Шарилж, лууль цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр болж байна

Шарилж, лууль цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр болж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд өнөөдөр  “90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая” уриатай шарилж лууль цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг эхлүүлэв.

Өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хашаан доторх болон хашааны гадна орчны нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг цэвэрлэхээр боллоо. 

Нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн ажилчид Чингэлтэй дүүрэгт Тасганы овоо болон хоёр талын үерийн хамгаалалтын далан, Сонгинохайрхан дүүрэгт 1-р хорооллын арын үерийн хамгаалалтын далан, Хан-Уул дүүрэгт Наадамчдын зам буюу Яармагийн зам дагуу, Баянгол дүүрэгт 3-р нэгдсэн эмнэлгийн хойд талаас зүүн тийш Баруун 4 зам хүртэл үерийн хамгаалалтын далан, Баянзүрх дүүрэгт Арслантай гүүрнээс урагш Сэлбэ гол дагуу, Сүхбаатар дүүрэгт 7 буудал, Ногоон нуурын үерийн хамгаалалтын далан, 100 айлын гүүрнээс урагш Арслантай гүүр хүртэл Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээний ажлыг хийх юм.

Аяны хугацаанд дүүрэг бүрт ажил иргэдийг зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлгүүдийг байгуулан гэр хорооллын гуу жалга, эзэнгүй хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг тогтмол хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай