Хатан хаантай уулзахаар мордсон нь

Жулия Албу 80 нас сүүдэр зооглосон ч автомашинаар Африкийн өмнөдөөс умард хүртэл аялжээ. Муу нэртэй хилээр буюу цэргийн хяналтын цэгээр ч түүнийг нэвтрүүлэв. “Эрхэмсэг дээдэстэй цай уухаар Лондоныг зорьж явна” хэмээн хаана ч явсан хэлнэ. Уг нь 80 настай эмэгтэй гэртээ сууж байх ёстой биш үү? Цэмцгэр эмээ гэрийн ойр зуурын ажил буюу ач, зээ нартаа хоол унд хийх, ном унших, юм нэхэх зэргээр таашаал авдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг. Харин ийм настан ганцаараа таван сар Кейптаунаас Каир хүртэл Африкаар хуучирсан “Тоёота конкүэст” машинаар аялна гэж хэн ч бодохгүй байх гэж Албутай уулзаж, ярилцсан ВВС-гийн сэтгүүлч Мелисса тэмдэглэжээ.

Жулия Албу өөрийгөө онцгой нэгэн гэж үздэггүй. Кейптауны зэргэлдээ орших жижигхэн ногоон хотхонд аж төрдөг өндөр настай эмэгтэй шиг л тэр өдрүүдийг өнгөрүүлж. Тэрбээр өглөө бүр радио сонсдог. Нэг удаа эфирээр тэр үеийн Ерөнхийлөгч Жейкоб Зумагийн тансаг сонирхол, тухайлбал, автомашины талаар яриа өрнөв. “Миний зэвүү хүрээд, студи рүү утасдлаа. 80 хүрэх гэж байгаа миний 20 настай “Тоёота” шинэ юм шиг л давхидаг. Замын хань болсон машинаа би “Трейси” гэдэг юм. Түүгээр Лондон руу давгүй явчихна. Ж.Зумад ямар хэрэгтэй гэж тийм олон шинэ автомашин байдаг байна аа, ойлгохгүй юм” хэмээн Албу ярилаа. Сонсогчид ч Албуг шууд дэмжжээ. Тэрбээр Букингемийн ордон хүртэл явж, Их Британийн хатан хаантай цай ууна хэмээн эфирээр амласан байна. Гэхдээ энэ хошигнол нь удалгүй амьдралд хэрэгжжээ.

“Миний хань саяхан нас барсан. Их хэцүү байсан ч шийдвэр гаргаж чадсан. Би ч тийм удаан амьдрахгүй. Тархи минь 36, бие 136 настай юм шиг. Миний дотор үлдсэн залуу нас минь ялахыг хүсэж байлаа” гэж Албу өгүүллээ. Хагас жилийн дараа нэгэн хүйтэн өглөө эрт 80 насныхаа төрсөн өдөр Албугийн залуу ялсан аж.

Саарал өнгөтэй, намхан “Трейси”-гээ ивээн тэтгэгчдийн өгсөн, солонгын бүх өнгө бүхий наалтаар чимлээ. Нам гүмхэн Яккалсфонтейн гудамжаа Албу орхиж, умрыг зорьжээ. “Замд гарахыг тэсэн ядан хүлээж байлаа. Вирусийн бүх л вакцин хийлгэсэн. Бэлгийн замаар халдварладаг өвчний тарилга л надад хэрэггүй гэж эмчийг хэлэхэд гомдож билээ. Улаан ягаан өнгийн суудлын бүрээсээс эхлээд нарны саравч хүртлээ “Трейси” гайхалтай харагдаж байсан” гэж тэрбээр дурсав.

Йоханнесбургийн ойролцоо Жулия Албуг үдэж өгөхөөр “Harley Davidson” мотоциклтнууд угтаж, Өмнөд Африк чинжүүний модод, өвлийн хүйтэн шөнийн хамт түүний ард адал явдалгүй хоцорчээ.

Африкийн эхний адал явдал Ботсванаас л эхэлсэн байна. “Бид засмал замаар давхиж явтал гэнэт хаанаас ч юм заан гараад ирэв. Арай л мөргөлдсөнгүй. Замын аймшигтай овон товон нүхтэйг яана! Гэхдээ үлгэрийн ертөнцөд орсон мэт надад санагдсан. Машин руу нэвтрэх халуунаас эхлээд зам дагуух баобаб мод хүртэл бүх зүйл ид шидийн юм шиг. Замд тааралсан хүн бүр л намайг их элгэмсүү угтаж, “эмээ” хэмээн дотносож байсан” гэж тэрбээр өгүүллээ.

Аяллынхаа эхний долоо хоногуудад Албу замын хажууд майханд ихэвчлэн хоноглож байв. Гэвч газарт унтахыг бие нь таашаагаагүй гэнэ. Замын турш гэр бүлийн гишүүд нь дэмжин хамт явжээ. Охидынх нь нэг түүнтэй Зимбабве хүртэл явсан бол хүү нь Малавиг туулахад хань болсон аж.

Замд зайлшгүй тохиолдох хүндрэл бэрхшээлүүд дуу алдам сэтгэл хөдлөлөөр солигдож байлаа. Албугийн өмнө төрж өссөн тив нь цэлийнэ. Малави нуур, эсвэл Зимбабвегийн Виктория хүрхрээний ер бусын үзэсгэлэнгийн тухай ярихдаа түүний нүд гэрэлтэж байсан юм. Тийм бахдалтай дуу алдан тэрбээр замд тохиолдсон адал явдлынхаа тухай өгүүлж байв.

Түүнийг Малавийн модны тоостой навчин дор нарнаас халхлан зогсох тавилгын худалдаачин угтсан. Замбийн сурагчид түүнд шүлэг уншиж өгсөн гэнэ. Шарсан хулгана зардаг хүмүүс, ачааны машины жолооч нартай оройн хоол цуг идэж. Том улаан лооль мөчрөөс нь авснаа тэрбээр баяртайгаар дурсав. “Ганцаараа үлдэхдээ ч уйдаагүй. Хүүхдүүдээс минь хэн нэг нь ирэх үед их аз жаргалтай мөчүүд өнгөрсөн. Гэхдээ адилхан нас дээр гарсан “Трейси” бид хоёр энэ аяллыг хамтдаа тууллаа” гэж тэрбээр өгүүлжээ.

Албугийн нас аялалд мэдээж хүндрэл учруулж байсан ч, бас “хэрэг” болсон гэнэ. Африкийн орнуудын хил болгон дээр их хүндрэл үүсдэгийг тэрбээр өөрийн биеэр мэдэрчээ. Харин ачааны машины жолооч нар эмээг урт дарааллынхаа урдуур оруулсан байна. “Африкийн олон орны соёлд ахмад настны мэргэн ухааныг шүтдэг. Гэсэн ч хошигнох нь мундахгүй. Угандагийн гаалийн нэг ажилтан ямар зорилготой Лондон явж байгааг асуухаар нь “Хатан хаантай цай ууна” гэсэн. Нүдээ дүрлийлгэж байгаад л миний паспорт дээр тамга дарсан” гэж Албу ярив.

Түүний ярианаас бие махбодын чадавхаасаа болоод өөртөө нээсэн төрөлх тивээ хүссэнээрээ үзэж чадаагүйдээ их харуусаж буй өнгө илэрч байлаа. “Ядаж 40 гарч байсан бол хэдэн уул давж, хэдэн нууранд сэлэх байсан бол оо” хэмээн тэрбээр шүүрс алджээ. Гэсэн ч Албу хүмүүсээр дамжуулан Африкийн талаар олж мэдэх гэсэн хүслээ биелүүлсэн гэнэ. Аяллын тэмдэглэлийн дэвтрээ нэр, утас, нэрийн хуудсаар дүүргэжээ. Тэр дотор байсан олон зуун багш руу хамтран ажилладаг буяны сангаараа дамжуулан сурах бичиг илгээсэн гэнэ.

Танзанид Албу жижиг тосгоноор дайрч, Уильям гэдэг хөгшинтэй хэдэн цаг суухдаа дэлхий нийтийн асуудлууд, тэдгээрийг шийдэх арга замын талаар ярилцжээ. Хэдэн сарын дараа Кейптаундаа эргэж очсон хойноо түүнээс захидал хүлээн авсан гэнэ. “Та гайхалтай гэгээлэг, эрч хүч дүүрэн хүн. Таны хүсэл эрмэлзлэлийг бусадтай хуваалцсанаар тэдний өчүүхэн баяр баясал надад амьдрах утга учрыг нээсэн. Одоо би ч өөрийнхөөрөө таны зам мөрөөр замнахаа амлаж байна” гэж бичсэн байв.

Аялж явахдаа Албу хэдэн настайгаа мартаж сурчээ. Гэрлэсэн хосууд бал сараа тэмдэглэдэг, Танзанийн амралт сувиллын газарт тэрбээр шөнө дөл болтол нүцгэн сэлжээ. Этиопын Данакиль цөлийн галт уулс, тэдгээрийн хорт хийн үүл, хүхэрт устай “тамын хаалга” гэдэг газрын хажууд 20 настнуудын хамт нэг хуаранд тэрбээр хоносон гэнэ. Энэ улсын талаар ярихдаа байгалийн үзэсгэлэнт байдал, сүсэг бишрэлийнх нь гайхамшгийг үгээр илэрхийлэх аргагүй хэмээн өгүүлжээ.

Суданы тухай өгүүлэх дээ өөрийн мэдэхгүй Африкийг мэдэрсэн гэнэ. “Хартум хотыг зорин Суданы цөлөөр удаан аялахдаа чин сэтгэлийн баяр баяслыг мэдэрсэн. Хуурцаг тоглуулагчаа хамгийн чанга дээр нь тавиад, “Иерусалим” гэдэг дууг дуулж явахдаа алсад элсэн дунд сүргээ хариулж яваа малчныг хараад Английн ногоон толгодыг дотроо төсөөлж явав” хэмээн тэрбээр дурссан байна.

Африкаар хийсэн аяллаа Жулия Албу Египетэд дуусгажээ. Харин бүх улсын хилийг нээсэн, Их Британийн хатан хаантай цай уух тухай яриа биеллээ олоогүй гэнэ. Машины араб шинэ дугаар авах гэж хил дээр хэдэн өдөр саатахдаа кафед хоноход хүрчээ. “Айлын нэг өрөөнд египет эрчүүдтэй хонож та үзсэн үү. Ховорхон туршлага шүү. Гэхдээ тэд надад их сайн хандсан. Эмэгтэй хүн ганцаараа аялж явна гэхэд ч гайхсан царай гаргаагүй” хэмээн тэрбээр дурсав.

Энэ түүхийн хамгийн гайхалтай нь баатарлаг аялагчийн нас төдийгүй хүйс. Өдгөө эмэгтэйчүүд амьдралын бүх салбарт тэгш эрхийн төлөө тэмцэж байна. Тиймээс Африкаар аялах гэсэн Албугийн шийдвэр Өрнөдийн хэр баргийн зүйлийг тоохгүй олон орны иргэдийн гайхлыг төрүүлсэн аж.

“Яагаад зөвхөн эрэгтэйчүүд ганцаараа адал явдалтай учрах ёстой гэж? Энэ аяллынхаа үеэр би ганц ч удаа айдас, түгшүүрт автаагүй. Миний залуу байх үед эмэгтэй хүн ганцаараа Африкаар аялна гэсэн санаа огт бүтэхгүй мэт санагдах байсан биз. Харин одоо дэлхий огт өөр болжээ. Үүнд их баяртай байна” гэж Албу тэмдэглэжээ.

...Тэрбээр Египетэд Асуаны далан, Хаадын хөндийгөөр дайрч, аяллаа утаа бүрхсэн нийслэл Каир хотод нь дуусгасан байна. Гэрийнхээ задгай зуухны хажууд лонхонд хийгээд, Танзанийн Цагаан нил, Этиопын Хөх нил мөрний устай зэрэгцүүлэн тавихаар сүүлийн өдөр булингартай уснаас бага зэргийг авахаар Египетийн Нил мөрний эрэгт буусан гэнэ.

Каираас Кейптаун руугаа нисэх онгоцоор буцжээ. Тивээ өндрөөс харахдаа Албу энэ газар нутгаар явж, түүний үзэж, танилцсаныг хараагүй бусад зорчигчид харамсах сэтгэл төрсөн байна.

Харьж, хэдэн сар амарсныхаа дараа Албу дахин онгоцонд суун, Европыг зорьжээ. Тэнд Газар дундын тэнгисийг чингэлэгт гатлага онгоцоор гаталж, Грекийн нэг боомтод өөрийг нь хэдэн долоо хоног хүлээсэн, үнэнч “Трейси”-тэйгээ “уулзсан” гэнэ. Жулия Албу Грекээс Албани, Черногор, Хорват, Словени, Австри, Герман, Нидерландаар дамжин Лондонд энэ зуны эхэн сард очжээ.

“Гэвч морин уралдааны долоо хоног таарч, хатан хаан завгүй болох нь тодорхой болсон. Англичууд сонин хүмүүс шүү. Букингемийн ордон хүртэл ямар урт зам туулсныг тэд үнэлнэ гэж итгэхгүй байв” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Гэсэн ч Лондон Жулия Албугийн адал явдалт аяллын эцсийн цэг болоогүй нь гайхалтай. Тэрбээр Ла-Маншийн хоолойг дахин туулж, Италиар дамжин Тунист усан онгоцоор хүрчээ. Тэндээсээ харихын тулд Африкаар дахин аялсан гэнэ. Гэхдээ энэ удаа умардаас нь өмнийг зорьсон аж. “Яасан. Болохгүй гэж үү. Нүд аних өдрөө хүлээн буйдан дээр сууна гэж бодоо юу” хэмээн тэрбээр инээв.

“Нас ахихын хэрээр олон хүний таамаглаагүй тийм эрх чөлөөтэй болдог. Аялалд гарах хүртлээ амьдралд минь байгаагүй тэр эрх чөлөөг хэзээ мэдрэхээ мэдэхгүй явлаа” гэж Албу дурслаа.

Өндөр настнуудад бид том хүүхэд шиг л ханддаг. Гэтэл адал явдал, амьдралын баяр баясал зөвхөн залуучуудад хамаатай биш аж. Хэрэв Букингемийн ордныхон Жулия Албугийн түүхийг хэзээ нэг цагт уншвал цай уух урилга илгээж л таараа. Эрхэмсэг дээд хатан хаан, Албу хоёрт энэ сэдвээр ярилцах боломж олдоно биз.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай