“АНУ Туркийг шинэ холбоотон хайхад хүргэж байна”

Туркийн эсрэг Вашингтоны дангаар хийж буй ажиллагаа шинэ найз нөхөд болон холбоотон эрж хайхад хүргэж байна хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан “News York times” сонинд зориулан бичсэн нийтлэлдээ дурджээ. Түүний хэлснээр Турк, АНУ хоёр 60 жилийн турш стратегийн түнш байсан бол өдгөө Вашингтон Туркийн ард түмний эрх ашгийг нэг бус удаа бөгөөд шат дараатай үл хүндэтгэсэн байна. “Хэрэв АНУ Туркийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэж эхлэхгүй, манай улсад тулгарсан сорилтуудыг ойлгож буйгаа нотлохгүй бол бидний түншлэлд аюул нүүрлэж мэдэх юм” гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

Туркт 2016 оны долдугаар сарын 16-нд шилжих шөнө болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын талаарх АНУ-ын байр суурийг Режеп Тайип Эрдоан жишээ болгов. Туркийн ардчиллын талд зогсохын оронд АНУ-ын албаны хүмүүс Туркт тогтвортой байдал бий болгохыг шаардаж буй гэнэ. Тэрчлэн төрийн эргэлтийг зохион байгуулсан хэрэгт Анкарагийн буруушааж буй, исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг Туркт өгөхөөс АНУ татгалзаж байгааг тэрбээр сануулсан байна.

Мөн Туркт террорист байгууллага гэдэг Курдистаны ажилчны намыг дэмждэг гэж Режеп Тайип Эрдоан АНУ-ыг буруушаажээ. Туркийн эрх баригчдын тооцсоноор сүүлийн жилүүдэд Вашингтон Сири дэх курдийн бүлэглэлүүдэд зэвсэг хүргэхэд 5000 ачааны машин, тээврийн 2000 нисэх онгоц ашигласан аж.

“Дэлхийн даяар нууц үйл ажиллагаа өрнөж буй үед Туркийн эсрэг АНУ-ын дангаар явуулж буй ажиллагаа Америкийн эрх ашиг, аюулгүй байдлыг л хөндөнө. Турк адилхан арга хэмжээ авахыг Вашингтон оройтоогүй дээрээ ухамсарлаж, харилцаагаа адилгүй мэтээр санадаг алдаатай бодлоосоо татгалзах ёстой. Дангаар алхам хийдэг хандлагаасаа татгалзах, хүндэтгэх чадваргүй байдал биднийг шинэ найз нөхөд болоод түнш хайж эхлэхэд хүргэж байна” гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тайлбарлажээ.

Туркээс авдаг хөнгөн цагаан болон гангийн татварыг 20 ба 50 хувьд хүргэхээ АНУ өнгөрсөн баасан гарагт зарласан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр Анкара, Вашингтоны харилцаа тийм ч сайнгүй байна. АНУ гаалийн татвараа нэмсэний хариуд арга хэмжээ авахаа Турк улс мэдэгдсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай