Хашааныхаа 190 ам метр газраас нэг тонн ургац хураажээ

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд жишиг гудамж байгуулжээ. Нэг гудамжны 14 айл хашаандаа хүнсний 20 гаруй төрлийн нарийн ногоо, мод тарьж байна. Тэд “Монгол ногоо” төсөлд хамрагдаад гурав дахь зунтайгаа золгож буй аж. Өнгөрсөн хавар жишиг гудамжныхан дундаа худаг, өвлийн хүлэмж, ногоо даршлах буюу сургалтын байртай болсон гэнэ.

Мөн хэрэгцээнээсээ илүү гарсан ногоогоо борлуулах жижиг дэлгүүр ч нээж. Эхний жил төслөөс айл бүрт зуны хүлэмж барьж өгөөд, ногооны үр, гар багаж нийлүүлэн, сургалтад хамруулснаар аж ахуйн ажлаа эхлүүлсэн байна. Тэд хавраас өвлийн эхэн сар хүртэл шаргуу ажилладаг. Өвөл арванхоёрдугаар сараас хаврын эхэн сар хүртэл бага зэрэг чөлөө гардаг гэнэ.

Тэр хугацаанд гэртээ ногоо, модны үрсэлгээ хийдэг аж. Иргэд “Энэ жил дөрвөн улирлын хүлэмжтэй болсон тул өвөл ч ажил ихтэй байна” гэв. Мөн тарьсан ногоогоо хэрхэн даршлах, боловсруулах, төрөл бүрийн хоол хийхэд ч суралцаж буйгаа хэлсэн юм. Тухайлбал, хулуугаар чанамал хийх, лууван, хүрэн манжингийн иштэй хоол, зууш бэлтгэх зэрэг нарийн технологи сурч буй аж.

“Монгол ногоо” төслийнхөн анх ногооны аж ахуй эрхлэх сонирхолтой айлуудыг бүртгэхдээ хашааных нь хөрс, уснаас шинжилгээ авчээ. Шаардлага хангасан, аж ахуй эрхлэх сонирхолтой 10 гаруй айл жишиг гудамж байгуулах гараагаа ийн эхэлсэн байна. Одоогоор өрх бүр хүнсний 20 гаруй төрлийн ногоо, мод ургуулж буй бөгөөд эрдэнэ шиш, хар манжин ч тарьжээ.

Нөхөрлөлийнхөн сар бүрийн 4, 19-нд “оффис”-тоо цуглан, хийснээ тайлагнаж, хийх ажлаа ярилцдаг. Мөн нийгмийн сангийн болон хуримтлалын мөнгө цуглуулдаг гэнэ. Нийгмийн сангийн мөнгөнөөс дээрх өрхүүдийн хэн нэг нь өвдөх, найр хурим хийх зэрэгт зарцуулдаг аж. Түүнчлэн айлууд хуримтлалаасаа хүү багатай мөнгө зээлж болдог юм байна.

Энэ хавраас эхлүүлсэн хуримтлал чамлахааргүй нэмэгдэж гурван сая гаруй төгрөгтэй болжээ. Тэд “Хэдэн ч төгрөг хэрэг болсон банк болон хэн нэгнийг царайчлах шаардлагагүй болсон, хуримтлалын хэмжээгээ нэмсээр байгаа” гэцгээлээ.

Жишиг гудамжны хамгийн том өгөөж нь хамтын ажиллагаа, хөршийн холбоо аж. Урьд нь нэгнээ зүс таних төдий, мэндийн зөрүүтэй байсан улс өдгөө ах дүүгээс өөрцгүй болжээ. Аж ахуйгаа хөтлөх, хамтарч ажиллахаас гадна зовлон, жаргалаа хуваалцан дэм дэмэндээ амьдарч буйгаа онцлов. Нийслэлд хоёр буй (нэг нь Морингийн даваанд) жишиг гудамж хол, ойрынхны сонирхлыг ихэд татах болжээ.

Үлгэр авч аж ахуй эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэхийг хүссэн хүмүүс нэлээд ханддаг гэнэ. Хоёр ч айлын эзэгтэй “Монгол ногоо” төслийн сургагч болж, энэ намар багшлах эрхээ авах аж. Мөн таримал ногооныхоо нэр, төрлийг олшруулж, дарш хийх жижиг үйлдвэр байгуулан, борлуулалтын сувгаа өргөжүүлэхээр зорьж буйгаа дуулгасан юм.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн, жишиг гудамжны өрхийн эзэгтэй М.Энхтуяа “Өрхийн аж ахуй эрхлээд гурван жил боллоо. Ногоо тарих нарийн ажил, хөдөлмөр багагүй орно шүү. Тэднийгээ хүүхэд шиг л бөөцийлнө. Хөгжим сонсгож, ярьж хөөрч, тайвшруулдаг. Ингэснээр эрүүл, арвин ургац авдаг. Манайх өнгөрсөн жил 190 орчим ам метр талбайгаас нэг тонн ургац авч, төслийнхөн дундаа тэргүүлсэн. Наадмын өмнөхөн навчит ногооныхоо эхний ургацыг хураан, борлуулж чамгүй ашиг оллоо.

Аж ахуй эрхлэх суурийг тавьж, сургаж, худаг, хүлэмж зэрэг нэн шаардлагатай зүйлсээр хангасан төслийнхөндөө, багш нартаа баярлалаа” гэсэн юм. Харин иргэн М.Атаржамц “Би гавьяаныхаа амралтад гарсан. Урьд нь хийх ажил багатай, хэлэх өвчин ихтэй суусан бол одоо ногоо тарьж, талбайгаа арчлаад завгүй боллоо.

Үр, ач нар минь ч ногоон аж ахуйн өгөөжийг хүртэн, ажил хийвэл ам тосдохыг ойлгож байна. 20 гаруй төрлийн ногоо, жимсний мод тарьж, 10 орчим дарш, чанамал хийж сурлаа. Илүү гарсныг нь борлуулчихдаг. Өрхийн амьжиргаанд том тус болж байна” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай