Сүүлэнхүү: Роберто Бажо

Хөлбөмбөгт мэндэлсэн гайхалтай тоглогчдын нэг бол Роберто Бажо. Сүүл мэт урт үсээ имиж болгосон тэрбээр довтолгооны аль ч байрлалд тоглоно. Довтлогч, довтлох чиглэлийн хагас хагас хамаалагч, цэвэр хагасын байрлалд ч зүтгэнэ. Шаардалгатай үед жигүүрийн хагасаар хүртэл тоглож байв. Тийм чадвартай тоглогч цөөн билээ. Италид бол нүдний гэм. Франческо Тоттиг универсиаль хөлбөмбөгчинд тооцож болох ч Бажогийн зэрэглэлд хүрч тоглоогүй билээ.

1967 онд Италийн Кальдоньо хэмээх бяцхан хотод төрсөн Бажо нутгийнхаа хүүхдийн багт довтлогчоор тоглодог байв. Гоолыг оруулж өгдөг байлаа. Нэг удаа айлын хаалгыг зургаан удаа мялаатал “Виченца” клубийн скаутууд гэрээ байгуулах санал тавив. Кальдоньо нь Виченца хоттой ойролцоо оршдог тул тэндхийн хүүхдүүд ихэнхдээ “Виченца” клубт элсэнэ.Ингээд Робертогийн мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа 1982-1983 оны улиралд эхэллээ. Тус улиралд Италийн гуравдугаар лиг буюу “С1”-д ганц тоглолт хийсэн ч гэлээ дараа жилээ эхлэн байр сууриа бэхжлүүлсэн төдийгүй багийнхаа лидер болон дэвжив. Гэхдээ довтлогчийн байрлалаасаа арагш ухарч довтлох чиглэлийн хагасаар тоглодог болжээ. Тэнд тогловол багтаа илүү ихийг хүртээнэ гэж дасгалжуулагч нь үзсэн хэрэг. Үүнээс гурван жилийн дараа “Фиорентина” Бажог сонирхлоо. Тэрбээр нэг сард 170-хан долларын цалин авдаг байсан тул тус баг “Виченца”-д багахан үнэ төлөөд Робертог өөрт элсүүллээ.

Тэрбээр 1986 оны есдүгээр сард “Сери-А” дахь анхны тоглолтоо хийснээсээ хойш “Фиорентина”-гийн 94 тоглолтод оролцон 39 гоол оруулсан байна. Клубийнхээ лидер, хөгжөөн дэмжигчдийн шүтээн болоход энэ нь хангалттай үзүүлэлт байлаа. Үүнийг залгаад топ багуудын түүнд тавих анхаарал идэвжлээ. Энэ өрсөлдөөнд “Ювентус” ялсан. Тус баг Италийн хөлбөмбөгийн нүүр царай болох нь тодорхой залууг өөр багт алдчихгүйн тулд хамгийн том саналыг “Фиорентина”-д тавив. “Фиорентина” ч тухайн үедээ супер санал болсон 19 сая долларын гэрээнд уухай хашгиран хүлээн авсанаар Бажо “Хуучин ноёд”-ын харьяат боллоо. Фиорентина”-гийн удирдлага мөнгөнөөс болж шүтээнийг нь худалдсаныг мэдсэн хөгжөөн дэмжигчид Флоренц хотын төвд жагсаал хийн цагдаатай тулалдаж дуулиан үүсгэв.

Бажогийн хувьд “Юве”-д очсон нь зөв алхам байлаа. Учир нь ингэсний дүнд Буурал тивд нэр мандуулж, дэлхийд ураа харуулах боломжийг олж авсан юм. Үүний баталгаа бол 1993 оны УЕФА-гийн цомд түрүүлж, Европын шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг авсан явдал билээ. Түүнчлэн ФИФА-гаас дэлхийн шилдэгт олгодог “Алмаазан бөмбөг” цомыг тус онд хүртэн алдар суугаа мандуулсан юм. Тиймээс Бажо торгон ирэн дээрээ байх үедээ 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоод одсон. Энэ удаагийн хоёр дахь ДАШТ нь байлаа. Анхны тэмцээндээ Италийн шигшээ багийн нөөц тоглогч байсан авч хоёр гоол оруулаад амжсан билээ. Бас болоогүй, түүнийхээ нэгийг “ДАШТ-90”-ийн шилдэг гоолоор шалгаруулан уртай хөлбөмбөгчин гэдгээ илтгэсэн. 1994 оны “Скуадра Аззура” тийм ч хүчтэй байсангүй. Тиймээс бүх ачааг Бажо үүрлээ. Тэр бүтэн багийг чирсээр Дэлхийн аваргын шувтаргад шалгаруулсан. Гэвч чухал үед техникийнхээ, чадварынхаа шидийг гаргасангүй. Тэрбээр тоглолтын дараах торгуулийн цохилтыг Барезигийн хамтаар алдсанаар Итали мөнгөн медальтайгаар нутаг буцсан. Энэ их харууслаа 1994-1995 оны улирлын “Скудетто”-г хүртсэнээр тайлж сэтгэлээ онгойлгосон гэдэг. Италийн аварга цолыг дараа жил нь дахин хүртлээ. Гэхдээ өөр багийн хамт. Тэрбумтан Сильвио Берлускони маш хүчин чармайлт гарган түүнийг “Милан”-даа авсны үр дүн ингэж гарчээ. “Скудетто”-г хоёр дараалан, тэгэхдээ хоёр өөр багийн хамт авсан явдал Бажог “Сери-А”-гийн түүхэнд мөнхөлсөн. Ийм амжилтыг түүнээс өөр хэн ч гаргаж байгаагүй юм. Гэтэл энэ их амжилт 1997 онд ор тас үгүй боллоо.

Тэрхүү улиралд боломжоосоо хэт доогуур тоглосныг нь ноён Берлускони уучлалгүй, түүнийг шууд “Болонья”-д худалдчихав. Үүнд хилэгнэсэн Роберто буруу алхам хийснийг нь “Милан”-ын ухамсарт тултал ойлгуулах үүднээс гайхалтай тоглолт үзүүллээ. 30 тоглолт хийхдээ 22 гоол оруулна гэдэг 31 настай, дээр нь хагас хамгаалагчийн байрлалд тоглодог хүнд супер үзүүлэлт байлаа. Энэ амжилтаараа “Болонья”-г “Сери-А”-гийн хүснэгтийн дээд хэсэгт дэвшүүлсэн төдийгүй өөрөө Италийн шигшээгийн байр сууриа эргүүлэн олж авлаа. Үүний дүнд 1998 оны ДАШТ-д оролцлоо. 1994 оныхоос ялгаатай нь тэр тоглолтын дараах пенальтыг алдсангүй. Тэмцээнийг зохион байгуулагч Францтай шөвгийн наймын шатны тоглолтын үндсэн цагт тэнцчихээд байхад торгуулийн эхний цохилтыг гүйцэтгэх зоригтой хүн Италийн шигшээд байсангүй. Энэ үед Бажо тэнхээ гарган санаачлагыг авч, эхний цохилтыг итгэл төгс гүйцэтгэсэн. Гэвч багийн нөхөд нь үүргээ муу биелүүлсэнээс Италийн шигшээ дээрх тоглолтод ялагдсан билээ. Тус улсын шигшээ ийнхүү тэмцээнээс эрт хасагдсан ч Роберто тэнд хийсэн цөөн тоглолтод өөрийгөө сайн талаас нь харуулсан юм.

Удирдан зохион байгуулах, лидер байж чадах урьдын чанар нь хэвээр байна хэмээн итгэсэн дасгалжуулагч Марчелло Липпи “Интер”-т тоглох урилгыг түүнд өглөө. Гэтэл Бажо тэнд идээшсэнгүй. Липпи урьж авааччихаад талбайд гаргасангүй. “Намайг муулсан тоглогчдыг нэрлэсэнгүй” гээд түүнийг тоглуулахаа бүр больсон гэдэг. Ирээдүй нь нэгэнт ойлгомжтой болсон тул Роберто 2000 онд “Бреши” руу явах шийдвэр гаргалаа. Тэнд дөрвөн улирал тоглохдоо албан ёсны тоглолтын 300 дахь гоолоо 2002 онд оруулж, Италийн түүхэнд гуравт орох амжилт үзүүлэв. Ингээд сүүлийн тоглолтоо 2004 оны тавдугаар сарын 15-нд “Сан Сиро” цэнгэлдэхэд “Милан”-ы эсрэг хийсэн түүхтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай