“Харахгүй байх нь ажил хийж чадахгүй гэсэн үг биш”

Цэнхэр цамц, жинсэн өмд, хар нүдний шилтэй нэгэн залуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын хонгилоор алхаж явна. Тэр гараа байн байн инчдэн дуугаргах бөгөөд таяг тулаагүй учир түүнийг харааны бэрхшээлтэй гэж хэн ч анзаарахгүй юм билээ. Энэ хүн бол П.Эрдэнэбат. Тэрбээр тэтгэвэр, тэтгэмж, жирэмсний амралт гээд нийгмийн даатгалын сантай холбоотой иргэдийн асуусан бүх л асуултад хариулт өгдөг “Call center” төвд ажилладаг.

Түүнтэй ижил бэрхшээлтэй Н.Мөнхтөр мөн энд ажиллаж буй. Тэдэнтэй уулзахаар зорьж очиход Н.Мөнхтөр ширээнийхээ ард тухлан утсаар ярьж байсан бол П.Эрдэнэбат компьютер засаад ирж явсан нь тэр байж. Түүнд өөрийгөө танилцуулаад “Орчиндоо дасаж байна уу” гээд гараа инчдэн дуугаргах нь ямар учиртайг эхлээд сониучирхан асуухад “Ганцаараа явахад ямар ч асуудалгүй. Гараа ингэж дуугаргахад хана юм уу, ямар нэгэн биет зүйл ойр байвал ойж сонсогддог юм” гэлээ.

Тэрбээр ярьдаг программаа компьютерт суулгаад л асуудлыг нь түвэггүй шийдчихдэг аж. Жирийн хүмүүсээс хэд дахин илүү хөдөлмөрлөсний хүчинд тэднээс дутах бүү хэл, илүү ажиллаж буй нь үнэхээр бахархалтай санагдав.

Хөдөлмөрийн тухай хуульд “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасан. Амьдралд хэрэгждэггүй энэ заалтыг “амь” оруулж, төрийн байгууллага харааны бэрхшээлтэй хоёр хүнийг ажиллуулж буй нь сайшаалтай. Тус төвд 4-5 хүн байнга ажилладаг бөгөөд цаашид хүн хүчээ нэмэхээр төлөвлөж байгаа юм билээ. Өмнө нь лавлах утасны энэ төвд хоёрхон хүн ажилладаг байж. Өдөрт багадаа 200 гаруй дуудлага ирдэг аж. Сарын сүүлчээр ачаалал багагүй нэмэгддэг гэнэ.

Тэдэнтэй хамт ажиллахад бэрхшээл учирч буй, эсэхийг, тус төвийн мэргэжилтэн Т.Баттулгаас тодруулахад, “Энгийн хүмүүстэй ажиллахад ямар байдаг яг л тийм байна. Хүмүүсийн ихэвчлэн асуудаг тэтгэмж, ажилгүйдлийн даатгалтай холбоотой асуудлаар манай хоёр хуулийн хүрээнд хариулт өгдөг. Шинэчлэгдсэн хууль болон компьютерийн мэдлэг сайтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахад төрийн байгууллагууд дэмжээсэй” гэлээ.

Н.Мөнхтөрийг хэн ч хараад харааны бэрхшээлтэй гэж хэлэхээргүй юм билээ. Түүний зүүсэн харааны шилний өнгө нь гадаа гарахад хар болдог хамелеон аж. Тиймээс ажлаа хийгээд сууж байхад нь хэн ч түүнийг бэрхшээлтэй гэж харахгүй бөгөөд утасны цаанаас хүмүүс энгийн хүнтэй харилцаж буй мэт ярьдаг нь сайхан санагддаг гэнэ лээ. Тэрбээр МУИС-ийн харьяа “Орхон” сургуулийг эдийн засагч мэргэжлээр 2015 онд төгсчээ.

Компьютерийнхээ дэлгэцийг хэд дахин томруулж байж л хичээлээ хийдэг байж. Тухайн үед хараа нь гайгүй байсан бол аажмаар муудаж, одоо гэрлийг л бүдэг бадаг ялгадаг болсон гэнэ. Тэрбээр “Сургуулиа төгсөөд л энэ төвөөс ажлын гараагаа эхэлж байна. Хамт ажиллаж буй хүмүүсээсээ өдөр бүр суралцаж байгаа. Брайл дэлгэц болон текстийг яриа руу хөрвүүлдэг программын тусламжтайгаар бүх мэдээллийг авч, иргэдийн асуусан асуултад түвэггүй хариулж чаддаг.

Гэхдээ хоёр мундаг нь л энд байгаа юм биш, харааны бэрхшээлтэй, чадварлаг маш олон хүнд ажил олдохгүй байна. Харахгүй байна гэдэг ажил хийж чадахгүй гэсэн үг биш. Бид ч гэсэн оюуны хөдөлмөр эрхэлж болдгийн эхний жишээ энэ” гэлээ. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг аж. Түүний эхнэр мөн харааны бэрхшээлтэй. “Биднийг хүмүүс хоёулаа харахгүй гэхээр их өрөвддөг юм. Гэвч бид бусдаас гуйхгүй, өөрсдөө болгоод л байна” гэлээ.

Харин П.Эрдэнэбатын эхнэр харааны ямар нэгэн бэрхшээлгүй гэнэ. Тэрбээр Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургууль төгсөөд ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн маркетинг, менежментийн ангид суралцжээ. Хараагүй хүмүүст зориулсан ховилтой даам тоглох хообий нь түүнийг заяаны ханьтай нь учруулсан юм билээ. Түүний эхнэр сургуулийнхаа даамын эмэгтэйчүүдийн аварга байжээ. П.Эрдэнэбатыг нэгдүгээр курсэд сурч байхад эхнэр нь нэг жилийн дараа төгсөх архаг оюутан байж. Хараагүй хэрнээ даам шаггүй тоглодог нь ирээдүйн эхнэрийнх нь анхаарлыг эрхгүй татжээ.


...Өөрийгөө өрөвдөх хэрэггүй гэсэн зарчим түүний амьдралд үйлчилдэг. Тэрбээр “Хүн бүрт зовж шаналах, гутрах үе бий. Би хараагүй учраас л ийм зүйл тохиолдож байгаа юм биш. Харин хүн ёсоор амьдарч буй учраас л зовлон бэрхшээл тохиолдож байна гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бэрхшээлээ давсан, даваагүй гэж хоёр ангилж болох юм. Би давсан хүнийх нь нэг” хэмээсэн...


Эхнэрийнхээ аав, ээжтэй анх танилцахдаа яаж хүлээж авах бол гэж сандарч байв уу гэхэд “Маш их зүрхшээсэн. Гэрийнх нь босгыг анх давахдаа сандарсан ч танилцсаны дараа тайвширч билээ. Тэд намайг ойлгож хүлээж авсан, би ч өөрийгөө ойлгуулж чадсан гэж боддог” гэв. Тэрбээр хоёр ах, хоёр дүүтэй айлын дунд хүүхэд. Дүү нь мөн харааны бэрхшээлтэй ч бариа засал хийж эхнэр, дөрвөн хүүхдээ тэжээдэг гэнэ. Харааны бэрхшээлтэй хүний хийж чадах ажлын байрыг бариа засал, хөгжмөөр хязгаарлахгүй гэж боддог тэрбээр өөртэйгөө ижил олон хүнийг хөдөлмөрийн аль ч талбарт хүч үзээсэй гэж хүсдэг юм билээ.

П.Эрдэнэбат “FM 98.5”-д дууны найруулагч, сонсдог номын редактороор ажиллаж байсан туршлагатай. ХААИС-ийн гуравдугаар курст байхдаа амьдралын эрхээр ажил хийж, сургуулиа төгсөж чадаагүй гэнэ. Хэдийгээр хоёр настайгаасаа харааны бэрхшээлтэй болсон ч компьютер, англи хэлийг бие дааж сурчээ. “Надад өнгөний тухай ойлголт байхгүй. Төсөөлөлдөө өнгийг хооронд нь ялгаж, энэ өнгө үүнтэй зохицно гэж логикоор ойлгодог. Одоо өмссөн хувцсаа ч гэсэн хоорондоо зохицсон гэж бодож байгаа шүү” гээд инээмсэглэв.

Бид хараад л шууд нэрлэж чадах өнгийг тэрбээр төсөөлөлдөө ургуулан “хардаг” гэхээр сонирхолтой ч юм шиг. Төсөөллийн ертөнцдөө тэрбээр ээж, эхнэр, гэр бүлийнхнээ “хардаг” гэнэ лээ. Хэрэв нүд нь хардаг болбол нар, ээж, эхнэр ч бус өөрийгөө хамгийн эхэнд харахыг хүсэж байна гэсэн. Учир нь өөрийгөө харж царайлаг, царай муутай гэж ямар хүн байдгийг мэдрэх аж.

“Call center” төвийнхөн 08.30-17.30 цаг хүртэл ажилладаг. Түүний ажлын цаг дуусахад 30 минут үлджээ. Ярилцах зуур хамт олон нь ажлыг нь үргэлжлүүлж, иргэдэд хэрэгтэй мэдээллийг нь өгч байлаа. “7777-1289” дугаарын лавлах утас байнга хангинан, тасралтгүй ярих тэдний чимээнээс холдон, долдугаар давхарт гарч түр ярилцсан нь энэ.

Цахилгаан шат ажиллахгүй байсан учраас дээш мацсан. Тэрбээр шатаар өгсөхдөө надаас ч хурдан юм билээ. “Хий гишгэж хөл алдах вий” гэж бодсоныг минь мэдсэн мэт “Тавдугаар ангид байхдаа ээждээ нэг их гомдож билээ. Бүдрээд унахад минь аргадахын оронд “Цүнхээ үүрээд, өөрөө яв” гэж загнасан. Ээж, аав минь насаараа хамт байхгүйгээс хойш бие даалгаж сургая гэж их хичээдэг байсан нь намайг өдий зэрэгт хүргэсэн.

Долдугаар ангиасаа бие дааж, сургууль, гудамж талбайд ганцаараа явж чаддаг болсон. Зориулалтын таягаа бариад л явна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн ээлтэй улс Япон. Тэндхийн зам нь хараагүй иргэдээ “хөтөлсөөр” хүрэх газарт нь хүргэдэг. Манайд зам гарах, унаанд суухаас эхлээд асуудал их. Нийтийн тээврийн унаанд “Баярлалаа” гэсэн картаар зорчдог болсондоо баяртай байгаа. Автобусанд суух бүрт “Хөнгөлөлттэй зорчигч” гэсэн үг сонсмооргүй байна.

Тиймээс энгийн хүмүүсийн хэрэглэдэг карт авсан. Балчир хүүхдүүд л “Ахаа та сохор юм уу” гээд шалаад салахгүй байх хэцүү шүү. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь “Чи харахгүй юм чинь хол бай, түлэгдчихнэ” гэж юм бүхнээс холдуулалгүй, бие даалгаж сургах нь маш чухал. Балчир хүүхэд хардаг, эсэхээс үл шалтгаалан халуун зууханд гараа түлдэг шүү дээ.

Ингэж бусдын адил л өсгөх хэрэгтэй. Гэвч харааны бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүс ихэвчлэн хоол, цай гээд бүх зүйлийг нь дөхүүлж өгсөөр байгаад юу ч хийж чадахгүй болгочихдог. Ингэж бусдаар өрөвдүүлсээр байтал хардаггүй дээрээ нэмээд оюуны бэрхшээлтэй болно. Хөгжих боломж олгохгүй бол тархи хатангиршдаг” гэлээ.

Өөрийгөө өрөвдөх хэрэггүй гэсэн зарчим түүний амьдралд үйлчилдэг. Тэрбээр “Хүн бүрт зовж шаналах, гутрах үе бий. Би хараагүй учраас л ийм зүйл тохиолдож байгаа юм биш. Харин хүн ёсоор амьдарч буй учраас л зовлон бэрхшээл тохиолдож байна гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бэрхшээлээ давсан, даваагүй гэж хоёр ангилж болох юм. Би давсан хүнийх нь нэг” хэмээсэн.

Бичиг цаастай холбоотой асуудал гарахаар л аав ээж, ар гэрийнхэн нь П.Эрдэнэбатыг урдаа барьдаг гэнэ. Тэрбээр гэр бүлийнхээ “нүд” юм билээ. Бэрхшээлээ бэрхшээл гэж үздэггүй тэрбээр хараа хамгаалах программ зохиосон ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хөгжүүлж чадахгүй байгаа аж. Насанд хүрэгчид компьютер дээр гурван цаг, хүүхэд 45 минутаас хэтрэхгүй суугаад нүдээ амраах хэрэгтэй.

Уг программыг ашигласнаар дээрх хугацаа дуусангуут компьютерийн дэлгэц дээр нүд амраах дасгал автоматаар гарч ирэх гэнэ. Үүнийгээ “Windows 7” үйлдлийн системд нэврүүлсэн аж. Санхүүгийн асуудлаас болоод “Win­dows 8, 10”-т нэвтрүүлж чадахгүй гацжээ.

Ярианыхаа төгсгөлд тэрбээр сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд бэлгийн дарамтад өртөх тохиолдол гарсаар байгаад сэтгэл эмзэглэдгээ хэлсэн. Түүнийг сурч байх хугацаанд харааны бэрхшээлтэй нэг охиныг дотуур байрных нь гадна хүчирхийлж, амийг нь хороосон хэрэг гарчээ. Дотуур байрны жижүүрийг ажлаас нь халаад өнгөрснөөс өөрөөр гэмт хэрэгтнийг илрүүлээгүй аж.

Энэ мэт олон сэдвээр бид багагүй хугацаанд ярилцсан. П.Эрдэнэбат, Н.Мөнхтөр нар Монголын хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй мянган иргэний нэгээхэн хэсэг. Хөдөлмөрийн тухай хуулийн “амьгүй” заалтыг хэрэгжүүлэх цаг болсныг тэд дуу нэгтэй хэлнэ лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бусдын адил хөдөлмөрлөх боломжтойг хамт ажиллагсад нь ч дуулгасан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай