Дөрвөн эгнээгээр зорчих боломжтой гүүр 2020 онд ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэл хотод хийгдэж байгаа зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж шалгалт хийлээ.

Нийслэл хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дөрвөн том гүүрийн барилгын шинэчлэлийн  ажил хийгдэж байна. Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих төслийн ажлын талбайд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг очлоо. Гүүрийн барилга шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Гүүрийн барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн юм. 

Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл 4 эгнээгээр зорчих боломжтойгоос гадна явган хүний 2 эгнээтэй замтай байх юм. Мөн гэрэлтүүлэг, тохижилт ногоон байгууламж хийгдэнэ.

Гүүрийн барилгын талбай дээр 823 тн арматур татан төвлөрүүлж хайрцган дам нурууны хэв хашмалыг ажлын талбайд ирүүлжээ.Одоогийн байдлаар хайрцган дам нурууны доод үеийн хэв хашмал угсарч, арматур зангидах ажил явагдаж байна. энэ онд хайрцган дам нурууны 159,84 метр хэсгийг цутгахаар төлөвлөсөн байна. Одоогоор барилгын ажил 24.7 хувьтай байна. Ирэх 11 дүгээр сар гэхэд дам нурууг бүрэн цутгаж гүүрийн ажлыг 60 хувь хүртэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Барилгын ажлыг графикт хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Гүүрийг 2020 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөх ч Ирэх оны 11 дүгээр сар гэхэд гүүрийг бүрэн ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.

 Замын цагдаагийн уулзварын гүүрийн бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байна

Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлын талбай дээр ажлын хэсэг ирж ажиллаа. Уг гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ыг тус тус хийсэн байна. Газар чөлөөлөлттэй холбоотой зарим нэг хүндрэлүүд үүссэнийг шийдвэрлэхийг газрын албанд үүрэг болголоо. Гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын хоолой, цэвэр усны шугамын шилжүүлэг хийгдэж байна.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ оны  11 сар гэхэд  дам нурууныхаа гол суурийг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага хотын даргад  танилцууллаа.

Яармагийн гүүрийн ажил 11 сард дуусна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажил хийгдэж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээж хөдөлгөөн нэвтрүүлж эхэлсэн. Уг төслийг Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.

Гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай