Х.ПҮРЭВ: Төрийн наадмын 17 түрүү бөх миний мөрнөөс гарсан

“Би улсад 44 жил ажилласан, үүнээс 38 жилд нь бөх зассан байна. Удмаа дагасан ч, амьдралынхаа өнгөрсөн он жилүүдийг эргээд харсан ч бөхтэй холбогдоогүй ганц ч өдөр байгаагүй. Сүүлд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан “Автобус-3” баазын хамт олон минь намайг Гавьяат тээвэрчин цолд тодорхойлсон байсан. Тэгэхээр нь “Бөхтэй холбогдолгүй ямар ч шагнал авахгүй. Тээврийн салбарт хийсэн ажил, хөдөлмөрийг минь үнэлсэнд баярлалаа” гээд л өнгөрсөн” хэмээн бөх цоллооч, засуул Хадын Пүрэв гуай ярилаа.

38 жил бөх засаж, цоллосон тэрбээр энэ жил Үндэсний их баяр наадмын босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цол хүртсэн юм. Монгол үндэсний бөхийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан энэ эрхэм хүмүүн өөрийг нь төр соёрхсон гэдэг баярт мэдээг дуулаад нүдэнд нь нулимс, цээжинд нь омогшил төрсөн гэж бахархалтайгаар хэлсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, бөх цоллооч, засуул Х.Пүрэв хэмээх эгэл хэрнээ энгүй сайхан буурлыг “Өнөөдөр”- ийн зочноор урилаа.

-Таныг Гавьяат болоход “Нүдээ олсон шагнал” гээд бөхийн хорхойтнууд баярлаж байсан санагдсан. Хожуу ч гэсэн танд халуун баяр хүргэе. Бөхийн удамтай айлын том хүү юм билээ. Аав, авга ах тань сайн барилддаг байсан гэж сонссон. Ийм байтал Та яагаад барилдаагүй юм бэ?

-Миний аав бөхийн удамтай. Аавын ах улсын арслан Х.Дэлэг гэж хүн байсан. “Улаан хүзүүт” Дэлэг гэвэл хүмүүс сайн мэдэх байх. Мөн охин дүү минь олон сайхан бөх төрүүлсэн. Улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ, асашёорюү Д.Дагвадорж нарын ээж Х.Пүрэвбадам миний төрсөн дүү юм шүү дээ. Аав минь барилдаж байгаад бэртсэн. Би ч мөн бэртээд барилдаж чадахгүй болсон юм. Түүнээс хойш их олон ажил хийж үзсэн.

Нэг хэсэг уртын дуучин болох гэж манаргалаа. 1976 онд улс тунхагласны 50 жилийн ойгоор эрэгтэй уртын дуучин олддоггүй. Ж.Дорждагва, Б.Лхамжав багш хоёроос өөр уртын дуучин байхгүй. Эрчим хүчний үйлдвэрийн яаманд ажиллаж байхдаа би уртын дуучин болох гээд Ардын дуу бүжгийн чуулгын зургаан сарын курст сурсан юм. Ардын жүжигчин А.Нэргүй, Г.Тэрбиш, Ж.Нансалмаа нартай хамт сурч байв. Гайгүй дуучин болсон юм байлгүй нэг өдөр сайд дуудаад “Хүү минь чи Бүх ард түмний урлагийн үзлэгт түрүүлсэн байна.

Соёлын яаманд оч. Дуучнаар ажилла” гэдэг юм байна. Тэгэхээр нь гараад ээж рүүгээ гүйчихлээ. Очоод учраа хэлтэл “Хүү минь орилж хоол олж идэхээр оролдож хоол ид гэдэг юм. Зөв, бурууг ээж нь яаж мэдэх вэ. Өөрөө л мэд” гэж билээ. Тэгээд л би “Нээрэн, хоолой нэг л өдөр дуугарахгүй болно. Хөлсөө дуслуулбал насаараа хоолтой байна. Ээжийгээ зовоогоод яах вэ. Больё” гэж бодсон. Бас нэг шалтгаан нь миний багш нар 350 төгрөгийн цалинтай.

Гэтэл би эрчим хүчний яаманд 750 төгрөгийн цалинтай байлаа. Цалин бууруулж болохгүй байсан болохоор Соёлын яаманд очсон ч 750 төгрөгөө л авна. Тэгэхээр би багш нараасаа өндөр цалинтай мундаг дуучин болчих гээд болдоггүй. Ичээд, зүрхэлж чаддаггүй юм билээ. Дүлэгнэж явсаар хоёр сар гаруйн дараа Соёлын яамны сайд байсан С.Лувсанвандан гуайтай уулзаж үнэн учраа хэлээд, буцаад хуучин ажилдаа очсон.

Нэг хэсэг ажиллаж байтал манай сайд дахиж дуудаад “Чи бид хоёр хамт ажиллах хувьгүй юм. Чамайг Хянан шалгах хороо авна гэнэ. Тэнд чиний хэрэг болсон бололтой. Хэрэгцээтэй байгаа газар руугаа явж үз” гэдэг юм байна. Тэгээд л Хянан шалгах хороонд Үйлдвэрийн хэлтсийн даргаар томилогдсон.

1980 онд Хянан шалгах хороонд байхдаа засуул болох гэж хорхойсож эхэлсэн. Хорооны дарга Дамдинжав гэж хүн байлаа. Нэг өдөр өрөөнд нь ороод “Дарга аа би бөх засъя” гэтэл гайхаж харснаа “Чи чинь юу ярина вэ. Хэлтсийн дарга хүн бөх засаж болохгүй” гээд уурлалаа. Аргагүй л дээ. Хянан шалгах хорооны хэлтсийн дарга гэж яамны дарга нарыг “чичрүүлэх” ёстой хүн бөх засна гэж ярихаар гайхалгүй яах вэ.

Тэгснээ зөөлөрч “Чи үнэхээр бөхөд дуртай юм бол гарын даа гэх мэт арай өөр үүрэгтэйг нь хийж болдоггүй юм уу” гэлээ. Би ч “Үгүй ээ. Би заавал цол дуудна, бөх засна” гэсэн, зөвшөөрөөгүй л дээ. Гэсэн ч би аймаг, сумын наадамд нууцаар очоод бөх засчихдаг болсон. Нэг удаа улсын наадамд гарах болсон юм. Цол дуудалгүйгээр, хажуу дахь засуулын ард нуугдах маягтай зогсож дуусгасан.

Тэр үед зурагт гэж “ховч” гарчихсан, улсын наадам дамжуулсан юм. Дарга мэдчихээд “Нөхөр минь, чи яагаад бөх засаад, цол дуудаад явна” гэж зэмлэсэн. Тэгэхээр нь “Дарга минь, би цол дуудаагүй” л гэлээ. Гэтэл “Нэгэнт дэвжээнд гарчихаад цол дуудахгүй яасан юм. Арга хэмжээ авхуулсан ч урамтай шүү дээ” гэж билээ. Эр хүн л болсон хойно бөхөд элэгтэй байж. Тэгж л бөх засах гараа минь эхэлж, цээж тэнэгэр цол дуудах, болсон.

-Танд бөхийн, дуучны ч удам байсан бололтой.

-Аавын талд бөх, ээжийнхэд сайхан дуулдаг хүн олон байсан. Бөхийн цол сайн дуудахад манай өвгөн ах (Х.Дэлэг арслан)-тай хийдэд хамт шавилан суудаг лам Ж.Дорждагва багш их тус болсон. Засуул хүний намба, төрх, жаягийг анхнаас нь заасан. Цол дуудаачдын улсын уралдаанд би хоёр удаа оролцсон. Эхнийхэд нь гуравт орсон, хоёр дахь удаа оролцохдоо түрүүлсэн, Гавьяат жүжигчин, дуучин Ч.Банзрагч хоёрт орж байлаа.

Тэгсэн Ч.Банзрагч “Би дахиж цол дуудахгүй, чадахгүй юм байна. Х.Пүрэвээс өөр өнгө сонсогдлоо. Миний дуу, хоолой сайхан сонсогдож байгаа ч бөхийн дэвжээнд тохирохгүй өнгөтэй юм байна” гээд дахиж цол дуудаагүй. Уртын, богинын аль ч дуунд ноот байдаг. Харин бөхийн цолонд ноот байдаггүй юм. Би сонсголоороо сурсан болохоор хайрцагт хязгаарлагддаггүй гэнэ.

Улсын начин С.Эрхэмбаяр “Дууг дөрөв, дөрвөн мөрөөр нь хайрцаглаж, ноотыг нь бичдэг. Бөхийн цол болохоор юу нь мэдэгдэхгүй, надад тохирохгүй эд байна” гэсэн. Тэр ч бүү хэл, Ж.Дорждагва багш хүртэл дуудаж чадаагүй юм шүү дээ. “Хоолой эвдчихнэ” гээд их дургүй. Би бөх болж чадаагүйдээ шаралхаж “Бөхтэй л ойрхон байя, яагаад цол дуудаж чадахгүй гэж” зүтгэсэн, бас дуучин болохоор суралцсаны ачаар л цол дуудаж сурсан байх.

-Засуул хийхэд юу нь хамгийн хэцүү вэ?

-Үндэсний их баяр наадам заримдаа бороотой, зарим жил халуу шатсан нартай гээд янз бүрийн нөхцөлд болно. Барилдаж байгаа хоёр бөхбие биенээ харахгүй шахам бороо шаагиж байхад шүхэр бариулдаггүй. Мөн бөхчүүдийн цол, чимгийг нэгбүрчлэн дуудна гэдэг их хэцүү. Манай бөхчүүдээс хамгийн их буюу 25 чимэгтэй нь Х.Баянмөнх аварга. Нэгийг нь л орхиход бөхийн хорхойтнууд “Тэрийг нь хэлсэнгүй. Мэддэггүй юм байна” гэдэг.

Харин зарим бөх өөрийн чимгийг гүйцэд мэддэггүй шүү. Б.Бат-Эрдэнэ аваргын цолыг дуудсаны дараа “Надад тийм чимэг байдаг юм уу” гэж асуусан. Бөх өөрөө мэдэх, эсэх нь хамаагүй, ард түмэнд зориулж байгааг ойлгох хэрэгтэй. Ер нь их ядарна шүү, чимэг дуудахад. Улсын их баяр наадмаар эхний өдөр дэвжээн дээр 18 удаа гардаг. 1024 бөх барилдахад 24 удаа гарна. Сүүлдээ хоёр хөл мэдээгүй болчихдог. Тэглээ гээд сууж болохгүй. Яаж ийж байгаад л дуусгах ёстой. Хариад хоол, цай идэж, ууж чаддаггүй. Их хоол идчихвэл цатгалдаад цол дуудаж болохгүй.

-Хамгийн дурсамжтай, харамсалтай явдал хэзээ тохиож байв?

-2006 он миний амьдралд тохиосон хамгийн нандин жил. Миний дүү, улсын аварга Д.Сумъяабазар, арслан, аварга цолыг 10 минутын дотор авсан. Би түүн шиг гоё наадам үзээгүй. 1996 онд Д.Сумъяабазар заан цол авч, 2006 онд арслан, аварга цол хүртсэн. Би уг нь 19 түрүү төрүүлчих боломжтой байсан юм. Доржсамбуу, Ганбаатар хоёрыг арслан болгох гэж мөн ч их хичээсэн. Даанч чадаагүй.

2008 оны улсын наадмаар Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Ганбаатар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, начин Д.Ганхуяг нар үзүүр, түрүүнд үлдсэн. Тэр жил нэг нь гарьд, нөгөөх нь арслан болсон. Зүүний магнайгаас гарьд Н.Ганбаатар миний мөрөн дээрээс гарч таарав. Би гарахад нь “Үзүүр, түрүүнд барилдаж байгаа бөх яарч болдоггүй юм.

Битгий яараарай, зуураад л байдаг юм шүү. Үүр цайсан ч яадаг юм” гэж захисан. “За” гээд л толгой дохих шиг л харагдсан юм. Би ч “Хүний үг авах хүү байна” гэж бодоод их найдлаа. Тэгсэн гарангуутаа уначихдаг байгаа. Хэчнээн харамссан гээч. Аль тэвчээртэй нь давах байсан юм л даа. Дараа нь зурагтын бичлэгээс өөрийгөө хартал гараа хаяад, эргэж байсан.

И.Доржсамбуу ч ялгаагүй. 2007 оны наадамд Х.Мөнхбаатартай үзүүр, түрүүнд үлдсэн. Х.Мөнхбаатар их одтой байсан. Би И.Доржсамбууд “Х.Мөнхбаатар их хэцүү байна. Болохоо байвал намайг тойроод байгаарай” гэж хэлж гаргалаа. Гэтэл бас л үгэнд ороогүй. Гараад л өвдөг шороодчихсон. Үнэхээр их харамссан. Засуул хүн ийм зүйлд л сэтгэлийн хөдөлгөөнөө гаргадаг шиг байгаа юм. Үгэнд ордоггүй хүмүүс хэцүү.

П.Сүхбат уйлж байсныг би мэднэ. 1991 оны Улсын баяр наадмаар О.Балжинням аваргатай үзүүр түрүүнд үлдэж, унасан. Түүний дараа жил долоогийн даваанд дахиад О.Балжинням аварга амласан юм. П.Сүхбат миний мөрөн дээрээс гарах боллоо. Өнгөрсөн жил нь унасан болохоор бөөн уур, сэтгэлийн хөдөлгөөн. Дэвэлт, байгаа байдал нь барилдахад арай болсонгүй.

Тайвшрах янзтай болохоор малгайг нь аваад гаргатал бас л болоогүй ээ. Тэгэхээр нь очоод, хонгон дээр нь алгадаад “Чи барилдах гэж гарсан юм уу, унах гэж гарч ирэв үү, аятайхан барилдаач” гэчихлээ. Тэгж нэг сайхан, уран барилдаж даваад, туг тойрч, хажууд минь ирээд, уйлагнан “Өнгөрсөн жил би таны мөрөн дээрээс гарахгүй яав даа” гэсэн. Засуул нь бөхийг тэгж л чиглүүлж барилдуулдаг.

-Та бөхийн өргөө байгуулахад их хувь нэмэр оруулсан юм билээ. Тухайн үед иргэдээс хэрхэн хандив босгож байв?

-Тухайн үед би Ханын материалын комбинатын ерөнхий захирал, бөхийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байв. П.Даваасамбуу гуай бид хоёр хандив авах ажлаа хаанаас эхлэх вэ гэж их удаан ярилцсан. Би “Өгсөн ч, өгөөгүй ч Булган аймгаас эхэлье” гэсэн санаа гаргасан. Яагаад гэвэл Ардын засгийн анхны аварга тэндээс төрсөн. Долоо түрүүлсэн Б.Түвдэндорж аварга, мөн С.Цэрэн, Жамьяандорж гээд олон аваргатай.

Намайг Хянан шалгах хорооноос гарсны дараа дарга нь болсон аймгийн заан Л.Жавзмаа Булганы Засаг дарга байсан болохоор түүнийг түших санаа бас агуулсан. Очтол аймгийн гурилын үйлдвэрийн дарга Түнжин “Таван тонн гурил өгье” гэлээ. Гэтэл авч явах унаа байдаггүй. Булганы VIII баазын дарга “ЗиЛ-130” машин гаргаж Улаанбаатарт хүргэж, би нөгөөхийг нь Ханын материалын комбинатын ерөнхий нягтланд хүлээлгэн өгч, бэлэн мөнгө болгосон.

Тэгж л бөхийн өргөөний хандивын буухиа эхэлсэн. Дараа нь Архангай аймгийн Сэргэлэн, Батцэнгэл гээд л алдарт бөхчүүдтэй нутгаар 10-аад хоног явав. Булганаар жишээ аваад л сонин хэвлэлээр ч тараалаа. Би төрийн ажил хийдэг учраас уриалга гаргаж болдоггүй. П.Даваасамбуу гуайд “Уриалахыг нь та, гуйхыг нь би” гээд л зүтгэсэн. Модны, Тоосгоны үйлдвэрээс маш их хандив ирсэн.

Бөхийн өргөөг 1.4 тэрбум төгрөгөөр босгосны 600 сая нь түмэн олны хандив, 800 сая нь улсын төсвийн хөрөнгө. Улсын төсөв ч бас ард түмний татварын мөнгө шүү дээ. Одоо хувьчилна, хэн нэгний мэдэлд өгнө гээд маргалдаад байна. “Бөхийн өргөөг та нар булаацалдах эрхгүй. Энэ бол ард түмний өмч. Хэн нэгэн өмчлөх ёстой бол төрд өг. Битгий булаацалд” гэж би хэлсэн. Ер нь тэд ганц шавар байшин булаалцалдаж нэр нүүрээ барах ямар хэрэг байна.

-Засуул хүний хамгийн их баярладаг зүйл мөрөн дээрээс нь гарсан бөх давах, аварга болох байх. Та Улсын наадмын хэдэн түрүүг төрүүлэв?

-38 жил бөх засахад миний мөрөн дээрээс Улсын наадмын 17 түрүү төрсөн. Үүнээс хоёр гарьд төрсөн нь И.Доржсамбуу, Н.Ганбаатар нар. Зүүний магнайн тэргүүнд зогсохоор дандаа аварга, арслангийн эрэмбэ таардаг юм. Тиймээс харцага, зааны даваа ер таараагүй. Ганцхан начин төрөх хувь тохиол байсан юм байлгүй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Ц.Анхбаяр миний мөрөн дээрээс начин болсон. А.Сүхбат аварга хүртэл миний мөрөн дээрээс хоёр түрүү авсан шүү дээ. Г.Өсөхбаярын дөрвөн түрүү, Б.Бат-Эрдэнэ аваргын 12 түрүүний ес нь миний мөрөн дээрээс гарч байсан гээд их сонин тохиолдол бий.

-Та ямар мэргэжилтэй юм бэ?

-Уг нь геологич. Мөн Эдийн засгийн дээд сургуулийн эдийн засгийн ангийг оройгоор төгсөж байлаа. Дараа нь Хянан шалгах хороонд Үйлдвэрийн хэлтэст очоод дарга болох гэж Намын дээд сургуульд сурсан. Ханын материалын комбинатын ерөнхий захирал хийж байсан. Мөн Монголын нийтийн тээврийн ууган бааз “Автобус-3”-т ажиллаж байлаа.

-2013 оноос бөх засахаа больсон юм байна. Яагаад “зодог тайлсан” юм бэ?

-2013 оноос хойш бөх засаагүй. Гэртээ суугаад наадам үзэх хэцүү юм билээ. Нулимс дусалж, ийм өдөр ирдэг байх гэж өөртөө гомдож байлаа. Би дахиж засуул хийх бодолтой байгаа. Сонсож, харах чадалтай, дөрвөн мөч бүрэн байхад яагаад болохгүй гэж. Ерөнхийлөгч Х.Баттулгын аав Ж.Халтмаа гуай бөхийн засуул байсан юм шүү дээ. Тэрбээр 75 нас хүрээд “Олон жил бөх заслаа. Зүлэг ногоон дэвжээ минь сайхан түшлээ. Одоо би чадахааргүй болжээ.

Хойч үе болсон та нар минь бөхөө сайн засаарай” гэж хэлээд багш минь явсан. Тиймээс надад одоо ч бөх засах тэнхэл бий гэж боддог. Аав минь бэртсэнээсээ хойш барилдаагүй, морь уясан юм. Би 17 нас хүртлээ хурдан морь унасан, “хөгшин цэрэг”. Азарга унаад айрагдсан юм шүү. Сүүлийн үед хурдан морь уях гэж оролдож байгаа. Аав минь “Хурдан морины уяа сойлгыг төгс тааруулна гэж байхгүй.

Хамгийн хэцүү зүйл” гэдэг байсан. Одоо л биеэрээ мэдэрч байгаа. Сайн чадахгүй юм. Хамгийн сүүлд 2011 онд Улсын наадамд 553 морь уралдахад хонгор морь минь 23-т давхисан. Уг нь дээгүүр давхих боломж байсан ч ханиад хүрснийг нь би мэдээгүй юм.

-17 настайдаа хурдан морь унаж байсан гэхээр нэлээд жижиг биетэй байсан юм уу?

-Харин тийм. Одоо хүмүүс итгэхгүй шахуу. Уг нь бараг айл гэр толгойлох нас. Би зургаан настайгаасаа морь унаж эхлээд 11 жил болсон. Олон жил морь унасан хүүхэд болж өгвөл л моринд мордчих гээд, таних, танихгүй, явдаг, явдаггүй нь хамаагүй, “Би унаад өгье” гэдэг байлаа шүү дээ.

-Сүүлийн үед монгол бөхийн нэр хүнд унаад байх шиг. Цолны найраа газар авч, бизнес боллоо гэх хүн ч бий. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Санал нийлж байна. Сайхан барилддаг бөхчүүд бий л дээ. Гэхдээ ихэвчлэн бизнес болох гээд байна. Үүнийг дагаад бөхийн уран мэх, хурц барилдаан гарахаа болилоо. Энэ жил наадмын барилдааныг үзээд их гутарсан. “Ийм ч байх гэж” хэмээн бодсон шүү дээ. Дээхнэ үед бөхчүүд маргалддаг л байсан. Гэхдээ тун цөөн. Бөхийн жудаг гэж бий. Гэтэл одоо найраа бол бүр ил боллоо. Бид бүү хэл, үзэгчид хараад мэддэг болсон нь ичгэвтэр хэрэг. Дээр үед бол том цолтой бөх, хойч үеэ дэмжиж, тахимаа өгөөд “Сайн бөх болоорой” гээд духан дээр нь үнэрлэдэг байсан. Энэ сайхан уламжлал, өв соёл алдагдсанд харамсаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай