Б.Батбилэг: “Ub comedy” Азийн шилдэг клуб болно

Сүүлийн үед залуусын сонирхлыг татаж буй хошин урлагийн нэг төрөл бол стэнд ап. Монголд хөгжөөд төдийлэн удаагүй энэ төрлөөр үзэгчдэд инээд бэлэглэж буй “Ub comedy” клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй ярилцлаа.

-Стэнд ап хэмээх төрлийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-15 настайгаа л сонирхсон. Хошин урлаг, тэр дундаа стэнд ап урсгалыг их сонирхдог байлаа. Анх “Youtube”-ээр АНУ-ын Дэйв Шапелл, Рассел Питерс, Кэт Уильямс, Кевин Харт нарын үзүүлбэрийг үзэх дуртай байв.

2013 онд АНУ-ын Лос-Анжелес явах боломж олдсон. Очсон даруйдаа алдарт “Laugh factory” клубт тоглолт үзэж, энэ төрлийн шоуг Монголдоо хийж болох нь гэж бодсон. Тэр үеэс бүр ч илүү сонирхож, хийх хүсэлд хөтлөгдсөн.

-Юу нь тэгтлээ таалагдсан юм бол?

-АНУ олон үндэстний орон болохоор ч тэр үү, арьс өнгөний болон соёлын ялгаа, хүмүүсийн амьдралд тохиолддог зүйлс гээд ямар ч сэдвээр үзүүлбэр бэлдэж болох нь таалагдсан. Дээр нь ямар ч хэлбэрт баригдахгүй, тайзан дээр чөлөөтэй байдаг нь сонирхолтой санагдсан.

Харахад ганц хүн тайзан дээр гараад л энгийн зүйл ярьдаг боловч бусдыг татаж унатал, хэвлийгээр нь хатгуултал инээлгэж чаддаг нь бас гоё.

-Үзсэн кино, нэвтрүүлгээ найзуудынхаа нүдэнд харагдтал дүрсэлж ярьдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Та бусдыг инээлгэх дуртай, авьяастай хүү байсан уу?

-Яг ч тийм биш ээ. Дотнын найзууддаа хөгжилтэй зүйл ярьж өгч, тэднийгээ инээлгэх дуртай хүү байв. Харин танихгүй хүмүүсийн дунд их бүрэг байсан.

-Анх хаанахын тайзан дээр гарсан бэ?

-Монголдоо л. “The basement” клубийн тайзан дээр гарсан санагдана. 2014 оны нэгдүгээр сард.

-Хэдэн хүн таныг үзэж байв?

-10-аад хүн байсны олонх нь миний найз.

-Тайзан дээр анх гарахдаа хүмүүс инээхгүй, ойлгохгүй байх вий гэж халгасан уу. Хошин урлагийн энэ төрлийг монголчууд одоо ч тийм сайн ойлгодоггүй шүү дээ.

-Маш их сандарсан. Олон хүний өмнө гарах тийм ч амар биш шүү дээ. Ярих гэж байсан зүйлээ мартах, гацах, түүнээсээ болоод бантаж, эвгүй байдалд орсон үе зөндөө бий. Жил гаруй болж байж арай гайгүй болсон. Гэхдээ сандардаг хэвээрээ.

-Анх таныг 10 хүн үзсэн гэсэн. Одоо бол залуус танай тоглолтыг хүлээж, зорьж үздэг болжээ. Бүрэн хэмжээний шоуг ч үзэгчдэд хүргэж байна.

Үзүүлбэрүүдийн сэдэв, санаа ч улам өргөжиж байгаа санагддаг. Сэдэв, санаагаа хаанаас, хэрхэн олдог вэ?

-Манайх долоо хоногийн дөрвөн орой тоглолттой байна. Үзэгчдийн суудал дүүрдэг болсон. Амьдрал баялаг шүү дээ. Сэдэв мундахгүй. Гэнэт сонирхолтой санаа төрнө. Тийм тохиолдолд гялс тэмдэглээд авчихна. Хүмүүсийн зан төлөв, аж байдлыг байнга ажиглана.

Тийм дадалтай болчихсон. Саяхан хөдөө явахдаа “Дотно бууз” нэртэй цайны газарт хоол идсэн юм. Идэж байсан буузнаас үс гарлаа. Тухайн үйл явдлыг дэвтэртээ “Үстэй бууз” гээд тэмдэглэчихсэн. Дараа нь энэ сэдвийг баяжуулж, ярьж болно шүү дээ. Энэ мэтчлэн өөрт, бусдын амьдралд тохиолдсон зүйлээс санаа авч, тайзан дээр хошин байдлаар хүргэдэг.

Санаагаа олчихоод шууд тайзан дээр гарчихгүй л дээ. Бэлдэнэ. Гэхдээ яг таг цээжлэхгүй. Тийм модон байвал хэн инээх билээ. Тийм болохоор бэлдэх явцдаа бичлэг хийж, үзээд яаж баяжуулах, хасах, үгээ хэрхэн сонгохоо шийднэ. Тайзан дээр гараад үзэгчдийг мэдрэх нь бас чухал.

-Үзэгчид инээх гэж л танай тоглолтыг зорьдог. Ярьсан зүйлд тань хүмүүс инээгээгүй тохиолдол бий юү?

-Зөндөө шүү дээ. Тийм тохиолдолд нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд, өөр зүйл ярина даа. Үзэгчдийн анхаарлыг сарниулахгүй, “уях” хэрэгтэй. Нэг үгээр, хүмүүсийг байнга инээлгэх ёстой.

Ямар ч арга хэрэглэж болно. Гэхдээ мэдээж бусдын оюуны бүтээлийг хуулбарлахгүй байх гэхчлэн ёс зүйтэй байх хэрэгтэй.

-Хүнийг уйлуулахаас инээлгэх нь хэцүү гэдэг.

-Мэдээж хэцүү. Хүмүүсийн инээд олон янз. Шоолж, хөөрч байна уу, эсвэл үзүүлбэрт сэтгэл хангалуун байгаад үнэн сэтгэлээсээ инээж байна уу гэхчлэн мэдрэгддэг.

-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?

-Тайзан дээр гарч үзээгүй хүмүүст энэ мэдрэмжийг тайлбарлах хэцүү. Жаахан муухайгаар хэлэхэд “хүчиндүүлэх” мэт санагддаг. Цоо ширтэнэ, сонжино, шоолно. Олон хүний харц яаж төөнөдөг гэж санана.

Адреналин нэмэгдэж, тархи хурдан ажилладаг. Улсын баяр наадмын үеэр би 10 гаруй хоног хөдөө амарчихаад, өнгөрсөн долоо хоногт тайзан дээр гарсан юм. Зүрх хүчтэй цохилоод л, төсөөрсөндөө биш л дээ. Догдолж байгаа юм. Нээрэн, манай клубийнхэн даваа гараг бүр “Нээлттэй микрофон” хөтөлбөр явуулдаг.

Энэ үеэр үзэгчид нэрээ бүртгүүлээд, тайзан дээр гарч, үзүүлбэр үзүүлж болдог. Миний хэлэх гэж ядаад байгаа мэдрэмжийг даваа гарагт ирээд өөрөө мэдэрч болно.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би “Раффлес институт”-ийг маркетингийн чиглэлээр төгссөн.

-Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?

-Ажиллаж байгаа л гэж боддог. Маркетинг гэдэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хэрхэн ойлгуулах, нэвтрүүлэх, борлуулах вэ гэдэгт анхаардаг шүү дээ. Стэнд ап гэдэг хошин урлагийн шинэ төрлийг бид Монголын үзэгчдэд таниулах, хүргэх, хөгжүүлэхийн тулд ажиллаж байна.

-Стэнд ап төрлийг ойлгодоггүй хүмүүс бий. Сөрөг хандлагатай хэр тулдаг вэ?

-Мэр сэр байдаг л юм. Тийм хүмүүс өөрсдийг нь доромжилж байна гэж ойлгодог. Бид замын түгжрэл, архидалт гэхчлэн хүмүүсийн гаргадаг нийтлэг, бүдүүлэг үйлдэл, алдааг егөөддөг. Түүнийг хүмүүс өөртөө тусгаж авдаг шиг байгаа юм.

Тийм үйлдэл хийдэг хүмүүст л их эмзэг тусна шүү дээ. Гэтэл үзэгчдийн олонх нь “Нээрэн ингэдэг шүү. Дахин ингэж болохгүй нь” гэсэн санааг ойлгодог. Бүр хошин мэдрэмжгүй хүмүүс бас байдаг. Тэд дургүй гэхээсээ илүү ойлгодоггүй байх.

-Хараал, бүдүүлэг үг их хэрэглэдэг гэж хүмүүс нэг хэсэг та нарыг шүүмжилсэн. Одоо үзүүлбэрүүддээ тийм үгийг хязгаарладаг уу?

-Хараалын үг огт хэлж болохгүй бас биш. Тухайн ярьж буй зүйлдээ хүч нэмэх, эсвэл дүрийн онцлогийг гаргахын тулд хэрэглэх шаардлага гарвал ашиглана шүү дээ. Хэт их хэрэглэх нь харин зохисгүй.

Үг бол зэвсэг шүү дээ. Түүнийг яаж ашиглахаас л шалтгаална. Нөгөө талаас, “UB comedy” клубийн тоглолт зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан. Аль болох л хүүхдүүдээс “нуудаг” ч олоод үзчихсэн байдаг.

-Хошин урлагийн тоглолт, киноны харилцан яриа, дүрүүдийн хэлсэн үг тренд болох нь бий. Сүүлийн үед танай үзүүлбэрийн үг, хэлцийг залуус их хэрэглэдэг болсон байна лээ.

-Манай Б.Идэр-Одын “Төрөлхийн GPS-гүй охин” гэдэг үгийг залуус их хэлдэг болж. Цахим орчинд их хэрэглэж байгаа харагддаг. Хүмүүст хүрсний илрэл болов уу гэж ойлгож, баярладаг. Түүнээс биш, энэ үгийг дэлгэрүүлье, тэгж анхаарлыг нь татъя гэж зориогүй шүү дээ.

-Танай клуб улам л өргөжиж байна. Одоо хэчнээн хүн тогтмол үзүүлбэртэй байгаа вэ?

-Би 2014 оны зун клубээ байгуулж, стэнд ап хийдэг хүмүүсийг нэгтгэж шоу хийхээр зорьсон юм. Анхандаа өөрөө тайз засаж, бүх л зүйлээ бэлддэг байлаа. Ингэж явсаар одоогийн гишүүдээ олж, бүл нэмж байна. Одоогоор 15-уулаа болсон.

-Та клубээ удирдахаас өөр ажил давхар эрхэлдэг үү. Зөвхөн стэнд ап хийгээд амьдрах боломж бий юү?

-Манай бусад гишүүн банк, уул уурхай, технологи, харилцаа холбоо гээд бүгд өөр мэргэжлээр ажилладаг. Бидний дунд мэргэжлийн жүжигчин байхгүй. Дур сонирхол, хообийгоороо л стэнд ап хийдэг.

Миний хувьд хошин урлагийн энэ төрлийг улам хөгжүүлэх зорилготой болохоор зөвхөн үүнийгээ л хийж байна. Хүмүүсийн дуртай уран бүтээлч болж, улиг бололгүй, эрэлттэй байж чадвал зөвхөн үүгээрээ амьдрах боломж бий. Гэхдээ тайзан дээр хэрхэн удаан байх вэ, хүмүүсийн сонирхлыг яаж илүү татах вэ гэхчлэн бизнесийн ухаан хэрэгтэй.

-Кинонд тоглуулах санал хэр ирдэг үү. Олонд танигдсан хүмүүсийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэлгүй урьдаг найруулагч цөөнгүй байдаг.

-Санал ирдэг. Гэхдээ халгаад байдаг юм. Би “Хожлын нүүдэл” кинонд л тоглосон. Сүүлд инээдмийн цувралд санал ирсэн боловч татгалзсан. Юм юм руу үсчиж явснаас эхэлсэн зүйлээрээ илүү танигдахыг хүсэж байгаа юм. Тэгээд ч манай клуб өөрсдөө стэнд ап цуврал хийдэг болохоор өөр зүйлд анхаарал хандуулах бодол байгаагүй.

-Стэнд ап нас харгалзах уу?

-Чадаж л байвал хэд л бол хэдэн нас хүртлээ энэ урсгалаар уран бүтээл хийж болно. АНУ-ын Дон Риклес 90 нас хүртлээ үзүүлбэрээ үзүүлсэн.

-Та хэд хүртлээ тоглох бодолтой байна вэ?

-Чадахгүй болтлоо л хийе гэж боддог. Хүмүүсийг инээлгэх гоё шүү дээ. Нээрэн, монголчууд хүмүүсийг уралдуулж, өрсөлдүүлэх дуртай шүү дээ. Бид удахгүй “Battle show” зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Сүүлийн үед танай клуб гадаадын уран бүтээлчдийг Монголдоо урьж байна. Тэд та нарт ямар дүн тавьдаг вэ?

-Сонирхож эхэлж байна. Анх 2016 оны зун Мэтт Дэвисийг урьсан. 2017 оны наймдугаар сард Адам Хантерыг авчирсан. Арваннэгдүгээр сард нь Том Рөүдсийг тоглуулсан. Тэрбээр энэ сарын дундуур дахин ирнэ.

Энэ төрлийн олонх алдартан Азийн улсуудаар аялан тоглолт хийдэг. Бид тэдэнд хүсэлт тавьж, тоглолтын хөтөлбөрт нь өөрийн орныг багтааж байна. Адам Хантер Азийн улсуудын стэнд ап клубүүдээс манайхыг хамгийн гоё, сайхан хүлээж авсан нь гэж үнэлсэн.

Рассел Питерс нарын алдартай уран бүтээлчид энэ тухайгаа хэлж, цахим хуудсандаа оруулсан байсан. Том Рөүдс олон сая сонсогчтой нэвтрүүлэгт оролцохдоо манай клубийн тухай магтсан байна билээ.

-Та нарт гадагшаа явах боломж, гарц хэр нээгдэж байна вэ?

-Эхний ээлжинд бид монголчууд ажиллаж, амьдардаг улсуудад очиж тоглохыг хүсэж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод “Кун фу” комеди клубт нэг орой тоглосон.

Хүмүүст таалагдсан. Бас өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербургт болсон 8000 үзэгчтэй стэнд ап наадамд манай Оля оролцож, хоёрдугаар байрт шалгарсан.

-Нээрэн, таныг “Loi4ixсон” хип хоп бүлгийн гишүүн, бүр тус бүлгийн нэрийг өгсөн үүсгэн байгуулагч нь гэж сонссон. Хип хоп урлагт багаасаа дурласан уу?

-Ах, нагацаа дагаад багаасаа л хип хоп сонссон. Би ер нь АНУ-ын соёлд их дуртай. Реппер Ginjin бид багын найз. Тэрбээр их авьяастай. Тийм ч болохоор түүний дуунууд залуусын дунд хит болсоор байна. Би “Эрэл” дунд сургууль төгссөн юм.

Тухайн үед Улаанбаатар дахь орос сургуулийн сурагчид хоорондоо арай ойр дотно нөхөрлөдөг байлаа л даа. Ахлах ангид байхдаа “Русская гимназия” сургуулийн “Avnue” хамтлагийн хэдэн хөвгүүнтэй санаа нийлж, “Лойчихсон” гэж дуу гаргасан юм. Тэгээд бүлэг байгуулахаар шийдсэн.

Нэрний тухайд, өвөө минь намайг багад “Чи нээрэн лойчихсон амьтан шүү” гэж загнадаг байлаа. Залхуу, хойрго гэсэн утгатай шүү дээ. Одоо үед мангар гоё, үнэн зэвүүн гэх зэргээр зарим үгийг бид эсрэг утгаар нь ашигладаг болсон шүү дээ. Яг түүн шиг л эсрэг утгаар нь бодож энэ нэрийг өгсөн юм.

-Таны зорилго юу вэ?

-Мөрөөддөг, зорьдог зүйл зөндөө бий. Гол нь амьдрах тодорхой хугацаандаа өөрийн чадварыг тултал ашиглаж, бусдад хэрэгтэй, тустай зүйл хийж үлдээхийг хүсдэг.

-Ажил, амьдралаа төлөвлөдөг үү?

-Ажлын төлөвлөгөөг нэг жилээр гаргадаг. Түүнийгээ улам нарийвчилж төлөвлөнө. Би 22 настай байхдаа “25 хүрэхдээ өөрийн комеди клубтэй болно” гэж төлөвлөж байлаа. Түүнийгээ биелүүлчихсэн. Төлөвлөгөө гаргаж, хийж гүйцэтгэсэн ажлаа тэмдэглээд явахад урамтай санагддаг юм. Энэ онд гэхэд Азийн шилдэг клуб болох, мөн үзэгчдэд цуврал контент хүргэхээр төлөвлөсөн. Аль алийг нь биелүүлэхээр хичээж байна.

-Хүн үхэн үхэтлээ суралцдаг. Одоо суралцахыг хүсэж, төлөвлөж буй зүйл тань юу вэ?

-Гадаад хэл гэхчлэн сурах зүйл бишгүй. Гэхдээ гол нь өөртөө эзэн байж сурахыг л хичээж байна. Өөрийгөө ялан дийлж, зорилгодоо тууштай байх нь чухал шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай