“Сайжруулсан” жорлон нэрээр 360 сая төгрөг салхинд хийсгэв үү

Зөөврийн жорлонгууд

Хөвсгөл нуур орчимд ариун цэврийн 50 байгууламж барьжээ. Орон нутагт тулгамддаг гол асуудал ийн шийдэгдэж, замын хүмүүс айж ичихгүй бие засах боломж бүрдэх нь гэж олон нийт ойлгосон. Гэвч нэлээд өндөр өртгөөр байгуулсан тэдгээр жорлонд эко хэмээх тодотгол нь хэтэрхий гоёдсон нь өнгөрсөн наадмаар батлагдав. Байгуулсан жорлонгуудын бохир хальж, эргэн тойрон нь ялгадсаар хучигдсан нь нүд халтирам байв.

Өмхий нь 100-200 метрийн алсаас ханхалж байсан тул дотор нь суугаад бие засах байтугай салхин доогуур нь гарахаас ч дур гутам. Үүнийг анхаарч, цэвэрлэх хүн ч үгүй. “Жанхайн даваа орчимд байрлуулсан жорлонд хүн орж бие засах ч зайгүй болтлоо бохирдсон байсан. Төмөр гадартай учраас дотор нь агаар сэлгэнэ гэсэн ойлголт үгүй байх. Үнэр танар гэж авах юмгүй. Түүнээс 20 гаруй метрийн зайтай байрлах энгийн модон жорлон нь хамаагүй цэвэрхэн учраас хүмүүс тийш очихоос өөр аргагүй болсон. Ийм юм хийж мөнгө үрэх хэрэг байсан уу” гэж тэнд аялж яваа иргэд ярьсан юм.

Нутгийн иргэн Х.Сандагдорж ч “Аялал жуулчлал хөгжүүлнэ гээд маш олон жорлон тавьсан. Өчнөөн сая төгрөг зарцуулсан гэж дуулдаж байна лээ. Жорлонгуудын зарим нь ажилладаг. Нэг хэсгийг нь газар дээр тавьсан, нүх байхгүй. Заримынх нь бохир дүүрчихсэн хэвтдэг. Эзэнгүй, цэвэрлэдэг хүнгүй. Үргүй ийм зардал гаргах хэрэг байсан уу” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд дээрх 50 жорлонг барьжээ. Төслийн нэгжийнхэн энэ оны эхээр тууз хайчилж, жорлонгуудынхаа нээлтийн ёслолыг хүртэл хийсэн гэнэ. Гэтэл сүр дуулиантайгаар тууз хайчлан нээсэн өнөөх жорлонгууд аялал жуулчлалын ид ачааллын үеэр хэрэг болсонгүй, үзмэр төдий л байсан гэж иргэд шүүмжилж байна.

Төслийн нийт санхүүжилт нь гурван сая ам.доллар бөгөөд Япон улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар манайд олгожээ. 2016 онд эхэлсэн эл ажлын үр дүнд Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, шинэ түвшинд гарган, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний тулд цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь эко хэмээх тодотголтой жорлон барьсан нь аж. Харамсалтай нь, Хөвсгөл шинэчлэгдсэнгүй, бахь байдгаараа, харин ч жилээс жилд нуур орчмын экосистем нь доройтсоор байгаа гэчихвэл гүтгэсэн болохгүй. Харин төслийнхөн өөрсдөдөө “Маш амжилттай хэрэгжүүлж байгаа” гэсэн дүн тавьдаг юм билээ.

“Best auto tuning” гэх компанийнхан жорлон барих ажлыг гүйцэтгэжээ. Тэд соруулдаг, өтгөн, шингэнийг ялгадаг, зөөврийн, агааржуулагчтай гэх тодотголтой дөрвөн төрлийн 50 жорлон барьсан аж. Нэг нь дотроо хоёр, зарим нь гурав, бүр долоон суултууртай гээд тооцоход Хөвсгөл нуур орчимд нийт 109 суултуур бий болгосон “гавьяатай”. Жорлонгуудын хамгийн хямд нь гурван сая, үнэтэй нь 32.3 сая төгрөгийн өртөгтэй гэнэ.

Тухайлбал, бохирыг нь соруулдаг ариун цэврийн байгууламж нэгийг барьсан бөгөөд нийт өртөг нь 32.3 сая төгрөг гэж дуулдав. Үүнээс гадна ямар нэгэн арга хэмжээний үеэр зөөж яваад хэрэглэх 14 жорлонг тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өгчээ. Тэдгээрийн нийт өртөг нь 52.2 сая төгрөг гэсэн. Үүнээс бусад нь буюу үлдсэн 35 нь ямар нэгэн “ид шидгүй” эгэл жирийн нүхэн жорлон мэт л харагдав.

Харин төслийнхөн өөрсдөө агааржуулагчтай, хуурайшуулах шийдэлтэй хэмээн тодотгож байлаа. Тодруулбал, “Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, зориулалтын ариун цэврийн байгууламжгүйн улмаас нуур бохирдох эрсдэлд хүрсэн тул ариун цэврийн байгууламжийн технологийг сонгохдоо цэвэр усны томоохон эх үүсвэр болох нуур орчмын байгаль цаг уурт тохирсон, усны зарцуулалт бага юм уу, эсвэл огт ус ашигладаггүй, хуурай аргын, хөрс, усны бохирдол үүсгэхгүй, жуулчид, аялагчдын тав тухыг хангах зэрэг олон шаардлагыг харгалзан тодорхойлсон” хэмээн тайлбарлалаа. Энэ 35-ыг барихад нийт 274.8 сая төгрөг зарцуулсан гэнэ лээ. Ингээд тооцвол жорлон байгуулахад төслөөс нийт 359.3 сая төгрөг өгсөн байна.

Ариун цэврийн байгууламжууд нь өвөл ажиллахгүй байгаа бөгөөд төмөр, хуванцар материалаар түлхүү хийсэн тул өвлийн улиралд “тэнцэхгүй”, мөс тогтох, бохирын сав нь хурдан дүүрэхээр байгаа юм. Мөн захаасаа шил толь нь хагарч, эвдэрчээ.

Багагүй хөрөнгө зарцуулчихаад яагаад олигтой ажиллуулж чадахгүй байгаа талаар төслийн менежер Т.Эрдэнэжаргалаас тодруулахад нэлээд бухимдангуй “Жорлон барьж өгчихөөд, дээр нь бас цэвэрлэх зардал гаргах ёстой юм уу. Орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Одоо тэд ажиллах ёстой” гэсэн юм. Мөн тэрбээр “Орон нутгийнхан ашиглалтын зардлаа шийдэж чадахгүй, менежментийг нь хариуцах хүн олдохгүй байна. Бод доо. Чамд жорлон бариад өглөө.

Тэгснээ бид жорлонгийнх нь тасалбарыг таслах уу. Бохирыг нь зөөх үү. Ерөөсөө хог хаягдлын асуудлыг дэлхийн хаана ч орон нутаг нь хариуцдаг. Жишээ нь, Туул голын эрэг дээр хог хаячихлаа гэхэд БОАЖЯ-нд хандаж болохгүй. Хан-Уул дүүргийн тухайн хорооны хариуцах асуудал. Яг үүнтэй адил бид тусгай хамгаалалттай газарт жорлон бариад хүлээлгэж өглөө. Одоо менежментийг нь өөрсдөө хариуцах ёстой. Бидний барьсан жорлонгууд бол болж байна” гэв.

Харин орон нутгийнхны тухайд яаж ийж байгаад ашиглалтын зардлыг олохын тулд жорлонд орж байгаа хүмүүсээс мөнгө авах шийдэл гаргасан гэнэ. Тухайлбал, хамгийн олон хүн ирдэг Хатгал тосгоны усан зогсоол орчимд байгаа жорлонд орсон нэг хүнээс 500 төгрөг авна гэх сураг сонсогдож байв.

Харганы ноос түүж эсгий хийхийн үлгэрээр тэр орлогоос ажиллуулж буй хүн нь тодорхой хэмжээний урамшуулал авах төдийгүй урсгал зардал болох бохир татан зайлуулах өртгөө ч гаргах аж. Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр “Төслийн шугамаар 50 жорлон хийсэн. Үүнээс 20-иод нь манай тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа.

Эрчүүдийн жорлонгийн шингэн хуримтлуулах шар сав. Багтаамж нь 20-25 литр

Энэ жорлонгуудаа бид бүгдийг нь эзэнтэй болгосон. Хүчээр л эзэмшүүлж байгаа юм. Гадна нь зогсоод мөнгө авах хүн олдохгүй байна. Ажлын байр зарлаад, ажилд авах зар өглөө ч хүн ирэхгүй. Яагаад гэвэл хөдөөний хүмүүс жорлонгийн хажууд зогсоод мөнгө авна гэдгийг ойлгохгүй. Бас “Жорлонгийн авгай” гэж хэлүүлэхээс цэрвэдэг. Бид асуудлыг шийдэхээр хаана хаанаа ярилцаж л байна.

Тусгай хамгаалалттай газарт байгаа жорлонгуудыг заавал Улаанбаатар хотын хар зах дээрхтэй адилтган, мөнгө авахдаа гол нь биш. Үүнийг хэтдээ сайжруулъя, одоо бол авахаас өөр аргагүй. Мөнгө авахгүй л бол бохирыг нь яаж ачуулах вэ. Ийм асуудал үүсээд буй. Үүнийг яваандаа сайжруулаад, соруулдаг болгоод, үнэгүй болгох нь зөв” хэмээлээ.

БОАЖ-ын сайд зургадугаар сарын 1-нээс тусгай хамгаалалттай газруудад нүхэн жорлон ашиглахыг хориглосон шийдвэр гаргасныг манай уншигчид санаж буй байх. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төрийн холбогдох албаныхан зургадугаар сарын сүүлчээр Хөвсгөл нуур орчмын жуулчны бааз, малчид, иргэдийг хянан шалгаж, сүрийг үзүүлжээ.

Төрийн шийдвэр тоглоом биш учраас иргэд, жуулчны бааз, гэр буудлынхан түүнийг нь хэрэгжүүлэх гэж хэрэндээ л өчнөөн ажил болсон гэнэ. Гэтэл “Төслийн хүрээнд барьсан нүхэн жорлонгуудаа дараагүй байж эгэл жирийн ард иргэдийг дээрэлхлээ” гэх асуудал босож иржээ. Үнэхээр ч төслийн хүрээнд барьсан жорлонгуудын 11 нь нүхэн юм байна. Сайдын тушаалын дагуу тэдгээрийг устгана гэвэл 30-40 сая төгрөг салхинд хийсэж таарах юм.

Нүхэн жорлон хориглочихсон атал Хөвсгөлд яагаад өчнөөнийг барьсныг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансараас лавлахад “Энэ бол сайжруулсан нүхэн жорлон” хэмээн өмөөрсөн билээ. Түүнчлэн “Дэлхийд сайжруулсан нүхэн жорлон байна. Агаар салхи орж бохирыг хатаагаад, хумхын тоос болгоод ууршуулчихдаг аргатай жорлонгууд байгаа юм.

Өтгөн тосох сав, өндөр нь 45 см. Тосож авсан өтгөнөө энэ хайрцаг руу зөөж хийгээд үртэстэй хольж бордоо болгоно.

Хөвсгөлд дөрвөн шийдэл бүхий 50 жорлонг туршиж буй. Юмыг сайжруулснаараа шүүмжлүүлмээргүй байна. Нэг жил ажиллуулж үзье л дээ. Сэтгэлийн хөөрлөөр инженерийн тоног төхөөрөмжтэй байгууламж шийдчихтэл нэг жил болсны дараа тохирохгүй бол яах юм бэ, нураах уу. Хэдэн жилийн өмнө би Солонгосын нэг малчин айлд очоод, жорлонд нь ортол доороо горшик шиг савтай, дээрээ модон жорлон байгаа юм. Энэ яадаг юм бэ гэтэл жилдээ нэг соруулчихдаг гэсэн. Хөрс бохирддоггүй ийм жорлонгуудыг манайх гэр хорооллуудаараа барих цаг болсон” гэж тэрбээр онцлов.

Эко ариун цэврийн байгууламж гэж чухам юуг хэлдэг талаар төсөөлөлтэй болохоор энэ чиглэлийн хэд хэдэн мэргэжилтнээс товч тодорхойлолт хүссэн юм. Тэгэхэд бараг л дуу нэгтэй “Байгальд ээлтэй, ямар ч бохир үлддэггүй, бүрэн боловсруулдаг, дэвшилт технологи” хэмээсэн. Мэдээж Хөвсгөлд байгаа жорлонгууд уг тодорхойлолтын тал хувьтай нь ч дүйхгүйг энэ зун тэнд очсон хүн бүр харсан болов уу.

“Буцалтгүй тусламжийн гурван сая ам.доллароор жорлон гэж хөгийн юм бариад, салхинд хийсгэчихлээ. Гэтэл одоо 38 сая ам.доллароор дахиад ийм юмаа хийнэ гээд Азийн хөгжлийн банкнаас 20 жилийн хугацаатай зээл авах гэж байна. Яам дахиад үүнийг хэрэгжүүлэх нь. Гурван сая ам.доллар бол дөрвөн загварын жорлонгоо турших төсөл юм байна. Үүний дараа Хөвсгөл нуурт тохирсныг нь сонгож аваад, 38 сая ам.доллароороо дахиж жорлон барих гэнэ ээ.

Тэр жорлонгууд нь ямар ч онцгой шийдэлгүй. Уг нь энэ ажлын зөвлөх үйлчилгээний зардалд гадаадаас ирсэн хүнд 50 000 ам.доллар өгсөн. Тэр мөнгөөр уг нь супер шийдэл гаргана биз дээ. Гэтэл жуулчны баазуудаас ч дор юм хийчихсэн. Ихэнх нь дахиад л нөгөөх нүхэн жорлон. Эко ариун цэврийн байгууламж гэж сүртэй юм яриад, гоё гоё зурагтай ном тараасан байна лээ.

Гадна талыг нь төмрөөр хийчихсэн бор байшин болохоос биш, дотор тал нь ялгаагүй л айлуудын хэрэглэдэг нүхэн жорлон. Гэтэл сайд нь нүхэн жорлонгуудаа дар гээд тушаал гаргачихлаа. Нөгөө их мөнгө нь “дарагдах” юм уу. Өөрсдөө болохоор наадах чинь сайжруулсан нүхэн жорлон гэсэн. Сайжруулсан түлш гэдэг шиг Хөвсгөлд сайжруулсан нүхэн жорлон гарч ирлээ” гэж “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа байр сууриа илэрхийллээ.

Монгол оронд тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарч, иргэдийн амьжиргааг дэмжихэд багагүй хөрөнгөө буцалтгүй тусламжаар олгосон Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банкинд талархъя. Харамсалтай нь, манай монголчууд сайжруулсан гэх хэтийдсэн тодотголтой нүхэн жорлонг Далай ээжийн ойр орчимд тавьж, нүглийн нүдийг гурилаар хуурлаа.

Зөвхөн жорлонд зарцуулсан хөрөнгө нь бидний олж мэдсэнээр 360 орчим сая төгрөг аж. Үүнээс гадна зөвлөх үйлчилгээ, тендер гээд хэр их хөрөнгө салхинд хийссэнийг таашгүй. Тиймээс цаашид ийм явдлыг даамжруулахгүй, таслан зогсоох үүднээс сайтар шалгах нь зүйтэй болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай