Алтай Таван Богдын тэмдэглэл

Сүрлэг өндөр, мөнх цаст Алтай Таван богдын энгэр бэлд зусдаг, Монголын хамгийн баруун хязгаарын нэгэн хот айлын эрс үүлс газар буучихав уу гэмээр манан будант өглөө адуугаа хураалаа. Хоёр том үхэр хадны завсар адуугаа хашаад цаламдаж гарав. Өнөөдөр эмээлийнхээ тоогоор морьд барих гэнэ.

Алтай Таван богдыг үзэхээр зорьж очсон олон аялагч морь хөлслөх захиалга өгсөн юм санж. Хэдэн хот айлынхан бүх эмээлээ моринд тохоод ч хүрэлцэхээргүй захиалгатай байгаа сурагтай. Төд удалгүй арав гаруй моринд хөдөөгийнхөн “орос” гэж нэрлэдэг, төмөр эмээл тохож олмыг нь чангаллаа.

Аялагчдад хөтчөөр ажиллах хоёр залуу морьдоо холбож хөтлөөд, тэдний буудалладаг отог уруу хөдлөв. Уяан дээр хоёр хээр морь үлдлээ. Нэг нь миний, нөгөө нь намайг Цэнгэл сумаас энэ хот айлд хүргэж ирсэн “УАЗ-469” машины жолооч Чукагийн Таван богдыг зорих унаа.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Цагаан голын эхээс Таван богд руу машинаар хүрэх боломжгүй учраас аялагчид мориор, эсвэл “хоёр зээрд”-ээрээ 16 км туулж хүрэх сонголттой. Цагаан голын эхэнд зусдаг тувачууд нэг морио 25 мянган төгрөгөөр аялагчдад хөлслүүлнэ. Тэнд нутагладаг долоо, найман хот айл зуны цагт өдөрт дунджаар 30 орчим морь хөлслүүлдэг гэнэ.

Өдөрт л 800 орчим мянган төгрөгийн орлоготой ажилладаг байх нь. Дээрээс нь Таванбогдын Хүйтэний оргилд авирах уулчдын хоол хүнс, майхан савыг отог руу тэмээгээр дөхүүлж, бас л хэдэн төгрөг халаасална. Нэг тэмээнд ачаа ачихад уулчид 50 мянган төгрөг төлдөг гэсэн. Бас болоогүй ээ, залуус нь “портер” болно. Уулчид нутгийн залуусыг хөлслөн, Хүйтэний оргилын бэл дэх Хоног толгой гэдэг газар хүртэл ачаагаа дөхүүлүүлдэг.

Даах хэмжээнээсээ хэтэрсэн тээшээ тэдэнд үүрүүлдэг хэрэг. Потанины мөсөн гол дээгүүр явж, Хоног толгойд хүрдэг. Нутгийн залуус мөсөн голын ан цав, ангал хавцал хаана байдгийг андахгүй мэддэг учраас уулчдыг отогт аюулгүй хүргэхэд хөтчид нь тусалдаг аж. Ачаагаа үүрч очоод, буцаж буулгасныхаа шанд 150 мянган төгрөг авна.

Уулчид тэдэнд “портер” гэсэн этгээд нэр өгчээ. Харин тувачууд уулчдыг “Таван богдын нагац нар” гэж егөөдөх. Таван богдынхоо хишгийг хүртэж, зундаа хэдэн сая төгрөг олж, амьдралдаа нэмэрлэдэг цөөн тува иргэн тэнд амьдран сууна. Нутгийнхан тэднийг Цагаан голын эхэн дэх баян тувачууд гэж илүү үздэг гэнэ лээ.

Алтай Таван богд Потанин, Александр, Гране гэж судалсан хүмүүсийнхээ нэрээр нэрлэгдсэн гурван мөсөн голтой. Сүү мэт цагаан өнгөтэй Цагаан гол эдгээрээс эх авдаг. Оволзон даргилан урсах цагаан гол том чулуутай, сүүлийн жилүүдэд голдирол нь эвдэрч, их гүнзгий болжээ. Таван богд руу зүглэхийн тулд гол уруудаж, гүүрээр гардаг болсон гэнэ. Шөнөдөө Цагаан голын ус татардаг.

Тиймээс зам товчлохын тулд нар хөөрч, гол үерлэхээс өмнө яаж ийгээд гатлахаар боллоо. Мөнх цаст, мөсөн голын нутагт бороо ороод хүйтрээд байвал гол татардаг. Харин нар шарвал үерлэдэг. Нар шарахаар цас мөс нь хайлдаг учраас тэр.

Өндөр хээр морь замын хар алхаатай санж. Би адууны ийм явдалд дуртай учраас олзуурхав. Цагаан голын том чулууг сүлжих зуураа дөрөө даван даргих хүчтэй урсгалд нь цохигдон, морь ганц нэг “ганхсан”-ыг эс тооцвол зовлонгүй гаталчихлаа. Мөнх цасгүй учраас тувачуудын Сул хэмээн нэрлэдэг уулын зүүн шилээр давж, Таван богдын барааг харна. Сул уулын шил дээр гарч ирэв. Алтай Таван богд үүл манан хөшгөө нөмөрчээ. Хүйтэний оргилын барааг харуулахгүй нь.

Уулыг нь харвал ойрхон юм шиг санагдавч таг дээр нь яваа хэдэн морьтон хумсны толионы хэртэй жижиг үзэгдэх нь туулах зам нэлээд үлдсэнийг илтгэнэ. Алтайн уулс ханагар юм аа. Чука тэртээ цаадах овгор дээр хөрөөний үртэс шиг өрвийж, сөрвийн харагдах юмсыг заагаад “Төрийн тахилгатай овоон дээр хүмүүс ирчихэж” гэлээ.

Алтай Таван богдыг 2014 онд тахиж, овоо босгосноос хойш монголчууд олноор зорьж очдог болжээ. Албаны хэллэгээр дотоодын жуулчид олноор зорьдог болсон гэсэн үг. Бид Төрийн тахилгатай овоог гороолж, арц уугиулан сан тавиад, цааш Мөстөл судлалын станц хүрээд буцахаар ярилцаад, хоёул ергүүллээ.

Төрийн тахилгатай овоон дээр арав гаруй машинтай хүмүүс ирчихсэн овоог гороолж, арц хүж уугиулж, гэрэл зураг татуулж байлаа. Зүйрлэвэл, багахан шиг найр наадам болж байгаа юм шиг хүн багшралдах аж. Тэд овоонд сүү өргөж, идээ будаа цацна. Цагаан бүрх малгай, улаан торгон дээлтэй ахимаг насны эр “Өө та нар боль л доо” гэж уурсав. Овоонд сүү өргөж явсан бүсгүй мөнөөх эрийн ганган дээлийг гайгүй сайн “мялаагаад” өгсөнд тэр ийн дуугаа өндөрсгөжээ.

Найман ханатай гэрийн чинээ том овоон дээр элдэв төрлийн чихэр, жигнэмэг алаглана. Төрийн тахилгат овоо хогийн сав шиг болжээ. Ингэж хог новш болох эд зүйлс өргөж, сүжиглэх хэрэг байдаг ч юм уу, бүү мэд. Тэрхэн зуурт овооны өндөрлөгт дахиад хэд хэдэн машин ирэв. Улаанхус сумын нутаг Ойгор гэдэг газраар машинтай явсаар овоон дээр ирдэг замтай.

Намаг шалбааг, хад чулуу ихтэй учраас том гарын “Жийп”, “УАЗ-469”, “Фургон” машинаар л энд хүрч ирдэг. Хэдэн жилийн өмнө уулчдаас өөр хүн Таван богдыг тэр бүр зүглэдэггүй байсан бол одоо Төрийн тахилгат овоонд түмэн олон багшралдах нь зун цагт хэвийн үзэгдэл болжээ.

Олны хөлөөр туучсан газар яаж доройтож, хог новшинд дарагддаг билээ. Овоо босгосноор олныг татах болсон Алтай Таван богд ч энэ жишгээр хогонд булагджээ. Овооноос холгүй хоёр хэсэг газар хэвийн боов овоолсон байлаа. Тэнд очсон зарим аялагч идээ дээж засаж, ихэд хичээнгүй сүжиглэдэг бололтой. Гэхдээ явахдаа дээж зассан хэвийн боовоо овооныхоо дэргэд овоолж хаячихаад, арилаад өгдөг нь тоогүй.

Овооноос цааш Мөстөл судлалын станц хүрэх зам зуурт гялгар уут, чихрийн цаас, ундааны сав тааралдана. Аймаг орон нутгийн засаг захиргаа үүнийг анхааралдаа авахгүй бол Таван богдын энгэр бэл цэцгээр биш, хогоор алаглах цаг мөдхөн бололтой.

Тэнд уулын нэг энгэрт цэцэг ургаж, горхи хоржигнож, тарвага хошгирч байхад нөгөө талд нь цасан дуулгат, цавчим халилт оргилууд шовойж, дундуур нь мөсөн гол урсана. Алтай Таван богд дөрвөн улирлыг нэр дор цогцлоосон үзэсгэлэнт тогтоцтой байгаль юм. Потанины мөсөн гол таван жилийн өмнөхөөсөө нэлээд богиносчээ. Тэнд таван жилийн өмнө дөрөө мултлаад мордсон учраас харьцуулах баримжаа надад бий.

Бараг л хоёр км орчим богиносож, ёроолынх нь саарал чулуу ил гарсан байлаа. Хоног толгойн орой цас мөсөн дундаас харандааны үзүүр шиг цухуйж харагддаг байв. Гэтэл өдгөө томоос том шовойсон орой цухуйж харагдана лээ. Уулсын цас хайлж, мөсөн гол ихэд ширгэжээ. Мөстөл судлалын станцын цаг уурч залуу Сэрчмаа (тувачууд казах нэрийг нь ойролцоо дуудлагаар нь ийн нэрлээд хэвшчихсэнийг хожим мэдсэн) “Мөсөн гол жил бүр 4-5 метр доошилж байгаа” гэж ярив.

Хэдэн жилийн өмнө Японы эрдэмтэн Потанины мөсөн голыг 50 жилийн дараа хайлж дуусна гэсэн таамаг дэвшүүлсэн гэсэн. Таван богдын цас мөс хайлж дуусвал Монгол орон мөнх цаст уулсгүй болох нь дамжиггүй.

Цаст уулсын жихүүн салхинд балбуулж, шиврээ бороонд шавшиулан жиндсэн бид цаг уурчийн гэрт аргалын галд хэсэг дулаацлаа. Далайн түвшнээс 3000 орчим метрийн өндөрт өргөгдсөн Алтайн уулын тагийн цаг уур цаанаа л жихүүн. Хэрэв Алтай Таван богдыг зуны цагт зоривол зузаан өмд, хүрэм, хөвөнтэй дээл авч гарахыг танд зөвлөе. Цаг уурчийн гэрт уулчин Б.Баасанжавтай танилцлаа. Тэрбээр хөтөч хийж, хүмүүсийг Хүйтэний оргилд гаргахаар тэнд иржээ.

Цас бороо намдаж цаг агаар аядуу болохыг хүлээн гиюүрч суугаа нь тэр аж. Бид бороо намдаж, тэнгэр онгойж, Хүйтэний оргил гэгээн дүрээ харуулж магадгүй гэж горьдон хүлээх зуураа түүнтэй хэсэг хөөрөлдсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяраар хөтөч хийн, Таван богдын Хүйтэний оргилд гурав дахь удаагаа авираад удаагүй байгааг тэрбээр дуулгасан. Б.Баасанжав зунд 4-5 удаа хөтөч хийж, Хүйтэний оргил руу авирдаг аж. Туршлагатай уулчид гадаад, дотоодын хүмүүсийг баг болгоод, 30 орчим сая төгрөгийн хөлс аван, Хүйтэний оргилд замчилдаг гэж тувачууд ярьсан. Б.Баасанжав туршлагаараа өндөр эрсдэлийг даван туулж, мөнгө олдог нэгэн юм байна гэж бодогдов.

Тэрбээр “Таван богд олны хөлд маш их талхлагдсан. Хог новш нь ч дийлдэхээ болилоо. Гадаадын 300-400 уулчин ирж, Хүйтэний оргилд авирдаг. Тэд огт хог хаядаггүй. Байгалийг маш их хайрладаг. Манайхан хамгийн өндөр хайрхандаа сүсэглэнэ гэж энд ирдэг ч хог хаяж, газрыг нь бохирдуулж, хорлочихоод явдаг. Ингэхээр ямар хэрэг байх вэ” гээд “Ойгорын хилийн цэргийн хяналтын цэгээс нааш машинтай хүмүүс нэвтрүүлэхийг болиулах хэрэгтэй. Морь хөлсөлж, шогшиж ирээд овоо тойрч, хайрхнаа үзээд буцна биз. Машиндаа майхан сав, хоол ундаа ачаад ирчихээр хог новш тариад байгаа юм” гэж санал бодлоо хуваалцсан юм.

Энэхэн зуурт туурайн чимээ сонсогдож, морьтой хүмүүс ирж, дөрөө мулталлаа. Төд удалгүй бороонд норсон таван бүсгүй гэрт орж ирэв. Таван найз Монгол орноороо хөндлөн аялахаар “Жийп” хөлслөн Улаанбаатараас хэд хоногийн өмнө гарсан гэнэ. Тэд Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар, Хяргас нуур, Бага түргэний хүрхрээ үзээд, Таван богдод иржээ.

Мэдээж тэдний аяллын оргил цэг нь Монголын дээвэр болсон Алтай Таван богд. “Үзэхээр зорьсон хамгийн сайхан зүйлээ харчихлаа” хэмээн ярилцаж, баярлан бахдаж байгаагаа илэрхийлнэ. Залуухан эмэгтэйчүүд Таван богдыг үзэхээр зориг шулуудаж, 3000 км зам туулсан нь ховор тохиолдол болов уу.

Цаг гаруй хүлээсний эцэст бороо зогсож, тэнгэрийн орой бага зэрэг цооров. Хүйтэний оргилын оройгоос дооших хэсэг харагдлаа. Битүү цас, мөсөн дуулга нөмрөн байсан оргил хар цоохор болжээ. Цас нь их хэмжээгээр хайлж байгаа нь хад чулуу нь харлан цухуйснаас илэрхий. Дахиад үүлэн манан хөшиг татаж, оргилыг бүтнээр харж чадсангүй. Оргилыг бүтнээр нь харахаар энд ирсэн хүмүүс 10 хоног хүлээсэн тохиолдол ч байдаг гэсэн.

Далайн түвшнээс 4374 метр өндөр Монголын дээвэр Хүйтэний оргилыг таван жилийн өмнө бүтнээр нь харж, сүүгээ өргөн сүсэглэчихсэн учраас надад энэ удаад харамсах, хоргодох сэтгэл төрсөнгүй. Тува бага сургуулийн дотуур байрны тогооч Чука Хүнсний технологийн коллежид суралцах гэж алс хязгаараас Улаанбаатарт ирээд хөлөө олж, хүний зэрэгтэй амьдрах гэж хэрхэн хөглөж явсан паянгаар намаг шалбааг, хад чулуу сүлжсэн замаа хачирлан буцав.

Явган хоёр хятад, мөн тооны итали, морьтой 10 гаруй франц аялагч зөрлөө. “Таван богдын нагац” нар “Хай” хэмээн гар даллан мэндчилэхээ хэзээ ч мартахгүй. Уулсын оройгоос үүлс үл салах үлгэрийн мэт үзэсгэлэнтэй, Монголын дээвэр нутгаар нэг иймэрхүү сонинтой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай