Элэгдэл хорогдол багатай, эрүүл мэндэд ээлтэй тавилга үйлдвэрлэнэ

Элэгдэл хорогдол багатай, эрүүл мэндэд ээлтэй тавилга үйлдвэрлэнэ

Нэг үеэ бодвол манай улсад жижиг, дунд үйлдвэр хөгжиж буй. Саяхныг хүртэл бид урд хөршөөс тавилга импортолж байсан бол өдгөө эх орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр гоёх болсон. Гэрийн болон албан тасалгааны тавилга хийдэг аж ахуйн нэгж ч цөөнгүй болжээ. Тэдгээрээс 2010 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Төгс мебель” үйлдвэрийг онцоллоо. Үүсгэн байгуулагчид нь 2000 оноос урд хөршөөс тавилга импортлон, борлуулж байжээ.

Нийслэл өдрөөс өдөрт өргөжин тэлж, гэр болон албан тасалгааны тавилгын хэрэгцээ ихэссэнээр энэ төрлийн импортын бараа борлуулагчид ч нэмэгдсэн аж. Тэр хэрээр багагүй хөрөнгө гадагшаа урсаж байсан нь тэдэнд үйлдвэр байгуулах санаа “өгчээ”. Мөн монгол гэрт тохирсон овор багатай, дугуй булантай, чамин эдлэл байдаггүйг ч бодолцсон байна. Тэд 2010 оноос хөрөө рам, цахилгаан харуул зэрэг багаж хашаандаа суурилуулан тавилга хийж эхэлжээ.

Гэрийн эзэн загвараа гарган, заримынх нь санааг сэтгүүл, сониноос “туудаг” байсан гэнэ. Харин эзэгтэй борлуулалтаа хариуцна. “Нарантуул” захын тавилга зардаг хэсэг болон зүүн талынх нь хүрэн чингэлгээс ажлын гараагаа эхлэв. Эхний ээлжинд ширээ, сандал, тавиур зэрэг монгол гэрт тохирсон овор багатай, жижиг модон эдлэл хийх болсон аж. Ихэнх худалдан авагч нь гэр хорооллынхон, орон нутгийн иргэд байв. 2-3 жилийн дараа оффис болон орон сууцанд тавих боломжтой овор ихтэй, иж бүрэн тавилга үйлдвэрлэж эхэлсэн байна.

“Төгс мебель” үйлдвэр одоогоор 15-17 ажилчинтай, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий байртай, борлуулалтын хэд хэдэн цэгтэй болжээ. Харин түүхий эдээ урд хөршөөс оруулж ирдэг гэнэ. Түүхий эд худалдаж аван, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах нь ашиг орлогын хувьд тавилга импортлохоос төдийлөн зөрүүтэй биш ч өгөөж ихтэй гэв. Учир нь үйлдвэрлэл явуулснаар ур ухаан, хамтын ажиллагаа сайжирч, ажлын байр бий болгон, нийгэмд тустай үйл эрхлэх болжээ.

“Төгс мебель”-ийн тавилгын ижил төстэй бусад үйлдвэрийнхээс ялгарах онцлог нь чанар гэлээ. Элэгдэл хорогдол багатай, эрүүл мэндэд ээлтэй тавилга үйлдвэрлэдэг гэж тэд өөрсдөөрөө бахархдаг юм билээ. Учир нь мэргэжлийн материалын технологичоор түүхий эдээ сонгуулж, яс сайтай бүтээгдэхүүн хийдэг аж. Одоогоор оффисын сонгодог болон энгийн загвартай тавилга, гал тогоо, зочны болон унтлагын өрөөний иж бүрдэл үйлдвэрлэж буй. Өнгө, загвараасаа хамаарч олон төрөл байх ч хэрэглэгчийнхээ захиалгад нийцүүлэн цор ганц загвартайг ч хийж өгч болдог байна.

Жижиг, том гэлтгүй аж ахуй эрхлэгч, ажил олгогч нарт тулгардаг бэрхшээл болох хүний нөөцийн хомсдол тэднийхийг ч тойрдоггүй. Ур сайтай мужаан, тогтвортой ажиллах хүмүүс зайлшгүй шаардлагатай. Урт хугацаанд ажиллан, хамтдаа сурч, хөгжих залуус ховордсонд харамсаж буйгаа хэлсэн юм. Мөн хэчнээн ур дүйтэй, хийж буй зүйлдээ дуртай байлаа ч ажил тасалдаг, архи уудаг, хувийн зохион байгуулалт муутай хүн төлөвлөгөөт ажил гүйцэтгэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад саад болдог гэлээ.

Тиймээс ч идэвхи зүтгэлтэй, сэтгэлтэй ажиллах хүчнийг эрэлхийлдэг аж. Манай улсад тавилгын загвар зохион бүтээгч мэргэжилтэн тун ховор. Тус компанийнхан загвар зохиогчийн эрэлд олонтаа гарч байжээ. Өөрөөр хэлбэл ашиг олохоос илүү чадвартай, сайн ажилчин олох хэцүү гэнэ. Анх тоног төхөөрөмж худалдан авах, үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ банкнаас зээл авсан байна.

Хөл дээрээ бараг тогтоогүй, олонд танигдаагүй байсан тул зээлээ төлөх гэж нэлээд асуудал болдог байж. Үнэ цэнэтэй бүхнээ барьцаалан, зээлээ хугацаанд нь төлөхөөр зүтгэж байсан үе ч бий гэсэн. Одоо ч хөрөнгө мөнгөний асуудал тулгамдсан хэвээр байгаа ч үйлдвэрлэл явуулж, өөрсдийн хэрэглэгч, зах зээлтэй болсон тул урт хугацаатай хөрөнгө оруулалт авахад итгэл төрүүлэх болжээ.

Өнгөрсөн жил тавилгын үйлдвэр “дүү дагуулжээ”. “Таван сайхан” нэрийн монгол гэрийн бүрээс, цаваг, хөшиг урладаг оёдлын цех нээсэн байна. Бүрэн тоног төхөөрөмж бүхий, үйлдвэрийн хоёр давхар байртай ч болов. Хоногт 40-50 ширхэг бүтээгдэхүүн оёдог аж. “Таван сайхан”-ууд олон нийтэд ялангуяа орон нутгийн хэрэглэгчдэд хурдан танигджээ. Энэ нь бүтээгдэхүүний чанараас шалтгаалсан байх гэж үйлдвэрийнхэн онцолсон.

Учир нь ус нэвтрүүлдэггүй, галд тэсвэртэй, эдэлгээ даах даавуу нийлүүлэгч олохын тулд жил орчим судалгаа хийсэн байна. Одоохондоо “модон” болон даавуун эдлэлийнх нь чанарт гомдол ирээгүй бөгөөд цаашид ч хичээн ажиллахаа илэрхийлсэн. Тэд 10 жилийнхээ ойг угтан үйлдвэрээ өргөжүүлж, бүрээстэй буйдан, эсгий болон синтетик зөөлөвчтэй сандал зэрэг тавилга хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүнчлэн нарийн ур шингэсэн, цэвэр модон эдлэл үйлдвэрлэхийг зорьж буй. Үүний тулд техникийн шинэчлэл хийх, боловсон хүчнээ нэмэх шаардлага бий. Юун түрүүнд хөрөнгө оруулалт чухал байгааг ч хэлсэн.

“Төгс мебель” болон “Таван сайхан” нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрийг үүсгэн байгуулагч, менежер Б.Оюунчимэг “Манайх үйл ажиллагаа явуулаад найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүмүүсийн сэтгэлд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Анх гэр бүлийнхээ хүнтэй хоёулахнаа ажиллаж эхэлсэн бол өдгөө хоёр үйлдвэртэй, борлуулагч, жолоочтойгоо нийлээд 10 гаруй ажилчинтай болжээ. Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг чухалчлахаас гадна ажилчдадаа анхаарахыг хичээдэг.

Жил бүр хууль ёсоор амралт өгч, амралтын мөнгө олгодог. Мөн тогтмол цалин дээр нь борлуулалтын хувь нэмж өгдөг. Модон эдлэлийн үйлдвэрт хамгийн чухал ажилчин нь мужаан. Сайн мужаан сард 2.5-3 сая төгрөгийн цалин авч буй нь чамлахаар дүн биш болов уу. Бусад ажилчин ч боломжийн цалинтай. Мөн уламжлалт хээ хуар шингэсэн, сийлбэртэй тавилга, хэрэгслийг цэвэр модоор үйлдвэрлэх зорилготой.

Байгалийн гаралтай түүхий эдээр, үндэсний онцлогийг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал дотооддоо төдийгүй хөрш зэргэлдээ улсад эрэлт ихтэй байх болов уу. Мөн гэрийн даавуун эдлэлийн үйлдвэрээ өргөжүүлж монгол гэрийн ширмэл болон сүлжмэл бүх төрлийн хэрэгсэл хийх төлөвлөгөөтэй.

Манай улсад элбэг байх ноос, хялгас зэрэг түүхий эдээр хийсэн эсгий, эсгий эдлэл, дээс, бүчний эрэлт, зах зээл бий. Сандал, ширээнээс эхэлсэн үйлдвэр маань өргөжин, зах зээлээ тэлж буй нь олон хүний хичээл зүтгэл” гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай