоминдааны талын нэг хэсэг нь бууж өгч, зарим нь Тайвань руу зугтсан. Үүнтэй холбоотойгоор Оспаны зэвсэгт бүлэглэлийнхэн дотроо салан бутарч эхэлсэн.

1949-1952 онд томоохон байлдааны ажиллагаа болоогүй. Жижиг мөргөлдөөн ганц нэг гарч байсан гэдэг. Ингээд 1952 онд Оспаны үлдэгдлийг устгах талаар төвөөс шийдвэр гарч, Хязгаарын цэргийн штабын дарга Журамын Намжилаар удирдуулсан бүлэг очиж ажиллагаа явуулан, Оспан өөрөө зугтаж, Хятадын өмнөд нутагт Хаацай гэдэг газар тус улсын Ардын чөлөөлөх армийн цэрэгт баригдан цаазлагдсанаар байлдаан дууссан гэж үзэж болно.

Хамарсан газар нутаг гэвэл өнөөгийн Баян-Өлгий аймгийн Даянгийн заставаас авхуулаад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг хүртэлх баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон 1200 гаруй км, фронтын өргөн нь өнөөгийн улсын хилийн шугамаас Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Зэргийн гол хүртэлх 250 км газар нутгийг хамарсан. Энэ байлдааны ажиллагаанд хамгийн анх манай цэргүүд онгоц ашигласан байдаг юм.

Халхын голын байлдаанаас өмнө буюу 1934 оны есдүгээр сарын 12-21-нд Цэргийн явдлын яамны сайд Г.Дэмид жанжны удирдсан байлдааны ажиллагаанд манай улсын зэвсэглэлд шинээр орж ирсэн “Р-5” онгоц ашиглаж, нисгэгч Ч.Шагдарсүрэн даргатай, В.А.Судец зөвлөхтэй баг манай улсын хилийн Байтаг богд, Их хавтаг, Чингэл, Цагаан голд байгаа хасгийн дээрэмчдийг хөөн зайлуулсан түүхтэй.

Монголын цэрэг дайны XX зууны түүхэнд хуурай замын цэрэгтэй хүч хавсран анх удаа байлдааны онгоц хэрэглэсэн юм. Энд Ховдын Хязгаарын цэргийн анги салбарууд байлдаж байхад хүч нэмэгдүүлэн Монгол ардын хувьсгалт цэрэг орсон түүхтэй.

-Мэргэн уулын тулгаралт гэж томоохон байлдаан болсон байдаг. Энэ тухай тодруулж өгөөч.

-Энд хилийн цэрэгт туслах бүлгийн гишүүн Сагадай гэж хүний гавьяат үйлстэй холбоотой үйл явдлыг онцлохгүй байж болохгүй. Тэрбээр Оспаны итгэлт хүн болж дэргэд нь сууж байсан юм билээ. Нэг өдөр Оспан түүнд мал хөрөнгө дээрэмдэхийн сацуу “Монголын хилчин дайчдаас амьд хэл олзолж ир” гэсэн үүрэг өгчээ. Ингэхдээ Оспаны шилдэг 22 баатрыг удирдан орж ирсэн байгаа юм. Уг нь Сагадайг Оспаныг устгах үүрэг даалгавартайгаар манай тал илгээсэн ч очоод хүнд өвчин тусаж, 2-3 сар хэвтэрт байсан гэдэг.

Бие нь тэнхэрмэгц Оспан дээрх үүрэг даалгаврыг гэнэт өгч л дээ. Сагадайн удирдсан 22 баатар Ховд аймгийн Булган сумын нутагт орж ирмэгц тэрбээр тус бүр 11 хүнтэй хоёр бүлэг болгож хуваагаад, нэгийг нь мал хөрөнгө дээрэмдэх, нөгөөг нь Цоохор морьтын харуулаас амьд хэл олзлох үүрэг өгсөн. Ингээд мал дээрэмдэхээр явсан хүмүүстээ “Чухал даалгавар өгөхөө мартаж, та нар эндээ хүлээж бай” гээд үлдээгээд тэдний араас явж байгаа дүр эсгэн мөрөө буруулж, Булган суманд байрлаж байсан отрядын Гэрэлчулуун даргатай тагнуулчдад мэдэгдсэн байдаг. Ингээд Оспаны 22 шилмэл баатрыг нь Мэргэн уулын өвөрт байлдан бүсэлж устгасан. Энэ тулалдааны үеэр С.Лхагвадорж баатар амь үрэгдсэн юм. Дайсны 22 баатраас 50 хувийг нь устгаж, зарим нь хил давж зугтсан түүхтэй.

-Энэ байлдааны дараа хил тогтооход Монголын газар нутаг Хятадын талд үлдсэн гэсэн яриа байдаг.

-Байтаг богдын ар, өврөөр улсын хил тогтсон. Олон зуун жилийн турш Монгол, Хятадыг заагласан хил байсангүй. Ингээд 1962 онд хил тогтоон гэрээ байгуулсан. Хоёр талаасаа манай нутаг гэж их маргалдсан гэдэг. Ингэж хил тогтоохдоо 1947 оны зургадугаар сарын 5-ны байлдаанд амь үрэгдсэн Ж.Жамабалхан салаан даргатай найман дайчны шарил Хятадын талд орсон.

Энэ талаар ахмад дайчин Б.Хожноо гуай баруун хилийн тулгаралтын 50 жилийн ойгоор байлдаан болсон газар орон дээр очоод “Бид юуны төлөө байлдаж, цусаа урсгаж явсан юм бэ. Дайчин нөхдийн минь шарил хилийн гадна үлдэх байсан юм бол юуны төлөө тэмцсэн юм бэ” хэмээн уйлж байсан.

-Баруун хилийн байлдааны ажиллагааны үр дүн юу байв?

-Энэ байлдааны үр дүнд олон зуу, мянган жил хил тодорхойгүй байсныг нарийвчлан тогтоосон. Байтаг богд уулын ихэнх хэсэг нь Монголын талд шилжсэн. Баруун хязгаарын ард түмэнд эх орноо гэсэн ухамсар, сэтгэхүй, нягтралыг төрүүлсэн. Энэ байлдааны ажиллагаанд Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуулынхнаас гадна тухайн нутагт аж төрж амьдарч байсан торгууд, захчин, урианхай, казах гээд олон ястан эх орныхоо төлөө тэмцэж байв. Мөн Шинжаан руу дүрвэн гарсан олон мянган хүн буцаж эх орондоо ирж суурьшсан юм шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай