“Эцэг хууль”-ийн өөрчлөлт эрх мэдлийн “зодоон”-ыг салгахгүй

Энэ удаагийн парламентын эхлүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд 1500 гаруй иргэн оролцсон зөвлөлдөх санал асуулга, 327 мянган хүн оролцсон олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд, судлаач эрдэмтэд, улс төрийн намуудаас ирүүлсэн таван сая гаруй саналыг багцлан томьёолсон. Энэ бүхний эцэст Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болж, эрх бүхий субъектүүдээс санал авахаар хүргүүлсэн хэмээснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Хаврын чуулган завсарлахаас өмнө төлөвлөсөн ёсоор бол төслийн талаар бүхэлд нь Ерөнхийлөгч, Засгийн газраас, шүүх эрх мэдэлтэй холбогдсон асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос санал авч, мөнгө, зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөн, үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд, өдийд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулийн комисст шилжүүлчихсэн байх ёстой байв.

Уг комисс нь төслийг УИХ-д өргөн барьж, намрын чуулган эхлэхээс өмнө буюу есдүгээр сард ээлжит бус чуулган хуралдуулан, хэлэлцэж, аравдугаар сард ард нийтийн санал асуулга явуулан, батална гэж тооцсон талаар эх сурвалж хэлж байлаа. Харин энэ төлөвлөгөө найр наадмын саруудад замхарсан уу, сураг алдраад байна. Ажлын хэсгийнхэн ч тодорхой мэдээлэлгүй, санал авахаар хүргүүлсэн байгууллагууд хариугаа ирүүлсэн, эсэх, энэ намартаа төслөө өргөн барьж амжих уу, үгүй юү гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй сууна.

Эрх баригч хүчний энэ дөрвөн жилд хууль тогтоох чиглэлд хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Уг зорилгоо биелүүлэхийн тулд их л шамдаж буй.

Харин ингэж их хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан ажил нь хэр үр дүнтэй байх вэ, Үндсэн хуульд яг оносон өөрчлөлт оруулж, нийгмийн “өвчилсөн” тогтолцоог эмчлэн, буруу голдирлоор явж буйг нь засаж, залруулах үндэс суурийг тавьж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор ургаж буй юм. Үндсэн хуулийн агуулгыг анхааран ажигладаг, судалж шинжилдэг хүмүүс ч энэ асуултын хариуг хайгаад эхэлсэн.

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон “Олон нийтэд таалагдах хэдэн заалтаар нүд хуурч байгаад Үндсэн хуульд зарчмын маш том өөрчлөлт оруулах гэж байна. Өөрөөр, хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын нөлөөллийг төрд илүү оруулах гэсэн хоёр зүйлийг Үндсэн хуульд оруулахын тулд наана нь жижиг сажиг “будаг шунхны засвар” хийжээ. Хүмүүст таалагдахын тулд бүх зүйлийг Үндсэн хуулиар зохицуулах гээд чихчихсэн харагдсан.

Тэгсэн хэрнээ тогтолцооны гажгийг засах гол өөрчлөлтөө хийгээгүй байна” хэмээн шүүмжилсэн. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид ийнхүү өөрсдийнхөө баталсан хуульд түргэн түүхий хандахыг зөвшөөрөхгүй гэж байхад УИХ дахь АН-ын бүлгийнхнээс ч “Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам хүч түрэн хийж болохгүй” гэж үзсэн талаараа хэлсэн.

Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “эцэг хууль”-ийн өөрчлөлтөд томоохон үүрэгтэй оролцож буй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай мэтгэлцэх үеэрээ “Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтовортой засаглалыг бий болгож чадахгүй” гээд хэлчихлээ.

Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд засаглалыг тогтвортой байлгахад чиглэсэн ямар заалтууд байгаа талаар тайлбарлахдаа “Манай улсад гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын зааг ялгаа бүдгэрч, харилцан хяналт, тэнцвэртэй байдал алдагдаж, үүний улмаас засаглалын тогтвортой байдал үгүй болсон. Хамгийн наад зах нь сумын Засаг дарга сумынхаа ИТХ-ын барьцаанд байна.

Тэдний шахаж шаардсан зүйлийг нь хийхгүй бол огцруулчих гээд ажлыг нь хийлгэдэггүй. Ийм асуудал бүх шатанд байгаа. Засгийн газар л гэхэд хүнээ томилохоос эхлээд төсөв хөрөнгөө зарцуулах хүртэлх хамаг эрх мэдэл нь хязгаарлагдсан. Хамгийн хүчтэй байх ёстой гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхийлөгч, УИХ гэх мэт институцид хуваагдсан, маш сул, тогтворгүй засаглалтай байгаа учраас өнгөрсөн зургаан удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд 14 Засгийн газар солигдлоо. Германд 14 жилийн хугацаанд 20 Засгийн газар солигдсоны үр дүнд хүчтэй Ерөнхийлөгч, үндэсний удирдагч хүсэмжилсэн ард түмэн Гитлерийг сонгосон. Үүнтэй адилхан нөхцөл рүү манайх явж байна.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийгмийн тогтолцоо, засаглалын хямралыг засах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь буюу 67 гишүүн гарын үсэг зурсан. Засаглалын тогтвортой байдлыг хангах нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол зорилго. Үүний тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд дэлхий дахинд мөрдөгдөж буй дараагийн Ерөнхий сайдыг тодруулж байж Засгийн газрыг огцруулдаг, огцруулах босго нь өндөр байдаг зарчмыг суулгасан. УИХ-ын нийт гишүүний талаас дээш хувийн саналаар Засгийн газрыг огцруулна. Хот гэдэг статусыг бий болгож, хот, сумын Засаг даргыг иргэд сонгодог байхаар тусгасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг өгч байгаа. 39.3-т “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрээ УИХ, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна” гэж заасан. Ингэснээр бүлэг, фракцаас Ерөнхий сайдыг сайд нарыг томилгоотой холбоотойгоор шахаж, зааж, нөлөөлдөг байдал үгүй болно. Ерөнхий сайд өөрөө шийдвэрээ гаргаж, танхимаа бүрдүүлнэ. Харин хариуцлагыг нь өндөржүүлж, парламентын хяналтыг сайжруулна. Парламентын мөрдөн шалгах хороо байгуулна. Энэ бүхний эцэст гүйцэтгэх эрх мэдэл нэг толгойтой болно.

Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэхээр ҮАБЗ-ийнх хумигдана. Парламент төсөв батлахдаа нэмэлт зардал гаргадаг, улс өрөнд орж, алдагдалтай төсөв баталдаг. Нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ыг зардлаа өсгөж, төсвийн алдагдал нэмэгдүүлэхийг хориглож байгаа. УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гишүүдийг хуралдаа суухыг шаардаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал тасалдаг гишүүнийг эргүүлэн татах, хүний өмнөөс санал өгөхийг хориглох, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ нэг чуулганы хугацаанд 50 өдөр хуралддаг байсныг 75 өдөр болгож өөрчлөх гэх мэт заалтыг тусгахаар ярьж байгаа. Төрд ард түмний итгэл суларсан энэ үед хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхийг зорьж байна” хэмээсэн.

Харин Х.Тэмүүжин “Гүйцэтгэх эрх мэдэл нэг биш, олон гарт тарсан. Тиймээс хариуцлага ярих боломжгүй. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав хэн байхаас үл шалтгаалан байнга хоорондоо “зодолддог”. Байнга ийм байгаа нь тогтолцооны зөрчилтэй байдлыг өдөөж буй гэсэн үг. Яагаад ингээд байна гэхээр Монгол Улсад гурван Засгийн газар давхардан ажиллаж байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдаар ахлуулсан, танхимын зарчимтай гэх хэдий ч түүгээрээ ажиллаж чаддаггүй, парламентаас бүлэг, фракцын төлөөлөл болж, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн бүтэц Засгийн газар нэрийн дор, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн дэргэд ҮАБЗ нэрээр салбар бүрт мэргэжилтэн, зөвлөх ажиллуулах замаар Засгийн газартай ижил хэмжээний бодлого тодорхойлдог бүтэц ажиллаж байна.

Гуравдугаарт, хурал зохион байгуулах л үүрэгтэй байх ёстой УИХ-ын дарга бас Ерөнхий сайдын хэмжээний эрх мэдэлтэй. Тэр зөвлөх болон зөвлөлөөрөө дамжуулан бодлого тодорхойлдог. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын аль нэгнийх нь бодлого нөгөөдөө хүлээн зөвшөөрөгдөхгүй бол хэн нь илүү эрх мэдэлтэй вэ гэдэг “зодоон” болдог. Энэ гурав Засгийн газар шиг чиг үүрэг, эрх мэдэл, бодлого тодорхойлох боломжтой, түүнээ хэрэгжүүлэх бүтэцтэй байгаа нөхцөлд энэ “зодоон” дуусахгүй.

Манай Засгийн газарт танхимын зарчмаар ажиллах боломж огт байдаггүй. УИХ, Ерөнхийлөгчөөс хүртэл төлөөний хүнээ оруулсан Засгийн газар сүүлдээ жижигрүүлсэн парламент шиг ажилладаг болсон. Ерөнхий сайд зүгээр л сайд нарынхаа нэг нь. Түүнд өөрийн бодлогыг хэрэгжүүлэх, өөрийнхөөрөө ажиллах боломж байхгүй. Үүнийг засаж залруулах заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд алга.

УИХ-аас сайд томилдог эрх мэдлийг нь авлаа гээд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын “зодоон”-ыг шийдэхгүй. Манайх шиг парламентын засаглалтай улсуудыг харахад ҮАБЗ-д УИХ-ын дарга нь ороод суучихдаг газар байхгүй. Монтескьюгийн хэлсэн “Хууль тогтох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэг “уут”-нд хийж болохгүй” гэсэн зарчмыг ҮАБЗ гэдэг нэрийн дор алдагдуулж, энэ гурвыг нэг “уут”-нд хийчихсэн. Тэгээд УИХ зүгээр л тэндээс гаргасан шийдвэрийг гүйцэтгэгч болсон.

Гүйцэтгэх эрх мэдлийн харьяанд байх ёстой ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч толгойлсон нь олон зөрчлийн эх үндэс болж байгаа. Төрийн тэргүүн мэдээлэл авахдаа Засгийн газраар дамжуулж авах ёстой атал Ерөнхийлөгч шууд ТЕГ-тай өөрөө харилцдаг. Хууль хүчний байгууллагын даргын томилгоонд дураараа оролцдог. Тэр эрх мэдлээрээ дамжуулаад Засгийн газраар өөртөө таалагдсан шийдвэр гаргуулах гэж тулгадаг. Тэр шийдвэрийг нь гаргахгүй бол огцруулна гэдэг. Үндсэн хуульд огт байхгүй эрх мэдлийг ҮАБЗ гэдэг нэрийн дор эдэлдэг. Ингэхээр Ерөнхийлөгч нэртэй Ерөнхий сайд болоод хувирчихдаг. Энэ шалтгаануудыг Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлт таслаагүй байна. “Зодолдоод” байгаа гурван субектийн асуудлыг нэгийг нь ч шийдээгүй байна.

Манай Үндсэн хуулийн нэг том алдаа болох “Засгийн газрын гишүүдийн тал нь огцорвол Засгийн газар огцорно” гэсэн заалт ч хэвээрээ үлдэж байна. Энэ бол Ерөнхий сайдыг барьцаалах сайдуудын эрх мэдэл хэвээрээ явж байна гэсэн үг. Үүнийг шийдэхгүйгээр гүйцэтгэх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх, Монгол Улсын бодлого нэг цонхоор явах, тогтвортой байх зорилго огт хэрэгжихгүй.

Б.Чимид нар 1992 оны Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институцийг парламентад зөвшилцөл бий болгоход үүрэг гүйцэтгэнэ гэж төлөвлөн, оруулж ирсэн. Ингээд Үндсэн хуулиар 12 эрх мэдэл олгосон. Түүнийг нь харвал Төрийн тэргүүн хамгийн зөрчилдөөнгүй, эвийг сахиулагч байхаар. Гэтэл Үндсэн хуульд байхгүй эрх мэдлийг 28 жилийн хугацаанд Ерөнхийлөгчид бий болгосон. Ингэснээр мөрдөх, яллах, шүүх эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрлөө. Хамгийн аюултай, хүнийг хэн ч биш болгодог энэ эрх мэдлийг авхын тулд л “зодолдож” байна. Одоо Ерөнхийлөгч хагалан бутаргагч, Засгийн газрын хувь заяаг шийдэгч болгож хувирсан. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрыг байранд нь тавихгүйгээр Ерөнхий сайд эрх мэдэлтэй болж чадахгүй” хэмээсэн.

Ийнхүү Үндсэн хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлт байгаа онохгүй байна гэж үзэх хүн нэмэгдсээр байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай