Б.Мандахгэрэл: Зам засаж дууссан, хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна

Дорноговь аймгийн Айраг сумын Цомог өртөөнд Улаанбаатараас Сайншанд чиглэлд зорчиж явсан суудлын галт тэрэг онхолдсон ноцтой осол уржигдар өглөө гарсан. Усархаг аадрын улмаас замын далан эвдэрч, галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг вагон унаж, цөөнгүй хүн гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин өчигдөр мэдээлэл өгөв. Тэрбээр “Дорноговь аймгийн түргэн тусламжийн төвд энэ сарын 12-ны 05.07 цагт нэг иргэн “Осол болж, хүмүүс гэмтлээ” гэсэн дуудлага ирүүлсэн. Тус аймгийн Эрүүл мэндийн газар шуурхай арга хэмжээ авч, Айраг, Даланжаргалан сумын болон Төмөр замын эмнэлгийн эмч нар газар дээр нь очиж ажиллалаа. Галт тэргээр зорчиж явсан хүмүүсийн биеийн байдлыг хянаж, эрэмбэлэн ангилж, анхны тусламж үзүүлсэн.

Тухайн үед 120 гаруй хүн хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзлэг, оношилгоо хийлгэх шаардлагатай байсан тул Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Тус аймгийн галт тэрэгний зогсоолд хүмүүсийг эмчийн үзлэгт оруулсан юм.

Хоёр хүний биеийн байдал хүнд байсан. Тархиндаа гэмтэл авсан 54 настай эмэгтэйг Улаанбаатар хотод ГССҮТ-д хүргүүллээ. Гэмтлийн эмнэлгийн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж, элэг задарч, өрц урагдан, баруун талын хавирга хугарч, уушги нь гэмтсэн 48 настай эмэгтэйд яаралтай мэс засал хийсэн. Мөн тархиндаа гэмтэж, аарцаг яс хугарсан байж болзошгүй байгаа учраас Улаанбаатарт авчирч, нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай.

Тэр эмэгтэй одоо Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Бусад нь тархи доргих, зөөлөн эд гэмтэх зэрэг хөнгөн гэмтэлтэй. Тиймээс эмчийн хяналтад гэртээ байгаа. Галт тэргэнд зорчиж явсан жирэмсэн гурван эмэгтэйн нэг нь Айраг, нөгөө хоёр нь Дорноговь аймагт гэртээ эмчийн хяналтад байна.

Бид бүх зорчигчийн овог, нэр, гэрийн хаягийг бүртгэж, харьяа эмнэлгийн байгууллагад нь шилжүүлсэн. Одоогоор зовиур илэрч, эмнэлэгт хандсан хүн байхгүй. Гэхдээ тархины гэмтэл 1-3 хоногийн дотор илэрдэг учраас хяналт сайн тавих хэрэгтэй” гэв.

ОСОЛ ГАРСАН ГАЗАРТ 486 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

Тархиндаа гэмтэл авсан 54 настай эмэгтэй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бол өөр хоёр хүн мөн тус эмнэлэгт эмчлүүлж буй.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар хангаж байгаа аж. ОХУ-ын Сэргээн босголтын галт тэрэгний цуваа өчигдөр 02.00 цагт осол болсон газарт хүрчээ. Төмөр замыг холбох ажил дуусмагц унасан галт тэргийг өргөх аж.

Энэ талаар хурандаа Б.Мандахгэрэлээс 16.00 цагийн үед тодруулахад “ОХУ-ын Сэргээн босголтын галт тэрэг зам засаж дуусахыг хүлээж байгаад дөнгөж сая орж ирж байна. Зам дээр тэгнэсэн болон хажуу руу унасан зүтгүүрийг өргөж, зам чөлөөлсний дараа галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ. Тэгнэсэн зүтгүүрийг замаас холдуулчихвал далангаа сэргээж, 20 орчим метр урт зам тавиад урд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөртөө (өчигдөр) багтаан нээхээр ажиллаж байна.

Осол болсон газарт 200 гаруй төмөр замчин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сум болон Говьсүмбэр аймгийн төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Аврах, гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрынхан гээд нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа” гэв.

Айраг суманд орсон хүчтэй аадрын улмаас төмөр замын далан эвдэрснээс гадна 20 гаруй айл үерт автжээ. Тус сумын хонхор газарт их хэмжээний ус тогтсоны улмаас айл өрх ийн усанд автаж, хоёр хүн осолдсон. Үерт автсан айлуудыг аюулгүй газар шилжүүлжээ.

О.БААСАНЖАВ: БИ ҮҮРЭГТ АЖЛАА Л ГҮЙЦЭТГЭСЭН

“Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн галт тэрэг осолдох үед Говьсүмбэр аймгийн төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилладаг О.Баасанжав эхнэр, хоёр хүүхдийн хамт явж таарчээ. Тэрбээр галт тэрэгний цонхыг хагалж, хүмүүсийг буулган, аврах ажиллагаа явуулсан байна.

Түүнтэй холбогдоход “Манай байгууллагын дотоод журам гэж бий. Би дарга нарын зөвшөөрөлгүй мэдээлэл өгч болохгүй. Тангараг өргөсөн цэрэг хүн учраас үүрэгт ажлаа л гүйцэтгэсэн” гэв. Тэрбээр ээлжийн амралтаараа хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаагаад нутаг буцаж байжээ. Түүний эхнэрийн фэйсбүүктээ “Ханиараа бахархлаа” хэмээн бичсэн сэтгэгдэл маш олон хүнд хүрсэн юм.

Сэтгэгдэлд “Би гэр бүлийн хамт хотоос Сайншанд орохоор явж байтал гэнэт галт тэрэг осолдож, үнэхээр аймшигтай зүйл болсон. Энд тэндгүй хүн хашхирч аврал эрж, сандралдаж байлаа. Энэ үед миний хань мэргэжлийн ур чадвар, эр зориг гарган хүмүүсийг болон вагоны үйлчлэгч нарыг удирдан зохион байгуулж, галт тэрэгний цонх хагалан зорчигчдыг гаргаж эхэлсэн. Үерийн ус унасан вагон доогуур урсаж байсан учраас хүн буулгах боломжгүй болов.

Харин нөхөр минь вагоны орыг салгуулж, тавцан хийж хүмүүсийг буулгасан. Тэдний зарим нь мартсан эд зүйлээ авах, хамт явсан хүнээ аврахаар унах гэж байгаа вагон руу эргэн орж ажилд нь саад болж байсан. Богино хугацаанд хүмүүсийг гаргаж дуусаад даргыг нь дуудаж “Вагоноос гаргасан хүмүүст халуу цай, кофе өгч дулаацуулж тайвшруул. Осолдоогүй галт тэргэнд байгаа хүмүүст ослын гар тооромзыг бариул, товчлуураа дар, хүнтэй вагонууд дор ивүүр тавьж, аюулгүй байдлыг хангуул, бүх зорчигчийн тоог гаргаж тулгаж бүртгэ” гэж чангаар хэлэхэд вагоны дарга “За” гээд хэлсэн үгийг нь биелүүлэхээр гүйлээ.

Мөн хоёр цагдааг дуудаж “Ослын үед гадагш шидэгдсэн хүн байна уу, унасан вагонуудыг дахин шалга, үлдсэн хүн байж магад сайн шалгаарай” гэж үүрэг өгсөн. Би ханьдаа “Вагонд орж нойтон хувцсаа сольж, дулаац” гэхэд “Онхолдсон вагоны толгойноос түлш гоожиж байгаа, гал гарч магадгүй” гээд галын хор бариад гүйсэн. Хүмүүсийг аюулгүй байдалд шилжүүлсэн ч миний хань ослын газрыг хамгаалж гадаа байсаар л байв.

Эмнэлгийн үзлэгт ч орохгүй “Би энд байх ёстой, зүгээр ээ” гэж хэлээд нойтон хувцастай үлдсэн. Осол гарснаас хойш 18 цаг өнгөрчээ. Бид гэртээ ирсэн боловч хань минь ирээгүй л байна. Ажилдаа чин сэтгэлээр ханддаггийн жишээ энэ байх даа” гэжээ. Түүний хань, эр зориг, авхаалж самбаа гарган олон хүний амь аварсан О.Баасанжав осол болсон газар ажилласаар өчигдөр өглөө л гэрийн бараа харсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай