75 жилийн түүхтэй “Хөвсгөл алтандуулга” нэмэлт хувьцаа гаргалаа

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл алтандуулга” компанийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өчигдөр боллоо. Тус компани хүнсний үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 1943 онд “Тариалан” хэмээх сангийн аж ахуй нэрээр байгуулагдсан түүхтэй. 1998 оноос хувийн хэвшилд шилжин, хувьцаат компани болсноор өдий хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Одоогоор компанийн биет ба биет бус хөрөнгийн үнэлгээ 11.1, хувьцаа эзэмшигчдийн өмчид хамаарах буюу өөрийн хөрөнгө 10.5 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Тэгвэл “Хөвсгөл алтандуулга” компани хувьцаа эзэмшигчдийнхурлын шийдвэрээр 4 405 600 ширхэг хувьцааг нэмж гаргахаар болжээ. Энэ нь тус компанийн хувьцааны 28 хувь бөгөөд олон нийтэд 1 177 000, стратегийн хөрөнгө оруулагчдад 3 228 600 ширхгийг санал болгов. Нэгжийн үнэ нь 850 төгрөг аж.

Нийт 3.74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж буй гэнэ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар компанийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн “Эргэлтийн хөрөнгийн хэмжээгээ нэмэхэд ашиглана. Мөн арилжааны банкинд буй бага хэмжээний зээлийн үлдэгдлээ төлж дуусгах боломжтой. Түүнчлэн жилд 20-30 тонн буудай боловсруулах үйлдвэрээ бүрэн чадлаар нь ажиллуулах хэмжээний түүхий эд нөөцлөхийг зорино.

Ингэснээр түүхий эдийн нөөц 100 хувь, үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээ 80-90 хувь, агуулахын хүчин чадлаа 10 000 тонноор нэмэх дунд хугацааны зорилтоо биелүүлэх боломж бүрдэх юм” гэлээ. Компанийн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦХ” компани ажиллаж буй бөгөөд хувьцааны захиалгыг энэ сарын 16 хүртэл авах аж.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай