Хятадын визэнд орохын тулд шөнө, өдөргүй дугаарлаж байна

БНХАУ-д сурах хүсэлтэй залуу тус улсын элчингийн үүдийг олон хоног манаж суугаад эцэстээ сургуулийнхаа урилгыг урж хаяхад хүрчээ. Ийм үйлдэл хийсэн залуугийн сошиалд тавьсан зураг, бичсэн зүйл олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэ нь аргаа ядсан хүний үйлдэл үү эсвэл туйлбаргүй зан байв уу гэдэг сонин. Яг юу болсон талаар өөрөөс нь бид тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Намайг Ө.Пүрэврагчаа гэдэг. Хятадын элчингийн үүдэнд долоо хоногийн турш хүлээгээд, эцэст нь шантарч, JW202 маягтаа урчихлаа. Надтай болон бусад хүмүүстэй хэн ч биш юм шиг харьцаж байгаад шар хөдөлж, уйлаад л сууж байна. Миний хувьд Шенжений их сургуульд суралцахаар зорин, урилгаа аваад байлаа. Гэтэл бидний дарааллын урдуур гоё ганган хувцастай ах эгч нар ногоон гэрлээр ордог юм байна.  Би Азийн 10 гаруй орноор аялж, ажиллаж амьдарч байлаа. Ийм их хүнд суртал өмнө нь харж байсангүй. Элчин сайдын яамны хүнд суртлыг хүлээн зөвшөөрч, дасаад гурав, дөрөв хоног элчингийн гадаа хонож буй аав ээжүүдийг өрөвдөж байна. Яг үнэнийг хэлэхэд Хятадын тэтгэлэг хавтгайрч байгаа” хэмээн ярилаа.

Нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж үзэхээр бид БНХАУ-ын ЭСЯ-ны консулын газар очлоо. Өчигдөр орой буюу 8 дугаар сарын 9-ны 20 цагийн үед очиход хэсэг залуус дугаарлан зогсож байв. Уг нь бол пүрэв гарагт  БНХАУ-ын Монгол дахь ЭСЯ-ны консулын газар ажилладаггүй. Гэсэн хэдий ч маргааш өглөө эрт орохын тулд урд өдөр нь ирсэн нь энэ аж. Харин визээ урдаг залуугаас ялгаатай нь дугаарлаж байгаадаа тэд ер ялархаж байгаа шинж алга. “Угаасаа жилийн жилд л иймэрхүү байдаг даа, бид долоо хоночихлоо” хэмээж байв. Зарим нь майхан саваа барьж, аяны сандал дээр тухалжээ. Хамт зогссоор байгаад дундаа ороод найзууд болчихсон байдалтай харагдана.  Элчин сайдын яам даваа, лхагва, баасан гарагт л виз гаргадаг тул маргааш өглөө л “ширүүн юм” болох гэнэ.

Намайг явахад зөөлөн бороо шивэрч эхэлж байлаа. Бороо улам бүр ширүүсэхэд консулын үүдэнд үлдсэн хэд яаж байгаа бол гэж санаа зовсон ч ийм байдалтай байхад харьсан байлгүй дээ гэж найдахаас арга байсангүй. Цаг агаарын байдлаас болоод хүн байхгүй байх магадлалтай ч юмыг яаж мэдэх вэ гээд өнөөдөр өглөөний 5 цагт дахин очиход дараалал харин ч бүр ихэсчихсэн байх нь тэр. Өчигдөр зогсож байсан хүмүүс тэндээ хоножээ. Зарим сүйхээтэй нэг нь хэд хэдэн хуурай хувцас авч ирэн, цув, хурган дотортой дээл, усны гутал өмсчихсөн сууж байна. Харин зарим нь шөнө доороосоо их жиндсэн бололтой. Тэд хааяа нэг хоолны газар ээлжлэн орж дулаацдаг ч очертоо санаа зовон гучин минутаас удаан явдаггүй гэнэ.  Шөнөжингөө даарч хоносон хүмүүс өчигдрийнхөөсөө бухимдалтай болжээ.

Өнөөдөр өглөө 5 цагийн үеийн байдлаар

Тэнд байсан хүмүүс Хятадын консулын газар долоо хоногийн гуравхан өдөр, 9-12 цаг хүртэл л хүлээн авч уулздаг. Мөн өдөрт 80 хүн хүлээн авна гэдэг ч чаддаггүй талаар ам уралдан ярьсан юм. Монгол Улс дахь элчин сайдын яамны консулын газар 8 дугаар сарын 25-аас ажлын таван өдөр уртасгасан цагаар үйлчилгээ үзүүлэх тухайгаа мэдэгдсэн гэнэ. Гэвч цагийг нь тулгах тусам визээ гаргуулж чадалгүй үлдэж магадгүй тул оюутан залуус санаа зовдог бололтой. Тэнд байсан хүмүүсээс нэлээн тухалсан шинжтэй сууж байгаа Ч.Гомбодорж хэмээх залуугаас бид нөхцөл байдлын талаар асуухад “Бид дуртайдаа энд сууж байгаа ч гэлээ нөхцөл байдал хэцүү л байна. Би бүтэнсайн өдрөөс хойш явж байна. Консулын газар өдөр бүр 80 хүнд виз олгодог гэдэг ч тоондоо хүрдэггүй. Арваад хүн визээ гаргуулж чадалгүй үлдчихдэг. Тэгээд дараагийн өдөр лүү шилжих гэхээр маргааш ирсэн 80 хүн нь урдуураа оруулахгүй гээд бөөн юм болдог. Дугаарлаж байгаад урдуураа таслуулчихсан гадаад хүмүүс бүр уйлж байгаа харагдсан” хэмээн ярьсан юм.

Ингэн барин өмнөд хөрш рүү явах гэж тэмүүлээд байгаа элэг нэгтнүүд маань шалтгаантай болоод л энд сууж байгаа биз. Сүүлд гаргасан судалгаагаар 8000 орчим оюутан залуус Хятадад суралцаж байна. БНХАУ-ын Засгийн газраас жилд Монголын 220 оюутанд тэтгэлэг олгодог. Үнэндээ Хятад улс оюутнуудад татгалзахын аргагүй санал тавьсан нь үнэн. Сэтгүүлч миний бие оюутан байхдаа Хятадад солилцоогоор хэсэг байсны хувьд тэнд нөхцөл байдал ямар байдгийг гадарлана. Магистрийн оюутнууд дунджаар 3000 юаны стипент авдаг.  Байр, сургалтын төлбөр үнэгүй учир оюутнуудад стипент нь хангалттай хүрдэг юм билээ. Монголд байгаа төрийн албан хаагчийн цалингаас өндөр тэтгэлэг авдаг тул оюутнууд маань ёстой бэлэн юман дээр бууж байна гэсэн үг. Хажуугаар нь ажил хийж махаа идэх ч шаардлага байхгүй. Хэрэв ажил хийвэл тэтгэлгийг нь цуцалдаг учир аргагүй биз. Урд хөршийн Засгийн газар их сургуулиуддаа тэтгэлгээр суралцах боломжийг монгол залууст хангалттай олгож байгаа ч Монгол Улс дахь элчин сайдын яамны консулын газар виз хүсэгчдэд олон жилийн турш чирэгдэл үүсгэсээр байгаа нь туйлын харамсалтай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай