Зун нийтээрээ амарцгаая

Улирлын чанартай ажил гэхээр таны санаанд хамгийн түрүүнд барилга, уул уурхайн салбар бууж байна уу. Үнэндээ зуны гурван сард Монголд төрийн ажил шат болгондоо зогсдог учраас үүнийг ч бас “улирлын чанартай” гэсэн ангилалд бүрэн хамаатуулчихад болохгүй гэх газаргүй. Зун болохоор хүнд суртал, залхуу назгай байдал нь хэрээс хэтэрдэг төрийн албаныхан хүмүүсийн амыг тагладаг бэлэн гурван хариулттай байдаг тухай егөөтэй яриа хүртэл бий.

Нэгдүгээрт, “Би мэдэхгүй байна, одоогоор амарч байна”. Хоёрдугаарт, “Би мэдэхгүй байна, өнөөдөр ажилдаа орлоо”. Гуравдугаарт, “Би мэдэхгүй байна, энэ ажлыг хариуцсан хүн нь амарчихсан байгаа”. Энэ нь зүгээр нэг хошин яриа биш болохыг саяхны хэдэн өдөр ажил хөөцөлдөхдөө ёстой л “өнгөтөөр” үзэж, мэдрэв. Ер нь төрийн албаныхан жилийн жилд иймэрхүү байдалтай зуныг өнгөрүүлдгийг монголчууд бүгд мэддэг ч үүнд нэгэнт дасчихсан гэхэд болно. Ямар сайндаа л “Монголд зун ажлаар очоод хэрэггүй” гэж нэгэн япон судлаач найздаа зөвлөх вэ дээ.

Монгол бичгийн юникодын асуудлаар тодруулга авахаар өнгөрсөн долоо хоногт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраар гурвантаа орсны эцэст хэлтсийн даргыг нь “барьж авсан” боловч дээр дурдсан хоёр дахь хариултаар амыг минь таглах нь тэр. “Эрээд эрээд олддоггүй эрдэнэ” болсон өнөөх даргын хариулт нь ардаа бас “Төрийн ажил явдгаараа явж л байгаа шүү дээ” гэсэн зүүлттэйг яана.

Тарваган тахлын тархалтын тухай БОАЖЯ-ныхнаас тодруулах гэтэл хэдэн бие рүүгээ шидэж шидэж, эцэст нь уг асуудлыг хариуцсан гэх хүний утасны дугаарыг хэлэв. Хуулийн ганц заалтын талаар лавлах гэтэл өнөөх нь өөдөөс “Би мэдэхгүй, амарчихсан байна” гээд утсаа салгав. Амрахаараа хуулийн заалтаа хүртэл “мартчихдаг” ажилдаа ийм л сэтгэлгүй, хариуцлагагүй яамны мэргэжилтэнтэй улс ажээ, манайх. Хүрээлэн буй орчны асуудал хариуцсан бүхэл бүтэн газар, хэлтэстэй, тэр нь тус бүртээ 2-3 мэргэжилтэн, бас даргатай атлаа тарваган тахлын голомт идэвхждэг цагаар мэдээлэл өгчих хүн олдохгүй байгааг юу ч гэж ойлгомоор юм.

Зэвтэй ус хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй, эсэхэд үнэн бодит хариулт авах гэсэн манай сэтгүүлчид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн харин гурав дахь хариултыг хэлсэн байгаа юм. Тэгээд болоогүй, мэдэх хүнийх нь оронд зүгээр л “суудал бөглөж” байгаагаа зөвтгөн “Хариуцсан хүн нь амарчихсан учраас би мэдэхгүй. Энд тэндээс юм харж, хүнээс асууж байж мэдээлэл өгвөл өгнө. Ер нь ч алба байхгүй шүү дээ” хэмээсэн гэж байгаа. Нэгэнт цалинг нь аваад, нэгнийхээ ажлыг орлон хийж байгаа бол төрийн албан хаагч “Мэдэхгүй” гэж хариулахаас өөрийг мэдэхгүй автомат хариулагч аятай суудал бөглөөд байж болохгүй.

Зуны улиралд ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь баригддаг төрийн албан хаагчдын хүнд суртлын горыг эгэл жирийн иргэд, хүүхэд, залуус, хөгшид бултаараа амсдагийн бас нэг жишээг энд эшилье. Өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгссөн 400-гаад хүүхэд аль цэргийн ангид хуваарилагдахаа мэдэхгүй, бүтэн хоёр сар хүлээсний эцэст уржигдар нэг юм харьяалалтай болцгоов.

Шинэхэн ахлагч нарыг төгсөнгүүт нь ҮБХИС-иас ЗХЖШ-ын мэдэлд шилжүүлэх байсан ч хүлээж авах эрх бүхий албан тушаалтан нь амарсан, орлож байгаа хүн нь “ажил ихтэй” гэсэн шалтгаанаар олдохгүй өдий хүрсэн хэрэг. Онцын хийх ажилгүй мөртлөө өглөө болгон нөгөөдүүлийгээ цуглуулж, халуун нар, усан борооноор өдөрт хэд дахин жагсааж, тоо бүртгээд, нэг даргынхаа ярьсныг нөгөөх нь давтан дэмий л цаг нөхцөөдөг завхарсан жишиг армид хэдийнэ тогтсоныг энэ жил бодитоор мэдэрлээ.

“Амралт, зугаалгын цагийг далимдуулаад ажлаа ч хийхгүй байгаа хүмүүст яагаад улсаас цалин өгөөд байдаг юм бэ” гэхэд армид ажилладаг танил минь хэнэг ч үгүй “Манайхан зун угаасаа л тэгдэг юм” гэх жишээтэй.

Урин дулааны цагт хөдөө гадаа явж, амрахыг хүсэхгүй хэн байх вэ. Гэхдээ ээлжийн амралтаа авсан хүмүүстэй хамт төрийн болон улсын ажил тэр чигтээ зогсоод байвал ард нь хүмүүсийн ахуй амьдрал, цаг, мөнгө яах билээ. Газрын гэрчилгээ гаргуулах гэсэн нэг хүн Баянзүрх дүүргийн Газрын албаны байцаагчийн амралт дуусахыг хүлээгээд сар шахам болж буйгаа яриад их л бухимдав. Нэг байцаагчийн гарын үсгийг хүлээж суутал энэ намар эхлүүлэхээр төлөвлөсөн жижиг, дунд бизнесийнх нь“сезон”дуусахад хүрсэн учраас хэлэх муу үгээ барчихсан явна билээ.

Нэг нь байхгүй хойгуур ажлыг нь орлож чадах мэдлэг, чадвартай, ядаж л мэддэгээс нь асуугаад хариу өгчих хэмжээний сэтгэлтэй хүнийг үлдээх ёстой бус уу. Тэгж зохион байгуулалт хийж чадахгүй бол эмч, цагдаа, онцгойгийнхноос бусад төрийн албаныхныг бүгдийг нь зун нэг мөр амраадаг болъё. Угаасаа зуны гурван сард манай төрийн албан хаагчид цэцэрлэг, сургуулийн багш нартай “барьцаад” амар сайхандаа жаргачихдаг тул энэ улиралд улсын ажил урагшлаад гавьдаггүй. Тиймээс төрийн албаныхан бүгдээрээ амарлаа гээд Монголын хөгжил ухарч, хохирол амсана гэж бодохгүй байна.

Ямартаа л Японд амьдарч байгаад ирсэн бүсгүй “05.00 цагт нар манддаг урин дулааны улирал эхэлчихээд байхад 10.00 цагт онгойдог дэлгүүр, үйлчилгээний газар байхгүй. Төрийн албаныхан нь 08.00-аас ажилдаа ирдэг нэртэй ч цай, кофе эргүүлж явсаар байтал 10.00 цаг хүргэдэг. Ийм унтаа нойрмог улс яаж хөгжинө дөө. Ядаж зуны гуравхан сарыг манайхан үр дүнтэй ашигладаг болоосой” гэж халаглаж байх вэ.

Яг үнэндээ төрийн механизмын хөдөлгүүрийн гол зүтгэгчид, чиглүүлэгчид болох учиртай хүмүүс нь ажилдаа сэтгэл, зүтгэл гаргахгүй байхад хувийн хэвшлийнхэн яаж ч тэлчлээд, хэдэн сэтгүүлч мянга хашхираад, эгэл ард хэчнээн гомдоллоод нэмэргүй. “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгч л болоод өнгөрдөг.

Тэгэхээр төрийн албаны өндөр сэнтийд заларчихаад, хамгийн идэвхтэй, эрч хүчтэй ажиллах ёстой улиралд нь хоёрын хооронд ажил цалгардуулан “мануухай” болж суугаагийнхаа төлөө цалин авдаг хүмүүст шударга ёсны тухай ярилаа гээд буруудахгүй болов уу. Ямар ажилтандаа ээлжийн амралтыг нь хэзээ эдлүүлэх нь мэдээж тухайн байгууллагын дотоод асуудал. Бас амралтаараа лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү таны эрх.

Харин та үүрэг хүлээгээд үлдсэн бол “Би хүний оронд ажиллаж байгаа юм чинь надад хамаагүй” гэж хүнийрхүү сэтгэлээр хандах ёсгүй. Учир нь та дэмий сууж цаг бүртгүүлснийхээ төлөө биш, ажил хийж, хөдөлмөрлөснийхөө төлөө цалин авах ёстой. Энэ бол хэнд ч ойлгомжтой энгийн зүйл. Бас амраад ирэхээрээ төрөл арилжсан мэт “Би амраад дөнгөж орж ирсэн учраас...” гэсэн сэтгэлгээгээр ажилдаа хөндий, хөшүүн хойрго ханддаг хүмүүст ч энэ нь хамаатай.

Мөн “Тойрогтоо ажиллаж байгаа” нэрийдлээр долоо, найм, есдүгээр сард Саарал ордонд төрийг элбэн тохинуулах үүрэгтэйгээ умартан хаа сайгүй зугаалдаг УИХ-ын гишүүдийг ч эгнээндээ нэгтгээд, цалингүй амраадаг болгоё. Тэгээд улс даяараа “Зун цаг зун цаг гоёхон доо Зугаатай цэнгэлтэй гоёхон доо...” хэмээн найрал дуулсан шигээ санаа амар зугаалцгаая, ирэх зунаас.

Манай төрийн түшээдэд ямар Өмнөд Солонгосын парламентын гишүүд шиг зуны бүгчим халуунд богино ханцуйтай цамцтай чуулганы танхимдаа орох эрхтэйгээр зунжин ажиллах шаардлага “байх” биш. “Солонгос хүн эртэч үү, тахиа эртэч үү” хэмээн үүр цүүрээр эртлэн босдог ард түмэн шиг улс, нийгмийнхээ төлөө үнэнхүү сэтгэл зүтгэлээр хөдөлмөрлөх хэтийн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүлэл ч бидэнд байгаа биш. Яах вэ дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай